Индэр    
2020 оны 5 сарын 14

Сонгуулийн зардлыг бууруулж шударга өрсөлдөөнийг дэмжих нь

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Мөнгөний сонгууль

Сонгууль чөлөөт, шударга явагдахад түүнд зарцуулж буй мөнгө санхүүгийн эх үүсвэр, хэмжээ, зарцуулалт чухал. Монгол улсад сонгуулийн кампанит ажлын хязгаарлалт, саналын автомат тооллого, сонгогчдын бүртгэл зэрэг сонгуулийн үйл явцад тулгардаг олон сорилтуудыг даван туулахад ахиц дэвшил гарсан боловчсонгуулийн санхүүжилтийн ил тод байдлыг хангах, өрсөлдөөний тэгш, шударгабайлгах талаар дорвитой өөрчлөлт гарсангүй. Жил ирэх тусам нам, нэр дэвшигчдээс сонгуульд зарцуулах мөнгөний хэмжээ нэмэгдсэн боловч түүний эх үүсвэр, зарцуулалтын ил тод байдал бүрхэг байна. 

Сонгуулийн сурталчилгаа, кампанит ажлыг зохион байгуулахад зардал гарах нь ойлгомжтой. Харин зардал нь ямар хэмжээтэй вэ, эх үүсвэр нь юу вэ гэдэг гол асуудал юм. Сонгуулийн хуульд нэр дэвшигчдээс сонгогчдод бэлэг сэлт өгөх, урлаг, соёлын үйлчилгээ үзүүлэх зэргээр тэдний дэмжлэгийг авах, санал худалдан авах үйлдлийг хязгаарлаж өгсөн нь маш чухал арга хэмжээ болсон. Гэвч сонгуулийн сурталчилгаа, кампанит ажилд зарцуулах мөнгөний хэмжээ өндөр хэвээр байгаа нь мөнгөтэй нам, нэр дэвшигчид бусдаас давуу байдал олох, хандивлагч, мөнгөний эзний эрх ашгийг төлөөлсөн хүмүүс сонгогдох сөрөг үр дагаврууд дагуулж байна. Улмаар мөнгөгүй л бол сонгуульд өрсөлдөж ялалт байгуулах боломжгүй гэдэг хандлага бий боллоо. 

Зардлын тааз ба гүйцэтгэл

Олон улсын харьцуулалтаас үзэхэд зарим улс орнууд сонгуулийн нийт зардлын хэмжээнд хязгаар (тааз) тавьдаггүй бол зарим нь зардлын дээд хэмжээг тогтоосон байдаг. Канадад улс төрийн нам $1,023,400 (сонгуулийн өмнө, кампанит ажил нийлээд 2 тэрбум төгрөг), нэр дэвшигч тойргоос хамаарч 138,000 канад доллар (276 сая төгрөг), Италид тойргийн сонгогчийн тоог 1 еврогоор үржүүлж, Бельгид улс төрийн нам 1 сая евро (3 тэрбум төгрөг), Испанид тойргийн сонгогчийн тоог 0.24 цент1 (750 төгрөг) зэрэг байхаар хязгаарладаг. 

Монгол Улсын хувьд 2008 оноос сонгуулийн зардлын дээд хязгаарыг тогтоож эхэлсэн. 2008 онд 5.52 тэрбум, 2012 онд нам, эвслийн зардлын дээд хязгаарыг 9.6 тэрбум төгрөг байхаар тогтоосон ба намуудынтайлагнасан гүйцэтгэл нь 4.5 тэрбум төгрөг байсан3. Зардлын дээд хэмжээг тогтооход ямар аргачлал хэрэглэж, ямар хүчин зүйлсийг яаж харгалзан үздэг талаарх тодорхой мэдээлэл байдаггүй. 2016 онд нам, эвслийн зардлын дээд хэмжээг 3.4 тэрбум байхаар баталсан ч,сонгуулийн тогтолцоо жижиг мажоритар болон өөрчлөгдсөнтэй холбоотой 4.4 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, нэр дэвшигчдийг 85-225 сая төгрөгөөр тогтоосон4. Баян-Өлгий аймгийн 5-р тойрог, Баянхонгор аймгийн 8-р тойрогт өрсөлдөх нэр дэвшигчийн зардлын таазыг 85 сая төгрөг гэж хамгийн багаар тогтоосон бол нийслэлийн тойргуудынх хамгийн өндөр байжээ.  

СЕХ-нд нам, эвсэл, нэр дэвшигчдийн өгсөн зардлын тайланг үзэхэд улс төрийн намууд сонгуулийн зардлаа тайлагнахад хойрго хандаж байна. 

  • 2008 онд улс төрийн 12 нам, 3 эвсэл, 356 нэр дэвшигчид бүгд нийлээд 7.9 тэрбум төгрөгөөр сонгуулийн кампаниа санхүүжүүлж байсан. 
  • 2012 онд 11 нам, 2 эвслээс нийт 544 нэр дэвшигч сонгуульд оролцжээ. Тэдгээрээс санхүүгийн тайлангаа ирүүлсэн нь 8 нам, 1 эвсэл байв. Тэд нийтдээ 37.5тэрбум төгрөг зарцуулжээ5
  • 2016 онд 12  нам, 3 эвсэл, 498  нэр дэвшигч  сонгуульд өрсөлдсөн. Нам, эвслүүд зардлын тайлангаа ирүүлсэн боловч нийт 112 нэр дэвшигч тайлангаа өгөөгүй байна. Үндэсний Аудитын Газрын мэдээллээр тооцвол нам, эвслүүд 8.4 тэрбум, нэр дэвшигчид нийт 26 тэрбум гаруй төгрөг зарцуулсан. Бүгд 34.4 тэрбум төгрөг болж байна6

Нам, нэр дэвшигчдийн зардлын тайланг үзэхэд ихэнх нь хуульд заасан таазанд тулгаж тайлагнасан байна. Тийм учраас нийт дүн нь угаас хуульд заасан таазын нийт дүн 30-35 орчим тэрбум төгрөгөөс хэтрэхгүй юм. Нам, нэр дэвшигчдийн тайланд зардлын хэтрэлтээ тусгаагүй, зардлын зориулалт, хэмжээ бодитой бус, мөнгөн бус зардлын жишээ олон байдаг. Тиймээс тайланд тусгагдаагүй далд болон мөнгөн бус зардлуудыг нэмж тооцвол дээрх дүн нэлээд өндөр гарна. 

Монгол Улсад 2020 оны УИХ-ын сонгуульд улс төрийн намын зарцуулах зардлын таазыг 5.9 тэрбум төгрөг, нэр дэвшигчдийг тойргоос хамаарч 360-760 сая төгрөг байхаар тогтоосон7. Зардлын дээд хэмжээ өссөн нь зардлыг тооцоолох суурь үзүүлэлт болох тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, сонгогчийн тоо, өрхийн тоо зэрэгт өөрчлөлт орсонтой холбоотой гэж тайлбарлаж байна. Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39.2.7-д8 сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах талаар шинээр тусгагдсан тул уг зардлыг нэмж тооцжээ.

2016 оны адилаар нам, нэр дэвшигчид зардлын таазанд тулгаж тайлагнана гэж тооцвол зөвхөн МАН, АН-ын сонгуулийн зардал нийтдээ 84.7 тэрбум төгрөг болно. Бусад нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийнхийг нэмбэл наад зах нь 100 тэрбум орчим төгрөг болно.    

Сонгуулийн зардлын эх үүсвэр

Зардлын эс үүсвэрийн тухайд төрийн ба төрийн бус санхүүжилт байдаг. Монгол улсад төрөөс нам, эвсэл, нэр дэвшигчдэд сонгууль өрсөлдөхөд шууд санхүүжилт олгодоггүй бөгөөд намууд сонгуулийн зардлаа өөрсдөө олох үүрэгтэй. 

Харин сонгуулийн дараа УИХ-д суудалтай намуудыг төсвөөс санхүүжүүлдэг. Үүнийг Улс төрийн намын тухай хуульд зааснаар УИХ-д суудал бүхий намд сонгуульд тухайн намын авсан саналыг нэг саналыг мянган төгрөгөөр тооцож төр нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлдэг.

2016 онд нийт 500 мянга орчим сонгогчдын дэмжлэг авсан МАН-д 500 сая төгрөгийг төрөөс олгосон байх нь. Мөн хуульд зааснаар улс төрийн намд УИХ-д авсан суудлын тоогоор нэг суудлыг жилд арван сая төгрөгөөр тооцож, улирал тутам улсын төсвөөс санхүүжилт олгодог9.  65 суудалтай МАН УИХ-ын бүрэн эрхийн 4 жилийн хугацаанд нийтдээ 2.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байх нь. Хуулиар энэ мөнгөний 50 хувийг УИХ-ын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулах ёстой ч энэ талаар мэдээлэл байдаггүй. 

Хуулийн дагуу нам, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлыг бүрдүүлэх эх үүсвэр нь иргэн, хуулийн этгээдийн хандив, намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчдийн өөрийн хөрөнгө юм.  

  • Нам эвсэл, нэр дэвшигчид иргэнээс 5 сая, хуулийн этгээдээс 20 сая хүртэл төгрөгийг хандив авч болно. Хандивыг бэлнээр авахыг хориглосон. Хандивтай холбоотой асуудлууд нь хуулийн хугацаа богино, хандивын ил тод байдал хянах боломжгүй. 
  • Намын өөрийн хөрөнгөнд гишүүний татвар, гишүүн, талархан дэмжигч иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандив, төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг гол үүрэгтэй. Намуудын хувьд гишүүний татварын хэмжээ бага, түүнийгээ бүрэн хурааж авч чаддаггүй учраас сонгуулийн зардлыг санхүүжүүлэхэд төдийлөн ач холбогдолгүй. Зарим намууд сонгуулийн санхүүжилтээ босгоход нэр дэвшигчдээс нэр дэвших эрхийн төлөө төлөх төлбөр буюу “дэнчин” гэдэг хуулиар зохицуулагдаагүй сувгийг ашиглаж ирсэн. Сонгогчдын Боловсрол Төвийн судалгаагаар 2008 оны сонгуулиар зарим намууд 20 сая, 2012 оны сонгуулиар 50-500  сая  хүртэлх  төгрөгийг  намдаа татан  төвлөрүүлсэн  байна. 2015 онд хийгдсэн дээрх судалгаанд энэ албан бус, хаалттай санхүүжилтийн аргыг хориглох шаардлагатай гэдгийг анхааруулж байжээ10. Мөн 2016 онд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн төсөлд нам хандиваас өөр хэлбэрээр хөрөнгө бүрдүүлэхийг хориглож байсанч батлагдаагүй. Гэвч 2016 онд сөрөг хүчин болох МАН-ын сонгуульд санхүүжилт босгох “60 тэрбум”-ын схемын асуудал гарсан. 2020 оны сонгуульд эрх баригч МАН-ын дарга нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив авахгүй гэж мэдэгдээд байгаа11. Эрх баригч ба сөрөг хүчний хооронд сонгуулийн санхүүжилтийг босгоход асар их ялгаа бий. 2020 онд АН-ын ҮБХ-аараа хэлэлцээд УИХ-д нэр дэвшихийг хүсэж буй горилогчдоос 100 сая төгрөгийн “дэнчин” авч эхэлсэн нь сөрөг хүчний намуудын хувьд эрх баригч намтай өрсөлдөхүйц хэмжээнд сонгуулийн зардлын санхүүжилтийг босгох нь асар хүнд байдгийг илтгэж байгаа юм. Сонгуулийн санхүүжилтийн асуудлыг цогцоор нь шийдэхгүй бол энэ байдал давтагдсаар л байх болно. 
  • Нэр дэвшигчийн өөрийн хөрөнгийн тухайд хуульд нарийвчилж тодорхойлсон, зохицуулсан заалт байхгүй. Өмнөх сонгуулиудад МАН, АН-ын өөрийн  эх  үүсвэрээс  сонгуульд  зарцуулсан  нийт  зардлын  70-80  хувь  нь  нэр дэвшигчдийн  өөрийн  буюу  хувийн  хөрөнгө  байсан гэж өмнөх судалгаануудад тооцжээ. Сонгуулийн зардал ихсэх тусам нэр дэвшигчдийн хувиасаа гаргах зардлыг босгох дарамт нэмэгдэнэ гэсэн үг юм. 

 Сонгуулийн зардлын төрлүүд

Төв аймагт өрсөлдөх нэр дэвшигч Х-ийн хувьд хуульд заасан боломжийг бүрэн ашиглавал ямар зардал гарахыг тооцож үзье. 

Төв аймаг бол УИХ-ын 14 дүгээр тойрог, 27 сумтай, 27,033 өрх гэрт 63,38312  сонгогчтой. Сонгуулийн зардлын дээд хэмжээг 419,4 сая төгрөг13  байхаар тогтоосон. Нэр дэвшигч Х-ийн хувьд дараах үндсэн зардал гарна. Үүнд:

Хүснэгт 1. Нэр дэвшигчийн зардлын жишиг тооцоо

Зардлынтөрлүүд

Тоо

Хоног

Зардал

Нийт

1

39.2.1.сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах ухуулагчдын өдрийн хоол

135

22

10000

29,700,000

2

39.2.2.нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;

27

22

10000

5,940,000

3

39.2.4.сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;

27

5

100000

13,500,000

4

39.2.5.ухуулах байр ажиллуулах /тохижилт, цахилгаан/

27

22

50000

29,700,000

5

39.2.6.радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;

63383

   

10,000,000

6

39.2.7.цахим орчин ашиглах;

63383

   

10,000,000

7

39.2.8.өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх. /Өрх бүрт/

27033

1

3000

81,099,000

8

40.1.Нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааны зорилгоор нэг хэсэгт 4-өөс илүүгүй тээврийн хэрэгсэл ашиглаж болно. /сум бүрт/

27

4

50000

5,400,000

9

Харилцаа, холбооны зардал /менежер, ухуулагч нарт/

135

22

5000

14,850,000

 

 

     

200,189,000

Нэр дэвшигч Х нь сонгуулийн хуулийн хүрээнд сурталчилгааны ажлаа тойргийн хүрээнд зохих хэмжээнд буюу өрх, сонгогч бүрт хүрч зохион байгуулахад наад зах нь 200 сая төгрөг зарцуулах хэрэгтэй болж байна. Түүний хувьд зардлын 50 хувь нь хэвлэл, мэдээлэлд, үлдсэн 50 хувь нь зохион байгуулалт, тээвэр, холбоонд зарцуулагдах төлөвтэй байна. Томсгосон мажоритар тойргийн хувьд нэг нам, эвслээс нэр дэвшигчид дээрх зардлын санхүүжилтээ хуваалцах боломж бий. Иймээс Үндэсний Аудитын Газрын тогтоосон зардлын дээд хязгаар бол сонгуулийн зардлыг нилээд тэлсэн байдалтай, өрсөлдөөний тэгш боломжийг бүрдүүлэхэд хангалтгүй байна.

Бодит амьдрал дээр сонгуулийн сурталчилгаа, нөлөөллийн ажил хуулийн дээрх хязгаараас давах нь элбэг. Зарим “мөнгөтэй” гэгдэх нэр дэвшигчид сонгуулийн менежер, зөвлөх нарын хөлс, ухуулагч нарын урамшуулал, тээврийн хэрэгсэл, бусад зардал, нийгмийн сүлжээ ба хэвлэл мэдээллийн зардалд маш их мөнгө зарцуулдаг. Улмаар, зарим нэр дэвшигчид ухуулагч нараар дамжуулан шууд ба шууд бусаар санал худалдан авахад нэмж мөнгө зарцуулдаг. Хэрэв зардлын дээд хэмжээг тогтоож байгаа бол зардлын төрлүүдийг зааглах, тус бүрээр нь хяналт мониторинг хийх боломжтой байхуйц болгох нь үр дүнтэй юм. 

Сонгуулийн зардал өсч буй шалтгаан

Нэр дэвшигч Х-ын хувьд зардлын 50 орчим хувь нь хэвлэл мэдээлэлд зарцуулагдаж байгааг дээр харсан. Энэ байдал нам, эвслүүдийн хувьд ч ижил байх магадлалтай. Нам, нэр дэвшигчдийн зардлын тайланд хэвлэл мэдээлэлд зарцуулсан зардлаа ялгаж оруулдаггүй учраас бодит тоо байдаггүй.

Харин Монгол улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2020 онд дэлхийд 73 дугаарт “эрх чөлөөгүй” гэх ангилалд эрэмбэлэгдэж, нийт 500 орчим хэвлэл, мэдээллийн байгууллагын 74 гаруй хувь14 нь улс  төрийн хамааралтай байгаа нь бодит дүн юм. Олон улсын сонгуулийн ажиглагчдын тайланд 2016, 2017 оны сонгуулиудад хэвлэл мэдээллийн байгууллагууд бие даасан зуучийн үүргээ гүйцэтгэгээгүй, эрх баригч нам, улс төрчдөд ихэнхдээ үйлчилдэг гэж дүгнэсэн15  байна. Сонгуулийн үеэр энэ хэвлэл мэдээллийн их орон зай нь бүхэлдээ улс төр, сонгуулийн нөлөөллийн суваг болж хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн, их цаг ашиглаж чадсан нь олон нийтэд мэдээллээ хүргэх тэгш бус нөхцөлийг бий болгодог. Маш олон хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд сонгуулийн үе нь ашиг олох том боломжийг нээдэг.  

Судлаачдын ажиглалтаар Монгол Улсад сонгуулийн зардал 2000 оноос эхлэн огцом өсөж эхэлсэн нэг шалтгаан бол бизнесийн салбарынхан улс  төрийн намыг санхүүжүүлж, өөрсдөө намаас нэр дэвшиж өрсөлдөх нь ихэссэн явдал юм. Улс төрийн намууд сонгуулийн зардлаа бүрэн хариуцах, дээр нь төв болон орон нутгийн намыг санхүүжүүлэх, “тойрог услах” чадалтай нэр дэвшигчийг татах сонирхол ихэссэн. Улмаар, 2004 оноос улс төрийн намууд сонгогчдын саналыг худалдаж авах зорилгоор “гэрээт ухуулагч” нэрээр хүмүүсийг хөлсөлж ажиллуулах, сонгогчдын саналыг худалдан авах ажил ихэссэн. 

Сонгогчдынхувьдсайн хууль, бодлого тодорхойлогч биш сонгогдсон тойрогтоо хувийн хөрөнгө оруулалт хийж, орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадамжтай улстөрчийг хүсэх хандлага давамгайлдаг. Нэр дэвшигчид нь ийм дүр зураг, эрэлтэд нийцүүлж өөрсдийн санхүүгийн чадвараа ил болон далдаар илэрхийлэх хэрэг гардаг. Эрх баригч намаас нэр дэвшигчдийн хувьд ихэнх нь төсвөөс тойрогтоо хуваарилсан хөрөнгө оруулалт, орон нутгийн төсвөөр хийсэн ажлуудыг өөртөө наах байдлаар өөрийгөө сурталчилдаг. Бусад нэр дэвшигчдийн хувьд хэрэв томоохон бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч биш бол сонгогчдын ийм хандлагад нийцэхэд бэрхшээлтэй.

Сүүлийн 10 орчим жилд цахим нөлөөлөл, сурталчилгааны үүрэг маш их болсон. Нам, нэр дэвшигчид сонгуулийн ба сонгуулийн бус үед цахим орон зайг ашиглан сонгогчдод нөлөөлөх зорилготой мэргэжлийн багууд ажиллуулах болсон. 

Сонгуулийн зардлыг бууруулах боломжууд

Сонгуулийн зардлыг бууруулах гэдэг нь нам, нэр дэвшигчдэд тулгардаг мөнгө санхүүгийн дарамтыг багасгах, шударгаар өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Нэр дэвшигчдийн хооронд мөнгө санхүүгийн чадлаас хамаарсан өрсөлдөөн биш туршлага, бодлого, шийдлийн өрсөлдөөн явагдахад зардлын бууралт маш чухал. 

Тун удахгүй эхлэх сонгуулийн сурталчилгаанаас өмнө бодлогын болон эрхзүйн өөрчлөлт хийгдэх бололцоогүй учраас нэн тэргүүнд сонгогчид, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн хувьд сонгуулийн зардлын дарамтыг багасгах ямар боломж байгааг авч үзье. 

Сонгогчдын хувьд дээр өгүүлсэн тойрогтоо хөрөнгө оруулах, юм хийх чадалтай хүн гэдэг муйхар шалгуураас татгалзаж, УИХ-ын гишүүн хүний үндсэн чиг үүрэг болох улс оронд хэрэгтэй бодлого тодорхойлогч, хууль тогтоогчийг сонгож буйгаа ухамсарлах хэрэгтэй болж байна. Цаашлаад, сонгогчид өөрсдийн дэмжиж буй нэр дэвшигчдийн сурталчилгааны үйл ажиллагааг бодитой дэмжиж оролцох нь зардлын дарамтыг багасгахад маш чухал юм. Хандив өгөх, ухуулагчаар үнэ төлбөргүй ажиллах, дэмжлэгээ цахимаар болон бусад хэлбэрээр илэрхийлэх зэргээр бодит тус нэмэр болох хэрэгтэй. Ялангуяа залуучуудын идэвх бодит дэмжлэг, оролцоо асар чухал үүрэгтэй болно. 

Хэвлэл мэдээллийн салбарын хувьд сонгуулийн шударга өрсөлдөөнд бодит хувь нэмрээ оруулах олон боломж байна. Үүнд нам, нэр дэвшигчдэд үнэ төлбөргүй сурталчилгааны цаг, талбар хуваарилах, сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл хүргэх, бодлогын мэтгэлцээн хэлэлцүүлгийг нэмэгдүүлэх, сонгуулийн санхүүжилтийн ил тод байдлыг шаардах, хяналт тавих зэргийг дурдаж болно. Эдгээр чиглэлээр ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд цөөн байгаа ч нийгэм, сонгогчдод үзүүлэх нөлөөлөл их юм. Үүнээс гадна, олон нийтийн радио, телевизийн улс төрийн нам, нэр дэвшигчдэд олгож буй үнэ төлбөргүй цагийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. 

Цар тахлын улмаас олон улсын хөндлөнгийн ажиглагч нарын оролцоо багассан үед иргэний нийгмийн хараат бус мониторингийн үүрэг улам чухал болж байна. Хараат бус судалгааны байгууллага, судлаачидтай хамтарч сонгуулийн санхүүжилтийн олон төрлүүд, ил ба далд хэлбэрүүдийг ажиглах, зөрчлийг мэдээлэх, сонгуулийн явцад сонгогчдод хэрэгцээтэй мэдээлэл, дүгнэлт хүргэхэд анхаарах хэрэгтэй байна. 

Цаашид хууль ба бодлогын хүрээнд хэд хэдэн зарчмын өөрчлөлтүүд хийх шаардлагатай байна. Юуны өмнө улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлээр намуудын хөрөнгө орлогын ил тод байдлыг нарийвчлан зохицуулсан, хөндлөнгийн хяналт мониторинг хийх, хариуцлагын механизмтай тогтолцоог бий болгох хэрэгтэй. Үүнд улс төрийн хүсэл зориг, манлайлал маш чухал юм. Түүнчлэн, төрөөс сонгуулийн зардлыг хэсэгчлэн санхүүжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх нь нам, нэр дэвшигчдийн зардлын дарамтыг багасгахад маш чухал юм. 

Сурталчилгааны зардлын хувьд олон нийтийнхээс бусад радио, телевизийн сонгуулийн сурталчилгаанд зориулах нэг өдрийн эфирийн цагийг маш богино байхаар тогтоож, сонгуулийн сурталчилгааны үнээ нэг ижил тарифаар нийтэд зарласан дүнгээр улс төрийн нам, нэр дэвшигчдэд ялгаваргүйгээр гэрээ байгуулах нөхцөлийг хангах зохицуулалт хийх хэрэгтэй. Түүнчлэн, сонгуулийн зурагт самбар, ухуулах хуудас зэргийг үнэ төлбөр төлж байрлуулдгийг хориглож, нийтийн эзэмшлийн газруудад үнэ төлбөргүй наах журам, зохицуулалтыг бий болгох, бизнесийн зориулалт бүхий том самбаруудыг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглох арга хэмжээг өмнөх судалгаанууд зөвлөж байжээ. 

Нэр дэвшигчийн хувиасаа гаргах зардлын хэмжээг багасгахад олон нийтээс хандив цуглуулах хугацааг уртасгах,ингэхдээ зарцуулах хугацаа, зориулалт, тайлагнах зохицуулалтыг холбогдох хуульд тодорхой тусгах хэрэгтэй. Нэр дэвшигчдийн хувьд сонгуулийн сурталчилгааны зардлын хэдэн хувийг хувиасаа, хэдэн хувийг олон нийтээс босгосон талаарх мэдээлэл санал өгөх өдрөөс өмнө ил болох нь шударга өрсөлдөөнийг хангахад чухал юм.  

                                        Нийтэлсэн: Улс төр судлаач Э.Гэрэлт-Од, Д.Бямбажав



1 International IDEA. Political finace database – Regulation of spending https://www.idea.int/data-tools/question-view/561
2Сонгогчдын Боловсрол Төв. Сонгуулийн санхүүжилт: тулгамдсан асуудал ба шийдэл. Судалгааны тайлан. УБ. 2015. Хуудас 18. 
3Монгол улсын ерөнхий аудитор А.Зангадтай ярилцлаа. Ардын эрх сонин https://archive.audit.mn/?p=10403 

4ИНФОГРАФИК: 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээ https://ikon.mn/n/qt2
5Сонгогчдын Боловсрол Төв. 2015. Хуудас 22
6Нээлттэй Нийгэм Форум. Сонгуулийн санхүүжилтийн мониторинг судалгаа 2016. Хуудас 8.
7Сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоолоо. https://livetv.mn/p/162967
8Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль. https://www.legalinfo.mn/law/details/14869

9Улс төрийн намын тухай хууль. https://www.legalinfo.mn/law/details/508
10Сонгогчдын БоловсролТөв. 2015.Хуудас24.
11У.Хүрэлсүх: УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив авахгүй https://ikon.mn/n/1rl8

12Статистикийн мэдээллийн нэгдсэн сан. www.1212.mn
13Сонгуулийн зардлын дээд хязгаар. ҮАГ. 2020.02.28 өдөр. https://www.olloo.mn/n/71399.html

14Монголын хэвлэл мэдээллийг хэн эзэмшиж байна вэ? http://www.pressinst.org.mn/content/read/75233.htm
15ЕАБХАБ-ын АИХЭГ-аас томилогдсон Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны эцсийн тайлан https://www.osce.org/odihr/elections/mongolia/352871