Зураг
Зураг
Индэр    
2020 оны 5 сарын 11
Зураг
iKon.mn сэтгүүлч

Хотын захиргааны шинэ цогцолборын эхний блок энэ сард нээлтээ хийх ч төрийн байгууллагууд хэзээ нүүх нь тодорхойгүй

Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улаанбаатар хотыг олон төвт болгох тухай ярьсаар, төлөвлөсөөр долоон оныг үдэв. 

2013 онд энэ ажлын эхлэл болгож, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо буюу олонхын нэрлэж заншсанаар Ханын материалын эцэст Хотын захиргааны шинэ цогцолборын шав тавих ёслол болж, арга хэмжээнд тухайн үеийн хотын дарга Э.Бат-Үүл, төрийн тэргүүн Ц.Элбэгдоржийн хамтаар оролцож байлаа. 

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн, алслагдсан таван газрыг сонгон, хотын захиргааны шинэ цогцолборыг барьж болох эсэхийг судалсны эцэст дээрх байршлыг сонгосон байна. Ингэхдээ дулааны эх үүсвэр зэрэг дэд бүтцийн асуудлаас эхлэн, нийслэл хотын ирээдүйн төлөвлөлт зэрэг хэд хэдэн хүчин зүйл нөлөөлснийг албаныхан онцолж байлаа. 

Гэвч удаах хотын дарга Су.Батболд хотын төвийг Ханын материал биш, Яармагт барихаар шийдвэрлэсэн юм. Үүний учрыг тэрбээр “Яармагийг бизнес санхүүгийн төв болгон хөгжүүлнэ. Учир нь, тухайн газар нь хөгжих бололцоотой дэд бүтэц, шинэ нисэхийн хурдны зам орсон, Яармагийн гүүр шинээр баригдаж байгаа зэрэг боломжууд ихтэй” хэмээн тайлбарласан нь бий. 

Тухайн үед нь хотын дарга асан Э.Бат-Үүл “Сонгинохайрхан дүүргийн Ханын материалд байгуулах гэж байсан хотын захиргааг Нүхтийн ам руу нүүлгэнэ гэж байгаа чинь зориуд тэр газрыг үнэтэй болгох гэж хийгээд байна... Нүхтийн аманд баахан арын хаалгатай улсууд газар авчихсан байгаа. Тэрэн дээр баригдах орон сууцыг заруулах гэж л хотын захиргааг нүүлгэх гэж байна” гэж эгдүүцэж байжээ.

Хотын захын гэр хороололд гэмт хэргийн гаралт хамгийн өндөр байна

Анх төлөвлөснийхөө дагуу дээрх цогцолбор Ханын материалд баригдсан бол хотын зах гэх тодотголтой энэ хэсэг Улаанбаатар хотын нэгэн шинэ төв болох байв. Дулааны шугам сүлжээ, авто зам, гэрэлтүүлэг сайжирч, хот хойшоо тэлэн хөгжих нэг гарц байсан нь мадаггүй.

Тэр хэрээр хотын тэгш бус байдал харьцангуй буурах байв. Улаанбаатар хотод хэн, хаана амьдарч байгаагаасаа шалтгаалан хэрхэн тэгш бус эрхтэй байгааг доорх зургуудаас харах боломжтой.

Улаанбаатарт 2018 онд гарсан нийт гэмт хэргийн гаралтыг газрын зурагт дүрслэн үзүүлэхэд хотын хойд хэсгээрх гэр хороололд хамгийн их өндөр үзүүлэлт гарчээ. 

Зураг 1, Улаанбаатар хотод 2018 онд гарсан гэмт хэргийг үзүүлэлт

 

Зураг 2, Нийслэл дэх сургуулийн хүртээмж

 

Зураг 3, Нийслэл дэх цэцэрлэгийн хүртээмж 

 

Дээрх үзүүлэлтүүдээс харвал орон сууцны хорооллууд орчимд сургууль, цэцэрлэгийн хүртээмж их, гэмт хэргийн гаралт харьцангуй бага байгааг харж болно. Хотын захын гэр хороолол энэ байдал яг эсрэгээрээ хэвээр байна.

Төрийн бодлогоор зохион байгуулж, хөгжүүлэх шаардлагатай зүйлс гэж бий. Ялангуяа хотын төвөөс алслагдсан хэсгийн гэр хорооллын иргэдийн аюулгүй байдлыг хангасан, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэхүйц байхаар хотоо төлөвлөх учиртай.

Хотын захиргааны шинэ байрны эхний блок энэ сард нээлтээ хийнэ

Хотын захиргааны шинэ цогцолбор байгуулах ажил өдгөө гурав дахь даргынхаа нүүрийг үзэж байна. 

Хотын дарга асан Э.Бат-Үүлээр Ханын материалд шаваа тавьж, удаах дарга асан Су.Батболдын шийдвэрээр Яармаг руу шилжсэн уг төсөл одоогийн нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы үед инновацын төв болохоо шахав.

Эргэн сануулбал, жилийн өмнө нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Иргэд оршин суугчдад тулгамдсан зарим асуудлыг автобусанд буюу “Явуулын байр”-аар газар дээр нь очоод шийдэж болж байна. Тиймээс хотын захиргааны шинэ цогцолборт нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид нүүж орж, ажиллах нь нэн тэргүүний шаардлага биш. Юуны түрүүнд улс орны ирээдүй болсон, их хотын хүн амын дийлэнх олонхыг бүрдүүлж буй хүүхэд, залуусынхаа боловсрол мэдлэг, ур чадвар, инженер техникийн сэтгэхүйг хөгжүүлэх, технологиос хамааралтай ирээдүйн хөгжилтэй хөл нийлүүлэн өрсөлдөх чадвартай иргэдийг бэлтгэх зорилгоор ашиглах нь зөв гэж үзэж байна" хэмээн байр сууриа илэрхийлж байжээ.

Гэхдээ анхнаасаа дээрх зориулалтын дагуу баригдаагүй тул энэ санал буцаагдсан юм.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Яармагт баригдаж буй хотын захиргааны шинэ байр нийт гурван блокоос бүрдэнэ. Цогцолборын талбайн хэмжээ 68 мянган м.кв, санхүүжилтийн хэмжээ нь 97 орчим тэрбум.

2018 онд барилгын ажил нь эхэлсэн уг цогцолборын гүйцэтгэл ямар байгааг захиалагчийн талыг төлөөлж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас тодруулахад  А блокийн гүйцэтгэл 98 хувьтай байгаа энэ сард багтаан нээлтийг нь хийхээр төлөвлөж байгаагаа дуулгав.

Мөн В блокийн барилга, угсралтын үйл явц 45 хувьтай үргэлжилж байгааг мэдээллээ.

Харин нийслэлийн захиргааны байгууллагууд хэзээ нүүж орохыг нийслэлийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсээс тодруулах гэсэн боловч хариулт өгөх хүн олдсонгүй.

Өөрөөр хэлбэл, удахгүй нээлтээ хийхээр төлөвлөж, нийслэлийн сүлд Хангардиа суурилуулсан шинэ байранд нийслэлийн төр, захиргааны байгууллагууд нүүж орох нь тодорхойгүй хэвээр байна.