Индэр    
Эмчлүүлж байхдаа "Анх-Отгонтой" таараад англиар мэндлэхэд нь зөрүүлээд францаар мэндэлтэл нүдэнд нь нулимс цийлэгнээд...
Зураг
2020 оны 4 сарын 29
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Эмчлүүлж байхдаа "Анх-Отгонтой" таараад англиар мэндлэхэд нь зөрүүлээд францаар мэндэлтэл нүдэнд нь нулимс цийлэгнээд...

Шинэ коронавирусийн халдварын 38 тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэнээс 10 нь бүрэн эдгэж, ХӨСҮТ-өөс гараад буй.

Хамгийн сүүлд монголчуудын “Анх-Отгон” хэмээн нэрлээд байсан Франц улсын иргэн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан нь олон хүнийг баярлуулсан үйл явдал болов. 

Тэгвэл Францын иргэний дараахан COVID-19 халдвар авсан Монголын анхны гурван тохиолдлын нэг, биеийн байдал хамгийн хүнд гэгдэж байсан эмэгтэй хэдийн бүрэн эдгэж, эмнэлгээс гадуурх 14 хоногийн тусгаарлалтаа хүртэл дуусгаад гэртээ гарсан сайхан мэдээ байна. 

Одоогоор нэрээ зарлахыг хүсээгүй ч бодит нөхцөл байдлын талаар, ХӨСҮТ-ийн эмч, ажилтнуудын тухай болон халдвартай хэрхэн тэмцсэн талаараа тэрбээр чин сэтгэлээсээ ярилцаж, түүхээ хуваалцсан юм. 



-Юуны өмнө дэлхий нийтийг хамраад байгаа аюулт вирусийн халдварыг даван туулж, эдгэсэнд нь баяр хүргэе. Эмнэлгээс гараад хэр удаж байна вэ?

-Баярлалаа. Эмнэлгээс дөрөвдүгээр сарын 7-нд гараад “Энх Саран” амралтын газарт 14 хоноод, гэрийн тусгаарлалтаа эхлүүлээд 7 хонож байна. Халдвар бүрэн эдгэж, COVID-19-ийн эсрэг биет үүссэн гэж эмч хэлсэн. Тэгэхээр одоо дахин халдвар тараахгүй, бас авахааргүй болсон.

-Францаас Москвагаар дамжиж эх орондоо ирсэн гэсэн. Европ дахь монголчууд нутагтаа ирэх гээд нислэг байхгүй, хүнд байдалтай байна. Европоос иргэдээ авсан ганц онгоцонд хэрхэн багтаж ирэх болсон тухайгаа ярихгүй юу.

-Европт байгаа монголчуудын нөхцөл байдал яг одоо үнэхээр хүнд байгаа. Ирсэн ганц онгоцонд нь багтаад ирсэн нь миний хувь тавилан гэлтэй. 

Би Францад сургуульд сурч, зургаан жил амьдарсан. Визийн хугацаа маань 2020 оны гуравдугаар сарын 29-нд дуусах гэж байсан тул 27-нд нисэхээр тийзээ захиалчихсан байлаа. Гэтэл коронавирусийн халдвараас сэргийлэхтэй холбоотой Монгол Улс бүх нислэгээ цуцалчихсан. Тухайн үед Францад коронавирусийн халдварын тохиолдол өдөр өдрөөр нэмэгдсээр 1,700 давчихаад байсан ч манай Монголыг бодоход маш оройтож арга хэмжээ авч байгаа нь тодорхой байсан.   

Ингээд нислэг маань цуцлагдаж, тусгай үүргийн нислэг явахаар болсон тухай мэдээг Франц дахь ЭСЯ-ны вэб сайтаас авсан. Үүний дагуу Элчин сайдтай холбогдоход “Явсан нь дээр. Энд үлдлээ гэхэд таны визийг дараа нь хэрхэн шийдэх нь одоогоор тодорхойгүй учраас” гэсэн. 

Тэр үед Европоос буцах хүмүүс бүгдээрээ Германд цуглаад тэндээсээ Москвагаар дамжиж Монгол явах ёстой байсан. Миний хувьд тийзээ “Аэрофлот”-оор захичихсан байсан тул МИАТ-тай холбогдоод Парисаас шууд Москва орохоор болсон юм.

-Тухайн үед нөхцөл байдал одоогийнхоос харьцангуй тайван байсан байх, тийм үү? 

-Парисын төвөөс Москва орох замд нисэх буудлын ажилчдыг эс тооцвол амны хаалт зүүсэн хүн бараг таараагүй. Тэр дунд маск зүүж, битүү конбинзон өмсөж, өөрсдийгөө хамгийн сайн хамгаалсан нь Азиуд л байсан. Ялангуяа, солонгосчууд битүү хамгаалалттай, онгоцонд юм идэж, уухгүй, өөрсдийгөө маш сайн хамгаалж байсан бол Европ хүмүүс ямар ч ойлголтгүй, төвөгшөөсөн хандлагатай байсан. 

Мөн Парист ч тэр, Москвад ч тэр хил дээр бидний биеийн халууныг огт үзэж хянаагүй. Яг Москвагаас Монгол явах хаалган дээр ирэхэд л битүү масктай монголчууд бөөнөөрөө сууж байсан нь нүдэнд шууд туссан. Элчингээс явах хүмүүст өндөр шаардлага тавьж байсны дагуу бүх хүн масктай, зарим нь бүр бээлийтэй, маш хариуцлагатай байсан. Тэндээс л монголчууд цөөхүүлээ гэдгээ ухамсарлаж, сайн хамгаалах хэрэгтэй гэж сэтгэлээсээ хандаж байгаа нь мэдрэгдээд, хараад л хайр хүрсэн дээ. 

Монголчууд цөөхүүлээ гэдгээ ухамсарлаж, сайн хамгаалах хэрэгтэй гэж сэтгэлээсээ хандаж байгаа нь мэдрэгдээд, хараад л хайр хүрсэн дээ

-Уханиас ирсэн оюутнууд мөн өөрсдийг нь авахаар ирсэн онгоцны багийнхныг хараад баярлаж байснаа хуваалцсан. Тэр үед мөн л баярлаж байсан болов уу гэж бодогдож байна. Ямар сэтгэгдэл төрж байснаа хуваалцахгүй юу?

-Тэгэлгүй яах вэ. “Энэ хүмүүс Монголоос сэтгэл гаргаад биднийг авах гээд ирчихсэн байна шүү дээ” гэж бодоход л хамар шархирч, өөрийн эрхгүй огшиж, уйлмаар болсон. Тэнд байгаа бүх хүн л ижилхэн сэтгэгдэл төрсөн тухайгаа ярьж байсан. 

Яахав, Япон гэх мэт хүчирхэг том орнууд иргэдээ татлаа гэсэн мэдээлэл гарч л байсан. Гэхдээ манайх шиг хүнээ авах гээд зорьж ирсэн ийм жижиг улс үнэхээр байхгүй. 

Москвад ирээд биднийг авахаар ирчихсэн цагаан хувцастай хүмүүсийг хараад л маш их найдвар, “Үүнээс хойш юу ч болсон айлтгүй юм байна” гэсэн их итгэл тэндээс л төрж, сэтгэл уужирсан. 

 

Тэд битүү цав цагаан хувцастай зогсчихсон хүн бүрийг нэрээр нь ээлжлэн дуудаж, асуумж бөглүүлж, халуун хэмжсэн. Дараа нь онгоцны хаалгаар орохын өмнө мөн халуун хэмжиж, амны хаалт, бээлий сольж өгсөн. 

Тэр болгоноос манай улсын Засгийн газар, Онцгой комисс, Эрүүл мэндийн яам иргэдээ татан авах төдийгүй халдвараас сэргийлэх ажлыг шат шатандаа үнэхээр зохион байгуулалт сайтай, нарийн төлөвлөж, бүх эрсдлийг тооцож хийж чадсан нь харагдаж байсан. Тиймдээ ч одоо 38 тохиолдолтой, тэр нь гаднаас зөөвөрлөгдсөн, өдөрт нэг хүн нэмэгдсэн ч зөрөөд нэг хүн эдгэж гарах жишээтэй, харьцангуй тайван байна. 

-Тухайн үед биед нь ямар нэгэн зовуурь мэдрэгдэж байсан уу. Халуурсан ч юм уу, ямар нэг шинж тэмдэг ажиглагдаагүй юу? 

-Францад байхдаа би 10-аад хоногийн өмнө 37.5 хэм хүрч нэг халуурсан. Тэр үедээ яаралтай түргэн тусламжийн дугаар руу залгатал нэг франц намайг загнаад “37.5 бол хүний биеийн жирийн дулаан. Завгүй байхад битгий хүний ажилд саад болоод бай” гээд шууд утсаа тасалчихсан. Би дахиж залгаад ер нь яах тухай, гэртээ ажиглаж байх ёстой юм уу, эсвэл эмнэлэгт очих уу гэдгийг асуухад “Амьсгалж чадахгүй болтлоо гэртээ байна. Үнэхээр амьсгалж чадахгүй болтлоо хүндэрсэн тохиолдолд эмнэлэгт ирнэ. Гэхдээ бид очиж авна. Эмнэлэг дээр ирж болохгүй” гэж анхааруулсан. 

 Хүмүүс онгоцонд цэцэрлэгийн хүүхдүүд шиг л маш дуулгавартай, журамтай явж ирсэн

-Тэрнээс хойш дахиж халуурсан уу, онгоцонд суух үедээ зовуурьтай байсан уу?

-Дахиж халуураагүй. Францад байхад халуурсан өдөр нь хүйтэн бороонд норсон юм. Тэрнээс болсон байх гэж бодоод л өнгөрсөн.

Онгоцонд суух үедээ халуунгүй байсан. Хоолой л бага зэрэг сэрвэгнэж байсан. Ер нь багаасаа л хүйтэн юм идэж уухад амархан өвдчих гээд байдаг л даа. Тухайн үеийн тэр сэрвэгнэх байдал харшил шиг хэрнээ аргуун ч юм шиг мэдрэмж төрүүлж байсан ч Монголд ирээд эмчийн амнаас “Та вирусийн халдвар авсан байна” гэж сонсох хүртлээ вирусээс үүдэлтэй гэж огт санаанд ороогүй. 

Онгоцонд суугаад цаг орчим ниссэний дараа бие зарайж эхэлсэн. Гэдэс хямармаар ч юм шиг оргиод. Өглөө гэрээсээ эрт гараад нойр, хоол муутай удаан явсандаа тэгж байгаа байх гээд өөр зүйлээс л шалтгаан хайж байв. Тэгээд халуун ус уух гэсэн боловч онгоцонд хүйтэн ус, лаазтай ундаа л өгч байсан. Ерөнхийдөө хүмүүс онгоцонд идэж уухгүй, спиртээр сэнгэнэтэл гараа ариутгаад, цэцэрлэгийн хүүхдүүд шиг л маш дуулгавартай, журамтай явж ирсэн. 

Ингээд онгоцноос буухын өмнө халуун хэмжтэл 37.5-ыг заалаа. Франц эмчийн хэлсэн нь санаанд орж, хэвийн халуунтай байна даа гэж бодов. Бие зарайгаад байхаар нь хувцаснууд давхарлаад, хөнжил нөмөрсөн байсан тул халууцсан байж магад гээд хэсэг хугацааны дараа дахин үзтэл дахиад 37.5.  

-Тэгээд ямар арга хэмжээ авсан бэ?

-Халуунтай учраас онгоцны хамгийн хойд хаалгаар буулгахаар боллоо. Би бизнес классын арын цөөхөн суудалтай хэсэгт суучихсан, миний суудлаас арагш бүр том заал байсан. 

Онгоцны чанга яригчаар “За, халуунтай хүн буух гэж байна. Та бүхэн амны хаалт, бээлийгээ өмсөөрэй” гээд зарлалаа. Миний цүнх саванд хүрэх хүн байхгүй учраас чемоданаа түрээд хойшоо алхтал бүх хүн намайг яг л хөл ургасан том вирус явж байгаа юм шиг гайхаж, дагуулж харж байсныг санаж байна. 

Францад байхдаа юм нэхэх зэрэг чимхлүүр ажил их хийж байсан болохоор хөшөөд булчин өвдөж байна гэж бодож байсан нь вирусээс болсныг дараа нь эмчийн тайлбарыг сонсоод л ойлгосон. 

Онгоцноос цүнхээ дааж ядан алхсаар шатаар гадагш буутал ариутгалын багаж барьчихсан, битүү цагаан хувцастай хүмүүс утсыг авч арчаад, цүнх савыг холдуулан толгойн оройноос хөлийн ул хүртэл надруу таван талаас шууд шүршсэн. Яг л кинон дотор орчихсон юм шиг сүрдмээр байсан. Ингээд бөөн хлорамин үнэртүүлсэн хүн түргэний машинд орж суугаад тэр чигээрээ ХӨСҮТ рүү хүргэгдсэн дээ. 

 

-Чамтай хамт өөр хүн ХӨСҮТ рүү явсан уу?

-Зорчигчдоос бол би ганцаараа явсан. Машины урд хэсгийг шилээр тусгаарласан, жолооч болон тандалтын албаны Бат-Оргил гэдэг эмч урд нь суугаад явсан. Тэд маш эелдэг харилцаатай бөгөөд ямар ч айдас төрүүлэлгүйгээр намайг аваад явсан. Амьдралдаа анх удаа түргэний машинд сууж үзсэн би доторх зохион байгуулалтыг нь сонирхсон шиг л явсан (инээв). 

-ХӨСҮТ-д очингуут эхлээд түргэвчилсэн оношлуураар шинжилсэн үү. Ямар нөхцөл байдал угтав?

-Эмч нар ярьж байгаад тавдугаар тасагт оруулсан. Оронгуут шууд хуучин бор пильтатай ариун цэврийн өрөө угтахад нь их гайхсан. Энд нь ор тавьж өгөх юм байхдаа ухааны юм бодоод. Зохион байгуулалт нь анхнаасаа халдвар хамгааллын зорилгоор, өвчтөнийг ийш тийш явуулалгүйгээр өрөөнөөс гаргаж, оруулах зориулалттай юм билээ. Цааш ортол гурван ортой өрөө байсан. 

Удалгүй ХӨСҮТ-ийн Ц.Чинбаяр эмч орж ирээд “Эмч нь чагнаадахъя, дараа нь ярилцъя” гэсэн. Чагнаж дуусаад “Би чамаас хэдэн шинжилгээ авмаар байна. Чиний уушгийг сонсоход Францын иргэн анх ирэхэд уушги нь ямар сонсогдож байсан, яг тийм байна. Миний бодлоор чиний уушгинд юм байна. Шинжилгээ авч үзье” гэсэн.  

Эхний ээлжинд цусаар түргэвчилсэн шинжилгээ авахад сөрөг гарсан тул тайвшраад сууж байтал гаднаас хоёр сувилагч орж ирээд урт савхаар хамар, хоолойн арчдас авчихаад гарахдаа “Хол замд явсан хэвтээд амарч бай, миний охин” гээд бүгд маш эелдгээр хэлээд гарсан. 

Монголд амьдраагүй олон жил болсон миний хувьд эмнэлэг, эмч нарын талаар ихэвчлэн сөрөг мэдээлэл сонсож байсан тул огт өөр төсөөлөлтэй байтал эмч нар эхнээсээ л маш эерэг хандлагатай, найрсаг харилцаатай байсан төдийгүй намайг сэтгэл санаагаар үнэхээр их дэмжсэн. 

Ингээд цаг болсон уу, үгүй юу эмч орж ирээд “Цуснаас нь биш, хоолойноос нь вирус илэрсэн. Одоо хоёулаа тасгаа солино” гэв. 

-Шинэ коронавирусийн халдвар авснаа сонсоод цочирдсон байх даа. 

-Хариугаа сонсохоос өмнө эмнэлэгт тусгаарлагдаж, байдал биш боллоо гэдгийг гадарлаад,  юу юугүй хямраад уйлах гэж байтал миний тэр байдлыг анзаарсан эмч “Ямар дураараа тэнэж яваад бэлгийн замын халдварт өвчин авчихсан биш. Дэлхий нийтээрээ гарч байгаа зүйлээс айх хэрэггүй. Энэ бол эдгэрдэг өвчин” гэж хэлсэн. Хариу гараагүй байсан ч эмч уушги чагнаад ойлгосон шиг байгаа юм. 

Тэгэхэд нь би “Би ерөөсөө өвдөхөөс айхгүй байна. Хамгийн гол нь монгол хүн нэг ч өвдөөгүй гэсэн хүмүүсийн сэтгэлгээний дархлааг очиж очиж би хамгийн анх туссан монгол хүн гэдгээрээ унагах нь байна” гэж хэлсэн.

Тэр үед тэнгэр дээрээс дараад ороод ирж байгаа юм шиг л харанхуйлаад, маш хүнд хариуцлага мэдрэгдээд үнэхээр хэцүү санагдсан. Тэгтэл эмч маань “Энэ бол эдгэрдэг өвчин. Тэгээд ч чи анхны тохиолдол нь ч биш. Өчигдөр хоёр хүнээс илэрсэн байгаа болохоор санаа зовох хэрэггүй. Хоёрдугаарт, хүндэрдэг хэлбэрийн ханиад л болохоос ДОХ, тэмбүү биш. Санаа зовж, айх хэрэггүй” гээд намайг тайвшруулсан. 

Дотроо бас шинжилгээний хариу гайгүй гараад буудал руу явчих ч юм болов уу гэсэн горьдлоготойгоо байв. Ингээд хариу ч гарч, өрөөгөө солиод ганц хүний ортой өрөөнд орсон. 

 

ХӨСҮТ-ийг би ёстой гаднаа паланцаг, дотроо гяланцаг гэж хэлнэ

-Хэд хоног эмчилгээ хийлгээд гарсан билээ?

-22 хоноод гарсан. 

-Чамайг хэвтэх үед Францын иргэн 7-8 хоночихсон байжээ.

-Тийм ээ. Францын иргэн халдвар зөөвөрлөж ирээд маш олон хүнийг цочролд оруулж, сандаргасан боловч тэр хүнд эсрэгээрээ талархмаар санагдсан. Хүмүүсийн цочроог гаргаснаас гадна эмч нарт маш том туршлага хуримтлуулах боломж олгосон гэж бодож байгаа. 

-Тусгаарлагдаж байсан хүмүүс хоол ундаа голохоос эхлээд эмч нар руу дайрах зэрэг асуудал гарч байсан талаар ЭМЯ мэдээлсэн. Эмчилгээ, үйлчилгээ хэр байв. 

-Энэ бол үнэхээр ярихгүй байх аргагүй маш чухал сэдэв. 

ХӨСҮТ-ийг би ёстой гаднаа паланцаг, дотроо гяланцаг гэж хэлнэ. Гаднаасаа харахад яг л Европын эртний орхигдсон байшингуудаас ялгарах юмгүй мэт харагдах ч тэнд ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч, ариутгагч гээд бүгдээрээ ажлаа яаж чин сэтгэлээсээ хийдэг, тэр их ачааллын хажуугаар өвчтөнүүдийнхээ сэтгэл санааг яаж өргөж, ямар сайхан харилцаж, аав, ээжээс минь дутахгүй, биднээс сэжиглэж цэрвэхгүйгээр ажилласан тэр хязгааргүй сайхан сэтгэлд үнэхээр биширсэн. 

Би 22 хоногийн ариун цэврийн сургалтад суусан юм шиг л болсон. Шалны мод хугарчихсан байхад түүнд гомдоллохгүй мөлхөж, өрөөний жорлонг хүртэл гэртээ аяга таваг угааж байгаа мэт зүлгэх тэр асрагч ариутгагч эгч нараас маш их зүйл сурсан. 

 

Тэр хүмүүс тэгж ажиллаж байхад би өөрөөс шалтгаалах бүх зүйлээ хийж, тэр хүмүүсийн, эмч нарын ажлыг дэмжих ёстой гэж бодсон.

Тиймээс эмнэлэгт байхдаа миний баримталсан гол зарчим бол нэгдүгээрт, сөрөг, муу мэдээлэл уншихгүй, сонсохгүй байх. Хоёрдугаарт, эцэг, эх гэр бүл, дотнын хүмүүсээ сэтгэлээр унагахгүйн тулд “Вирусийн халдвар саяхан авсан болохоор удахгүй эдгэнэ” гэж өөрийгөө блоколж, эргэн тойрондоо эерэг сэтгэгдэл төрүүлэхийг хичээсэн. 

Мөн эмнэлгийн орчин, ор дэр, хоол ундны талаар гомдоллохгүйгээр харилцан ойлголцсоноор эмч нартаа ч дэмтэй юм байна гэдгийг ойлгосон. 

Тийм ч учраас надад яг үнэндээ ямар эм уулгаж байгаа нь сонин байгаагүй. Би маш найдвартай, монгол хүмүүсийн гарт ирсэн.

Яг л аав, ээж шиг минь хандаж байсан хүмүүст бүрэн итгэсэн.

Харин ч тэр хүмүүст төвөг болохгүйгээр ажлыг нь дэмжиж, ороод ирэхэд нь нурмайхгүй, царай алдчихгүй байж байх вэ гэдэгт анхаарч эхэлсэн. “Би гайгүй байна. Маш аятайхан байна. Миний зовууриуд өдөр өдрөөр багасаж байна” гэж хэлдэг байсан минь эмч нарт их урам өгч байсныг намайг эмнэлгээс гарсны дараа хэлж байсан. Эмч, сувилагч нар “Яана даа, нэлээд хүнд байгаа даа” гээд зүрхшээгээд орж ирэхэд юу ч болоогүй юм шиг инээчихсэн сууж байхаар их урам ордог байсан гэж сувилагч маань бас хэлж байсан. 

Тэр сайхан сэтгэл яс маханд шингэж, хүний сайхан сэтгэлээр вакцин хийлгэсэн мэт тэжээгдэж, вирусийн халдварыг даван туулсан. 

(Түүнтэй ойролцоо эмнэлэгт тусгаарлагдаад нэг өдөр эмнэлгээс хамт гарсан эмэгтэй шинж тэмдэггүй хэрнээ хариу нь эерэг гарсан бөгөөд хоёр төрлийн л эм ууж байжээ. Харин түүний хувьд 20 төрлийн эм уух хэмжээний хүнд байсан гэхэд хурдан эдгэж гарсан нь ийнхүү сэтгэл зүйн хувьд ч, хичээл зүтгэлийн хувьд ч ямар их хичээл зүтгэл гаргасныг илэрхийлэх мэт)

-Улсын эмнэлэгт ийм сэтгэл хангалуун байсан тухай яриа бараг сонсож байгаагүй болохоор надад ч бас бахархмаар санагдаж байна. 

-Ямар сайндаа “Энх Саранд” оччихоод ХӨСҮТ-өө санаад байсан.

 

Эмчилгээ үнэхээр сайн байсан. Өвчтөнүүдийнхээ шинжилгээний хариуг өдөр болгон Ухань руу явуулж, зөвлөлдөж байсан. Шинжилгээний хариу гарсны дараа намайг хүчилтөрөгчийн аппарат суурилуулсан өрөөнд оруулсан юм. Би хордлого тайлах дусал дөрөв хоног, тариа 12 хоног хийлгэж, антибиотик, уушгины эм болон вирусийн эсрэг эм хэрэглэсэн. Нийт эмчлүүлэх 22 хоногийн хугацаанд 20 орчим төрлийн эм уусан. Ерөнхийдөө тав хоногийн дараа хэцүү байсан бүх зовуурь арилж, хордлогын дусал хийхээ больж, 12 хоногийн дараа уян зүүгээ аваад, хоол, ундаа сайн идэж уудаг болсон.

Хамгийн сүүлийн шатанд Уханьд уулгаж байсан гээд уушгины улаан танг эмчийнхээ зөвлөснөөр 10 хоног уусан. 

Өдөр болгон өтгөн, шингэн, цэр, хамар хоолойноос арчдас авч байсан. Цусны шинжилгээ өдөр болгон авч байсныгаа сүүлдээ өнжөөд авдаг болсон. 4-5 удаа рентген хийлгэж, өдөр бүр чагнуулах зэргээр эрчимтэй эмчилгээ хийлгэсэн. 

Гол нь эмч, өвчтөн хоёрын сэтгэл нэг чигт байснаас гадна үүлэн чөлөөний нар хааяа л үздэг Европт амьдарч байсан бидэнд Монголд нарны тусгал нь хүртэл цаанаа л элчтэйг хамгийн ихээр мэдэрч байлаа. Монгол эх орондоо төрсөн бид үнэхээр азтай.   

-Францын иргэнийг анх эмнэлэгт хүргэгдэхэд биеийн байдал хүнд байгаа гэж мэдээлж байсан. Тэгэхээр уушги нь тэр хүнийхтэй ижил сонсогдож байсан гэхийг бодоход нэлээд хүнд байсан байх нь, тийм үү?

-Эмч миний уушгийг чагнаад “Уушги чинь вирусээр өвчлөөд 7-8 лав хоносон байна” гэж хэлсэн. Гэхдээ би дээр хэлсэнчлэн би хүндээр өвдөөгүй, хурдан эдгэнэ гээд сэтгэл зүйгээ маш сайн бэлдсэн учраас тэр талаар огт бодоогүй. 

Ээж минь уламжлалт анагаах ухааны эмч болохоор гар хүрэхгүй иллэг, соронз гүйлгэх зэрэг сурсан аргаа ашиглаж, адаглаад л өдөр болгон арчдас авахад нь шархалсан хамрандаа иллэг хийж, өвчнийг нь намдаахаас эхлээд өөрөөс шалтгаалах юмыг эмчийн гар харахгүйгээр хийж, арчаатай байхыг хичээсэн. 

Эмч маань намайг амьсгалын дасгал сайн хийгээрэй гэсэн юм. Азаар 2000 оны эхээр дөнгөж амьдрах урлаг бясалгал эхэлж байхад суралцсан маань сая маш их хэрэг болсон. Тэр үед заалгасан зөв амьсгалах, тайвширч, эерэг сэтгэлгээтэй болох дасгалуудаа санаж, уушгины доод, дунд, дээд хэсгээр амьсгалах дасгалаа хийж эхэлсэн.

Тэгэхэд л би уушгиа үнэхээр муудсаныг мэдсэн. Амьсгалаа уртаар авч, түгжих дасгалыг хийх гэж хоёр секунд ч тоолж чадахгүй амьсгаадаж байсан. Ингээд өдөр өдөрт бага багаар нэмсээр сүүлдээ бүтэн хийх болсон. 

Анх хүчилтөрөгчийн аппарат залгаад байхад л уушгины үйл ажиллагаа 60-80 хувьтай байсан бол сүүлдээ аппаратгүйгээр 90 хувиас буухаа больсон. Ер нь амьсгалж чадахаа больж байсан юм билээ. Бүүр сүүлд нь эмнэлгээс гарахынхаа өмнө би үнэхээр хүнд өвдсөн байжээ гэдгээ ойлгосон.

(Вирусийн халдвар дэгдсэн, угаас монголчууд өвөлдөө утаатай, цэвэр агаараар амьсгалах боломж муу ийм хүнд үед амьдрах урлагийн бясалгалын багш нар хүмүүсийн эрүүл мэндийн төлөө ядаж зөвхөн амьсгалын дасгалыг олон нийтийн сүлжээгээр заагаад, таван өдөр ч болов дагаж хийлгэх сургалт зохион байгуулж өгөөч гэж хүсэлт тавих талаар бодсоноо дурдаж байв. Зөв амьсгална гэдэг амьдралын хамгийн том хэмжигдэхүүн тул ийм санаачилга гаргавал маш том буян болно хэмээн бодож байснаа нуугаагүй юм.)

-Вирусгүй болсон гэдгээ хэзээ мэдсэн бэ. Эдгэрсэн гэдгээ сонсоод яаж хүлээж авав?

-Сүүлд нь эмч нарын тайлбарласнаар эмнэлгээс гарахаас ойролцоогоор долоо хоногийн өмнө сөрөг болсон гэсэн. 

14 хоноод эмнэлгээс гарна гэсэн хүлээлттэй байж байтал сувилагч нар дахиад л шинжилгээний сав оруулж ирээд тавихад нь сэтгэл санаагаа хатуужуулаад бариад байсан хүн чинь мөд гарахгүй нь гэж бодоод, хүн юм болохоор уйлсан. 

Чинбаяр эмч намайг хараад байдлыг ойлгосон байх, “Өнөөдрийг хүртэл чи маш сайн байсан. Хамгийн хэцүү үеэ давчихсан. Одоо сүүлийн шат юу ч биш. Угаасаа 21 хоног болж сунгагдсан. Чиний бие ч гэсэн өдөр өдрөөр сайжирч байгааг мэдэж байгаа. Юунд санаа зовдог юм” гэж тайвшруулж билээ. 

Тухайн үед Чинбаяр эмч “Хүн гэдэг өөрөө л маш их хүчтэй. Ямар бэлгийн замын өвчин туссан биш, хүмүүсийн хандлагад санаа зовох хэрэггүй. Би хэрэв тусчих юм бол харин ч хамгаалах хувцас, хэрэгсэл хэрэглэхээргүй дархлаатай болсон юм чинь өшөө илүү ажиллах боломжтой болчихлоо гэж бодож, сэтгэл зүйгээ бэлддэг” гэсэн юм. Тэр хүнээс сэтгэл зүйн маш их хүчийг авсан. 

Тэр өндөр ачааллын хажуугаар өвчтөнүүддээ сэтгэл зүйн зөвлөгөө өгч, үргэлж өргөж, хажуугаар нь эмчилгээгээ хийж, хуралд оролцоно. 

Эмч нар, эмнэлгийн ажилтнууд, халдвараас урьдчилан сэргийлэх ажилд оролцож байгаа бүх хүн ийм л сэтгэлээр ажиллаж байхад хүмүүс үг хэлээр элдэвлэж, ажилд садаа болохгүй байгаасай гэж хүсэж байна. 

Эмнэлгээс гарна гэдгийг эмч хэлэхэд тэр хүртэл ямар зам туулснаа бодож, би үнэхээр хүнд өвдсөн байж гэдгээ ойлгох үед өөрийн эрхгүй уйлсан.

Тэгэхэд хүртэл Чинбаяр эмч “Яасан,  эмнэлгээсээ явмааргүй байгаа юм уу? Эсвэл хэзээ ч эдгэхгүй гэж бодсон юм уу" гэж хошигнох итгэлтэй яриа, зөөлөн харцыг хэзээ ч мартахгүй. Тэгэхэд эмчийгээ үнэхээр тэвэрмээр санагдаж байсан. Хүний сэтгэл тийм үед л ус агаар шиг хэрэгтэй байдаг юм билээ. 

Анх-Отгон надтай англиар мэндлэхэд нь би францаар зөрүүлээд мэндэлтэл нүдэнд нь нулимс цийлэгнээд...

-Ингэхэд Франц иргэнтэй тааралдсан уу? Францаар ярьдаг юм чинь таарах боломж гарсан болов уу гэж сонирхмоор санагдлаа.

-Томографын шинжилгээ өгөхөөр болоод. Тэр өдөр “Анх-Отгон”-той 20 минут орчим ярих боломж гарсан. Надтай англиар мэндлэхэд нь би францаар зөрүүлээд мэндэлтэл нүдэнд нь нулимс цийлэгнээд “Чи францаар ярьдаг юм уу? Манай эх орон яаж байна?” гэж хамгийн түрүүнд надаас асуусан.

Тэр хүнийг их өрөвдөхийн зэрэгцээ эх орон гэж хүнд ямар чухал, тосоод авах эх оронтой ямар сайхан билээ гэдгийг улам ойлгож, өөрийн эрхгүй шархирсан. Хэчнээн нутагтаа ирээд ээж, аавтайгаа уулзаж чадаагүй ч хилийн дээс алхаад л, монголоор хүмүүсийн ярьж байгааг сонсоод, ялангуяа иргэдээ авах гээд ирснийг нь харах тэр мэдрэмжийг хүн болгон маш сайн ойлгох хэрэгтэй болов уу. Эх орон чинь хүлээгээд авч байна, өөрсдийн чинь төлөө олон хүн ингэж ажиллаж байна гэдэг маш чухал. 

(Манайхан энэрэнгүй болохоор гаднын 4 хүний өөрсдөөсөө дутахгүй, бүр илүү анхаарал тавиад эмчилсэн нь үнэхээр бахархмаар. Эсрэгээрээ би Францад өвдсөн бол хэчнээн ёсны сургуульд сурч, мэргэжил эзэмшсэн, гэр бүлээрээ визийн зөрчилгүй амьдарч байгаа ч тэдний хувьд би гаднын хүн, Ази хүн. Ази хүн гэдэг Европт ямар ч сайхан мэргэжил мэдлэгтэй байсан ч цаагуураа л ялгаварладаг. Хэрэв би уушги өвдөөд, амьсгалж чадахгүй болоод эмнэлэгт очлоо гэхэд эмнэлэг эхлээд франц хүмүүс, өндөр настан, хүүхдүүдээ авна. Дараа нь европ хүмүүсээ авна. Тэрний дараа Ази хүнд ор олдох уу, үгүй юу гэдэг хэцүү. Тийм болохоор заяа нь түшээд Монголдоо ирсэндээ талархаж баршгүй.) 

Франц иргэний хувьд өвчинтэйгөө тэмцэхийн хажуугаар хүний газар ганцаараа, хэл амнаас болоод сэтгэл санааны дарамтад ороод эмзэглэчихсэн байсан.

Би сэтгэлийг нь засаж, дэмжихийг хичээсэн. Ямар сайндаа ХӨСҮТ-ийн хашааны гадна байгаа хамгаалалтын хүмүүсийг өөрийг нь оргоно гээд хамгаалж байгаа цагдаа нар гэж ойлгосон байсан. Хүний газар ямар байдгийг мэддэг учраас аль болох тусалж, буруу ойлгосон зүйлсийг нь залруулж хэлж өгсөн. Сүүлдээ францтайгаа найз болоод биеийг нь асуудаг болсон. Анх нурамгар байдаг байсан бол андашгүй дууны өнгө нь сэргээд, инээдэг болоод,  наргиа хийдэг болсон. Хэчнээн би хүчилтөрөгчийн аппараттай байсан ч тэр хүнд ямар их дэмжлэг хэрэгтэй байгааг мэдэж байсан болохоор өөрөөсөө чадах зүйлээ хиймээр санагдсан. 

-Одоо эдгээд эмнэлгээс гарчихсан, мэдсэн биз дээ?

-Ер нь би франц иргэн болон намайг эмнэлгээс гарах хүртэл хамт эмчлэгдэж байсан хүмүүсийг одоо ч гэсэн сэтгэл санаагаар дэмжиж, холбоотой байгаа. 

-Эмч, сувилагч нартайгаа холбоотой байгаа юу?

-Тийм ээ. ХӨСҮТ-ийн Шинэ болон сэргэж буй халдварын долдугаар тасгийн сувилагч Түмэндэмбэрэл, Наранцацрал, Оюумаа, асрагч Туяа, Дашдулам, ариутгагч Даваасүрэн, Нарангэрэл гээд бүгдэд нь талархлаа илэрхийлмээр байна. Мөн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Лхагвацэнд, мэдээж Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Чинбаяр эмчдээ маш их баярлаж байна.  

Халдвар аваад тусгаарлагдан эмчлэгдэж байсан бид утсаа солилцож, танилцсан юм.

Ямар сайндаа халдварын тархалт намжаад бүх юм хэвийн болохоор бөөндөө уулзаж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Чинбаяр эмчийгээ голдоо оруулаад төгсөлтийн зураг шиг “COVID-19” ангийнхан гээд монтаж хийлгэе гэж хошигнож байсан юм. 

Үнэхээр Монгол Улс нэгдүгээр сараас эхлэн арга хэмжээ авч, гуравдугаар сар гэхэд дөнгөж эхний нэг, хоёр тохиолдол бүртгэгдээд, ийм хэмжээнд хамгаалж, сэргийлж чадсан нь Д.Сарангэрэл сайдын сэтгүүлч хүний хурд хүч, мэдрэмж болоод эмэгтэй хүн, ээж хүний, ёстой монголчуудын яриад байдаг хатан ухаан гарсан гэж бодож байгаа.

Засгийн газар нь хүртэл сайдынхаа үгийг сонсож, эвсээд ажиллаж байгаа нь бүх дэлхий нийтэд үлгэр жишээ болсон маш чухал түүхэн явдал гэж харж байгаа. 

 

-Иргэдэд хандаж юу хэлмээр байна?

-Монголчууд гадагшаа явсан нэгнийгээ зугаалах гэж, эсвэл хар ажил хийх гэж л явдаг гэсэн хандлага энэ үйл явдлын нөлөөгөөр өөрчлөгдөж байх шиг байна.

Тэр дунд янз бүрийн шалтгаантай, хүсэл зорилготой хүмүүс байдаг гэдгийг ойлгоосой. Дөрөвхөн минут сэтгэлээр унахад зургаан цагийн дархлаа унадаг гэж.

Таны хэлсэн нэг муу үг энэ бүхний цаана ажиллаж байгаа эмч, эмнэлгийн болон бусад ажилтнуудад хэрхэн нөлөөлдгийг энэ үзүүлэлт харуулж байгаа байх. 

Нөгөө талаар, манайхан завтай байна л даа. Олон нийтийн сүлжээгээр бусдыг дайрч давшилж, сонжиж байгаагаас харахад.

Тэнд чин сэтгэлээ зориулан ажиллаж байгаа хүмүүсийг тайван байлгаач ээ гэж уриалмаар байна. Тархи тайван байх тусмаа сэтгэх орон зай илүү гардаг гэдэг шүү дээ.

Азаар тэнд хар муу мэдээллийг унших завтай хүн байхгүй. Гэхдээ л ах дүү, гэр бүл нь харж байгаа гэдгийг бодолцох хэрэгтэй.

Эмнэлэгт байгаа хүмүүсийн хувьд зөвхөн эмчийн гарыг хараад байлгүй идэвхтэй байгаасай. Хэрэв болдог бол би өөрийнхөө чадлаар тэр хүмүүстэй утсаар ч болов холбогдож, сэтгэл санаагаар дэмжиж, өөрсдөөсөө шалтгаалах хийж болох зүйлсийг хэлж өгмөөр санагддаг. 

Бүгдээрээ сөрөг зүйлийг ор тас хаяад нийтээрээ дэлгэр хандаж, өөдрөг уужуу байснаараа энэ халдварт өвчнийг даван туулахад маш чухал дэм болно. Тиймээс хариуцлагатай байж, үүргээ ухамсарлан, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө байхыг уриалмаар байна. 

Эцэст нь, энэ бүх ажлыг зохион байгуулж байгаа бүх хүнд, ялангуяа ХӨСҮТ-ийн эмч ажилтнууддаа баярласнаа хэлэхийг хүсэж байна. 

Уг нь манай томоохон компаниуд тус дэм болоод улстай нийлээд энэ эмнэлгийн орчныг сайжруулбал хийх юм үнэхээр их харагдсан.

Цэв цэвэрхэн хэдий ч бүх зүйл нь хуучин. Хаалгыг нь ч солимоор, орнуудынх нь гудсыг ч шинэчилмээр. Хэрэв орчин нөхцөлийг нь бүрдүүлээд, тоног төхөөрөмжийг нь сайжруулаад өгвөл манай эмч нар үнэхээр мундаг гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн. 

-Ярилцсанд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.

- Баярлалаа, бүгдэд нь эрүүл энхийг хүсье.