Зураг
Зураг
Индэр    
2020 оны 5 сарын 11
Зураг
Нийгмийн Эрүүл Мэнд судлаач

Эцсийн өмчлөгчийн мэдээллийг Монгол Улс ил болговол улстөрчид төсвөөс хулгайлж чадахаа болино

Зураг

Монгол Улс эцсийн өмчлөгчиийн мэдээллийг ил тод тавьдаг болсноор авлигаас сэргийлэх тэмцэлд томоохон дэвшил гарах боломжтой. 

Ийм боломжийн том жишээ бол Улсын бүртгэлийн газраас компаниудын бүртгэлийн мэдээллийг ил тод болгосноор ЖДҮ тойрсон авлига илэрч улс төрчид маань төсвөөс хэрхэн шамшигдуулдаг тод жишээ ил болсон явдал юм.

Мөн тендерийн ялагчид нь ч улс төрчид тэдний хамаарал бүхий этгээдүүдүүд болох нь тодорсон. Тун удалгүй залуусын санаачилсан opendatalab.mn сайт бий болсоноор бүртгэлийн мэдээллээс гадна худалдан авалт ба лиценз эзэмшигчид мөн АТГ-ын ХОМ ба сонгуулийн нэр дэвшигчдийг нэгтгэн хайх боломж гарсан бөгөөд хэн нэгэн улс төрчийн нэрээр хайхад  тэрхүү улс төрчийн бүх л холбоо хэлхээг харах бүрэн боломж бүрдсэн байдаг.

Энэхүү сайтын хандалт оргилдоо хүрч иргэд ба сэтгүүлчдийн мэдээллийн чухал хэрэгсэл болсон юм. Гэвч улс төрчид маш хурдан гарцыг олов. Тэд бүртгэлийн мэдээлээс компаниудын эзэмшлээс нэрээ хасаж өөр хүмүүсийн нэрийг тавиад нуугдаж эхлэв.

 
Эх сурвалж Д.Тэгшбаяр (https://www.mrpam.gov.mn/public/pages/66/BO%20report.pdf )

Одоо ямар арга үлдсэн бэ гэвэл барууны орнуудын жишгээр эцсийн өмчлөгчийн мэдээллийг ил тод мэдээлэх тогтолцоог Улсын бүртгэлийн газар хэрэгжүүлэх шаардлага байна. Британи улсын  эцсийн өмчлөгчийн мэдээллийг мэдээлдэг сайт 2017 онд байгуулагдмагцаа нэг жилийн дотор 23 тэрбум хандалт авсан байдаг.  

Эцсийн өмчлөгч гэж хэн бэ

Улс бүр өөр өөрийн тодорхойлолтой бөгөөд Ашиг хүртэгч эцсийн эзэн гэж компани, эсхүл траст биш зөвхөн хувь хүнийг хэлнэ. Транспэрэнси интернэшнл байгууллагын зүгээс  тэдгээрээс олох орлогыг эцсийн бүлэгт эзэмшдэг, хянаж удирддаг, эсхүл ашиг хүртдэг бие хүнийг хэлнэ гэж үздэг ажээ.

Хэрэв компани нь бүтцийн хувьд олон давхар, олон төрлийн хуулийн этгээдээс бүрдсэн эсхүл өмчлөл, удирдлага хяналтыг хэрэгжүүлэх хувийн хэлэлцээр хийгдсэн тохиолдолд ашиг хүртэгч эцсийн эзэн гэж тэдгээр сүлжээний толгойд байх хувь хүнийг хэлнэ.  Эцсийн өмчлөгчийн мэдээллийг ил тод мэдээлснээр зөвхөн авлигаас сэргийлэхгүй олон эрсдлээс сэргийлнэ. 

Үүнд төрийн байгууллага, албан хаагчдын үйл ажиллагаа шударга, ил тод бус байх, татвараас зайлсхийх, хууль бусаар хөрөнгөжих, мөнгө угаах, гэмт хэрэг болон терроризмыг санхүүжүүлэх, хариуцлагагүй үйл ажиллагаа даамжирч, байгаль орчин доройтох, тодорхой хэсэг бүлэг этгээдийн эрх мэдэлд уул уурхайн тусгай зөвшөөрөл төвлөрөх, шударга бус монопольчлол бий болох гэх мэт. Манай улсын хувьд 2019 оны 10-р  сард FATF байгууллагын саарал жагсаалтад орсон явдалд эцсийн өмчлөгчийн мэдээллийг ил тод мэдээлэх тогтолцоог бүрдүүлээгүй, бүртгэдэггүй нь нөлөөлсөн нэгэн хүчин зүйл юм. УИХ дээр хууль тогтоогчид ч мөн л  түүхий гоомой хууль баталдгийн жишээ  эндээс харагдаж байна. Эцсийн өмчлөгч гэж хэн бэ гэдэг хуулийн заалтыг Монгол Улсын хууль бүр өөрөөр заасан нэгдсэн нэршил байхгүй, ашиг хүртэгч, бенефициар өмчлөгч гэх мэтээр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай  хууль ба Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөр өөрөөр заасан ба энэ нь нь олборлох салбарт буй эцсийн өмчлөгчид ч хамаарахгүй хэмжээнд  байна.  

Гэтэл манай улс засгийн газар хоорондын олон байгууллагын өмнө энэхүү мэдээллийг ил тод тавина гэсэн үүрэг хүлээсэн байдаг.

2006 онд ОҮИТБС-д нэгдэн орж түүний зарчим, стандарт, шаардлагыг хэрэгжүүлж байна. 2013 онд ОҮИТБС-ын стандартаар ашиг хүртэгч жинхэнэ эздийн мэдээллийн сан бий болгох зөвлөмжийг гишүүн орнуудад өгсөн байдаг. 2016 онд ОҮИТБС-ын стандарт шинэчлэгдэн батлагдсанаар уг Санаачилгыг хэрэгжүүлэгч улс орнууд 2020 гэхэд олборлох салбарт “ашиг хүртэгч эзэд”-ийн мэдээллийг ил тод болгох, үүний тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөгөө 2017 оны 1 дүгээр сарын 1-ээс өмнө батлан гаргах үүрэг хүлээсэн болно.

Монгол Улсын Засгийн газар нь төрийн болон олон нийтийн компанийн засаглалыг сайжруулах, ил тод байдлыг хангах зорилгоор “Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2011 онд баталсан байдаг. УИХ-аас 2014 онд баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичигт зааснаар энэ салбарын бодлого нь ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд чиглэх бөгөөд энэ хүрээнд ил тод, хариуцлагатай уул уурхайн олон улсын санаачилгыг дэмжин хөгжүүлэхээр тусгасан нь ОҮИТБС, Нээлттэй засаглалын түншлэл зэрэг эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг хангах олон улсын санаачилгыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс болж байгаа юм.

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хороо нь 2015 онд Компанийн засаглалын кодекс гаргаж, түүнд тусгасан мэдээллийг нийтэд ил тод болгох санаачилгыг олон улсын стандартад нийцүүлэх зорилт тавин хэрэгжүүлж эхэлсэн боловч дээрх үйл ажиллагааг ОҮИТБС-ын стандартын шаардлагыг хангаснаар аж ахуйн нэгжүүдээс улсын төсөвт төвлөрөх орлого өсөн нэмэгдэж, улс орны өмнө тулгарч буй нийгэм эдийн засгийн асуудлууд амжилттай шийдвэрлэгдсэнээр манай улсын өрсөлдөх чадвар ч дээшлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

Түүнчлэн байгаль орчны нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийж гүйцэтгэх нөөц хөрөнгө бүрдэхээс гадна бодлогын орчин сайжрах болно. Мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-н 4.1.6.5-д “олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах”, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 4.1.6.5-н 3 дугаар хэсэгт “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын стандартын хүрээнд ашиг хүртэгч (бенефициар) эздийг ил тод болгох” гэж тус тус тусгасан байдаг. Түүнчлэн ил тод байдлыг хангах, авлигатай тэмцэх, засаглалыг бэхжүүлэх зорилго бүхий улс орнуудын сайн дурын олон талт санаачилга болох Нээлттэй засаглалын түншлэлд Монгол Улс 2013 онд нэгдэн орсон билээ. Монгол Улс Нээлттэй засаглалын түншлэлд нэгдэн орсонтой холбогдуулан гаргасан Засгийн газрын 2013 оны 381 дүгээр “Нээлттэй засгийн түншлэлийн тухай” тогтоол болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 14 дүгээр тушаалаар баталсан “Монгол Улсын Нээлттэй Засгийн түншлэлийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө III”-ний дагуу “эцсийн өмчлөгчийн” мэдээллийг нийтэд нээлттэй мэдээлэх үүргийг Монгол Улсын Засгийн газар хүлээсэн болно.

Хуулийн этгээдийн бүртгэлийн хуулийн 2018 оны нэмэлт өөрчлөлтөөр компаниуд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эцсийн эзэмшигчийн мэдээллийг бүртгүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд харамсалтай нь Улсын Бүртгэлийн газар энэхүү мэдээллийг бид олон нийтэд тавина гэсэн үүрэг хүлээгээгүй хэмээсэн бөгөөд мэдээллийг тавихгүй гэдгээ мэдэгдсэн байдаг. Иймд Улсын Бүртгэлийн газар Хуулийн этгээдийн хуулинд бүртгэнэ гээд заачихсан ч манай Засгийн газраас олон улсын өмнө хүлээсэн үүрэгийн дагуу  болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-н 4.1.6.5-д “олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах заалтын хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлага үүсээд байна.