Индэр    
2020 оны 5 сарын 29
Зураг
Сэтгүүлч

Байгалийн баялагтай улсад АВЛИГА харьцангуй их гардаг

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ашигт малтмалаар баян орнуудад баялаггүй улсуудтай харьцуулахад авлига их гардаг байна.Манай Өмнөговь аймагт нүүрс олборлодог “Саусгоби Сэндс” компанийн захирал Америкийн иргэн Жастин Капла, Хуулийн хэлтсийн дарга, Австралийн иргэн Сара Армстронг нар Монголын төрийн албан хаагчдад авлига өгсөн, татвараас зугтаасан хэргээр баривчлагдсан ч гаднын иргэд байсан учраас суллагдсан. Гэтэл тухайн үеийн Ашигт малтмалын газрын дарга монгол хүн зургаан жилийн хорих ял авсан байдаг. Үүнээс хойш ялангуя Америк, Канадын Элчин сайд нар үргэлж “Монгол Улсыг гаднын хөрөнгө оруулагчдад ингэж хандаж болохгүй. Хөрөнгө оруулагч нарыг үргээлээ. Гаднын хөрөнгө оруулагчид л хэзээ ч авлига өгөх хүмүүс биш” гэж донгоддог болсон билээ. Гэтэл авлига гээч нь уул уурхайг үргэлж дагадаг нь жам гэдтэй.  

АНУ-д л гэхэд авлигын хэргийн 30 хувийг газрын тос болон уул уурхайтай холбоотой хэргүүд эзэлдэг. Eвропын хамтын ажиллагааны нийгэмлэгийн авлигын индекстээ ашигласан 427 авлигын хэргийн 19 хувь нь уул уурхайн компаниудтай холбоотой маргаан байгаа нь хамгийн өндөр хувь эзэлж буй салбар юм.Авлига зөвхөн хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрлөөр  хязгаарлагдахгүй. Уул уурхайн компаниуд бараа үйлчилгээ авдаг туслан гүйцэтгэгчээ шалгаруулахдаа хүртэл  авлигад өртөх магадлал өндөр. Үүний нэг жишээ нь, Бразил Улсад болсон “Машин угаалгын ажиллагаа” гэдэг мөнгө угаалтын хэрэг. Бразилийн газрын тосны төрийн өмчит компани барилга бариулахаар хэд хэдэн компани шалгаруулжээ. Гэтэл барилгын төслүүдийг хэт өндөр үнээр гүйцэтгэсэн бөгөөд  хөөсөрсөн өндөр үнийн зөрүүнээс олсон ашиг нь улстөрчид болоод томоохон компанийн захирлуудын халаасанд орсныг цагдаа нар илрүүлсэн байна. Энэ хэргийн улмаас Бразилийн хоёр Ерөнхийлөгч, 80 гаруй улстөрч, бизнесийн элитүүдэд ял ногдуулсан юм. Мөнгөний зарим хэсэг нь үнэхээр машин угаалгын газраар дамжин угаагдаж, цэвэр мөнгө болсноос ийм нэршил үүсчээ. 

Канадын Гриффит гэдэг нэртэй уул уурхайн компани Африкийн Чад Улсын газрын тосны хэд хэдэн ордуудыг эзэмшихийн тулд Канадын нэгэн компаниар дамжуулан Чадын төрийн албан хаагчид хоёр сая ам.доллар төлсний дээр хувьцаагаа эзэмшүүлжээ. Үүнийг Канадын Засгийн газар илрүүлж, 10 сая ам.доллароор торгосон. Гэтэл компани тэр ордуудаа 1.2 тэрбум ам.доллароор зарсан байна. Тэгэхээр 10 саяын торгууль, хоёр  саяын хахууль бол яльгүй жижиг зардал, нүд хуурах төдий үйл явдал байж. 

Авлигын хэргүүдэд миддлэмэн буюу дундын хүн, фиксэр буюу зохицуулагч (ченж гэж ойлгож болно) хүмүүсийг ашиглах нь олонтаа. Гэвч ийм хүмүүс ашигласан хэргүүдийг илрүүлэхэд маш төвөгтэй болдог. Швейцарьт төвтэй Ганвор гэдэг компани Конгодмөн л газрын тосны орд эзэмшихийн тулд Ерөнхийлөгчтэй нь танилцаж, холбоо тогтоохын тулд арав гаруй хүнд 30 сая ам.доллар төлсөн болохыг Швейцарийн Засгийн газар илрүүлэн шалгаж байна. Гэхдээ тэр 30 сая хэний халаасанд орсныг олоогүй байгаа аж. Энэ мэт хэдэн зуун жишээ байгааг Африкийн газрын тосны авлигалын хэргээр бүхэл бүтэн ном бичиж, Кембрижийн их сургуульд профессор хамгаалсан доктор Александра Гиллэсийн судалгаа харуулдаг.

Түүнчлэн төрийн албаныхан өөрсдөө уул уурхайн компани эзэмших замаар авилгыг цэцэглүүлдэг. Жишээ нь, Анголын нэлээн хэдэн төрийн албан хаагч өөрсдөө газрын тосны компани эзэмшдэг нь илчлэгдэж байжээ. Улстөрчдийн компанитай гэрээ хийсэн олон улсын компаниуд асуудалд орох нь олонтаа. Швейцарийн “Трафигура” компанийн 18.5 хувийг Ангол Улсын Ерөнхийлөгчийнхөө дараа орох эрх мэдэлтэй нэгэн генерал 2010 онд эзэмшихээр болсон. Гэтэл тэр генерал Анголын хамгийн том, олон тэрбум ам.доллароор үнэлэгдэх газрын тосны төрийн өмчит компаниудын захирлаар давхар ажилладаг. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө удирддаг компаниас өөрийнхөө хувь эзэмшдэг компаниараа дамжуулж газрын тосыг нь худалдаж авдаг гэсэн үг.

Дээрх жишээнүүд аливаа компанийнэзэмшлийн ил тод байдал гэдэг ямар чухал болохыг харуулж байна. Авлига авах өөр олон арга бий. Улстөрчид өөрсдөө компани байгуулахгүйгээр авлига авах боломжтой. Жишээ нь, Анголын газрын тосны асуудал хариуцсан сайд нь итгэлтэй хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан компаниудад олон тооэы тусгай зөвшөөрөл олгожээ. Улмаар компаниудаасаа үл хөдлөх хөрөнгө, мөнгө бэлгэнд авдаг байсан нь ил болж, тэдгээрийг улсын орлого болгожээ. Мөн ийм явдал хуучин социалист орнуудад их гардаг байна.  Хачирхалтай нь, үүнийгээ хуулийн дагуу үйлдэх нь ч бий. . Хуулийн дагуу болон хууль бус замаар ашигт малтмалын экспортын мөнгө цөөн хүний гарт ордог. Хуулийг баталдаг, зохиодог хүмүүс нь ч байгалийн баялгийг хуулийн дагуу эзэмшдэг. Олон улсын томоохон компаниуд хууль бус, эсвэл шударга бус хэлэлцээр гэдгийг мэддэг ч гэрээ хийдэг байна. Хуульчид, нягтлан бодогч нар тэдэнд мөнгөө угаахад нь тусалдаг. Харин төрийн бус байгууллагууд буюу иргэний нийгмийнхэн ард түмний төлөө тэднийг мөшгиж, компаниудыг судалдаг. Мөн эрэн сурвалжлах сэтгүүлчид Панамын баримтууд нэрээр оффшор бүс дэх данснуудыг ил болгосныг санаж байгаа байх. Үүний ачаар барууны орнуудад олон хэдэн улстөрчид шийтгэл хүлээсэн билээ.

Гэвч дотооддоо шийдэх боломжгүй маш олон авлигын хэрэг бий. АНУ энэ тал дээр мэдэгдэхүйц ахиц гаргаж байна. Жишээ нь,  2016 онд Хилийн чанад дахь хээл хахуулиас сэргийлэх хуулийн дагуу Ок-Зифф нэртэй хөрөнгө оруулалтын хаалттай сан Конго, Нигер, Ливи Улсад хахууль өгсөн нь баригдаж, 412 сая ам.долларын торгууль төлсөн юм.

Улстөрчдийн шийдвэрт ашигт малтмалын нөлөө

Уул уурхайг ойлгохын тулд эхлээд улс төрийг нь ойлгох хэрэгтэй. Гэхдээ ашигт малтмалын экспорт тухайн улсын ганц саалийн үнээ болдог, өөр салбарууд нь хөгжөөгүй бол улс төр нь уул уурхайд шууд нөлөө үзүүлдэг.

Байгалийн баялаг болон ашигт малтмалын экспорт тухайн улсынхаа улс төр, засаглалд хэрхэн олон янзаар нөлөөлдөг болохыг үлдсэн хэсэгт өгүүлэх болно.   

Байгалийн баялаг ихтэй орнуудад шийдвэр гаргах эрх мэдэл нэг, эсвэл цөөн хэдэн хүний гарт төвлөрсөн байх нь олонтаа. Эсвэл гэнэт олсон баялгаа үрэн таран хийж, тараах хандлага байдаг. Жишээ нь,  популист амлалтууд байна. Жишээ нь 2008 оны сонгуулийн өмнө хоёр том нам маань 1.5 сая төгрөг амласан байдаг. Бид энэ явдлын дараа сонгуулийн хуулиндаа бэлэн мөнгө амлахыг хориглосон билээ. Тэгэхээр уул уурхай улс төрийн шийдвэрт, хуулинд хүртэл нөлөөлдөг болохыг харж болно. Ер нь мөнгө, эсвэл түүнтэй тэнцэхүйц өөр ямар нэг үнэт зүйлсийг тараах нь тухайн нийгмийнхээ ярианы гол сэдэв болж, улмаар шийдэх ёстой бусад асуудлыг олон нийт чухал гэж үзэхгүй, шийдэгдэхгүй орхих магадлалтай байдаг. Эсвэл лиценз болон тусгай зөвшөөрөл, тендер тарааж болно. Жишээ нь, Африкийн Конго Улс төрийн өмчит газрын тосны компанийн “Газрын тос худалдах компани шалгаруулна” гэж зарласан ч эцэстээ компани өөрийнхөө нэг охин компанид тосоо зарах хачирхалтай шийдвэр гаргажээ. Тэр охин компани нь маш хямдаар худалдаж аваад, цааш өөр компаниудад зах зээлийн үнээр зарж байсан нь ил болсон байдаг. Тэрнээс олсон орлогыг шийдвэр гаргагч буюу хэдхэн улстөрчид хувааж авдаг байжээ.   

Байгалийн баялагтай байх нь ардчилалд сөргөөр нөлөөлдөг. Улс төр судлаач Майкал Россын 1980-2006 онд хийсэн судалгаагаар газрын тосоор баялаг орнууд газрын тосгүй орнуудтай харьцуулахад ардчилсан биш байх магадлал гурав дахин их гэдгийг тогтоожээ.  

Төр болон хувийн хэвшилийн ялгаа арилж, холилдох. Төрийн албан хаагч албан тушаалаа ашиглан хувийн компанидаа зөвшөөрөл олгох. Жишээ нь, Азербейжаны Засгийн газар 2.5 сая тэрбум ам.доллароор үнэлэгдэх алтны ордын ашиглалтын лицензийг “Аймрок” гэдэг нэртэй компанид олгосон байжээ. Эрэн сурвалжлах сэтгүүлчид тус компанийг Азербейжаны Ерөнхийлөгчийн хоёр охин нь найман оффшор компаниар дамжуулж эзэмшдэг болохыг олж тогтоосон юм. Энэ жишээ яагаад ил тод байдал чухал болохыг сайтар харуулдаг. Эсвэл хувийн хэвшлийнхэн шийдвэр гаргагчдыг худалдаж авдаг. Америкийн Оклахама мужийн монголоор бол  Хууль зүйн сайд нь нэгэн газрын тосны компаниас сонгуулийн кампанит ажилдаа зориулж их хэмжээний хандив авсныг тогтоосон юм. Тухайн компанийн захиалгаар байгаль орчны газрынхаа удирдлагын шийдвэрт нөлөөлөх гэж байгаад баригдсан байдаг.

Иргэдийн хяналт, хариуцлагын системд нөлөөлдөг. Байгалийн баялгаасаа их хэмжээний орлого олж байгаа улсууд иргэдэд маш бага татвар ногдуулах хандлага гардаг. Татвар гэдэг нь хариуцлага гээчтэй салшгүй холбоотой. Иргэд татварынхаа мөнгийг хэрхэн зарцуулж байгааг мэдэх, хянах хүсэлтэй байх ёстой. Гэтэл татвар төлдөггүй, эсвэл маш бага төлдөг иргэд идэвхгүй, эрх мэдлийг хянах хүсэлгүй байх магадлалтай. Мөн мөнгө ихтэй төр хэвлэлийнхнийг болон сөрөг хүчнийхнийг мөнгөөр чимээгүй болгож шүүмжлэгчдээс ангижирч болно. Эсвэл зэвсэгт хүчин, цэрэг армийг худалдаж авч, хэдхэн хүн баялагт эзэн суух явдал олон оронд болж байна. Үүний тод жишээ бол хойд хөрш ОХУ билээ.

Ашигт малтмал зэвсэгт мөргөлдөөн, иргэний дайн үүсгэгчдийн санхүүгийн эх үүсвэр болох магадлалтай. Зарим нэг Өмнөд Америкийн орнууд болон Африкийн олон оронд зэвсэгт тэмцэгчид уул уурхайн ордыг эзэлж аваад зэвсэгт тэмцлээ санхүүжүүлж ирсэн. Хэрвээ тэр ашигт малтмалыг олборлоход хялбар бол ийм үзэгдэл гарах магадлал илүү өндөр. Хурдан ухаж, зараад зэвсэг авна. Гэхдээ баялгийг авторитар дэглэмээ хадгалан үлдэхэд зарцуулах нь түгээмэл.

Улс орнууд хэрхэн авилгаас ангид, ашигт малтмалын ашгийг бүх нийтийн төлөө зарцуулдаг болох вэ? Ганц шийдэл нь ил тод байдал. Энэ тухай дараагийн нийтлэлээс хүлээн авна уу.