Зураг
Зураг
Индэр    
2020 оны 4 сарын 23
Зураг
Мэдээллийн технологи

Таны гарааны бизнесийн мэдлэгт: Нөөц хуваалцан ашиглах бизнес загвар

Зураг
Зургийн эх сурвалж: startups.com
Мэдээллийн технологийн боломжийг ашиглан нэг хэсэг хүмүүсд илүүдэж байгаа нөөцийг нөгөө хэсэг хүмүүст ашиглах боломжийг олгож буй бизнес загварыг “Нөөц хуваалцах” буюу “Sharing economy” гэж нэрлэдэг.
 
Нөөц гэдэгт үл хөдлөх хөрөнгө, машин, үнэт эдлэл, интернет сүлжээ, тоног төхөөрөмж, зай талбай, газар, хүний ур чадвар, хүн хүчний нөөц гээд олон зүйлийг хамааруулан ойлгож болно. Энэ бизнес загвар нь харьцангуй шинэ боловч энэ төрлийн нэлээд олон бизнесүүд зах зээл дээр амжилттай нэвтрээд байгаа билээ.
 
Гол давуу тал нь энэхүү бизнес загвар нь шинэ зах зээлийг бий болгож хуучин уламжлалт бизнес загварыг эрс өөрчлөх чиг хандлагтай байдаг. Мөн бага нөөц ашиглан амьдрах боломж олгож байгаагаараа онцлогтой гэж хэлж болно. Маш товчхондоо дижитал технологи ашиглан дундын платформ бий болгож илүүдэл нөөцийг хэрэгтэй хүнд нь хувиарлах бизнес загвар гэж ойлгож болно. 
 
Энд хэд хэдэн амжилттай жишээг дурдаж болно. 
  1. Агуулах, гаражийн үйлчилгээ санал болгодог Spacer (www.spacer.com.au) хэмээх Австралийн компанийг нэрлэж болно. Уг компани нь өөрт байгаа илүүдэл агуулах, зогсоол, гараж, зай талбайгаа ашиглахгүй үедээ, эсвэл ашиглахгүй цагаараа бусдад ашиглуулах боломжийг олгодог үйлчилгээг санал болгодог. Өөрөөр хэлбэл, удаан хугацаагаар ашиглахгүй болсон агуулах, гаражаа хэн нэгэн хэрэгцээтэй хүнд санал болгох боломжийг Spacer компаний энэхүү платформ олгожээ.
Spacer компаний хувьд өөрийн гэсэн худалдан борлуулах, бусдад түрээслэх зогсоол, гараж, агуулах байхгүй боловч хэрэгцээтэй хүмүүсийг хооронд нь холбох системийг бий болгосноор эндээс ашиг олох боломжийг өөртөө бий болгожээ. 
 
 
Эх сурвалж: Spacer.com.au

           2. Авто машинаа хуваалцаж (carpool) ашиглах боломжийг олгосон Lyft компанийг нэрлэж болно. Уг бизнесийг санаачлагч нь буюу платформыг бий болгосон компани нь энгийн хүмүүсд таксиний үйлчилгээ хийх боломжийг бий болгосон.

Манай Монголд бас энэ төрлийн төстэй үйлчилгээ үзүүлэгч компани үйлчилгээ үзүүлж эхэлсэн боловч тун удалгүй хаагдсан сураг байсан. Өөрөөр хэлбэл, авто машинтай иргэд боломжтой цагтаа гар утаснаасаа үйлчилгээгээ нээж өөрийн авто машинаараа бусдад таксины үйлчилгээ үзүүлэх болмжтой болсон.
 
Дээр дурдсанчлан Lyft компани нь мөн л өөрийн гэсэн таксигүй, таксины жолоочгүй боловч өөрийн платформыг бусдад ашиглуулснаар таксины үйлчилгээг үзүүлэх боломжтой болжээ. 
 
         
 

              3. Дараагийн нэг сонирхолтой жишээ бол FON компани байгаа. Энэ компани нь хүмүүс гэрийнхээ WIFI сүлжээг ашиглахгүй үедээ бусдад хуваалцаж ашиглах боломжийг олгож, мөн өөрөө бусдын WI-FI сүлжээг ашиглах боломжийг бий болгосон.

Энэ боломжийг бий болгосноор энэ үйлчилгээг ашиглаж байгаа 7 сая хэрэглэгчидтэй болсон бөгөөд 23 сая ширхэг hotspot ашиглах боломжтой болсон тухайгаа вэб сайт дээрээ мэдээллэсэн байсан. Мөн л энэ компаний өөрийн гэсэн сүлжээ дэд бүтэц байхгүй боловч интернетийн үйлчилгээ бусдад үзүүлэх боломжтой болжээ. 
 
 

Эдгээр жишээн дээр нэмээд такси, хүргэлтийн үйлчилгээг үзүүлэгч UBER, RelayRides, зочид буудал болон орон сууцны үйлчилгээ үзүүлэгч Airbnb, HomeAway зэрэг олон жишээг дурдаж болно. Цаашилбал нэлээд олон бизнесүүд байх бөгөөд эдгээр бизнесийн гол үзэл санаа нь дээр дурьдсанчлан мэдээллийн технологид суурилсан платформыг бий болгож хүмүүсийн хооронд нөөцийг хуваалцаж ашиглах боломжийг бий болгосноороо бүгд хоорондоо ижил юм. 

Дутагдалтай тал нь бизнесийн санаа нь хялбархан хуулбарлагдах магадлал өндөртэй байдаг байна.
 
Гэвч статистикаас харахад санааг нь дуурайж гарч ирсэн бизнесүүд хурдтай гарч ирсэн шигээ хурдтай алга болох хандлага ажиглагдсаар байна. Зах зээлийн багтаамжаа судлаагүй, анхдагчаас өрсөлдөх чадвар муутай байсан гэх мэт шалтгаанууд нөлөөлдөг байна. Хэрэглэгч талаас харвал бас нэг дутагдалтай тал нь аюулгүй байдал, эд зүйлсийн бүрэн бүтэн байдал зэрэг эрсдлүүд тулгардаг байна. 
 
Дүгнэж хэлэхэд энэхүү платформ-д суурилсан нөөц хуваалцан ашиглах (sharing economy) загвар дээр тулгуурлаад маш олон бизнесийг шинээр бий болгох боломжтой. Энэхүү бяцхан бичвэрээс маань санаа  авч өөр олон, олон нөөцүүдийг хуваалцаж ашиглах боломжийг бий болгосон систем, платформыг хөгжүүлж, бий болгож шинэ бизнестэй болоорой хэмээн хүсье. Боломж бүх хүний өмнө бий.