Индэр    
2020 оны 4 сарын 24
Зураг
Сэтгэлзүйч

Цар тахал хэзээ нэгэн цагт дуусна, харин бидний харилцаа цаашаагаа үргэлжилнэ

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цар тахлын үед хосууд харилцаагаа тордох тухай Клиник сэтгэл зүйч Т. Хонгорзул зөвлөж байна.

1. Бидний сэтгэл хөдлөл халдварладаг! 

Хосын аль нэг нь маш их уур уцаартай, сэтгэл дундуур байх нь бидэнд шууд нөлөөлдөг. Эрдэмтэд бидний тархинд толины тусгал мэт мэдрэлийн эс байдаг бөгөөд нөгөө хүний нүүр царай үйл хөдлөл нь бидэнд халдварлаж улмаар нөлөөлөгддөг гэдгийг судалсан байдаг. Та гэртээ орохоосоо өмнө уурлаж бухимдсан байвал эхлээд тайвшрахыг хичээ үүнд гүнзгий амьсгаа авах, машиндаа дуртай дуу хөгжим сонсох, гэртээ орохоос өмнө алхаж өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг гаргаж тайвшраад орох. 

2. Болохгүй байгаа зүйл дээр биш болж байгаа зүйл дээр төвлөрөх! 

Сөрөг мэдээ мэдээлэл бидний эргэн тойронд маш их байгаа учир эдгээр мэдээ мэдээлэл дээр төвлөрөх юм бол сэтгэл санаа дагаад сөрөг болох магадлалтай. Тиймээс та аль болох талархаж байгаа зүйлс дээр анхаарлаа хандуулаарай. Ханийнхаа болохгүй байгаа зан чанарыг харж чичилж буруутгахаас илүүтэй аль болох болж байгаа талыг нь харахыг хичээгээрэй. Тухайлбал: миний хань сайн ажиллаж байгаа шүү, гэр бүлээ сайн авч явж байгаа, эхнэртээ гэр орон үр хүүхдээ сайн харж халамжилж байгаа шүү энэ үеийг бид хамтдаа туулж гарна гэх мэт 

3. Сэтгэл мэдрэмжийг нь сонсох 

Ялангуяа гэртээ хүүхдүүдээ харж байгаа эзэгтэйчүүдийг сонсох нь маш чухал байдаг. Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд энэ тал дээр хамгийн их үл ойлголцдог. Эмэгтэй хүмүүс өөрийнх нь сэтгэл санааг хуваалцаж ойлгож сонсоосой гэж хүсдэг харин эрэгтэйчүүд илүү ярьж байгаа зүйлийн гарц шийдлийг хайж анхаарлаа сайн төвлөрүүлдэггүй. Та дараах асуултуудыг асуугаарай: Өнөөдөр ямархуу өдөр болж өнгөрөв, ямар баяртай эсвэл гунигтай зүйл тохиолдсон бэ?, миний хань өөртөө цаг гарга, дуртай зүйлээ хий, би нэг өдөр хүүхдүүдээ харж байя чи сайхан найз нөхөдтэйгөө уулзаад өөртөө цаг гарга гэх мэт. 

4. Сайхан дурсамжийг бүтээцгээе

Цар тахал хэзээ нэгэн цагт дуусна, харин бидний харилцаа цаашаагаа үргэлжилнэ. Бид энэ үеэр юу хийснээ тэр бүр санахгүй харин ямар мэдрэмж авсан бэ? Гэдэг нь дурсамж болон үлдэнэ. Тиймээс сайхан дурсамжийг хамтдаа бүтээхэд цагаа гаргацгаая! Зөвхөн үр хүүхэд гэр орны ажлын талаар ярих бус бие биенийхээ талаар ярилцах, бие биенээ илүү их таньж мэдэхэд цагийг гаргах, хүүхдүүдээ унтсаны дараа ярилцах, кино үзэх, тоглох, хамтдаа болзох цагийг гаргах гэх мэт! 

https://www.facebook.com/iKonNews/videos/229118681688728/