Уул уурхайн салбарт ямар их авлига гардаг тухай өмнөх нийтлэлд өгүүлсэн. Маш их мөнгө эргэлддэг, авлига их гардаг учраас уурхайн салбар нь хаалттайгаас нээлттэй болж байна.
1990-ээд оны сүүлчээр байгалийн баялгийн хараалын тухай олон улсын түвшинд ярьж эхэлсэн. Харин 2000-аад оны эхээр ядуу орнууд газрын тостой болохоо олж илрүүлснээр ашигт малтмалын салбарт шинэ тоглогчид нэмэгдэв. Ингээд ядуу боловч маш их баялагтай орнуудад авлига дэлгэрч, ил тод байдлыг хүчтэй ярьж эхлэх болжээ. Колумба Улс л гэхэд уул уурхайн роялти буюу нөөц ашигласан татварын мөнгөнийхөө зарцуулалтыг ил тод нээлттэй тавьдаг болгожээ.
Олон улсын “Олборлох салбарын ил тод байдлын санаачилга”-д Монгол Улс 51 улсын хамт нэгдсэн орсон нь иргэд бидэнд уул уурхайн компаниудыг хянах нэг боломж бүрдсэн юм.
Монгол Улсад уул уурхайн олборлолт хийдэг бүх аж ахуй нэгж орлого, зарлагаа тайлагнадаг болсон юм. Мөн төр хүлээж авсан татвараа төдийгүй, аль компани ямар ямар лиценз эзэмшдэг, түүнчлэн төрийн өмчийн компаниудын санхүүгийн тайлан зэргийг тайлагнах, ил тод харуулах үүрэгтэй болсон юм. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ачаар 2006 оноос хойш 2,000 гаруй компани төрд төлсөн татвараа нээлттэй ил тодоор нийтэлж эхэлсэн билээ. https://e-reporting.eitimongolia.mn/reportList цахим хуудаснаас ямар ч уул уурхайн компанийн хэдэн тэрбум төгрөгийн татвар төлдөг болохыг мэдэж болно.
Энэ татварын тайланг иргэний нийгмийн байгууллагууд хамгийн их ашиглаж, орон нутгийн иргэдэд тусалж байна. Нэгэн жишээ дурдахад “Төлсөн авснаа нийтэл” эвслийн гишүүн байгууллага Хил хязгааргүй алхам ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан 2018 онд Завхан аймагт сургалтаар явж байхдаа Хонконгийн хөрөнгө оруулалттай Баян-Айраг компанийн тухай гомдол маш олон иргэнээс сонсжээ.
Завхан нутгийнхан өөрсдийгөө Долоон хутагтын өлгий, тэдний үр сад гэж бахархаж биширч явдаг. Гэтэл “Баян-Айраг” компанийн нэг хутагтын шарилын газрыг ухаж олборлолт хийж байгаа нь иргэдийн сэтгэл зүйд маш хүнд тусжээ. Үүнээс болж нутагт иргэдийн бизнес дампуурах, архинд орох, амиа хорлох явдал эрс ихэссэн гэдэгт нутгийн хүмүүс өөрсдөө үнэхээр итгэдэг байна. Нутгийн иргэд “Баян-Айраг” компаниас хуваргын яснуудыг нь нийлүүлээд байрлуулж тавих суварга барьж өгөхийг хүсэж, хоёр жил хүлээжээ. Тус компани суваргаа барьж өгөөгүйгээр барахгүй “Манай олборлолт сүүлийн хоёр жилийн турш багасаж, ашиг олоогүй” гэж нутгийн иргэдэд тайлбарлаж ирсэн байна.
Хил хязгааргүй алхам ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан газар дээр нь https://e-reporting.eitimongolia.mn/reportList цахим татварын тайлангийн систем рүү орж,
Баян-Айраг компанийн тайланг яаж уншихыг зааж өгч, хамтдаа шалгасан байна. Ингэхэд “Баян-Айраг” компанийн олборлосон алтны тоо 2015-2018 онд тогтмол өсөж борлуулалт нь есөн тэрбумаас 121.2 тэрбум болтлоо өсжээ. Гэсэн хэрнээ нутгийн иргэдэд худлаа ярьж байсныг нь үүгээр нотолсон байна. Тус компани одоо ч гэсэн суваргаа бариагүй бөгөөд зөвхөн барих газрынхаа хашааг л хатгасан байгааг сэтгүүлч миний бие тус сумын тамгын газрын эх сурвалжаас тодрууллаа.
(Зургийн тайлбар: Баян-Айраг Эксплорейшн компанийн 2015 болон 2018 оны тайлан)
“Төрийн байгууллагуудын эрх, үүргийг хуулиар зааж өгөх хэрэгтэй байна. Сумын иргэний төлөөлөгчдийн хуралд лиценз олгох эсэх талаар хуралдана, гэрээ байгуулна, менежментийн төлөвлөгөө батлуулна гэх мэт жижиг сажиг үүрэг бий. Үүн дээр нэмээд олборлох салбарын ил тод санаачилгын тайлангуудыг шалгаж, тайланг нь батлах үүрэгтэй болгох шаардлагатай байна. Ийм үүрэгтэй төрийн байгууллага байхгүй учраас сайн дурын шинжтэй байна. Иргэний нийгмийнхэн, эсвэл сэтгүүлчид ухаж үзэхгүй л бол хүмүүс тийшээ цаг гаргаж орж чадахгүй байна” гэж Хил хязгааргүй алхам ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан онцолсон юм.
“Баян-Айраг” компани Завхан аймгийн нутаг дэвсгэрт гурван удаа цианит натри алдсан ч ямар нэгэн хариуцлага хүлээлгүй, өнөөг хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулсаар байна.
Канад болон Австрали Улс дээрх “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал” санаачилгад нэгдээгүй. Гэхдээ Канад, Австралид бүртгэлтэй компани Монгол шиг гишүүн оронд үйл ажиллагаа явуулдаг бол төлсөн татвараа заавал тайлагнах үүрэгтэй.
Европын Холбоо болон, Канад, Норвеги зэрэг улсууд хөрөнгийн биржид нь бүртгэлтэй компаниуддаа гаднын улсад төлсөн бүх татвараа нэг нэгэнгүй тайлагнахыг хуулиар шаарддаг болсон. Харин ил тод байдал АНУ-д арай өөр. 2010 онд ийм хууль баталсанболовч Америкийн газрын тосны олборлогчдын холбоо Засгийн газраа шүүхэд өгснөөс болж түдгэлзсээр 2017 онд Доналд Трамп Ерөнхийлөгч болж, тус хуулийг хүчингүй болгожээ. Ядуу орнуудад газрын тос олборлодог баян орны компаниудын хувьд Трампын шийдвэр ялалт болсон юм.
“Компаниуд төлсөн татвараа нийтэд ил тод болгосон нь сайшаалтай ч төсөл төслөөр нь салгаж бичих шаардлагатай байна. Хоёр төслийнх нь нэг нь үйл ажиллагаа явуулаагүй, нөгөө нь үйл ажиллагаа явуулсан байхад нийлүүлээд хоёр хуваагаад тайлагнавал хоёулаа бага ашигтай ажилладаг юм шиг харагдуулж болно. Мөн төлсөн татварын хэмжээ нь зохистой эсэхийг ойлгохын тулд иргэд татварын систем, хуулийг ойлгох хэрэгтэй.
Жишээ нь, нэг компани 10 сая төгрөгийн татвар төлсөн байлаа гэж бодоход энгийн хүн 20 саяыг төлөх ёстой юу, эсвэл таван саяыг төлөх ёстой байсан уу гэдгийг мэдэхийн тулд татвар хууль, тогтоомжийг судлах шаардлага гарна. Мөн зарим ордын асуудал Засгийн газартай байгуулсан тусгай гэрээгээр зохицуулагддаг. Зарим улс тогтвортой байдлын гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг тусгай гэрээ хийснээс болж татвар төлөх зохист хэмжээ нь энгийн хүмүүст ойлгомжгүй байдаг. Иймээс гэрээнүүдээ мөн ил тод болгох ёстой юм. Одоогоор бидэнд уул уурхайн компаниудын гэрээг нээлттэй ил болгох эрх зүйн зохицуулалт байхгүй “ гэж Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол Улсыг хариуцсан менежер Н.Дорждарь онцлон хэлсэн юм.
Одоогоор 50 гаруй улс Засгийн газар уул уурхайн компанитай байгуулсан гэрээнүүдээ бүхлээр нь, эсвэл 50 хувийг нь олон нийтэд нээлттэй болгоод байна. Гэрээний ил тод байдал, эцсийн өмчлөгчдийн талаар бид цуврал нийтлэлийнхээ хүрээнд хөндөх болно.
“Хэнтэй гэрээ хийв, энэ компанийг яг ямар хүмүүс эзэмшдэг, улс төрчид эзэмшдэг юм биш биз. Ашиг сонирхлын зөрчил бий юү. Эсвэл элитүүд, монополууд бүх ашигтай бизнест очоод байна уу” гэдгийг шалгахад эцсийн өмчлөгдийг ил тод болгох шаардлагатай. Мөншударга өрсөлдөөн байсан уу, шалгаруулах процесс шударга явагдсан уу, яагаад энэ компани ялав гэх мэтээр төр, хувийн хэвшил хооронд байгуулсан гэрээг бүтнээр нь ил тод харуулах ёстой.
Ялангуяа уул уурхайн салбарт нууж хаах юу ч байх ёсгүй, бүх зүйл ил тод, ойлгомжтой байх ёстой. Учир нь, ашигт малтмал нь төр, ард түмний өмч юм. Ард иргэд бол ашигт малтмалын жинхэнэ эзэд учраас мэдэх эрхтэй. Бид ашигт малтмалын салбарын орлогыг илтод нээлттэй болгож байж үр ашгийг нь тэгш, шударга хуваарилж, хүнийхээ хөгжилд хөрөнгө оруулах боломжтой болно.
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн болон Колумбын их сургууль”-тай хамтран гаргасан “Байгалийн баялгийг Тогтвортой хөгжилд зориулах нь” нэртэй онлайн сургалтад үндэслэн бичсэн цуврал нийтлэлээ толилуулж байна. Монголын эдийн засгийн хоёр хөл мэт гол тулгуур болсон уул уурхайн салбарын өнгөрсөн арван жилээ дүгнэж, ирэх арван жилд анхаарах ёстой зүйлсийн талаар цуврал маань өгүүлэх болно.