Индэр    
2020 оны 5 сарын 20
Зураг
Эдийн засагч, шинжээч

Агшсан эдийн засаг: ДАТА юу өгүүлнэ вэ?

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ямар хэмжээнд унаснаа мэдвэл, яаж гарах арга замаа хурдан олно.

Цар тахал эхэлснээс хойш яг 4 сар өнгөрчээ. Тоо статистикт коронавирус тусгалаа олоход хангалттай хугацаа. 2017-2019 онуудад бид тоон үзүүлэлтээрээ бол хөөрч, хөвж явсан. Харин 2020 онд газар дээр тас хийтэл уналаа. Ямар түвшинд унаснаа мэдэх нь цаашид ямар арга хэмжээ авахад ач холбогдолтой. Тиймээс эдийн засгийн салбаруудын нөхцөл байдал хэр байгааг харуулахыг зорилоо.

Жич: 2020 оны 1-р улиралд манай эдийн засаг 10.7 хувиар агшсан. Барилга, боловсруулах, ХАА-н салбараас бусад салбар нь бүгд уналттай гарсан. Гэвч энэхүү тоог компаниуд өөрсдийн судалгаандаа шууд аваад ашиглах нь учир дутагдалтай байдаг. Тиймээс тухайн салбарын үйлдвэрлэл, борлуулалтын орлогуудыг сонгосон болно.

УУЛ УУРХАЙ БА ТҮҮНИЙ НӨХӨД

Хөл хорио тогтоов.

Экспорт эхний 4 сарын байдлаар 40% буурав. Бид төмөр замаар биш, машинаар түүхий эдээ зөөдөг. Өдөрт 1,500 орчим машин энгийн үед гардаг байсан. Харин тахлын үед дунджаар 700 орчим болжээ. Экспортын 70 хувь нүүрс, зэс. Уул уурхайн хэдэн түүхий эдээ сааж амьдардаг худалдаа, тээврийн салбар ч дагаад буурч эхэлсэн. Машин явахгүй байхад тээвэр яаж өсөхөв. Уул уурхайн үйлдвэрлэл явагдахгүй байхад шатахуун, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа яаж нэмэгдэх билээ. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ л явдаг салбарууд шүү дээ.

Зураг 1. 2020 оны 4-р сард уул уурхай үйлдвэрлэл, борлуулалт жилийн 40 орчим хувь унасан 

 

Зураг 2. 2020 оны эхний улиралд жижиглэн худалдаа жилийн 11 хувиар унасан 

 

Зураг 3. 2020 оны эхний улиралд тээврийн салбарын авто замын тээврийн орлого жилийн 47 хувь унасан байна 

 

БИЕЭ ДААГЧИД БУЮУ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН УНАЛТ

Цар тахал уул уурхай ба түүний нөхдөөс гадна бусад салбарт ч нөлөөлсөн. Ялангуяа аялал жуулчлал, үйлчилгээний салбаруудад илэрч байна. Олон нийтийн арга хэмжээг хориглож, сургууль цэцэрлэгийг хаасан нь боловсрол, соёл урлагын салбарт хүчтэй нөлөөлсөн хэвээр байна.

Харин бусад үйлчилгээ болох нийтийн хоол, зочид буудлын 2020 оны 1-р улирлын борлуулалтын орлого бүгд буурчээ

Зураг 4. Үйлчилгээний зарим салбар 

 

БИЕЭ ДААГЧИД БУЮУ БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН УНАЛТ

Боловсруулах салбарын хувьд арай л онцлогтой. Энэхүү салбарын 50 хувийг хүнсний үйлдвэрлэл дангаараа бүрдүүлдэг. Ойрын 4 сарын хөл хориотой холбоотой өрхийн хэрэглэж буй хүнс, ундааны хэрэглээ нэмэгдсэн байна.

Зураг 5. Хүнс, ундааны үйлдвэрлэл

 

Харин бусад боловсруулах салбарын борлуулалт огцом буурчээ.

Зураг 6. Коксжих үйлдвэр, нэхий үйлдвэр гэх мэт 

 

ЦАР ТАХЛЫН ДАРААХ ЭДИЙН ЗАСАГ ЯМАР БАЙХ ВЭ?

Их уналтын дараа өндөр өсөлт ч үзүүлэх боломж бий. Бид хүчтэй унасан шигээ эргээд сэргэх боломж бий. Олон улсын байгууллагууд зургаадугаар сард тахал намжина гэсэн нөхцөлтэйгөөр V хэлбэрийн өсөлт үзүүлнэ гэж үзжээ. (Зураг 7). Тухайлбал, Монгол улсын эдийн засаг:

  • 2020 онд 1 хувь агшиж, 2021 онд 8 хувь өснө гэж Олон Улсын Валютын сан тооцоолсон.
  • 2020 онд 1 хувь өсөж, 2021 онд 5 хувь өснө гэж Дэлхийн банк тооцоолсон.
  • 2020 онд 2.1 хувь өсөж, 2021 онд 4.6 хувь өснө гэж Азийн Хөгжлийн Банк тооцоолсон.

Гэвч энэ өсөлтүүдийг сааруулах, эдийн засаг сэргэхгүй байх ч эрсдэлүүд их бий. Жишээ нь,

  • Саарал жагсаалтад багтсан.
  • Зээлжих зэрэглэлийн төлөв буурсан.
  • Төсвийн алдагдал хүчтэй нэмэгдэхээр нөхцөлд орсон.
  • Гадаад өрийн эргэн төлөлт шил шилээ даран хүлээж байна.

Зураг 7. Эдийн засгийн өсөлтийн таамаглал

 

Ашигласан эх сурвалжууд:

  • Үндэсний Статистикийн Хороо
  • Монгол банк
  • ОУВС-н 2020 оны 4-р сарын эдийн засгийн тайлан
  • ДБ-ны 2020 оны 4-р сарын эдийн засгийн тайлан
  • АХБ-ны 2020 оны 3-р сарын эдийн засгийн тайлан