Зураг
Зураг
Индэр    
2020 оны 5 сарын 4
Зураг
Мэдээллийн технологи

Хөгжлийг төлөвлөх ТЕХНОЛОГИ

Зураг
Зургийн эхсурвалж: https://www.springwise.com/

Биднийг тэнгэрийн замаа ярьж, төв талбайн цэцэрлэг, Байгалийн түүхийн музейгээ буулгаад дахин барих гэж байх хооронд дэлхийн улс орнууд өөрсдийн улс орныхоо “Дижитал хувилбар”-ыг барьж байгуулан түүн дээрээ түшиглэн ирэх 40-50 жилийн төлөвлөгөөг зохиож, ирээдүйд урган гарч ирж болзошгүй эрсдлүүдийг урьдчилан тооцоолж байна.

Сингапур улс дэлхийд анх удаа улсынхаа дижитал хувилбар буюу “Digital Twin”-ийг байгуулсан.

 Хот төлөвлөлтийг илүү боловсронгуй болгох, иргэдийнхээ  амьдрах нөхцөлийг сайжруулах, нийтийн тээврийн системээ оновчтой зохион байгуулах, гамшгийн үеийн эрсдлийг урьдчилан тооцоолох болон эрчим хүчний хэмнэлт хийх, нөөцүүдийн үр дүнтэй ашиглалтыг нэмэгдүүлэх, ирээдүйд бий болох агаарын бохирдол болон шуугианы бохирдлыг загварчилж тооцоолох түүнд хариу арга хэмжээ авах зорилгоор “3D EXPERIEN City” нэртэй Сингапур улсын дижитал хувилбарыг бий болгох төслийг амжилттай хэрэгжүүлжээ.

Энэ тухай дараах видеоноос дэлгэрэнгүй үзнэ үү.

Чухамдаа Дижитал хувилбар буюу “Digital Twin” гэдэг нь юу болох талаар товч авч үзье.

Энэхүү технологи нь орчин үеийн технологийн дэвшлүүдийн огтлолцол дээр үүсэн гарч ирсэн сонирхолтой технологи юм. Хиймэл оюун ухаан, өгөгдлийн аналитик, юмсын интернет зэрэг дижитал шилжилтийн суурь технологиудын үр дүнд гарч ирсэн шинэ технологи юм.

Маш товчхондоо бодит биет юмсын дижитал хувилбарыг технологийн тусламжтай бий болгоно гэсэн үг юм. Ингэснээр бодит систем, машин, тоног төхөөрөмжийг бүтээж түүнийг нэвтрүүлэхээс өмнө дижитал хувилбарыг гарган түүн дээр туршилт судалгаа явуулах боломж бүрдэнэ. Аливаа систем нь олон дэд хэсгээс бүрдэж комплекс бүтцийг бий болгодог. Эдгээр хэсгүүд өөр хоорондоо холбогдож, тэдгээр нь маш их хэмжээний дата үүсгэж, үүссэн дата-г анализ хийснээр аливаа зүйлсийн дижитал хувилбарыг бий болгох боломж бүрддэг. Уг технологийг ашиглан барилга байгууламж, үйлдвэр, машин техник, хүн тэр ч бүү хэл дээр дурдсанчлан хотууд дижитал хувилбараа бий болгож болно.

Анх NASA сансрын хөлөг онгоцны асуудлуудыг тодорхойлох зорилгоор бүрэн дижитал симуляцийг хийснээр энэхүү санаа анх төрсөн. 2017, 2018 онуудад Gartner уг технологийг шилдэг 10-н стратегийн ач холбогдолтой технологийн нэгээр нэрлэсэн. Технологийн салбарын томчууд болох General Electric, SIEMENS, IBM, MICROSOFT зэрэг компаниуд Digital Twin платформуудаа танилцуулж, амжилттай туршилт судалгааг явуулсаар байна.

Дижитал хувилбарыг үүсгэхэд дата судлаачид, хэрэглээний математикчид голлох үүрэг гүйцэтгэх бөгөөд дата дээр тулгуурлан бодит зүйлсийн математик загварыг боловсруулан дижитал хувилбарыг бий болгодог. Бодит биет зүйлсээс датаг мэдрэгчүүдийн тусламжтайгаар  тухайн системийн үзүүлэлт, ашиглалтын тухай мэдээллийг цуглуулж уг дата дээр тулгуурлан ирээдүйд тулгарч болзошгүй асуудлыг симуляци хийж мэдэх боломж үүсдэг.

Үйлдвэрлэлийн салбарт “Digital Twin”-ийг үүсгэснээр үйлдвэрлэлийн алдааг бууруулах, үйлдвэрлэлийн процессыг хянах, сайжруулах боломж үүсдэг.

Тухайлбал, автомашин үйлдвэрлэлийн салбарт уг технологийг нэвтрүүлснээр зардал буурах, зах зээлд нэвтрүүлэх хугацаа буурч эхэлсэн байна. Харин эрүүл мэндийн салбарт хүний биеэс мэдрэгчүүдээр дамжуулан мэдээлэл хүлээн авч хүний биеийн дижитал хувилбарыг үүсгэснээр эрүүл мэндийг хянах, урьдчилан таамаглал дэвшүүлэх боломжтой болох талаар судалгаанууд эрчимтэй хийгдэж эхэлжээ.

Өөр нэг том жишээ бол Их Британи улсын Засгийн Газар цаг уурын өөрчлөлт болон хүн амын  өсөлтөөс үүдэлтэй ирээдүйд тулгарч болзошгүй асуудлуудыг таньж мэдэх, судлах зорилгоор улсынхаа “Digital Twin”-ийг үүсгэхээр төлөвлөж байна. Их Британи улсын зам тээвэр, барилга байгууламж, эрчим хүч, харилцаа холбоо гээд бүхий л дэд бүтцийг тэр чигт нь симуляци хийх боломж бүхий уг томоохон төсөл дээр төрийн болон хувийн хэвшлүүд хамтран оролцож байна. Их Британи улсын Үндэсний Дэд бүтцийн комиссын дарга Sarah Hayes мэдэгдсэнээр энэхүү төслийг гүйцэтгэхэд ойролцоогоор 30 орчим жил зарцуулагдана хэмээжээ.

Энэ тухай дараах видеоноос үзнэ үү. 

Бидний хувьд бүх зүйлийн хойноос нь биш зарим зүйлийг угтуулан хийх боломж бий. “Алсын хараа 2050” зэрэг урт хугацааны төлөвлөгөөндөө улс нийслэлийнхээ, шинээр байгуулах хотуудынхаа дижитал хувилбарыг одооноос барьж байгуулахаар тусгаж, цаашид хоорондоо харилцан уялдаа холбоотой төслүүдийг хэрэгжүүлдэг болмоор байна.

Энд дурдагдсан зарим концепц, ойлголтуудын талаар дэлгэрүүлж уншихыг хүсвэл ЭНДээс авна уу.


Эх сурвалж: