2020 оны УИХ-ын сонгууль болтол хэдхэн хоног үлдлээ.
Монгол Улсын иргэд сонгуулийн өдөр дараагийн дөрвөн жилд өөрсдийг нь төлөөлж, хууль батлах гишүүдийг сонгоно. Маш хариуцлагатай өдөр! Яг яагаад маш чухал, заавал сонгуулиа өгөх талаар хангалттай мэдээлэл явагдаж байгаа — дахин давтаж бичих нээх ч шаардлагагүй байх.
Сонгуулиа өгөх нь яагаад чухал, тэр тусмаа залуус сонгуулиа өгөх нь яагаад чухал талаар сонирхолтой, чанартай мэдээлэл Өглөө Instagram болон Facebook page-үүдээр өдөр бүр түгээгдэж байгаа — заавал дагаж, сонирхоорой!
Харин би өөрийн зүгээс улс төрийн талаар бодлоо товчхон хуваалцъя.
Юуны өмнө улс төржинө гэдэг нь хар бараан, муу муухай зүйлд орооцолдож байна гэдэг нийтлэг бодлоосоо бид салах хэрэгтэй!
Тэгэхээр иргэд, залуучууд бид яаж улс төржих вэ? Миний бодлоор улс төржих гурван алхам бий — нэгт, хамгийн үндсэн алхам бол сонгуулиа өгөх, хоёрт, зөв хүнээ сонгож дэмжих, гуравт, сонгууль дууссан ч идэвхтэй байх.
Ардчилсан нийгмийн суурь хүчин зүйл бол сонгууль — иргэд төлөөлөн удирдах хүмүүсээ сонгох эрх болон үүрэгтэй. Иргэдийн тал хувь нь сонгуулиа өгвөл, иргэдийн талын сонголтоор бүх нийтээрээ удирдагдана гэсэн үг.
Сонгогч, сонгогчдын харилцаа зөвхөн сонгуулийн өдрөөр эхэлдэггүй, төгсдөггүй. Сонгуулиар иргэд төлөөлөн удирдлагаа сонгодог бол, тэр төлөөлөн удирдах хүмүүс нь сонгуулийн өмнө иргэдийг ойлгож, сонсохыг хичээж, хүсэл болон хэрэгцээнийх нь дагуу бодлого боловсруулж, шийдвэрүүд гаргана гэдгээ амладаг.
Сонгогдсоны дараа тэр амлалтуудаа биелүүлж, нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргахыг хичээдэг — учир нь дөрвөн жилийн дараа дахин сонгогдох эсэх нь хийсэн ажлаар нь дүгнэгдэнэ. Харин, иргэдийн тал хувь нь л сонгуулиа өгдөг бол, тэр тал хувийг л сонсож, тэдэнд л таалагдах шийдвэрүүд гаргана.
Тэгэхээр өөрт хамааралтай асуудлуудыг сонсгох, ойлгуулах, шийдүүлэх хамгийн анхны болон чухал алхам бол сонгуулиа өгөх юм. Сонгуулиа өгөхгүй байж удирдагчдын гаргаж байгаа зарим шийдвэрт гайхах хэрэггүй. Жишээ нь доорх 2016 оны УИХ-ын сонгуулийн ирцийн дата-г харахад сонгогчдын нас нэмэгдэх тусам сонгуулиа өгөх магадлал нь нэмэгддэг.
Энэ статистикийг мэдэж байгаа нэр дэвшигч болон нам энэ хоёр бүлгийн аль нэгийг нь сонгож цагаа зарцуулан ойлгож, нэгэнд нь чиглэсэн шийдвэр гаргана гэвэл мэдээж ахмадуудыг л сонгоно. Учир нь бараг л тэнцүү санал авахын төлөө хүний тоогоор тооцвол хамаагүй бага хүчин чармайлт гаргаж таарна.
Энэ бодит дата дээр суурилбал залуучууд бид маш их боломжийг зүгээр хаяж байна. Бид тэтгэврийн зээлийг тэглүүлэх биш боловсролын чанарыг сайжруулах, цалингийн доод хэмжээг өсгөх, гарааны бизнесүүдэд ээлтэй татварын нөхцөл бүрдүүлэх гэх мэт өөрсдөдөө хамааралтай шийдвэрүүдийг батлуулмаар байвал хамгийн түрүүнд олуулаа саналаа өгөх хэрэгтэй. Тэгвэл дөрвөн жилийн дараа залуучуудад сонгогдохын тулд биднийг сонсож, ойлгож ажиллана.
Сонгуулиа хэнд өгөх нь 100% таны үндсэн хуулиар хамгаалагдсан эрх.
Харин хэнд өгвөл зөв бэ, яаж мэдэх вэ гэдэг дээр эргэлзэж байгаа бол эхлээд өөрт ямар асуудлууд бодлогын түвшинд шийдэгдэх нь чухал вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Мэдээж бүх асуудлуудыг төр болон улс төрчид шийдэж өгөх боломжгүй, тэгэхээр яг төрийн хэмжээнд юу шийдэгдэж болох вэ гэдгийг бодитоор тооцох нь зүйтэй.
Өөрийн үзэл бодлоо цэгцэлж тодорхойлсны дараа өөрийн тойргийн нэр дэвшигчдээ судлах хэрэгтэй (мөрийн хөтөлбөртэй нь танилцаж, ярилцлагуудыг нь сонсож, иргэдтэй уулзалт дээр нь сууж).
Нэр дэвшигчдийг хоёр талаас нь дүгнэх хэрэгтэй — нэгт, бодлого талаас нь, хоёрт, хүн талаас нь.
Бодлого талаас дүгнэхэд асуух асуултууд:
Хүн талаас дүгнэхэд асуух асуултууд:
Өөрт 100% таалагдах хүн байхгүй гээд сонгуулиа өгөхгүй байж болохгүй — учир нь сонгосон хүндээ дараа нь шаардлага тавиад явах боломжтой. Харин үнэхээр итгэл төрүүлж байгаа хүмүүсээ сонгохоос гадна идэвхтэй, дуу шуутай дэмжээд явах нь зүйтэй.
Мэдээж хүсвэл хүн гэхгүй нам сонгож болно. Харин Монголд намууд маань үзэл бодлын гэхээсээ илүү хүмүүсийн нэгдэл байдаг болохоор миний хувьд хүнийг нь судалж сонгох нь зүйтэй санагддаг.
Сонгууль дууслаа, “жирийн” амьдрал үргэлжилнэ. Тэгэхэд бид 76 хүнд дараагийн дөрвөн жилийн хөгжил дэвшлийг даатгаад орхино гэсэн үг үү? Үгүй! Төлөөлөн удирдах хүмүүсээ сонгох нь зөвхөн анхны алхам, харин тэдэнтэйгээ ирэх дөрвөн жилдээ харилцан холбоотой, санал бодлоо тогтмол хүргэж, хяналт шаардлага тавьж байж л үр дүнтэй.
Ямар ч сургуульд сурахад дөрвөн жилийн турш оюутан өөрөө ухамсартай бол сайн сурна, үгүй бол төгсгөхгүй гээд хаядаггүй. Тогтмол гэрийн даалгавар өгч, явцын дүн тавьж, семестр бүр шалгалт авдаг.
Мөн адил ямар ч ажлын байр дээр за энэ хүнийг ярилцлага хийгээд авчихсан юм чинь одоо гэрээнийхээ хугацаанд өөрөө мэдээд ажиллаад явна гэдэггүй. Алхам тутамдаа хийсэн ажлыг нь дүгнээд, шаардлага тавиад явдаг. Удирдамж өгч, хяналт тавих нь үнэндээ хэн хэндээ хэрэгтэй, эерэг зүйл шүү дээ.
Тиймээс сонгуулийн хугацаанд яригдсан, хэлэлцсэн асуудлуудыг маргааш нь шууд хаяад хэдэн хүнд тэр чигт нь даатгалгүй өөрт хамааралтай асуудлуудаа тогтмол ярилцаж, хэлэлцэж, улс төржиж байя аа бүгдээрээ.