Индэр    
2020 оны 8 сарын 5
Зураг
Харвард & Оксфордын Их сургуулийг төгсөгч

80/20-ийн дүрэм: Таны ажил, амьдралын хэв маягийг өөрчилнө

Зураг

80/20-ийн дүрэм гэж юу вэ?

Цөөн үгээр: Үр дүнгийн 80 хувь нь хичээн зүтгэлийн 20 хувиас бий болдог.

Жишээнүүд:

  • Компаний ашгийн 80 хувь нь нийт бүтээгдэхүүний 20 хувиас бүрддэг
  • Борлуулалтын ашгийн 80 хувь нь нийт маркетингийн 20 хувийн үр дүн
  • Шалгалт дээр 80 хувь дүн авахад 20 хувь бэлтгэл шаарддаг (харин 100 хувь авахын тулд үлдсэн 80 хувийн хичээн зүтгэл шаардагдана)
  • Байгууллагын амжилтын 80 хувь нь нийт ажилчдын 20 хувиас шалтгаалдаг
  • Нийт авто ослын 80 хувьд нийт жолоочийн 20 хувь буруутай байдаг
  • Нийт гэмт хэргийн 80 хувийг нийт гэмт хэрэгтнүүдийн 20 хувь үйлддэг
  • Хүн нийт хувцасныхаа 20 хувийг нийт цаг хугацааны 80 хувьд өмсдөг
  • Хүн танилын хүрээний 20хувьтай нь нийт цаг хугацааны 80 хувийг өнгөрүүлдэг
  • Инстаграм дээр нийт “like”-ийн 80 хувь нь зургийн 20 хувь дээр л дарагддаг
  • Гэх мэт… (өөр ямар жишээ амьдрал дээр ажиглаж байсан бэ?)

80/20-ийн дүрэм хаанаас гаралтай вэ?

 
Вильфредо Парэто (Source: https://en.wikipedia.org/wiki/Vilfredo_Pareto)

1906 онд Италийн эдийн засагч Вильфредо Парэто нь Италийн нийт газар нутгийн 80 хувийг хүн амын 20 хувь нь эзэмшиж буйг ажигласан.

Энэ тэгш бус хуваарилалтын зарчим нь өөр салбаруудад хэрэгждэг эсэхийг судалж, үйлдвэрлэлийн ашгийн 80 хувь нь борлуулалтын 20 хувиас бүрддэг гэдгийг тогтоосон юм. Энэ Парето зарчмыг илүү өргөнөөр авч үзвэл, аливаа үр дүнгийн 80 хувь нь хичээн зүтгэлийн 20 хувиас бий болдог гэдгийг тогтоож 80/20-ийн дүрэм бий болсон юм.

80/20-ийн дүрмийг ажил, амьдралдаа хэрхэн ашигтайгаар хэрэгжүүлж болох вэ?

80/20-ийн дүрмийг та ойлгосноор цаг, мөнгө, энерги гэх мэт хүчин зүйлсээ илүү үр дүнтэй зарцуулдаг болж болно. Үүний тулд 80/20-ийн дүрэм таны амьдрал дээр хэрхэн хэрэгждэгийг ойлгох хэрэгтэй.

Ажлын өдөр/ долоо хоног/ улирал/ жилийг аваад үз:

Юунд цагаа зарцуулдаг вэ? Тэрийгээ гол үр дүн, амжилттайгаа харьцуулаад үз.

  • Үр дүнгийн 80 хувь нь хийсэн ажлуудын аль 20 хувиас бүрддэг юм байна?
  • Үлдсэн 80 хувьд нь юу хийж, ямар үр дүн гаргадаг вэ?
  • Огт хийхгүй байж болох, эсвэл бага цаг зарцуулж болох ажлууд байна уу?

Хэмнэсэн цагаа хийе гэж бодож байсан хэрнээ огт амждаггүй байсан ажлууддаа зарцуулж болно. Эсвэл магадгүй ажилдаа дарагдаад завгүй ажилладаг байсан бол өөртөө зарцуулах цаг гаргаж болно.

Миний хувьд ажлын өдөр маань мэдээлэл цуглуулах, мэдээлэл боловсруулах, мэдээлэл хүргэх гэж гурван ерөнхий ангилалтад хувааж болно. Мэдээлэл цуглуулах гэдэг нь хүмүүстэй уулзаж, утсаар ярих, имэйл бичих, судалгаа хийх, гэх мэт хэлбэрээр явагдана. Мэдээлэл боловсруулах гэдэг нь мэдээлэл дээр анализ хийж, хүнд хүргэхэд бэлэн хэлбэрт оруулах (жишээ нь Microsoft Excel, PowerPoint гэх зэрэг програмуудыг ашиглаж). Мэдээлэл хүргэх гэдэг нь боловсруулсан мэдээллээ хэрэгтэй хүмүүст нь танилцуулга хийж түгээх (“presentation” тавих).

Анх ажилдаа ороод миний ажлын цагийн дийлэнх нь мэдээлэлэл цуглуулах, мэдээлэл боловсруулахад зарцуулагддаг байсан - ялангуяа интернэт дээр юм судлах, PowerPoint дээр танилцуулга бэлдэхэд өнгө, үзэмж дээр нь ажиллах.

Харин дүгнээд үзэхэд хамгийн чухал ажлууд маань мэдээллээс шинэ ойлголтууд олж харах, шинэ юм сэтгэх, хэрэгтэй асуудлууд олж хөндөх гэх мэт. Тийм учраас би тэрэндээ илүү цаг зарж, онц шаардлагагүй ачаалал өөртөө авахгүйн тулд гол санаануудаа төвлөрөн гаргаж, дүрслээд, судлах асуудлуудыг судалгааны багтаа хуваарилж, танилцуулгын өнгө үзэмжийг график дизайны багтаа хуваарилдаг болсон.

Тэгээд бодоод байсан чинь байгууллагадаа ахих тусам ажиллагаа ихтэй зүйл дээр цаг зарах нь улам багасч, шийдэл олж, шийдвэр гаргах дээр хамаг цагаа төвлөрүүлдэг болдог. Тийм л учраас нийт орон тооны 20 хувь (дарга нар) нийт цалингийн 80 хувийг авдаг байхдаа.

Ажлаас гадна, мөнгө, чөлөөт цаг, иддэг хоол, уулздаг хүмүүс гэх мэт зүйлсээ ийм маягаар дүгнээд үзвэл ямар ажиглалтуудыг хийж болох вэ? Ямар өөрчлөлтүүдийг гаргаж илүү үр дүнтэй байж болох вэ?