КОВИД-19 нь дэлхий нийтийг маш богино хугацаанд асар их хүндрэл болон өөрчлөлттэй нүүрлүүлсэн.
Одоогоор дэлхий дээр 4.5 сая орчим хүн энэ өвчинг тусаж, 300 мянга гаруй хүн нас барсан байгаа — халдварыг бүрэн барьж чадахгүй байгаа учраас энэ тоонууд өссөөр ч байна. Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг учраас дэлхий даяар КОВИД-19-ийн эрчимтэй тархалт дэгдэхэд бэлтгэлгүй байсан.
Монгол Улс шиг барьж чадсан хэдхэн улсыг энэ өвчнөөс үүдсэн эдийн засгийн хямрал тойроод гарсангүй. Коронавирусаар өвчлөөгүй байсан ч, сүүлийн 4 орчим сарын хугацаанд ямар нэгэн байдлаар энэ цар тахал нь бүх л улс орон, хувь хүний амьдралд нөлөөлсөөр байна.
Энэ цаг үеийг дэлхийн түүхэнд ойр ойрхон давтагддаггүй онцгой цаг үе гэдгийг ухаараад бид эхлээд тэмцэхдээ, дараа нь сэргэхдээ маш оновчтой, боломж бололцоогоо бүрэн мэдэрч төлөвлөх хэрэгтэй. Энэ блогдоо эхлээд коронавирус тэмцэхэд Монголд хэрхэн нарийн тооцоон дээр суурилж ил тод шийдвэрүүд гаргах талаар бодлоо (жич: би эрүүл мэндийн салбарын хүн биш учраас уг өвчин биш илүү нийгэмд үзүүлж байгаа үр дагавар талаас нь бичнэ), дараа нь дэлхийн тархалт намжихад бид ямар нийгэм бий болгох боломжтой талаар бичих болно.
***
Юуны өмнө коронавирусийн дэгдэлт нь хүн төрөлхтөнг нийтээр нь хамарсан гамшиг гэдгийг ойлгож, бусад улс орон, компани, болон хувь хүмүүсийн туршлагаас хурдан суралцаад явах боломж зөндөө бий.
Монголын Залуу Манлайлагч Сүлжээ (Mongolian Young Leaders Network) нь сүүлийн долоо хоногоос эхлэн КОВИД-19 цар тахал нь дэлхийн энд тэнд суугаа гишүүдийн маань ажил амьдралд хэрхэн нөлөөлж байгаа, мөн суугаа улс оронд нь цар тахалтай тэмцэж буй туршлага, ажил мэргэжлийн салбарт нь гарч буй томоохон өөрчлөлтийн талаар цуврал видео контент хүргэж байгааг үзэхийг хүсвэл энд дарна уу.
8 залуусын бэлдсэн бичлэгүүдээс өөрийн бичлэгийг энд орууллаа — гол санаа маань КОВИД-19 цар тахалтай тэмцэхдээ төр засгаас гаргаж байгаа шийдвэрүүд амийг ч, амжиргааг ч аврах зорилготой байх хэрэгтэй, тэгэхийн тулд маш сайн тооцоон дээр тулгуурлаж ажиллах хэрэгтэй.
Бичлэг дээрээ иш татаж ярилцсан нийтлэл: https://www.mckinsey.com/industries/public-sector/our-insights/how-to-restart-national-economies-during-the-coronavirus-crisis
Монголд маш эртнээс хөл хорио тогтоох, хилээ хаах зэрэг арга хэмжээнүүдийг авсан болохоор дотроо хэрэг илрээгүй өдийг хүрсэн дэлхий дээрх хэдхэн улсын нэг.
Тэр нь яалт ч үгүй том амжилт, харин тэр нь эдийн засгийн болон нийгмийн хувьд өндөр өртөгтэй байсан нь тодорхой. Надад iKon.mn-ий “COVID-19 Монгол Улсад хэрхэн нөлөөлж байна вэ?” нийтлэл маш их таалагдсан — яг яаж нөлөөлж байгаа талаар маш тодорхой бичсэн байгаа, сонирхоорой.
Бичигдсэн юмыг давталгүй Монголынхоо нөхцөл байдлын гадаадаас иргэдээ татах гэсэн нэг асуудлыг жишээ болгон арай дэлгэрэнгүй дүгнэж үзье л дээ.
КОВИД-19-ын дэгдэлт гэнэт эрчимжээд Монгол Улс хилээ хаах шийдвэрээ гаргахад гадаадад гацсан иргэдийн тоо олон, яаралттай буцах өргөдөл өгсөн хүний тоо сүүлд сонсоход л 10 мянга орчим байсан — цаана нь үнэхээр хэрэгцээтэй хүнээс суудал авахыг хүсээгүй, өргөдөл өгөөгүй хүний тоо бүр ч олон байгаа. Энэ асуудлыг яаж шийдвэл хамгийн оновчтой вэ?
Эндээс гол санаа юу вэ гэвэл заавал “иргэдээ даруйхан татах хэрэгтэй” эсвэл “татвал өвчин авч ирнэ”, цаашлаад зарим мэдээний дор бичсэн комментоос харахад “эх орноо хаяж гадаад явсан хүмүүсийг авч ирэх шаардлагагүй” гэсэн санаанууд дээр асуудал болон шийдэл тогтохгүй. Иргэд нутагтаа ирэх нь тэдний эрх, харин хэзээ, яаж ирэх нь улсын нөөц бололцооны асуудал. Харин нөөц бололцоог бодитоор тооцож, илүү хурдасгах арга хэмжээ авах боломжтой — үүн дээр ил тод байдал хамгийн чухал, тэрийг хамгийн түрүүнд төрөөс шаардах хэрэгтэй.
***
Түүхэн дэх хэд хэдэн цар тахал, хүнд халдварт өвчин намдаж байсны адил мэдээж КОВИД-19 үүрд үргэлжлэхгүй. Өвчин нь өөрөө устаж алга болохгүй байсан ч тодорхой хугацааны дараа вакцин болон өргөн хэрэглээний эмчилгээнүүд бий болно — тэрний төлөө эрдэмтэд цаг наргүй ажиллаж байгаа.
Харин цар тахалтай холбоотой замбараагүй, ойлгомжгүй байдал намжихад бүх юм эргээд урьдны хэв маягтаа шилжихгүй. Магадгүй бид бүх юмыг урьдны “хэвийн” байдалд шилжихийг ч хүсэхгүй байх. Тэгвэл КОВИД-19-ийн дараах нийгмээ ямар байлгахыг хүсэх вэ? Тэрийг бид одооноос төсөөлж, бий болгох алхмуудыг хийх хэрэгтэй.
“Never let a good crisis go to waste” гэж үг байдаг, энэ нь орчуулвал хэзээд ч хямрал, гамшигаас боломж олох хэрэгтэй гэсэн үг. Бид энэ коронавирусийн дэгдэлтийг дагасан дэлхийн хямралаас ч боломжийг эрэлхийлэх хэрэгтэй. Аль хэдийн боломжууд гарч ирсээр, эерэг өөрчлөлтүүд хэрэгжсээр байгаа. Хэдэн энгийн жишээ дурдахад:
— Гэрээсээ ажиллах: ихэнх оффисоос ажилладаг газрууд гэрээсээ ажиллах горимд шилжих нь бүтээмжийг багасгана гэж эмээдэг байсан бол сүүлийн хэдэн сар дажгүй болдог юм байна гэдгийг харж байгаа. Ямар ч байсан болдгийг нь мэдээд авсан хойно ажлын газрууд цаашид гэрээс ажиллахыг ямар нэгэн хэлбэрээр нэвтрүүлэх сонголттой болсон. Жишээ нь миний хийдэг зөвлөх үйлчилгээний ажилд энэ нь маш олон сайн үр дагавар авчрах боломжтой, учир нь бид зөвхөн оффис руугаа биш, түнш компанийхаа ажлын байр дээр очиж ажилладаг тогтсон хэв маягтай. Ихэнх тохиолдолд тэр нь өөр хот, магадгүй өөр улс руу нисэхийг шаарддаг бол, тэр нь компанид өндөр зардалтай, ажилчдын ажил амьдралын тэнцэлд хүндрэлтэй, байгал орчинд хөнөөлтэй, гэх мэт.
— Цахимаар сурах: Сургуулиуд урт хугацаагаар хаагдсанаар дэлхий даяар маш олон ерөнхий боловсролын болон их сургуулийн системууд цахим хэлбэрт шилжсэн. Энэ нь одоогоор боловсролын тэгш бус байдлыг маш тодоор харуулж байгаа. Монголд ч гэлтгүй, миний одоо байгаа АНУ-д ч эцэг эх нар улсын болон хувийн сургуулиудын ялгааг гайхаж байгаа. Улсын сургуулиуд цахим хэлбэрт шилжихэд бэлтгэлгүй, хангалттай төсөвгүй, хичээлүүдээ интернэт дээр тавьж болсон ч маш олон сурагч нь гэртээ компьютер болон интернэтгүй, гэх мэт олон асуудлуудыг харуулж байгаа. Харин, урт хугацаанд болвосрол цахим хэлбэрт шилжих нь илүү олонд хүртээмжтэй болгох боломжтой. Жишээ нь дэлхийн шилдэг их сургуулиуд edx.org мэтийн хуудсуудаар дамжуулан зарим хичээлүүдээ үнэгүй тавьж, боломжийн үнээр албан ёсны сурсан гэдгээ батлах гэрчилгээ ч олгож байгаа. Монголд TomYo апп албан ёсоор нээлтээ хийж хаанаас ч маш бага үнээр Монгол хэл дээр төрөл бүрийн хичээл сурч, мэдээлэл авах боломжийг нээсэн.
— Цахимаар эмчид үзүүлэх: Эрүүл мэндийн салбарыг ч цахимжуулж болох нь итгэхийн аргагүй — эмчлүүлнэ гэдэг нь гол нь биеэ үзүүлэх биз дээ? Харин үзүүлж оношлуулах, эмчлүүлэх хоёрыг салгавал энэ нь маш их нөөц бололцоог нээж өгөх боломжтой. КОВИД-19-ийн үеэр эмнэлэгүүдийн багтаамж дээд хэмжээндээ хүрээд, яаралттай эмчилгээ хийлгэхгүй хүмүүсийг цахимаар үзэж оношилох нь ихэссэн. Тэгвэл КОВИД-19 намжихад ч цахимаар эмчид үзүүлдэг болвол, эмнэлэгүүдийн багтаамж нэмэгдэнэ, өвчтөнүүдийн үзүүлэх зардал болон цаг нь хэмнэгдэнэ, бас хөдөө орон нутагт эсвэл төрөлжсөн эмнэлэгээс хол амьдадаг хүмүүст эрүүл мэндийн үйлчилгээ илүү хүртээмжтэй болох боломжтой.
Би дэлхийг нүүрлэж байгаа олон өөрчлөлтүүдийн хэдэн жишээг л сонгож бичсэн байгаа, цааш нь бичвэл бичээд л байна. Харин эдгээр нь заавал сайн, заавал муу, заавал болно гэсэн өөрчлөлтүүд биш.
Эдгээр өөрчлөлтүүд болох эсэх, бас ямар үр дагавартай байх нь биднээс өөрсдөөс илүү шалтгаална. Тэгэхээр бид технологийг ямар салбаруудад түлхүү нэвтрүүлэх, төрийн үйлчилгээнүүдийг илүү хөгжүүлэх эсэх, цаашид олон улсын болон дотоодын хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх нь бидний одооноос яаж төсөөлж, ямар алхам хийхээс шалтгаалах юм шүү.