Зураг
Зураг
Индэр    
2020 оны 5 сарын 22
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Засгийн газрын шийдвэр урт хугацаандаа Монголын ноолуурын салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэгдэж байна"

Зураг

“Cтратегийн нөөцийн бараа, материалын нэр, төрөл батлах тухай” Улсын их хурлын тогтоол 2008 онд батлагдсан бөгөөд тус тогтоолоор ноолуурыг Монгол Улсын стратегийн нөөц бүтээгдэхүүний жагсаалтад оруулсан билээ. 

Мөн COVID-19 халдвар дэгдэж улс хоорондын шилжилт хөдөлгөөнд урт хугацааны хязгаарлалт хийгдсэний улмаас экспортод саад бэрхшээл үүссэн тул Засгийн газар түүхий ноолуурын зах зээлийн доод үнийг тогтоох бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү бодлого шийдвэрийг зөв, буруу гэх асуудал өргөн хүрээг хамарсан маргаантай сэдэв болоод буй. Энэ талаар малчид, хоршоодын төлөөлөл болон салбарын мэргэжилтнүүдийн саналыг асууж, ярилцсанаа хүргэж байна. 

Энэ жил малчид маань ноолуураас төлжинө гэсэн чинь тооцоо алдсан
 

Төв аймгийн Өндөр ширээт сумын малчин Ц.Оюун

- COVID-19 өвчнөөс шалтгаалсан хүндрэл бэрхшээлүүд малчдын амьдралд хэр тусаж, мэдрэгдэж байгаа талаар та санал бодлоо хуваалцахгүй юу?Ноолуураас авахуулаад хүндрэл нэлээдгүй л тулгарч байгаа байх тийм үү?

Даян дэлхийд нүүрлэсэн энэ өвчнөөс болж ноолуурын зах зээлийн эргэлтэд онцгой саад бэрхшээл үүссэн. Ноднин жил малчид маань 130 мянгад ноолуураа өгсөн болохоор энэ жил амьхандаа ноолуур 100 мянгаас буухгүй байх гээд гэрийнхээ хэрэгцээ шаардлагын улмаас банкнаас зээл авсан. Хөөрхий малчид маань дотроо тооцоо гаргаад л энэ хэмжээний мөнгийг би ирэх жил олно гэж тооцоолсон байсан. Ноолуурын үнэ энэ хавар 70 мянгаар ханш нээгдсэн. Гэтэл 100 мянгад хүрнэ гэсэн мэдээллүүд гарч эхэлсэн.

Мэдээж жилийн турш ажиллаад хавар ноолуураа зарж бэлэн мөнгөтэй золгодог малчдын хувьд хүлээлт өндөр байсан л даа. Тэр үеэр Буянгийн Жаргалсайхан гуайн нэг ийм ярилцлага явсан. “Дэлхий даяар асуудал үүсчихээд байхад 100 мянгаар ноолуур бөөгнүүлнэ гэдэг Ч.Улаан сайдын өөрийнх нь асуудал. 100 мянгаар Монгол Улсын ноолуурыг бүгдийг нь авч чадахгүй. Чи чадах чинээгээрээ ав би үлдсэнийг нь хорин мянгаараа авна” гэж. Үүнээс болж малчид их эмзэглэж, ер нь ноолуур үнэ муутай байх нь гэсэн ойлголтод хүрсэн. Магадгүй ноолуурын үнийг ингэж өндөр дуугараагүй бол үнэ хэд дахин унах магадлал байсан л даа. 

Одоогийн байдлаар малчдын 70-аад хувь нь ноолуураа борлуулчихсан. Үлдэгдэл 30 хувь нь ямаанаасаа салгаж аваагүй, цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан түр хүлээж байгаа. Бас зарах хэрэгцээ, шаардлага гараагүй малчид ноолуур үнэд орохыг хүлээж байгаа байх.  

Хүмүүс бодохдоо мал нь байгаа, дээрээс нь төр нь нэмж мөнгө өгөөд байхад гэж ярьдаг. Бид тэр болгоныг тайлбарлаад жагсаж явах зав байхгүй улс шүү дээ. Үнэндээ малчид бидний амьдралыг ойлгож байгаа хүн маш цөөхөн. Зүгээр нэг буугаад мордоход амьдралын цаад нөхцөл байдлыг яаж ойлгох вэ дээ. Өглөө үүрийн жингээс шөнө дунд хүртэл ажиллаж байж л аж амьдралаа залгуулж яваа хүмүүс. Малаас гарч байгаа түүхий эдээр Монгол Улсын нийт хүн амын 70 хувь нь хооллож байж яагаад малчдаа ойлгодоггүй олон юм яриад байдгийг ойлгодоггүй.   

- Ер нь малчид бүтээгдэхүүнээ борлуулахад тулгамддаг асуудал юу байна?  

Нэгдүгээрт, бидний хувьд зах зээлийнхээ үнэ ханшаар бүтээгдэхүүнээ борлуулах, бидний /малчдын/ гар дээрээс шууд үйлдвэрт очдог байвал арай дээр байхсан. Тэгэхгүйгээр малчдын гараас дамжиж, нэлээн хэдэн төгрөг нэмэгдсэний дараа эцсийн хэрэглэгчдэд хүрдэг. Иргэд үүнийг харахдаа малчин хотноосоо өндөр үнэтэй мах авч очоод зах дээр борлуулдаг мэтээр ойлгодог. Дунд нь ченж, худалдаачин нэртэй хүмүүс ашиг хөдөлмөрөө шингээж, хэрэглэгчдэд хүргэдгийг ойлгох хэрэгтэй. 

Хоёрдугаарт, энэ бүх гарч буй түүхий эдийн үнэ манай дотоодын үйлдвэрүүдийн бус БНХАУ-ын зах зээл, худалдан авагчдын үнээр тодорхойлогддог. Иймд тэд ноолуурын үнэ цэнийг яаж ч унагааж чадах магадлал их өндөр.  Аль алин хөөрхий малчдын орлого буурлаа гэж бодох нь юу л бол.

Гуравдугаарт, төрийн бодлого тодорхой байвал бидэнд бас арай дээр. Жишээ нь ноолуурын зах зээлийн үнэ хэт их унавал, дээр дурдсан шиг  10, 20 мянга болсон бол төр оролцоно гэсэн нэг жишиг тогтоовол бидэнд ойлгоход ч амар байхсан.  

Малчдаа гээд авч хэрэгжүүлж буй бодлого нь зөв ч зам нь буруу байсан. Бодлогоо боловсруулж, хэрэгжүүлж чадахгүй хугацаа алдаж сунжирч байгаа нь бидэнд бухимдал үүсгэж байна.

- Мэдээж хэрэг малчдын жилийн орлогын, ялангуяа бэлэн мөнгөний гол эх үүсвэр нь ноолуур болохоор аргагүй биз. Ингэж бухимдах нь?

- Нийт малын маань бүтэц мөнгө болох хэмжээнд хүрч байна уу гэвэл үгүй. Ямаанаас гадна, хонь, үхэр, адууны түүхий эд үнэ цэнэгүй байна. Малчин хүн чинь малдаа өвч тэжээл авахаас эхлээд бэлчээрийн хомсдол үүссэн ийм үед зардал их гаргадаг. Мөн саравч, хашаа, тарилга, угаалгадаа зарцуулах зэрэгт бид нийт олсон орлогынхоо хэсгийг нь малдаа, хэсгийг нь  аж амьдралдаа зарцуулдаг. Жилийн нийт орлогынхоо тавин хувийг ноолуурнаас бүрдүүлдэг учраас энэ асуудал тэр хэмжээний чухал. Энэ жил малчид маань ноолуураас төлжинө гэсэн чинь тооцоо алдчихлаа. Төр явуулж байгаа бодлогоо ядаж гуравдугаар сардаа шийдчихсэн байсан бол малчид 50 хувийн алдсан эрсдэлээ нөхөх гээд мал тарган байх үед сувай малаа зарж өрөө төлөх байлаа. 

Манай малчдын хувьд ч гэсэн өөрсдийгөө үйлдвэрлэлийн бизнес эрхэлдэг хүн гэдгийг ойлгож, санхүүгээ тооцож, эрсдлээс хамгаалах хэрэгтэй байдаг.

Манай сумын хэмжээнд нийт 400 гаруй малчин өрх, 200 гаруй мянган толгой малтай. Гэтэл дээр нь 150 гаруй малчин өрхийн 110 гаруй мянган толгой мал өвөлжиж бэлчээрийн асуудал бүр муудсан. Өвс муутай бөгөөд бэлчээрт байгаа ганц юм нь адууны хомоол л байна. Тэгэхээр дэлхийн уур амьсгал, бидний буруугаас үүдэлтэй бэлчээрийн хомсдол ч мөн эрсдэл дагуулж байгаа.

Төр засгаас харин үйлдвэрлэлээ илүү нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Манай улсад 100 гаруй сүлжмэлийн жижиг үйлдвэр утасгүй гээд сууж байгаа тул ноолуураа утас болгож, ээрэх үйлдвэртээ хөрөнгө оруулах хэрэгтэй байгаа юм. Тэгвэл хэн хэндээ ашигтай.
 

“Монголын текстилийн инженерүүд, эрдэмтдийн нийгэмлэг”-ийн тэргүүн, Монгол Улсын зөвлөх инженер Ч.Түмэнбаяр

- Та энэ салбарт удаан хугацаанд ажиллаж буй мэргэжлийн хүний хувьд энэ асуудлаар бидэнтэй санал бодлоо хуваалцана уу? 

-  Монгол Улсын текстил салбарт ажиллаж байсан, ажиллаж буй инженер эрдэмтдийн саналаар  “Монголын текстилийн инженерүүд, эрдэмтдийн нийгэмлэг” 2019 оны зургаадугаар сард байгуулагдсан юм. 

Текстил гэж мал, ургамлын гаралтай ширхэгт материал болон химийн синтихект ширхэгт материалуудыг түүхий эдээ болгон, хүний хэрэглээнд зориулсан хувцас үйлдвэрлэх, утас ээрэх, будах, сүлжих, нэхэх, гүйцэтгэн боловсруулах дамжлагыг цогцлоосон салбарыг хэлдэг. Энэ бол дэлхий нийтийн хэллэг.

Өөрөөр хэлбэл даавуу сүлжмэл, нэхээсгүй эдлэл үйлдвэрлэдэг салбарыг текстилийн салбар гэдэг. Харин манай монголчууд хөнгөн үйлдвэрийн салбар хэмээн хэлж заншиж, түүгээрээ ойлгоод байдаг.  

Өнөөдөр Монгол Улсад хонины ноосон ширхэгт, ямааны ноолууран ширхэгт, сарлагийн хөөврөн ширхэгт, тэмээний ноолууран ширхэгтийг утас, сүлжмэл эдлэл болгох чиглэл рүү текстилийн салбар сүүлийн 30 гаруй жил хөгжиж ирсэн. Зарим улс оронд торго, хөвөн, олсон, нилоонин ширхэгт, полистрит гэх мэт химийн ширхэгтүүдээр даавуу үйлдвэрлэгддэг. Тиймд текстилийн салбарын ирээдүйд нөлөөлөх, улсдаа илүү хөгжүүлэхэд зөвлөмж өгч ажиллах нь манай нийгэмлэгийн гол зорилго.

- Коронавирус цар тахлаас болж олон салбар эрсдэлд орж байна. Үүний нэг нь ноос ноолуурын салбар болж, манай улсын хувьд сая тодорхой арга хэмжээ авч буйгаа илэрхийлсэн. Гарсан бодлого шийдвэрийн тухайд та ямар бодолтой байгаа бол?  

- 1990 оны үед зургаан сая орчим ямаатай байсан ба жилд 1,200 тонн орчим бохир ноолуур бэлтгэдэг байв. Харин 2020 онд 20 гаруй сая ямаатай болж, жилд 10,500 тонн ноолуур бэлтгэдэг болсон. Үндсэндээ манай улсад бэлтгэлийн ноолуурын хэмжээ сүүлийн гучин жилд арав дахин өсчээ.

Энэ олон жилүүдэд ноолуурын үнэ зах зээлийнхээ жамаар л явж ирсэн. Харин сая оны гарсны дараагаар дэлхий нийтээр цар тахлаас шалтгаалсан хэцүү нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор төрөөс хөнгөлөлттэй зээл өгөх арга хэмжээнүүд яригдаж, саяхан их хурлаас тогтоол гарлаа. Малчдын тоогоор нэг кг ноолуур тутамд 20  мянган төгрөг нэмж өгөхөөр болсон. Энэ нь энэ хүнд үед мэдээж малчдын аж амьдралыг дэмжсэн зөв алхам. Бусад орнууд өөрсдийн гэсэн арга хэмжээнүүдийг авч байгаа.

- Ер нь цаашид энэ салбарт ямар арга хэрэгтэй гэж та харж байна?

- Коронавирусийн нөлөөгөөр гадаад зах зээл унасан. Нөгөө талд дотооддоо үйлдвэрлэл явуулахад карантинаас болоод хүнд байдал үүссэн. Гэхдээ үүнийг бид бусад орнуудын адилаар тус салбарын хөгжлийн боломж болгож харах хэрэгтэй байх.

Өөрөөр хэлбэл, дижитал худалдаа, дижитал маркетингийг түлхүү хөгжүүлж, тээвэр логистикийн асуудалд анхаарал хандуулах нь зөв байх. Мөн цахим дэлгүүрээр худалдаалах, цахим уулзалт зохион байгуулж борлуулах зэргээр ажиллаж, улсдаа шинэ технологи судалж түүнийгээ үйлдвэр дээрээ туршихаас эхлээд хийх ажлууд бидэнд уг их байна. Дэлхий маань дижитал зах зээл рүү шилжиж  буй тул шинэ технологийг эзэмшиж сурах, хүмүүсээ сургах, зөвлөгөө авах хэрэгтэй. Энэ нь тесктилийн салбарын ирээдүйн чиг хандлага гэж харж байна.

- Энэ зах зээл нь их эрсдэлтэй учраас аль болох гайгүй үнэтэй байгаа дээр нь өгсөн дээр байх тийм үү?

- БНХАУ ноолуурын зургаан сарын нөөцтэй байдаг. Өөрөөр хэлбэл тус улсын үйлдвэрүүд Монголоос ноолуур авахгүйгээр дор хаяж зургаан сар ажиллана гэсэн үг. Нөгөө талд дэлхийн томоохон дэлгүүрүүд хэзээ хэвийн ажиллах эсэх нь саармаг болсон энэ үед үйлдвэр талдаа ноолуураа боломжийнхоо хирээр зарж, борлогдохгүй бол байлгах нь зөв байх. Түүхий ноолуурын зах зээл өөрийн чинь хэлдгээр их эрсдэлтэй. Дэлхий эрсдэлд орох тусам үнэ нь унадаг. Ийм л үе одоо ирчихээд байгаа юм. Тиймээс аль болох үндэсний үйлдвэрүүддээ үнэ тохирч өгөхөөс өөр гаргалгаа байхгүй.

Төр засгаас харин үйлдвэрлэлээ илүү нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Жишээ нь манай улсад 100 гаруй сүлжмэлийн жижиг үйлдвэр утасгүй гээд сууж байгаа тул ноолуураа утас болгож, ээрэх үйлдвэртээ хөрөнгө оруулах хэрэгтэй байгаа юм. Тэгвэл хэн хэндээ ашигтай.

- Тийм шүү. Төгсгөлд нь та тус салбарт, үйлдвэрүүдэд тулгамдаад буй бусад асуудлын талаар хуваалцахгүй юу?

- Жижиг дунд үйлдвэрүүд дээр тулгамддаг хамгийн том асуудал нь боловсон хүчний асуудал. Мэргэжлийн технологич инженерүүд их байдаггүй. Энэ мэт асуудлыг төрөөс зохицуулж шийдээд түрүүний хэлдгээр инновацид суурилсан үйлдвэрүүдээ байгуулбал сайн байна. Мөн нэмүү өртөг шингээж боловсруулах үйлдвэрүүдийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм.  

"Түүхий ноолуурыг өөрсдөө угаагаад, самнаад, ээрсэн утас хийгээд гаргах боломж бидэнд бий"
 

Ногоон Алт, Малын эрүүл мэнд Төслийн зохицуулагч Ц. Энх-Амгалан

- Энэ үүссэн онцгой нөхцөл байдалд дэлхийн бусад орнууд ямар арга хэмжээ авч байна вэ?

- Гэнэт үүссэн энэ шинэ нөхцөл байдалд дэлхийн бүхий л улс орнуудын иргэдийнхээ орлого, ажлыг байрыг нь хамгаалах бодлого хэрэгжүүлж байна. Ноолуур бол Монгол Улсын стратегийн нөөцийн бүтээгдэхүүн. Энэ утгаараа Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлогыг олон талаас нь бодож үзэх хэрэгтэй болов уу. Ялангуяа, малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт, үйлдвэрлэлийн гинжин хэлхээг анхаарч үзэх ёстой.

Дурын ямар ч бүтээгдэхүүнийг авч үзсэн маш олон дамжлагыг дамжиж байж хэрэглэгчийн сагсанд ордог. Энэ гинжин хэлхээний анхдаг бүрэлдэхүүн хэсэг нь малчид юм. Үйлдвэрүүд нэг удаа маш хямдхан түүхий эд авч болно. Цаашид тогтвортой нийлүүлэлт байхгүй болвол яах вэ гэдэг асуудал байна. Малчдын хотонд явагдаж байгаа анхдагч үйлдвэрлэл зогсох, доголдолд орох эрсдэлтэй тулгарвал тухайн хэлхээний бүхий л бүрэлдэхүүн хэсгүүд хямралд орж, зогсоно.

Тиймээс Засгийн газрын энэ шийдвэр малчдад чиглэж байгаа мэт боловч урт хугацаандаа бүхий л үйлдвэрлэгчдийн бизнес тогтвортой байх нөхцлийг хангахад чиглэгдэгдэж байна гэж бодож байна.

Манай улс нийт 9,000 тонн ноолуур жилд үйлдвэрлэдэг. Үүний 2,000 тонныг үндэсний үйлдвэрүүд худалдан авч нэмүү өртөг шингээсэн бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үлдсэн 7,000 тонныг үндсэндээ түүхийгээр нь Хятадын зах зээлд гаргадаг. 

Энэ жил хил хаасан учраас үлдсэн түүхий эдийн үнэ цэнэ унах магадлал өндөр байсан учраас Засгийн газар малчдын орлогыг хамгаалах бодлого яах аргагүй авах хэрэгтэй болсон байх.

Бусад улс орнуудын засгийн газар ч мөн адил үүссэн энэ онцгой нөхцөл байдалд стратегийн ач холбогдолтой түүхий эд бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг хэт их унахаас сэргийлэх бодлого хэрэгжүүлж байна.

Жишээ нь Австрали улс стратегийн чухал ач холбогдолтой фермерүүдийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлдэг  хонины ноосны үнийг бууруулахгүй байх үүднээс үнийн доод хязгаарыг нь барих бодлого баримталж байна. Яг чин үнэнийг энгийн үеүдэд ч гэсэн хонины ноосны салбарт төрөөс шууд болон шууд бус хэлбэрээ маш их дотациар дэмжиж байж дэлхийн зах зээл дээр үнэ цэнэтэй бүтээгдэхүүн болгож чадсан.

Дани улс гэхэд зах зээл нь хумигдсан аялал жуулчлал үүнийг дагаж орлого нь буурсан аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн буурсан орлогыг нөхөх зорилгоор 10 гаруй тэрбум долларын санхүүжилт гаргаж байна. Герман улс  өрхийн аж ахуй  болон жижиг дунд үйлдвэрийн алдагдсан орлогын нөхөхөд 50 тэрбум доллар зарцуулах шийдвэр гаргаад хэрэгжүүлж байна. Үүний 18 тэрбум шууд нөхөн олговор хэлбэрээр очиж байна.

Саяны авсан мэдээллээр ноолуур бараг зарагдаад дуусч байна. Малчдаас авсан мэдээллээр 70 хувь нь борлогдоод дуусч байна. Бас л ихэнх сайн ноолууруудыг ченжүүд аваад дуусч байна. Хэрвээ үйлдвэрүүд чанартай түүхий эдээ арай жаахан өндөр үнээр авбал үйлдвэрлэлийн зардлаа бууруулах сайн чанарын түүхий эдээр сайн чанарын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж маркетингийн хүчтэй бодлого явуулж ноолууран бүтээгдэхүүнээ үнэ цэнэ хүргэх боломж бүрэн байгаа л даа. Алсдаа энэ боломжийг малчдын хоршоод манлайлан хэрэгжүүлж чадна хэмээн итгэн найдаж байна.

-Танай төслөөс санаачлан малын гаралтай түүхий эдийн гарал үүсэл, чанарыг баталгаажуулах цахим мөшгөх тогтолцоо хөгжүүлсэн гэж сонссон. Мах, сүүний хэд хэдэн үйлдвэрүүд ашиглаад эхэлсэн гэсэн. Энэ тухай та бидэнд ярьж өгөөч?

- Сүүлийн 10 гаруй жилийн турш малын гаралтай түүхий эдийн тогтолцоог хөгжүүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энгийн үгээр хэлбэл малын ам руу орж байгаас өвс тэжээлээс нь авахуулаад гарал үүсэл, чанар, эрүүл мэнд бүх асуудлыг цогцоор нь хамруулсан тийм л тогтолцоог бий болгох хэрэгтэй байна л даа. Тэгж байж бидний бусад орнуудаас дэлхийн зах зээл дээр ялгаатай, онцгойрч харагдах өөр үгээр хэлбэр өрсөлдөх чадвар маань бэхжиж баталгаажих юм. 

Хэрэв “Ноолуур” хөтөлбөрт тусгаснаар бид ноолууран түүхий эдийнхээ ядаж 60 хувьд нь гүн боловсруулалт хийж, эцсийн бүтээгдэхүүн болгоход ноолуурын салбараас 2 их наяд төгрөгийн орлого олж, 4,000 гаруй ажлын байр шинээр бий болохоор байна.

Үндэсний түүхий эдээ үнэ цэнэ хүргэж чадсан улс орнуудын туршлагаас харахад бэлтгэн нийлүүлэгчид, боловсруулах үйлдвэрийн хооронд маш нягт хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлж чадсан, тэр бүр хэл бүр хамтарсан хөрөнгө оруулалт хийж төрийн  маш хүчтэй дэмжлэгтэйгээр дэлхийн зах зээлд гарсан тохиолдлууд их байдаг. Эцсийн бүтээгдэхүүнээс бий болгосон үнэ цэнээс анхан шатны үйлдвэрлэгчид тодорхой ашиг тус хүртдэг байх нь их бий. 

Дэлхийн туршлагаас харахад үйлдвэрүүд, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн харилцааны гурван хэлбэр бий. 

  1. Боловсруулах үйлдвэрүүд бэлтгэн нийлүүлэлтийн уялдаа холбоо  тогтвортой бус жил бүр өөрчлөгдөж, худалдан авах хэмжээ, үнэ байнга хэлбэлзэж байдаг.
  2. Үйлдвэрүүд илүү давуу байр суурь эзэлсэн үнийг монопольдож тогтоогоод анхан шатны түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид тэр үнээр нь түүхий эдээ өгөхөөс өөр гарц байхгүй шударга бус хэлбэрийн тогтолцоо.
  3. Ихэнх том том үйлдвэрлэгчид илүүд үзээд байгаа харилцан ашигтай хамтын ажиллагаан дээр түшиглэсэн харилцаа буюу үл итгэлцэл,  хэн нэгэнээ хонжих гэснээс үүдэлтэй бүхий л зардлуудыг багасгахыг зорьсон урт хугацааны түншлэл дээр  тулгуурласан тогтолцоо.

Манай ноолуурын үйлдвэрүүд бэлтгэн нийлүүлэгчид малчид хоршоод хоорондын харилцааг шинжихээр эхний хэлбэрт давамгайлдаг. Энэ сул тал нь түрүүний миний хэлсэн үйлдвэрлэж байгаа ноолуурынхаа бараг 70 гаруй хувийг түүхийгээр нь Хятад улс руу гаргах тийм орон зайг гаргаж байна. Гэтэл энэ хэмжээний түүхий ноолуурыг өөрсдөө угаагаад, самнаад, ээрсэн утас хийгээд гаргах боломж бидэнд бий. 

"Сүүлийн жилүүдэд малчдын хоршоод маань хөгжлийн шинэ үе шат луу шилжихийг эрмэлзэж байна"

Энэ боломжийг бий болгох зорилгоор л бэлтгэн нийлүүлэлтийн тогтцолцоог хөгжүүлэх бэхжүүлэх чиглэлээр ажиллаж эхэлсэн л дээ. Одоо сүүлийн жилүүдэд малчдын  хоршоод маань хөгжлийн шинэ үе шат луу шилжихийг эрмэлзэж байна. Гадаад зах зээл руу бүтээгдэхүүнээ гаргах боломжуудыг бас  судалж үзэж байна. Ер нь ижил төстэй бүтээгдэхүүнээр ханасан зах зээлд яаж хэрэглэгчдийн сонирхлыг татах вэ гэдэг хамгийн чухал нь. Монголын нүүдлийн МАА-н онцлог давуу талуудыг тухайлбал байгалийн бэлчээрт идээшилсэн малын бүтээгдэхүүний онцлогуудыг хэрхэн батлан харуулах вэ гэж шийдэл хайж явж байгаад энэ цахим гарал үүслийн мөшгөх системийг хөгжүүлж эхэлсэн л дээ.

Энэ бол Монгол малын бүтээгдэхүүн юугаараа онцлог юм бэ гэдгийг харуулах боломж олгоно. Нэг жишээ хэлэхэд Непалын тансаг зэрэглэлийн гар аргаар хийсэн нэхмэл эдлэл хийдэг бизнес урьд нь самнасан ноолуур, утсаа Хятадаас нийлүүлдэг байснаа өөр алтернатив хувилбар хайж эхэлсэн байна л даа. Тэр хөгжүүлж байгаа бүтээгдэхүүний хэрэгцээ маркетинг түүх бүтээхэд Монголын нүүдэлч малчдын түүх, үйлдвэрлэж байгаа арга, малчдын түүх их таарсан гэсэн. Тэгээд гурван жил судалж явсны эцэст ноолууран утсаа Монголоос нийлүүлэхээр шийдвэр гаргаад захиалгаа өгч байх жишээтэй. 

"Заавал тансаг хэрэглээний биш хүний эрүүл мэнд дулаан хадгалах чадварыг нь таниулаад өдөр тутмын өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болгох нь зүйтэй"
 

Экспорт худалдааны төвийн захирал Д.Оюунбилэг

- Стратегийн түүхий эдийн үнэ цэнийг бууруулахгүйн үүднээс хэрэгжүүлсэн гээд байгаа энэ бодлогын давуу болон сул талуудын талаар таны бодол?

- Дэлхийн ноолуурын 40 орчим хувийг Монгол Улс үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд нийлүүлдэг томоохон тоглогч. Гэвч өмнөх жилүүдэд ноолуурын 70 гаруй хувийг түүхийгээр буюу угаасан байдлаар Хятад улсад, үлдсэн угаасан ноолуурын 30 орчим хувийг хялгасыг нь ялган, түүнийхээ 40 орчим хувийг Итали, Герман Япон, Их Британи, Энэтхэг зэрэг улсуудад хагас боловсруулсан байдлаар гаргадаг. Харин үлдсэн 1,400 орчим тонныг дараагийн нэмүү өртгийн сүлжээнд оруулж, ээрмэл болон сүлжмэл бүтээгдэхүүн болж байна. Ингээд бодохоор ноолуур бол яалт ч үгүй стратегийн нөөц мөн бөгөөд нэмүү өртөг шингээж болох нөхөн төлждөг шавхагдашгүй нөөц. 

Шинэ төрлийн вирус дэлхий нийтэд тархаж дэлхийн төдийгүй Монголын эдийн засаг хямарч буй энэ үед засгийн газраас малчдыг дэмжих зорилгоор ноолуурын үнийн уналтыг зогсооход тодорхой зохицуулалт хийхээр тогтоол батлан хэрэгжүүлэх оролдлого хийсэн боловч энэ эргээд улс төрийн тоглоом болсон. Энэ тоглоомд малчид төдийгүй нэмүү өртгийн сүлжээг бий болгодог боловсруулах үйлдвэрийнхэн өртөж, хохирлоо. 

Энэ хохирлыг тооцоолох гээд оролдъё. Их энгийн статистик тоон дээр тооны машинд хэдэн тоо бодоод ч болов харчих төрийн түшээ бодлого тодорхойлогч байхгүй байна. Бүгд л улс төржсөн сонгуулийн өмнөх хийрхэл.

Монгол орны эрс тэс уур амьсгал жилийн дөрвөн улирлын онцлогт тохируулан мал сүргээ даган гадаа гандаж хөдөө хөхөрч байдаг 200 гаруй мянган малчин өрхийн орлогын 40%-ийг ноолуурын борлуулалтын орлого эзэлж эргээд эдийн засагт бэлэн мөнгө хэлбэрээр орж худалдаа үйлчилгээ авах банк санхүүгийн байгууллагын зээлийн өр төлөгдөж хүүхдүүдийн сургалтын төлбөр гээд бусад салбаруудаа дэмждэг онцлогтой. 

Хөдөлмөр эрхлэгчид сар бүр цалин мөнгөө авдаг бол мал маллах хөдөлмөр эрхэлж буй хүмүүс дөрвөн улирлын байдлаар орлого олдог онцлогтой хөдөлмөр эрхэлдэг. 

- Бэлтгэсэн стратегийн түүхий эдээр хэрхэн нэмүү өртөг бий болгох вэ? Боломж байсан уу? 

- Нэмүү өртгийн сүлжээг бий болгодог 200 гаруй үйлдвэр цех ноолуурын боловсруулах үйлдвэр ажиллаж 8,000 гаруй хүн ажлын байраар хангагдаж, жилдээ 1.3 их наяд төгрөгийн экспорт хийдэг. 

101 дүгээр тогтоол нь малчин өрхийн орлогын эх үүсвэрийг үнийн уналтаас хамгаалахын хамт нэмүү өртгийн сүлжээг бий болгодог бүрэн боловсруулалт хийдэг ЖДҮ эргэлтийн хөрөнгө багатай бизнес эрхлэгч нарыг дэмжих зорилгыг ч агуулсан тал бүрдээ дэмжлэг болох бодлого байна гэж хүлээн авч миний зүгээс зөв шийдэл байлаа гэж харсан.

Учир нь урьд жилүүдэд нийт бэлтгэсэн ноолуурынхаа 90 орчим хувийг бараг түүхийгээр гадагшаа гаргаж 10 гаруй хувийг л нэмүү өртгийн сүлжээ бий болгон бэлэн бүтээгдэхүүн болгодог байлаа. Ноолуур бэлтгэлийн үеэр ченжүүд ихэнх түүхий эдийг үнэ тогтоон аваад угаасан болоод Хятад руу гардаг. Гарсан ноолуур Хятадад нэмүү өртөг шингэн дэлхийн зах зээлд гарч ноолуурын зах зээлд Хятад Монгол хоёр улс нийт нийлүүлэлтийг хангадаг мэт тоотой боловч ер нь бол Хятад улс дангаар дэлхийн ноолуурын зах зээлд үнэ тогтоож өндөр ашгийг хүртдэг. 

Монгол Улс дэлхийн ноолуур үйлдвэрлэгч улс орнуудын нийт экспортын үнийн дүнд 9 орчим хувийг эзэлдэг.  Өөрөөр хэлбэл, дэлхийн экспортод Монгол Улсын ноолуурын эзлэх хувийг боловсруулалтын түвшнээр нь авч үзвэл угаасан ноолуурын экспортод 88 хувь, самнасан ноолуурын экспортод 72 хувь эзэлж байгаа бол эцсийн бэлэн бүтээгдэхүүн ердөө 1.4 хувийг эзэлдэг.

Мөн угаах 34 үйлдвэрт суурилагдсан хүчин чадал нь 13,000 тонн, хүчин чадлынхаа 77%-ийг ашигладаг ба 350 гаруй хүн ажиллаж байна. Ээрэх үйлдвэрт 2,278 тонн ээрмэл гаргах хүчин чадал суурилагдсан боловч 36 хувийг ашиглаж, 400 орчим хүн ажиллаж байна гэсэн статистик байдаг. 

Харин сүлжих нэхэх томоохон үйлдвэр, ЖДҮ нар нийлээд ээрэх үйлдвэрээс гарсан 800 гаруй тонн ээрмэл утсаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. Эцсийн бүтээгдэхүүний 60 хувь экспортод 40 хувь нь дотоодод нийлүүлэгддэг юм. 10,000 орчим тонн ноолуур бэлтгэдэг улс орны хувьд 1,700 орчим тонн буюу 17 орчим хувь нь нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүн болдог гээд бодоод үзэхээр үнэхээр харамсмаар. Үүнд төр бүр ч зохицуулалт бодлогоор оролцох зайлшгүй шаардлагатай санагдаж сэтгэл эмзэглэж байдаг. 

Бидний хувьд нэмүү өртгийн сүлжээг дэмжиж сүүлийн жилүүдэд бодитой ажлууд хийхээр үйлдвэрлэгчид, төр болон төрийн бус байгууллага, гадна дотнын санхүүжүүлэгч гээд олон талуудын оролцоог хангуулах гээд хичээж байна. Саяын тогтоол улс төржилгүйгээр шуурхай хэрэгжсэн бол хүртэж болох үр өгөөжийг тооцоолоод үзвэл үнэхээр харамсмаар.

Нэгэнт гадагшаа түүхийгээр гаргах шаардлагагүй гадаад зах зээлийн үнэ хямд дээр хэдэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчиддээ хөнгөлөлттэй зээл бүр буцалтгүй санхүүжилтээр ч хамаагүй хүчин чадалд нь таарсан ноолуурыг нь бэлтгэн нийлүүлэх боломжийг олгосон бол ажлын байр нэмэгдэж цалинтай орлоготой ажилтай монгол хүн олон байх байсан мөн үйлдвэрүүд ашиглаж чаддаггүй хүчин чадлаа бүрэн биш юмаа гэхэд 300 тэрбум төгрөгийн зээлээр авсан түүхий эдээ боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн ашигт ажиллагааг нэмэгдүүлж, өртөг зардлыг бууруулах бүрэн боломж байлаа. 

Цаашлаад ирэх намраас дотооддоо үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд таниулах сурталчлах борлуулах ажлуудаа худалдааны төлөөлөгчид нь сайн хийхээр төлөвлөн үйлдвэрүүдтэйгээ хамтран ажиллах бодлогоор дэмжиж нэгдэж чадсан бол "Цагаан алт" гэдэг ноолууран бүтээгдэхүүнээрээ энэ хямралын үеийг ашиглан нэг удаадаа бүрэн дүүрэн хүртэж болох ашгийн тооцооллыг хийж мөрөөдвөл үнэхээр харамсмаар санагдаж байгааг нуух юун. 

300 тэрбум төгрөгөөр нийт ноолуурын 30%-ийг хамгийн өндөр чанартай ноолуураар төрийн дэмжлэгээр бэлтгэж чадсан үйлдвэрлэгчид маш сайн чанарын оймс, бээлий ороолт малгай гээд энгийн хүний хэрэглээ болсон бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд 10, 11, 12 сард үйлдвэрлэгчид худалдаачид төр засаг гээд бүгд хөдлөөд 300 гаруй сая хүний зах зээл бүхий АНУ-ын зах зээлд маркет хийх хэрэгтэй ш дээ. Яагаад болохгүй гэж, бид энэ зах зээлийг судлаад асар том хэрэглээний зах зээл гээд л яриад байна хоёр орны хамтарсан худалдааг дэмждэг бодлогууд ч байна. Баярын сезон гээд хийгддэг худалдааны асар том тоо байна тэр боломжийг манай түүхий эдийг үнэгүй авсан хятад голдуу үйлдвэрлэгчид, худалдаачид л хүртэж байна даа. 

Манайхны хэлж буй комментуудад ноолуурыг мөнгө гаргаж бэлдээд бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гээд ноолуур тансаг хэрэглээ тансаг хэрэглээнд мөнгө зарах захиалга байхгүй. Бүх бэлэн бүтээгдэхүүн борлуулалтгүйн улмаас хог болно гэж таамагласан таамаглал байна лээ. Заавал тансаг хэрэглээний биш хүний эрүүл мэнд дулаан хадгалах чадварыг нь таниулаад өдөр тутмын өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болго. Яагаад болохгүй гэж. 

АНУ-д байдаг экспортыг дэмжих төвийн Монголд үйлдвэрлэв дэлгүүрт жилдээ 10,000 ширхэг оймс ямар нэг маркетинг хийхгүйгээр зарагдаж байна. Өөр бусад жижиглэн худалдаагаар хэдэн ширхэг ч гарч буйг тооцоолох тоо байхгүй нь харамсмаар 

Гэтэл бид улс төржсөн юм яриад дэлхийд ноолуур хэрэглэдэг хүн байхгүй, үнэ ханш унана ноолууран бүтээгдэхүүн үнэгүйднэ, ийм үнээр ноолуур авч байснаас малчдаа зээлийн өрийн дарамтад унагаад ноолуураа үнэгүйгээр хэдэн ченжээрээ дамжуулаад гадагшаа гаргах бодлогыг улс төрчид үйлдвэрлэгчид ард түмэн бүгд нийлээд л дэмжээд байх юм. 

- Үнэ хямдарлаа гээд үйлдвэрлэгчдэд тэр түүхий эдийг авах бэлэн мөнгө байгаа юу?

- Цөөн хэдэн томоохон үйлдвэрт байдаг байх гэхдээ тэд бүх төрлийн санхүүжүүлэлтийг авч байдаг хэдхэн л хүний баяжих хэрэгсэл. Тэд хямд авсан гээд ээрсэн утасны үнээ буулгаж бусад үйлдвэрүүдээ дэмжих нь эргэлзээтэй улам илүү ашиг олохыг л хичээж байдаг.

За тэгээд хамгийн их хохирох нь малчид. Монгол Улс, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, эргэлтийн хөрөнгөгүй үйлдвэрүүд тэдний ажилчид. Миний харах өнцөг энэ байна. Би ямар нэг улс төрч биш, эдийн засагч биш гэхдээ нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмждэг экспортын боломж байгаа л харсан хүн.