Сүүлийн долоон хоногуудад 20 насны челленж гээд сошиалаар хүмүүс 20 настай байх үеийнхээ зургуудаас шейр хийсэн.
Хүмүүсийн зургуудыг хараад би ч өөрийн 20 настай байх үеийн зургуудаа Facebook-ээс хайж үзлээ. Их сургуулийн 3-р курсээ дуусгаад Австралид зуны амралтаараа компанид дадлага хийж байхад 20 хүрч байсан бол их сургуулиа төгсөөд анхны ажилдаа орох гэж байхад 20 нас минь дууссан юм байна.
20 насаа эргэн дурсахад хичээлийн хажуугаар “сургуулиа төгсөөд юу хийх вэ?”, “ямар ажилд орох вэ?”, “ажилд яаж орох вэ?”, “том болоод ямар хүн болох вэ?” гэх зэрэг чухал асуултууд л толгойд эргэлдэж байсан санагдаж байна.
20 насыг аль хэдийн ардаа орхисон хүмүүст 20 насны зургаа тавих челленж нь хөгжилтэй байх, харин одоо 20 (эсвэл 20 орчим) насны залууст сургуулиа төгсөж, ажлын гараагаа зөв тавих нь жинхэнэ утгаараа челленж буюу сорилт болж байгаа нь гарцаагүй. Тиймээс анхны ажлаа олж хийх талаар бодол болон туршлагаасаа хуваалцмаар санагдлаа.
Нийтлэл маань “ямар ажил надад тохирох вэ?”, “яаж ажил олох вэ?” гэсэн хоёр асуултад хариулах болно. (Жич: анхны ажил гэдэг нь хичээлийн хажуугаар эсвэл цаашид карьер болгон хөгжүүлнэ гэсэн бодолгүй цагийн ажлыг хэлээгүй юм шүү. Мэдээж ихэнх хүн ямар нэгэн цагийн ажил хийдэг — би ахлах сургуульд байхдаа зайрмагны газар ажилладаг байсан, тэрийгээ энэ нийтлэлийн хүрээнд “анхны ажил” гэж тодорхойлоогүй)
Гараа сайн бол бариа сайн гэж, анх ямар ажилд орохоос ирээдүйн амжилт маш их шалтгаалдаг. Гэхдээ тэр нь шууд 20 насандаа мөрөөдлийн ажлаа олж хийгээд насан туршдаа тэр замаараа явна гэсэн үг биш л дээ, гол нь анхны ажлаа төсөөлөн бодож хайж эхлэхэд 2 зүйл дээр тулгуурлан бодох хэрэгтэй: ямар чиглэлээр ажиллахыг хүсч байгаа болон ямар боломжууд бий болох.
Ямар чиглэлээр ажиллахыг хүсч байгаагаа тодорхойлоход өөрийн эзэмшиж байгаа мэргэжлээ бодож үзэх хэрэгтэй. Аль нэг мэргэжлээр сурлаа гээд цаашид хийх ажил нь шууд тодорхой биш байдаг — их нарийн мэргэжил л биш бол салбар эсвэл чиг үүргийн аль нэгийг өөрөө нарийн тодорхойлох болно. Салбар гэдэг нь уул уурхай, боловсрол, барилга, худалдаа, гэх мэт үйл ажиллагааг тодорхойлно.
Чиг үүрэг гэдэг нь нягтлан бодогч, тогооч, хуульч, эмч, шинжээч гэх мэт ажлын үүргийг тодорхойлно.
Жишээ нь нягтлан бодогч мэргэжилтэй бол ямар л бол ямар салбарт ажиллаж болно, харин яг ямар салбарт ажиллахаа өөрөө шийдэх хэрэг гарна (жишээ нь дэлгүүр, аудитын компани, үйлдвэр, гэх мэт), тэгснээр тэр салбартаа улам мэргэшинэ. Нөгөө талаас, уул уурхайн салбарт л ажиллах сонирхолтой бол яг ямар чиглэлээр ажиллахаа бодож мэргэжил эзэмших хэрэгтэй (жишээ нь уул уурхайн инженер, бизнесийн шинжээч, нягтлан бодогч, аюулгүйн сургалтын багш, гэх мэт).
Ямар боломж бий болгох вэ гэдэг нь ажилд ороод сурах, ахих, хүрээгээ тэлэх ямар боломжууд бий болохыг дүгнэж үзэх хэрэгтэй. Магадгүй яг хүссэн салбар эсвэл чиглэлээрээ ажилд орох боломжгүй байж болно, тэгсэн ч анхны ажил нь ямар нэгэн байдлаар ирээдүйн боломж руу хөтлөх шат байх хэрэгтэй.
Жишээ нь яг хүссэн чиглэлээрээ ажиллах боломж гарахгүй байсан ч, хүссэн байгууллагадаа өөр чиглэлээр ажилд орох боломж гарлаа гэхэд тэндээ танилын хүрээгээ тэлээд цаашдаа хүссэн ажлын байр дээрээ очих боломж байж болно.
Эсвэл яг хүссэн ажил нь биш ч гэсэн маш мундаг хамт олонтой болж хэрэгтэй ур чадварууд суралцах боломж байж болно. Ямар ч л байсан, карьераа эхлэхэд “ямар боломж надад бий болж байна вэ?” гэдгийг байнга асуух хэрэгтэй. Зарим тохиолдолд жижиг, ирээдүйгүй компанид өндөр албан тушаалд ажиллаад олигтой сурсан юмгүй, цаашаа ахих газаргүй хоцрох асуудал гардаг — арай алсын хараатай байж ийм нөхцөл байдлаас зайлсхийх хэрэгтэй.
Миний хувьд их сургуульд эдийн засаг, зүүн ази судлалаар сурч байсан, төгсөөд зүүн азийн эдийн засгийг судалдаг ажил ч гэж юу байх вэ, эртхэн чиглэлээ тодорхойлж эхлэх нь чухал байсан. Тухайн үед Харвардаас эдийн засгаар төгсөгчид дунд хамгийн эрэлттэй ажлын байрууд хөрөнгө оруулалтын банкир, менежментийн зөвлөх (миний одоо хийдэг ажил) зэрэг байсан.
Тухайн үед миний хувьд банкир болон зөвлөх үйлчилгээний ажил нь өөр салбаруудад үйлчилдэг хэрнээ ямар нэгэн бизнесийн үйл ажиллагааг дотроос нь ойлгох боломж өгөхгүй юм шиг санагдсан учраас ямар нэгэн салбарын компанид орж ажиллах илүү сонирхолтой байсан.
Аль нэг салбарын ажлын талаар мэдээлэл авч сонирхохын тулд өөрөө судлах хэрэгтэй, мэдээж гол шалрууруудын нэг маань Монголтой холбоотой, цаашид эх орондоо ажиллаж амьдрах боломжтой салбар байх байсан.
2009–2010 оны байдлаар Монголд уул уурхай, Оюу Толгойн гэрээ их яригддаг байсан болохоор би уул уурхайн салбарыг сонирхож үзэхээр шийдэж, 3-р курсын зуны амралтаараа дадлага хийж үзээд таалагдсан учраас төгсөөд уул уурхайн салбарт ажиллана гэж зорьсон билээ.
Дотроо аль салбарт ямар чиглэлээр ажиллахыг хүсч байгаагаа тодорхойлчихлоо… тэгээд л тэр ажлын байр нь бэлэн гээд шууд уриад орууллаа юу? Мэдээж үгүй. Орохыг хүссэн ажлын байр, байгууллагаа олно, өргөдлөө өгнө, шалгарна гэх мэт зөндөө ажил гарна. Тэгэхээр яг яаж хүссэн ажлаа олох вэ?
Ажил олоход яг тогтсон арга барил байхгүй, учир нь боломж хаа сайгүй байж байдаг, гол нь эзнээ олох л байдаг. Тийм учраас боломжийг бүх л арга барилыг ашиглах эрэлхийлэх хэрэгтэй. Жишээ нь:
Миний хувьд төгсөөд хийх ажлаа олох нь хэдэн жилийн процесс байсан. Хамгийн түрүүнд уул уурхайн салбарт ажиллаж үзмээр байгаагаа 3-р курсын намар шийдээд, тэр өвөл нь дадлага хийж болох байгууллагуудад хандаж CV-гээ явуулж, хавар Австралийн Сидней хотод Лэйтон Холдингс компанид цалинтай дадлага хийх санал авч, тэр зун нь дадлагаа хийсэн. Дадлага хийснээр уул уурхайн салбартай анх танилцаж, мундаг хамт олноос ихийг сурч, их сургуульд заадаггүй ажил дээр л сурч болох олон зүйл байдгийг ойлгож авсан. Мөн сайн ажиллаж, хамт олонтойгоо дотносож чадсан учраас сургуулиа төгсөөд ажилд орох санал авч чадсан. Хэдийгээр төгсөөд тэр ажилдаа ороогүй ч, тэр сонголт нь байснаар төгсөх жилдээ арай дарамт багатай байсан байх.
Дадлагаа дуусаад намар нь төгсөх курсдээ орохдоо уул уурхайн салбарт, бизнес, стратегийн чиглэлээр ажилламаар байгаагаа шийдсэн байсан.
Тэр тусмаа Австрали улсад уул уурхайн салбар маш өндөр хөгжсөн, дэлхийн хамгийн том уул уурхайн компаниудын гол үйл ажиллагаа тэнд төвлөрсөн байсныг ойлгож Австралид ажилд орж туршлага хуримтлуулвал зүйтэй санагдсан. Тиймээс Австрали дахь компаниудыг судалж, Рио Тинто компани нь Монголд Оюу Толгой компанийг хариуцаж ажиллахыг мэдээд Австралийн салбарт нь ажилд орсон ч цаашид Монгол руу шилжих боломжтой гэж үзээд эхний сонголтоо Рио Тинто гэж тодорхойлсон юм.
Рио Тинтогийн вэбсайтаар CV-гээ явуулж үзэж л байсан — ямар ч том компаний вэбсайтад хандаж ажилд орно гэдэг шиг худлаа юм байдаггүй юм байна лээ шүү (хүний нөөцөд ажилладаг найзуудаасаа сонсоход энийг л хэлдэг)! Гол нь өөрийгөө компанид хэн нэгэнд танилцуулж, CV-гээ нэр устай хаяглаж явуулах хэрэгтэй байдаг.
Би Рио Тинто-д хүн таньдаггүй байсан ч тэр жил зөв цаг нь ч таарч, би өөрөө ч тэр боломжийг бий болгох алхмуудыг хийж таарсан.
Тэр хавар Монголын Залуу Манлайлагч Хөтөлбөрийг (Mongolian Young Leaders Program) бид Бостон хотдоо зохион байгуулахаар болсон юм. Хөтөлбөрийнхөө сэдвийг бид “уул уурхайн салбарын тогтвортой хөгжил” гэж тодорхойлж, тэр сэдвийнхээ дагуу профессор, мэргэжилтнүүдийг урьж илтгэл тавиулж, мөн бодит үр дүнтэй байлгахын тулд АНУ-д сурч байгаа залуучуудад танилцах өдөрлөг зохион байгуулж, Монгол залуучуудыг ажилд элсүүлэх сонирхолтой компаниудыг урих бодолтой байсан юм.
Миний хувьд энэ зорилт нь маш чухал байсан учраас би компаниудтай холбогдож хамтрах тал дээр ярилцахад маш их хичээлт гаргаж байснаа санаж байна.
Яг тэр үед аз таарч, Рио Тинто компани нь Монгол залуучуудыг ажилд авч, ирээдүйн Оюу Толгойн боловсон хүчнийг бэлдэх сонирхолтой байж таарсан. Рио Тинтогийн АНУ-ын оффист ажиллаж байсан Байгалмаа гэж хүн бидний хөтөлбөрийн талаар сонсоод, холбогдоод бид хамтарч ажиллахаар болсон билээ.
Тэд бидний хөтөлбөрийн спонсороор нэгдэж (Newcom, Nomadic Expeditions мөн бидний спонсор болохоор тохирсон байсан), манай хөтөлбөр дээр баг ирж компаниа танилцуулж, бидний зүгээс тэдэнд ажилд орох сонирхолтой Монгол залуусын CV-ийн ном бэлдэж өгсөн юм. Тэр үед аль болох олон хүний CV явуулах юм сан гээд бүх л найз нөхөд, танилаасаа CV-г нь гуйж/ нэхэж байснаа санаж байна.
Тэгсэн сая имэйл дээрээсээ хайгаад олсон чинь тэр CV ном нь 97 хуудас, бараг л 100 хүний танилцуулгыг Рио Тинтогийн хүний нөөцийн багт явуулж байсан юм байна. Тэднээс надаас гадна 10-аад хүн сонирхоод, цаашаа шалгуур, ярилцлагад нь тэнцээд ажилд орж байсан юм.
Өөрийгөө сайн мэдээлэлтэй байлгаж, хэрэгтэй байж болох хүмүүстэй холбогдож/хөтөлбөрүүдэд хамрагдаж, бүр болохгүй бол тэр хөтөлбөрийг нь өөрөө зохион байгуулаад өөртөө тэр боломжийг авчирж ч болдог юм шүү.
Эргээд бодохоор нэг талаар яг хүссэн ажилдаа орно гэж зориод орсон, нөгөө талаар тэр ажилдаа яаж орно гэдгээ огтхон ч мэдэхгүй явсан. Гол нь зөв цагт зөв боломж бий болж, тэр боломжийг өөртөө (бас бусдад) бий болгохын тулд зөвхөн ажилд өргөдлөө өгөх биш, өөр янзаар сэтгэж, их ч хөдөлмөрлөж таарсан.
Бүр анхны ярилцлагадаа орохоос ч өмнө шүү. Мэдээж хүссэн боломж нь гарч ирэхэд тэрэндээ тэнцэхэд ахиад л зөндөө бэлтгэл, хөдөлмөр шаардаж таарна — тэр талаар Ярилцлагад хэрхэн бэлдэх вэ?, Амжилтанд хялбархан хүрэх гурван алхам нийтлэлүүдээс минь уншиж болно.
Бүх 20 нас хүрээгүй, хүрч байгаа, анхны ажлаа хайж, бодож байгаа залуустаа амжилт хүсч, 20 насны челленжид оролцсон хүмүүсээсээ анхны ажлын түүх, дурсамжаасаа хуваалцаач гэж уриалъя.