Индэр    
2020 оны 5 сарын 25
Зураг
Сэтгүүлч

Байгалийн баялгаараа Тогтвортой хөгжлийг бүтээх нь

Зураг
Гэрэл зургийг MPA.mn, Тавантолгой, 2014 он

Мөнхийн хөрш Хятадын эдийн засгийн үсрэнгүй хөгжил Монгол Улсад маань 2010 оноос эхлэн газар хөдлөлт шиг хүчтэй мэдрэгдэж эхэсэн билээ.

Нүүрс, зэс, төмрийн хүдрээр баялаг монголчууд ч бид ашигт малтмалаа их хэмжээгээр экспортлож, энэ хэрээр манай эдийн засаг ч огцом өсөв. Монголчууд бид тэр үед анх удаагаа IPO, ТЭЗҮ, хувьцаа, баруун, зүүн Цанх, хөрөнгө оруулалтын банз, баялгын хараал, тэр бүү Minegolia гэх мэт үг хэллэгтэй танилцаж эхэлсэн.

Оюутолгойн худалдан авалт, Тавантолгойн нүүрсний экспорт эдийн засгийг 17 хувиар өсгөж, Австрали, Канад, Хонконгын хөрөнгө оруулалттай уул уурхай, нягтлан бодох, аудитын компаниудын салбар Улаанбаатар хотод маань бөөн бөөнөөрөө хаалгаа нээж байв.

Төгрөгийн ханш дэлхийн түүхэнд байгаагүйгээр чангарч, аялал жуулчлалын салбарынхан англи хэлтэй ажилчидаа уул уурхайд алдаж байсан 2010, 2011 он таны нүдэнд харагдаж байна уу. Энэ үеэс хойш бид бүтэн  арваныг ардаа орхиод байна.

Монгол Улсад уул уурхай эрчимтэй хөгжиж эхлээд арван жил болж байна. Бид өнгөрсөн хугацаанд юу алдаж, юу олсноо дүгнэх цаг болжээ. Уншигч танд Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн Колумбын их сургууль хоёрын хамтран гаргасан  “Байгалийн баялгийг Тогтвортой хөгжилд зориулах нь” нэртэй онлайн сургалтад үндэслэн бичсэн 12 цуврал нийтлэлээ толилуулж байна. Монголын эдийн засгийн хоёр хөл мэт гол тулгуур болсон уул уурхайн салбарын өнгөрсөн арван жилээ дүгнэж, ирэх арван жилд анхаарах ёстой зарчмуудын талаар өгүүлэх болно.

Таалан болгооно уу.  



Монголчууд баялгийн хараалаас чөлөөлөгдсөн үү?  

  • Байгалийн баялаг иргэний дайн, олон улсын дайнд ч хүргэдэг
  • Байгалийн баялагтай орнууд яагаад ядуу хэвээрээ байна вэ
  • Компаниуд сургууль барьж өгөх нь нийгмийн хариуцлага мөн үү?
  • Норвегийн баялгийн сан ядуу орнуудын дуурайх туршлага биш  

Дэлхийн технологийн хөгжил, технологийн өрсөлдөөн нь ашигт малтмал, үнэт металлаас хараат байдлыг үүсгэж ашигт малтмалаар баян, ядуу орнууд хурдан хугацаанд хөгжиж, эдийн засгаа сайжруулах сайхан боломж юм. Харамсалтай нь байгалийн баялаг ихтэй орнуудад баялаггүй улстай харьцуулахад дотоодын зөрчил, иргэний дайн гарах, ядруу эдийн засаг, тэр бүү хэл ардчилсан бус, харин ч бүр дарангуйлал тогтох магадлал өндөр байдаг байна.

Дундаршгүй их баялаг байлаа ч түүнийг удирдах мэргэн ухаан, туршлага, мэдээлэл байхгүй бол алт амьтай гэдэг үг олон оронд биелэлээ олсон байдаг. Газрын баялгийн төлөөх өрсөлдөөн нь эрх мэдлийн цуст тэмцэл болж, иргэний дайнаас олон улсын дайны хэмжээнд хүрсэн түүх олон бий. Америк, Их Британи, Франц зэрэг колончлогч улсууд Ойрх Дорнодын дайнд оролцдог нь газрын тосны нөөцтэй холбоотой гэдэг нь харамсалтай нь үнэн юм. “Иракийн газрын тосыг хямдаар худалдаж авдаг байхын тулд АНУ Иракт дайн эхлүүлсэн. Энэ бол баялгийн хараал мөнөөс мөн” гэж Колумбын их сургуулийн тогтвортой хөгжил судлалын профессор Жеффрий Сакс онцолсон байдаг.

Саяхныг хүртэл баялгийн дээр амьдарч буй уугуул иргэдийг хөөх, хөнөөх явдал гарч байсныг мартаж болохгүй. Мөн гэнэт баялаг гарч ирэхэд тэгш бус байдал, шударга бус хуваарилалт үүсдэг.

Мөн байгаль орчин, гол усны бохирдол их хэмжээгээр нэмэгдэж, түүнээс үүдэн хүн амын эрүүл мэндэд нөлөөлж, хорт хавдар нэмэгдэх, ан амьтад устаж алга болох шалтгаан болдог. Үүний хамгийн том жишээ бол Африкт Нигер голын сав газар юм. Тэнд “Shell” компани хэдэн арван жилийн турш нефть олборлосон бөгөөд голын дагуух тосгодын оршин суугчид хүн амд ногдох хавдрын тоогоороо дэлхийд тэргүүлдэг. Тиймээс уул уурхайд суурилсан эдийн засгийн хөгжил, нийгмийн шударга ёс, байгаль орчноо үржил шимтэй хэвээр нь хадгалан үлдэх гол гарц нь байгалийн баялгийн зөв менежмент юм.

Сүүлийн хорин жил байгалийн баялаг, хөгжлийн асуудлыг судалж байгаа Колумбын их сургуулийн тогтвортой хөгжил судлалын Профессор Жеффрий Сакс “Олонх баялагтай орон ядуу хэвээрээ байгаа” гэж дүгнэжээ.

Ядуу орнууд ашигт малтмалын орлогоороо эдийн засгаа хөгжүүлэхийн тулд хүний нөөц, дэд бүтэц, орон нутгийн жижиг, дунд бизнесүүд хөгжүүлсэн байх, технологийн хувьд ахисан байх ёстой. Нэгнийх нь ашиг шимийг хүртэхийн тулд нөгөөдүүл нь бэлэн байх ёстой байдаг. Гэтэл байгалийн баялгаар баян орнуудад нийтлэг дутагдал нь тэдэнд зөвхөн баялаг л бий гэж профессор Сакс онцолсон юм. Тиймээс ядуу орнууд бусад дэд бүтцээ барьж байгуулахдаа маш их бэрхшээлтэй тулгардаг.

Баялаг ихтэй ядуу орнууд ямар алдаа гаргадаг вэ?

Сүүлийн арван жилд түүхий эдийн үнэ харьцангуй таатай байж ирсэн ч бараг бүх баялагтай ядуу орнууд энэ боломжийг ашиглаж чадаагүй гэж Оксфордын их сургуулийн хөгжлийн эдийн засгийн профессор Пол Коллер онцолсон юм.

Түүнийхээр бол асуудал хайгуулаас эхэлдэг байна. Ядуу орнуудад ашигт малтмалын хайгуулыг голдуу баян орнуудын компаниуд хийж  ирсэн. 

Мэдээж ядуу орнууд өөрсдөө баялгаа олборлох, хөрөнгө оруулах туршлага байхгүй учраас гаднын эсвэл олон улсын компаниудыг олж түншлэхэд хүрнэ. Үүнээс хамгийн чухал нь татвар.  Нэг баррель газрын тосны үнэ зах зээл дээр 60 ам.доллароор зарагддаг бол зардал 30 ам.доллар байна гэж бодъё. Бусад салбартай харьцуулахад уул уурхай маш их ашиг олдог онцлогтой учраас улс орнууд зөвхөн уул уурхайн салбарт зориулсан тусгай татварын системтэй байх ёстой.

Татварын хэмжээг тогтооход төрд маш их мэдлэг шаардлагатай болдог. Харин компаниуд төрөөс илүү ихийг мэддэг. Тиймээс төр тендер зарлаж, мэдээлэлтэй, туршлагатай компаниудыг хооронд нь өрсөлдүүлж яаж сул талаа нөхөж болно.

Өрсөлдөөн баялгийн жинхэнэ үнэ цэнийг уудлан харуулах сонгодог арга.

Харин ядуу орнуудын гол алдаа бол санал тавьсан эхний компанитай л хэлэлцээ хийгээд, гэрээ байгуулчихдаг. Жишээ нь, манай улс Оюутолгой ордыг ашиглахдаа зөвхөн “Айвенхоу Майнз” компанитай л хэлэлцээр хийсэн байдаг.

Түүнчлэн компаниуд нийгмийн хариуцлага нэрээр сургууль, эмнэлэг барих нь хөгжлийг бий болгох нийгмийн хөрөнгө оруулалт биш гэж үздэг болжээ.

Сургууль, цэцэрлэг, гудамжны тохижилт гэдэг тухайн аймаг сумын ИТХ-ын үүрэгт ажил.

Жинхэнэ хариуцлагатай компаниуд дэд бүтэц байгуулж, түүнийгээ нутгийн иргэдтэй хуваалцах нь хөгжлийн хөрөнгө оруулалт болдог байна. Жишээ нь, төмөр зам, цахилгааны эх үүсвэр буюу станц байгуулах, түүнийгээ орон нутгийнханд хэрэглүүлэх. Уурхай ажиллуулахад төмөр зам, цахилгаан станц заавал хэрэгтэй. Жишээ нь, “Энержи Ресурс” компани уурхайгаа ажиллуулахын тулд цахилгаан станц байгуулсан бөгөөд Цогтцэций сумын зарим иргэн цахилгааныг нь ашигладаг. Тус сум цахилгаантай холбогдсоноор тус суманд шинэ суурин үүсэн хөгжиж, шинээр хүмүүс нүүж очин амьдрах, бизнесүүд хөгжих боломж бүрдэнэ. Харин Оюутолгойн төслийн удирдагч “Рио Тинто” компани Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа Өмнөговьд цахилгаан станц барих гэрээний үүргээ биелүүлээгүй л байна.  

Байгалийн баялгийн үнэ өсөж, унах жамтай.

Гэтэл үнэ өсөхөд баялагтай ядуу орнууд төсвийн зарцуулалтаа нэмдэг.

Харамсалтай нь иргэд төрийг тэгэх л ёстой гэсэн  байдлаар ханддаг. Бүр төр засаг гаднаас мөнгө зээлдэг. Жишээ нь, Гана Улс газрын тосны шинэ нээлт хийснийхээ дараа олон улсын зах зээлээс хоёр сая ам.долларын бондын  зээл авч, төсвийн зарцуулалтаа огцом өсгөсөн. Монголд ч гэсэн 2012 онд 14.4 тэрбум ам.долларыг “Чингис”, “Самурай” бонд нэрээр гаднаас зээлсэн бөгөөд одоог хүртэл төлж барагдуулаагүй байгаа, дахиад дараа дараагийн авах зээлээ хөөцөлдөж байна.

Харин Чилийн төр засаг зэсийн үнэ түр зуур л өснө гэдгийг сайн мэддэг болсон учраас мөнгөө өөр газар байршуулдаг болжээ. Байршуулах боломжтой цөөн хувилбарын нэг нь гадаадад хөрөнгө оруулалт хийх, хадгалах юм. Хөрөнгө оруулалтынхаа ашгаар байгалийн баялгийн үнэ унах үед төсвийн зарцуулалтаа хэвийн явуулах боломжийг бүрдүүлдэг. Гэвч ийм алхам хийдэг орон дэндүү цөөн. Учир нь мэдлэггүй ард иргэд төр засагтаа зарцуулалтаа нэм гэж санал өгдөг.    

Байгалийн баялаг дуусдаг, эсвэл шаардлагагүй болдог гэдгийг мартаж болохгүй. 60, 70-аад онд Чили Улсын эскпортын 85 хувийг эзэлж байсан нитритийг өөр бодисоор орлуулж болох нээлт хийсний улмаас олборлох шаардлагагүй болсон байна. Баялаг дуусна, эсвэл тухайн баялгийг өөр зүйлээр орлуулах шинэ технологи гарч ирж болно. Тиймээс ашигт малтмалын экспортод суурилсан төсөв тогтортой биш учраас их орлоготой үедээ заавал хадгалах ёстой. Харамсалтай нь олонх ядуу орон огт хадгалдаггүй, харин ч зээл авахыг илүүд үздэг. Гана Улс өсөлтийн үед төрийн албан хаагчдынхаа цалинг 50 хувиар өсгөж, иргэд цалингаараа шинэ гар утас, машин зэрэг импортын бараа авч, мөнгөө гадагш урсгаад дуусгажээ. Хамгийн хэцүү нь ард иргэд төрийг мөнгө тараахыг л хүсдэг. Ерөнхийлөгч Х.Баттулга “Байгалийн баялгаа ашиглаж бүх хүний өрийг дарна” гэж амласан нь түүнийг ялалтад хүргэсэн нэг хүчин зүйл мөн.Угтаа Ашигт малтмалын экспортын орлогыг боловсрол, дэд бүтэц, үйлдвэрлэл гэх мэт ашигтай хөрөнгө оруулалтад зарцуулсан бол мөнгөний хомсдолд орохгүй байсан ч иргэд авсан мөнгөө бүгдийг нь хэрэглэж  дуусгахыг эрмэлздэг. Үүний хажуугаар төсвийн ил тод байдал муу бол тэдгээр ашигт малтмалын орлого бүтээн байгуулалт гэх мэт нэрээр улстөрчдийн хувийн компаниуд руу орно. Тэгэхээр үндсэндээ тухайн иргэд сонгогчдоос улсынх нь хувь заяа шалтгаална.

Олонх ядуу улс орны улирдлагууд “Гэнэтийн их орлогоо яах вэ” гэж профессор Паул Коиллерээс асуудаг байна.

“Тэд бүгд Норвегийг дуурайх ёстой гэж боддог. Гэтэл Норвег Улс дотоодын хөрөнгө оруулалтаараа нэгд ордог, баян орон. Дэд бүтэц, сайн сургуулиуд гээд бүх юм бий. Мөн дотооддоо мөнгө зарцуулах зүйл үлдээгүй учраас мөнгөөрөө гадаадад хөрөнгө оруулалт хийнэ. Гэтэл ард иргэд нь өлсгөлөн, хүүхдүүд нь сурах сургуульгүй, үйлдвэрлэлгүй, ажилгүйдэл их байхад мөнгөө гадаадад хөрөнгө оруулна гэдэг дэндүү тэнэг сонголт учраас Норвеги бусад улсад тохирох жишээ биш” гэж хэлдэг байна.

Ядуу орнуудад дэд бүтэц, зам гүүр, цахилгаан станц, үйлдвэр байхгүй.

Тэдэнд хэдэн мянган байхгүй зүйл байгаа учраас аль нэгэнд нь хөрөнгө оруулж зарцуулна. Гэхдээ тэр хөрөнгө оруулалтаа нөхөж олж авах ашигтай дотоодын бизнест хөрөнгө оруулах ёстой. Үүнийг хөрөнгө оруулалт гаргаж авах хөрөнгө оруулалт гэж нэрлэдэг. Хэн ч амьдардаггүй газар зам тавих бүтээн байгуулалт эсвэл хөрөнгө оруулалт биш. Жишээ нь, манай улсын хоёр дахь, гурав дахь том экспорт юу вэ? Бид ямар салбартаа хөрөнгө оруулж дэмжвэл олон ажлын байр үүсгэж өндөр өгөөж өгч чадах бол.

Маш цөөн орон ингэж чадсан байдаг. Африкаас Ботсвана, Азиас Малайз зэрэг орнууд одоо ядуу биш, жинхэнэ дундаж хөгжилтэй орон болж чаджээ.

Ашигт малтмалын салбарын алсын хараа тодорхойгүй хэвээр байна  

  • Монголчуудад хөгжлийн стратеги бий  
  • Юуг хөгжлийн төлөвлөгөө гэж нэрлэж болох вэ?
  • Тогтвортой хөгжлийн зорилтоос уул уурхай юу?

Байгалийн баялгаараа өндөр хөгжилтэй, ирээдүй нь баталгаатай Монгол Улсыг байгуулахын тулд зөвхөн төр засаг биш, иргэд хүртэл хүртэл мэргэн шийдвэр гаргах учиртай. Иргэд бид бэлэн мөнгө амласан намуудыг сонгочих гээд байдаг учраас үе үе үндэснийхээ хөгжлийн төлөвлөгөөг эргүүлж харах ёстой болоод байна.

Ирээдүйгээ зөвхөн дөрвөн жилээр харж, төсөөлөх биш, яавал 50, 100 жил баталгаатай орлоготой буюу хоолтой байх вэ гэдгийг тооцоолсон үндэсний хөгжлийн төлөвлөгөө гэдэг зүйл улс үндэстэн бүрт байх ёстой.

2008 онд Эвслийн Засгийн газар уул уурхайгаас орж ирэх орлогыг иргэн бүрт тэгш хуваарилах амлалтаа биелүүлэх болж, 2012 оны сонгуульд ялахын тулд 1.5 сая төгрөг тараах үед бидэнд ямар нэг хөгжлийн бодлого байсан уу?

Судлаад үзвэл бидэнд тэр үед үндэсний хөгжлийн төлөвлөгөө ч, ашигт малтмалын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг ч байсан. Жишээ нь, “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого” гэдэг баримт бичгийг 2008 онд тухайн үеийн УИХ баталсан. 2016 онд хүчингүй болсон ч энэ баримт бичигт багтсан зорилтууд нь эрх баригч намуудын мөрийн хөтөлбөрт багтаж ирсэн юм. Жишээ нь, аж үйлдвэрийн хөгжил, уул уурхай, хүнд үйлдвэрийн хөгжлийн бодлогын нэгдүгээр үе шат нь 2007-2015 онд уран, гангийн олборлолтыг эхлүүлж, тэр дундаа коксжих нүүрсийг боловсруулж эхэлнэ гэсэн байна. “Эрдэнэс Тавантолгой” компани 2011 оноос хойш хоёр удаа олон улсын зах зээлээс IPO буюу санхүүжилт босгож, нүүрс угаах үйлдвэр барьж, төмөр зам тавина гэж төлөвлөсөн ч больсон билээ. Улсын өмчит компани өөрийн гэсэн нүүрс угаах үйлдвэргүй байх нь хэсэг хүмүүст ашигтай ч байж болох юм.

Мөн “Мянганы хөгжлийн зорилт-”д хөдөө аж ахуйн салбарын эцсийн бэлэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ гэжээ. Үүнээс харахад бид уул уурхайгаас олсон орлогоороо мал аж ахуй, эрчим хүч зэрэг салбартаа хөрөнгө оруулна гэж төлөвлөж байж. 

Ямартаа ч “Хөгжлийн банк”-аар дамжуулан 2018, 2019 онд ноолуурын компаниудад хөнгөлттэй зээл олгосон. Гэхдээ ноолуураас өөр мал аж ахуйн гаралтай түүхий эдэд хөрөнгө оруулсан эсэх нь тодорхойгүй байна.

2012 оны бэлэн мөнгө тараах амлалтаас бид юу сурсан бэ? 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр ч гэсэн Х.Баттулга “Эрдэнэс Тавантолгой”-н ашгаар бүх хүний өрийг төлнө” гэж амласан. Юу юугүй УИХ-ын сонгуулиар улс төрийн намууд уул уурхайтай холбоотой ямар амлалт өгөх, өгөхгүйг бид удахгүй харах болно.

Харин МАН-ын 2016 оны мөрийн хөтөлбөртөө “Байгалийн баялгийг нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгож, дэлхийн зах зээлд гаргах” гэж бичсэн байна. Эцсийн бүтээгдэхүүн гэдэг нь нүүрсний хувьд бол коксжсон нүүрс гэсэн үг. Коксжон нүүрсийг нүүрс угаах үйлдвэрт угааж, боловсруулж гаргаж авдаг. Мөн МАН байгалийн баялгийг одоо болон ирээдүй хойч үедээ тэгш хуваарилах зорилгоор “Баялгийн сан” байгуулна гэжээ. Энэ нь түүхий эдийн үнэ өсөж, буурч байдаг учраас өсөлттэй үед хадгална, бэлэн мөнгө тараадаг шиг үрэн таран хийхгүй гэсэн утгатай зорилт гэж ойлгож болно.

Нэгэн тоо  сонирхуулахад “Энержи Ресурс” компанийн Цогтцэций дэх нүүрс угаах үйлдвэр нь 414 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар боссон байдаг. Энэ онд “Эрдэнэс Тавантолгой” компани 800 тэрбум төгрөг буюу 287 сая ам.доллар иргэдэд ноогдол ашиг болгон тараана. Мөн Салхитын мөнгөний ордын ирээдүйд олж болох долоон жилийн орлогыг барьцаалж 776 тэрбум төгрөгийн тэтгэвэрийн зээлийг тэглэж байгаа нь 278 сая орчим ам.доллартой тэнцэнэ.

Монгол Улсын Зөвлөх инженер, доктор Н.Даваасамбуу тухайн үед “Эрдэс баялгаас үүдэн цоо шинэ “Монгол өвчин” гарч ирлээ хэмээн нийтлэл бичиж байсан билээ.

“Голланд өвчин” нь олборлож, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ экспортолж, түүнээс бодитой бий болсон орлогыг шамшигдуулдаг бол “Монгол өвчин” нь олборлож, ашиглаж эхлээ ч үгүй байгаа ашигт малтмалын ордын ашиглалтаас ирээдүйд бий болно гэж тооцоолсон орлого, ашгийг барьцаалан, бонд болон үнэт цаас гаргаж мөнгөжүүлж, хэн нэгний ашиг сонирхолтой зүйлд зарцуулдаг” гэж тэрбээр дүгнэсэн юм.

Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтууд маань 2016 онд батлагдсан “Монгол улсын Тогвортой хөгжлийн зорилт-2030”-д ороогүй гээгдсэн байна. Харин гадаад зах зээлийн болон түүхий эдийн үнэ ханшийн хэлбэлзлээс сэргийлэх бодлогыг баримталж, хуримтлалын сан буюу баялгийн санг орхигдуулаагүй аж.

Түүхий эдийн эх үүсвэр болгох хэрэгцээнээс үүдэж Африкийн олонх орон колони болсон.

Тиймээс колоничлогчид Африкийг орхихдоо уул уурхайг бага зэрэг хөгжүүлээд явсан байдаг. Африкийн орнууд тусгаар тогтносон улс болсныхоо дараа олонх уул уурхайнуудаа ТӨК-ийн хэлбэрээр ашиглаж эхэлсэн ч засаглал нь муу учраас 80-аад оны түүхий эдийн уналтын үеэр бүгд дампуурчээ. Ингээд Африкийн орнууд хөрөнгө оруулалт татах хамгийн таатай орон болохын тулд өөр хоорондоо эрх зүйн орчноороо уралдаж, ТӨК-уудаа хувьчлав. Гэвч реформ нь сүүлдээ ёроол руу уралдах гэдэг өрсөлдөөн болов. Төр засаг бизнесийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчин бүрдүүлнэ гэдэг нэрийн дор зохицуулалт огт хийхгүй байх эсвэл татвараас чөлөөлөх зэрэг улсдаа ашиггүй зохицуулалт хийхийг ёроол руугаа өрсөлдөх гэдэг. Ингээд 1984 онд Африкийн өмнөд бүсийн арван орон нэгдэж, геологийн хамтарсан хайгуул хийх, хууль эрх зүйн зохицуулалтаараа ижилсэх, хүний нөөцөө чадавхжуулах төвүүд байгуулж эхэлжээ. Үүний хажуугаар Баруун Африкийн орнуудын Эдийн засгийн холбоо байгуулж уул уурхайг хөгжилийн үндэс суурь болгохоор шийджээ. Уг холбоо нь тивийн хөгжил, түүхий эдийн үнийн өсөлт уналтыг судалж үздэг, стратеги боловсруулдаг байна. Латин Америкийн орнууд ч гэсэн уул уурхайн салбарын алсын хараагаа тодорхойлж эхэлж байгаа юм.

Ирэх Баасан гарагийн дугаарт Уул уурхайн улс төр, авлигын талаар дэлгэрэнгүй задлан өгүүлэх болно.