Индэр    
2020 оны 4 сарын 24

КОВИД 19: Иргэдээ хамгаалах бодлого, арга хэмжээ

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өнөөдөр дэлхий даяар Ковид-19 өвчлөлийн тоо 2.5 сая давж 170 мянга илүү хүн амь алдаад байна1.

Харамсалтай нь эдгээр тоо бол үнэлгээ, тооцоо биш харин тоо нэг бүрийн ард нэртэй, устай бодит хүн байгаа юм. Ковид-19 хүний эрүүл мэнд, амь нас төдийгүй иргэдийн аж амьжиргаанд нөлөөлж байгаа учраас зөвхөн эрүүл мэндийн салбар, тэр дундаа халдварт өвчин судлалын асуудал биш юм. ДЭМБ-ын Ерөнхий захирал, Др. Тедрос, ОУВС-гийн Удирдах Захирал хатагтай Кристалина Георгиева нар Ковид 19 бол бусад ямарч хямралтай адилтгаж болохгүй муу үр дагавартайг онцлов.

Хатагтай Кристалина ОУВС түүхэндээ ийм хүнд, хэцүү үеийг хэзээ ч тулж байгаагүй гэлээ2. Тэрбээр Ковид 19-с улбаалсан дэлхийн эдийн засгийн хямрал эхэлснийг баталж энэ хямрал өмнөх үеийн эдийн засгийн хямралуудаас илүү хүнд гэдгийг анхааруулав.  

Ковид 19 баян, ядуу гэж ялгахгүй бүх орнуудыг хамарч иргэдийнх нь эрүүл мэнд, амь насанд заналхийлж, эдийн засагт нь хүнд цохилт өгч ажилгүйдэл, орлогогүйдэл, ядуурлыг нэмэгдүүлэх том эрсдлийг үүсгэж байна. Ялангуяа хөгжиж буй орнууд болоод хөрөнгө, мөнгөний нөөц багатай ядуу, буурай улс оронд энэ эрсдэл асар өндөр болж ирэв. Шинэ корона вируст хүн амын хамгийн эмзэг хэсэг илүү өртөж байгаатай адил эдийн засгийн хямралд сул эдийн засагтай орнууд илүү хүндээр өртөх болж байна. Тэр тусмаа эрүүл мэндийн тогтолцоо харьцангуй сул, нийгмийн аюулгүй байдлын сүлжээ сайн хөгжөөгүй, ядуу, орлого багатай эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээ хязгаарлагдмал нөхцөлд иргэдийн эрүүл мэнд, амьдрал, амь нас, аж амьжиргааг хамгаалахад онцгой анхаарч, зарж буй төсөв хөрөнгө, арга хэмжээг эргэж харах шаардлагатай болов.  

Ковид 19-тэй тэмцэх ажилд үндэсний болон дэлхийн түвшний эв нэгдэл хамгаас чухлыг ДЭМБ олон удаа санууллаа. Үүнийг хэрэгжүүлэх арга зам нь байгууллага хоорондын хамтын ажиллагаа, түншлэл бөгөөд бүх түвшинд ингэж нэгдсэнээр иргэдийн эрүүл мэнд, амь нас, аж амьжиргааг хамгаалах боломж нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл үндэсний болон дэлхийн түвшний эв нэгдлийг бий болгох, хэрэгжүүлэх гол хөрс, үндэс суурь нь нөхөрлөл, түншлэл, хамтын ажиллагаа болж байна. Ингэж байж энэ цар тахлын хүн ам, нийгэм, эдийн засагт тусах сөрөг нөлөөг бууруулах юм. Иргэдээ хамгаалахад юун түрүүнд эрүүл мэнд, санхүү, нийгмийн салбарын нягт хамтын ажиллагаа шаардлагатай болж байна.

Нөхцөл байдлаас шалтгаалан иргэдээ хамгаалах гэдэг ойлголтыг өөр өөрөөр тайлбарлаж болно. Энэ нийтлэлд иргэдээ орлого, санхүүгийн талаас хамгаалах (financial protection) асуудлыг голлож хөндөх юм.

Эрүүл мэндийн бүх нийтийн хамралт (universal health coverage)-д хүрэх бодлогын зорилт тавьсан орнуудад эрүүл мэндийн хамралтад зөвхөн хүн ам бус тэдэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцыг өргөтгөх, санхүүгийн хамгаалалтыг нэмэгдүүлэх талаар багагүй өөрчлөлт, шинэчлэлтийг хийж ирэв. Энэ ажлын ач холбогдол Ковид 19-н үед улам нэмэгдэж энэ чиглэлд илүү их хөрөнгө, мөнгө нэмж хуваарилах, зарцуулах шаардлага гарч байна. Энэ хүрээнд санхүүгийн хамгаалалтын гол утга нь өвчтөн, иргэд шаардлагатай эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсны улмаас, өөрөөр хэлбэл эрүүл мэндийн систем дотор үүсэх зардлаас болж ядууралд орохоос хамгаалах явдал юм. Хямралын үед ийм хамгаалалт орлого багатай эмзэг, ядуу бүлэг, ажилгүй, орлогогүй болсон иргэд,  эрүүл мэндийн даатгалгүй хүмүүст чухал шаардлагатай бөгөөд эцсийн дүнд иргэд ядууралд орохоос сэргийлэх чухал ач холбогдолтой.

Санхүүгийн хамгаалалтын нөгөө нэг чухал хэсэг нь өрхийн орлогын аюулгүй байдал болоод эрүүл мэнд, эмнэлгийн тусламж авах хүртэл, өөрөөр хэлбэл эрүүл мэндийн системийн гадна үүсэх зардлаас иргэдээ хамгаалах явдал юм. Ковид 19-н үед иргэдээ чухамхүү энэ хоёр төрлийн зардлаас хамгаалсан санхүүгийн цогц бодлого, хоорондоо уялдсан арга хэмжээ, хөшүүрөг чухал болж байна.

Эрүүл мэндийн үйлчилгээ, зардлын хамрах хүрээ, санхүүгийн хамгаалал бол аль ч орны эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогод тусч байдаг чухал элемент юм. Эрүүл мэндийн систем дотор үүсэх зардлаас хамгаалах санхүүгийн механизмыг бүрдүүлэх асуудал эрүүл мэндийн бүх нийтийн хамралтад хүрэх зорилтод тодорхой туссан байдаг3. Харин нийгмийн хамгаалал, нийгмийн халамж, хангамжийн байгууллагууд эрүүл мэндийн системийн гадна үүсэх зардлаас иргэдээ хамгаалах асуудалд онцгой үүрэгтэй оролцдог. Учир нь өвчний улмаас иргэд ажил, орлогогүй болох, орлогын алдагдсан боломжийг нөхөх, тодорхой хугацаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь орлогын аюулгүй байдлыг хангах, энэ хэрээр иргэдийн хөдөлмөрийн чадамжийг хадгалах, нөхөн сэргээх, эдийн засгаа дэмжихэд чиглэсэн төрийн бодлого тэнд хэрэгжиж байдаг4.

Иргэдийн хувьд эрүүл мэндийн систем дотор үүсэж байгаа санхүүгийн гол бэрхшээл бол эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахын тулд хувиасаа шууд хийдэг төлбөр (out of pocket payment) юм. Эрүүл мэндийн санхүүжилтэд хувийн төлбөр давамгайлж байгаа оронд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний жигд, хүртээмжтэй байдал алдагдаж, ядуурал өндөр хэмжээнд байх гол хүчин зүйл болдог. Мэргэжлийн хүрээнд эрүүл мэндийн систем доторх санхүүгийн хүндрэл, бэрхшээлийг хоёр өнцгөөс харж үнэлэхийг зөвлөдөг. Нэгд, эрүүл мэндийн зардал өрхийн орлогод нөлөөлж аж амьжиргааг нь сүйрүүлэх (catastrophic health expenditure) хэмжээнд хүрч байгаа эсэх, түүнд нийт өрхийн хэдэн хувь өртөж байгааг тогтоож бууруулах явдал. Хоёрт, эрүүл мэндийн зардлаас болж хэдэн өрх, нийт өрхийн хэдэн хувь ядууралд орж байгааг тогтоож хамгаалах тухай асуудал юм.

Өнөөдөр хөгжингүй болон хөгжиж буй орнуудад иргэд хувийн төлбөрийн улмаас санхүүгийн бэрхшээлд орж байна. 2017 онд ДЭМБ, Дэлхийн Банк хамтарч хийсэн үнэлгээгээр дэлхий нийтэд жил бүр 800 сая хүн эрүүл мэндийн зардалд өрхийн орлогын 10-с дээш хувийг зарцуулж үүний улмаас 100 сая иргэд жил бүр ядуурч байгааг тогтоов5. Мөн ДЭМБ-ын Зүүн өмнөд Азийн бүсэд санхүүгийн хамгааллын талаар 2018 онд хийсэн судалгаагаар хувийн төлбөр бүх оронд хамаатай болохоос гадна түүнд нөлөөлж буй гол хүчин зүйл бол эмийн хэрэглэгээ, зардал болохыг харуулав6.  Эрүүл мэндийн тогтолцоо сул, хязгаарлагдмал төсөв, хөрөнгөтэй улс оронд Ковид 19 ихээхэн хүндрэл, дарамт учруулахаар байна. Саяхан Ковид 19-н үед авах эрүүл мэндийн санхүүжилтийн арга хэмжээний талаар ДЭМБ-ын зөвлөмж гарлаа7.

Үүнд нэгд, эрүүл мэндийн түгээмэл бараа, бүтээгдэхүүн (common goods for health)-ий санхүүжилтийг хангалттай байлгах, хоёрт, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, гуравт, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахтай холбогдсон санхүүгийн саад, бэрхшээлийг арилгахыг зөвлөв.

Иргэдийн санхүүгийн хамгаалалт манай улсын хувьд онцгой ач холбогдолтой хэдий ч энэ асуудалд бага анхаарч, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь үр дүн багатай байна.

Үүний нэг жишээ нь манай улсад ядуурлын түвшин сүүлийн 20, 30 жилийн дотор дорвитой буурсангүй.

Сүүлийн үеийн мэдээгээр хүн амын 28 хувь ядуу, дээр нь 20 орчим хувь ядуурлын ирмэг дээр байгаа талаар мэдэгдэв8. Энд хэдэн хувь наана, цаана байх гол биш, харин хүн амын багагүй хэсэг ядуу амьдарч байгаа нь үнэн юм. Мөн эрүүл мэндийн зардлаас болж ядуурах байдал нэмэгдэж байгаа ч бодлогын хэмжээнд анхаарч тогтмол үнэлж хяналтад авах ажил үгүйлэгдсэн хэвээр байна. Энэ бол эрүүл мэндийн даатгалд хүн амын 90-с дээш хувь хамрагдсан манай улсын хувьд ихээхэн анхаарал татах асуудал юм.

Эрүүл мэндийн системийн доторх болон гаднах зардлын дарамтаас болж иргэд  Ковид 19-н оношилгоо, эмчилгээнд хамрагдахаас зайлсхийх боломжийг улсын төсөв, даатгал болон хувийн төлбөрөөр санхүүждэг тогтолцоо маань хэрхэвч гаргаж болохгүй.

Цаашид Ковид 19 халдварыг илрүүлэх, оношлох, тусгаарлах, эмчлэхэд хувийн төлбөр шаардахгүй байгаа бодлогоо үргэлжлүүлэх, нэмэгдэл хөрөнгө татаж улам өргөжүүлэх нь зөв болно.

Хэрэв энэ байдал алдагдвал иргэд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад хандахаа хойшлуулах, цаг алдах, гэрээр өөрсдөө эм, тариа авч хэрэглэх, энэ хэрээр өөрсдийгөө хохируулаад зогсохгүй халдварыг бусдад тараах, өвчнийг хянах боломжийг хүндрүүлж, нийгмээ бүхэлд нь эрсдэлд оруулах аюултай. Тийм учраас цар тахлын үед зөвхөн сэжигтэй тохиолдол төдийгүй иргэд өөрсдөө иргэний харьяалал, даатгал, оршин суугаа байдлаас үл хамааран сайн дураар оношилгоонд хамрагдахыг дэмжиж болох юм. Хэрэв Ковид 19-н төлбөргүй, чанарын шаардлага хангасан оношилгоо, эмчилгээ, үйлчилгээг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар үзүүлэх тохиолдолд тэдэнд орлого алдсаны нөхөн төлбөрийн асуудлыг хамтад нь авч үзэж шийдвэл илүү үр дүнд хүрнэ.  

Нөгөө талаар, Ковид 19-н үед эрүүл мэндийн системийн гадна үүсэх зардал тухайлбал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй шууд холбоогүй онгоц, машин, тээвэр, байрлах байр, тусгаарлалт болоод хоол, хүнсний зардлууд зарим талаар өрхийн орлогод тодорхой бэрхшээл, дарамт учруулж байгаа нь ойлгомжтой. Иймд эрүүл мэндийн системийн дотор ба гадна үүсэх зардал, төлбөр, санхүүгийн хамгааллыг өвчин, эмгэгийн улмаас өрхийн орлого буурах, хүмүүс цалин, орлогогүй болох явдалтай нягт хамт тооцож иргэдээ хамгаалах нь чухал байна.

Орлого хамгаалах арга хэмжээнд нийгмийн халамжийн сангийн үйлчилгээнээс гадна засгийн газраас онцгой байдлын үед гаргаж байгаа шийдвэр, мөн хүмүүнлэгийн тусламжийн арга хэмжээ, тухайлбал амьжиргааны зайлшгүй хэрэгцээг хангах зорилгоор бэлэн мөнгө олгох, хүнсний болон зайлшгүй шаардагдах үйлчилгээний ваучер тараах зэрэг аргыг ашиглаж болох талтай. Энэ бүгд эцсийн дүнд COVID 19-с үүдсэн нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах, иргэдээ хамгаалах нэгдмэл нэг зорилгод чиглэж байх нь чухал юм.

 

ДЭМБ, Женев хот.

 

 

 


1 https://covid19.who.int/

2 https://www.facebook.com/watch/live/?v=234774141233560&ref=watch_permalink

3 https://www.who.int/health_financing/universal_coverage_definition/en/

4 https://www.ilo.org/secsoc/information-resources/publications-and-tools/Brochures/WCMS_740724/lang--en/index.htm

5 https://www.who.int/healthinfo/universal_health_coverage/report/2017/en/

6 https://www.who.int/health_financing/documents/financial-protection-analysis-south-east-asia-region/en/

7 https://p4h.world/en/who-priorities-health-financing-response-covid19

8 https://www.youtube.com/watch?v=mQnjgmek91c