iKon.mn сайт, UNLOCK подкаст хамтран хүргэдэг Номын тэмдэглэлийн энэхүү дугаарт "Sapiens: A Brief History of Humankind" буюу "Хүн төрөлхтний товч түүх" номыг сонгон, толилуулж байна.
Уг ном 2011 онд анх еврей хэл дээрх хэвлэгджээ. Харин 2014 онд англи хэл дээр хэвлэгдсэнээр олон улсад борлуулалтаараа тэргүүлсэн юм. Түүхч Юваль Ноа Харари энэхүү бүтээлдээ үйл явдлыг он дарааллын дагуу бус түүхийг хэрхэн унших, үйл явдлын учир шалтгаан, уялдаа холбоог тодотгосноороо энэ төрлийн бусад номоос онцгойрдог.
Дээрх ном Танин мэдэхүйн хувьсгал, Хөдөө аж ахуй хувьсгал, Хүн төрөлхтний нэгдэл болон Шинжлэх ухааны хувьсгал хэмээн дөрвөн бүлгээс бүрдэнэ.
Хүн төрөлхтөн 2.5 сая жилийн тэртээ Африк тивд үүсжээ. Энэ хугацаанд Хомо эректус, Неандерталь, Хомо сапиенс зэрэг зургаан төрлийн хүн дэлхий дээр амьдарч байв.
Эднээс өнөөг хүртэл аж төрж буй Хомо сапиенс төрлийн хүмүүс 200 мянган жилийн өмнө үүссэн хэмээн уг номд дурдсан байдаг. Үүсэн бий болсон цагаас нь хойш Хомо сапиенсуудын тархинд хамгийн их нөлөөлсөн зүйл нь ГАЛ юм.
Гал асааж, хоолоо болгож иддэг болсноор бусад адилт төрөлтнөөсөө хурдан хугацаанд боловсруулдаг болжээ. Ингэснээр өмнө нь хоол боловсруулахдаа зарцуулж байсан энергиэ тархиа хөгжүүлэхэд зориулах болсон байна.
Хомо сапиенсуудын өөр нэг гол онцлог нь нийгэмших, хоорондоо хамтран ажиллах чадвартай байв. Хамтаараа амьдарч, ажиллахад ХЭЛ ЯРИА-тай болсон нь чухал нөлөө үзүүлсэн бөгөөд тэд хоорондоо олон зүйлийн талаар ярилцах хэмжээнд хүртлээ хэлийг хөгжүүлж, түүгээрээ хов жив их ярьж, хүмүүсийн талаар мэдээлэлтэй болдог байсан тухай түүхч Харари номдоо өгүүлжээ. Түүнчлэн тэрбээр дээрх байдлаар мэдээлэлтэй болсноор хэнд итгэх, хэнтэй хамтарч амьдрах, хэнээс хол байх хэрэгтэйгээ мэддэг болсон гэжээ.
Хэлтэй болсноор бурхан, хууль гэх мэт хийсвэр ухагдахууныг бий болгосон байна.
Харин хэл хэрхэн үүссэн талаар олон таамаг байдгаар хамгийн магадлалтай гэгддэг нь тохиолдлоор хүмүүсийн тархи мутацид орсон гэх таамаг. Тодруулбал, 70-30 мянган жилийн өмнөөс тохиолдлоор Хомо сапиенсуудын тархи мутацид орж, өндөр түвшний хэл үүссэн гэдэг.
Түүхч Хараригийн үзэж буйгаар 70-12 мянган жилийн хоорондох хугацаанд хүмүүс голчлон ан гөрөө хийж, ургамал түүж амьдарч байсан нь хүн төрөлхтний бие бялдар, зан араншин төлөвших хамгийн чухал үе байсан аж. Энэ үед Хомо сапиенсууд долоо хоногт 35-40 цаг ажилладаг байжээ.
Хөдөө аж ахуйн хувьсгал нь МЭӨ 9000-3500 жилийн орчимд гарчээ. Одоо цагт бидний хэрэглэж буй нийт хоол хүнсний 90 орчим хувь нь дээрх цаг хугацаанд боловсрон бий болжээ.
Энэ үед хүмүүс газар тариалан эрхэлж, мал амьтныг гаршуулж эхлэв. Цас, бороо, хүчтэй салхи гэх мэт байгалийн үзэгдэлд нэрвэгдэхээс сэргийлэх, эрсдлийг бууруулахын тулд сайтар таамаглах, илүү их ажиллах шаардлагатай болж байжээ. Мөн энэ үед хүн амын тоо ихээр өссөнөөр байгалийн шалгаралд хүн төрөлхтөн устан үгүй болох аюулаас холдсон юм.
Хөдөө аж ахуй хөгжихийн хэрээр бүтэц, зохион байгуулалтад орох шаардлагатай болов. Ингэсгээр миний, манай гэх утга энэ үед анх бий болжээ. Цаашлаад тосгон, хот, их гүрэн байгуулагдах үндэс эндээс эхлэлтэй хэмээн номд өгүүлдэг.
Харин тосгон, их гүрнийг зохион байгуулалттай байлгахын тулд тухайн бүлэг хүн ямар нэг зүйлд итгэн үнэмших ёстой болж, бурхан, хууль дүрэм гэх мэт хийсвэр ухагдахуун үүсжээ.
Түүнчлэн хөдөө аж ахуйн хувьсгалын үед бичиг, үсэг, татварын тогтолцоо бий болсноос гадна шатлан захирах ёсыг бүрэлдүүлсэн байна.
Яагаад Африкаас боол авдаг байсан бэ?
Африкаас боол авдаг байсан нь арьс өнгөөр ялгаварлах, дорд үзсэнээс шалтгаалаагүй, түүхийн жирийн тохиолдол байсан хэмээн түүхч Харари бичжээ. Учир нь Африкаас Америк руу хүн авчрах зардал бага байв. Үүний зэрэгцээ Африк тивээс Ойрх Дорнод руу боолын худалдаа явуулдаг байсан буюу бүтээгдсэн зах зээл байжээ.
Мөн Африкийн хүмүүст халуун орны өвчний дархлаа тогтсон байсан нь тэднийг өөр тив рүү авчрах давуу тал болжээ.
Хөдөө аж ахуйн хувьсгалын үед манай, танай гэх утга санаа үүссэн тухай өмнө бүлэгт өгүүлсэн билээ. Хэдийгээр хил хязгаараар тусгаарлагдаж байсан ч хүн төрөлхтнийг нэгтэж чадах гурван хүчин зүйл оршин тогтнож байсдаг нь мөнгө, эзэнт гүрний ноёлол, шашин шүтлэг юм. Эдгээр нь соёлоос ихээхэн хамаарах бөгөөд хүмүүс хамтран амьдрахдаа соёлыг бүтээж, соёл нь хүмүүсийн итгэл үнэмшил, үнэ цэнийг тодорхойлдог.
Мөнгө: Хүн төрөлхтний итгэлцэл дээр суурилсан хамгийн үр дүнтэй тогтолцоо. Энэ бол хүмүүсийн төсөөлөлдөө гаргасан хиймэл ухагдахуун юм.
Эзэнт гүрний ноёлол: Ойрын 2,500 жилийн түүхийг харвал өнөөгийн бидний соёл, заншил нь эзэнт гүрний ноёллын үеэс уламжлагджээ. Эзэнт гүрнүүдийн ноёрхлын үед олон төрлийн соёл, хэл, уламжлалтай хүмүүсийг нэгтгэж байсан учир нь бүгдийг нь нэг удирдлагад зангидвал үр шимийг нийтээрээ хүртэнэ гэх зорилго байв.
Шашин шүтлэг: Хүмүүсийг нэгтгэж байсан хамгийн том хүчин зүйлийн нэг нь юм. Шашин нь хүнээс гадна бурхан хэмээгч дээд хүч байдаг гэх итгэл дээр үндэслэсэн номлол юм. Энэ нь хэл, соёлоос үл хамааран нийтэд түгэх боломжтой. Хөдөө аж ахуйн хувьсгалын үед зайлшгүй шаардлагаар үүсэн бий болсон гэж үздэг.
Хүн төрөлхтөн дэлхий ертөнцийн талаар маш бага зүйл мэддэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн үеэс шинжлэх ухаан үүсэх, хөгжих эхлэл тавигджээ. Энэ нь ойролцоогоор 500 орчим жилийн тэртээх цаг хугацаа юм.
Шинжлэх ухаан, аж үйлдвэр, цэрэг гэхчлэн тусдаа салбар байсан бол цэрэг, аж үйлдвэрийг шинжлэх ухааны тусламжтайгаар хөгжүүлж болохыг анзаарч эхэлжээ. Үр дүнд нь цэргийнхэн зэр зэвсгээ сайжруулахын тулд, компаниуд мал аж ахуйн үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд шинжлэх ухаанд хөрөнгө оруулах болсон байна.
Хөрөнгө, эрх мэдэлтнүүд шинжлэх ухаанд мөнгө зарцуулахын хэрээр судалгаа, шинжилгээ хийгдэж, тухайн хөрөнгө оруулагчдынхаа бэл бэлчинг улам арвижуулдаг байв.
Мөн эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүсийн төлөө шинжлэх ухааны судалгаа хийдэг байдал өнөөг хүртэл хадгалагдсаар байгаа юм.
Шинжлэх ухаан Европын экспедиц байгуулагдсан үеэс эрчимтэй хөгжсөн хэмээн номд өгүүлжээ. Тухайлбал, 1775 оны үед Сугар гараг дэлхийн хажуугаар тойрох тул олон цэгээс ажиглах шаардлагатай гэж үзсэн байна. Энэ үед Их Британичууд судалгааны багуудыг цэрэг, зэвсэгтэй хамт товлосон цэгүүд рүү нь илгээжээ. Өөрөөр хэлбэл, судалгааг их гүрнээ өргөжүүлэх боломж гэж харсан байдаг.
Сонирхолтой нь уг үйл ажиллагааг зээлээр санхүүжүүлж байв. Тухайн үед хэрэглээ өсдөггүй буюу эдийн засгийн хэмжээ өсдөггүй гэж үздэг байжээ. Харин зээл бий болсноор дээрх ойлголт өөрчлөгдөв. Зээлийг сайтар хөгжүүлж чадсан нь Их Британи, Нидерланд гэх мэтчилэн улсууд бөгөөд ингэснээрээ олон арлыг нээж, худалдаа арилжаагаараа хөрөнгөө үлэмж нэмэгдүүлсэн байна.
Шинжлэх ухааны хувьсгалын үед хэмжүүрүүдийг нэгдмэл болгожээ. Тухайлбал, улс орнууд нэгдсэн цагийг дагаж мөрдөхөөр болсон юм.
Үүний учир нь Их Британиас 1830 онд Манчестераас галт тэрэг хөдлөхөд хот, улс бүр өөр өөр цагтай байсан тул хуваарийн дагуу явах боломжгүй байв. Тиймээс Их Британийн галт тэрэгний сүлжээнийхэн 1847 оноос Гринвийчийн цагийг дагахаар шийдсэн байдаг. Ингэснээр дэлхий нийтээрээ нэгдсэн байдлаар Грийнвичийн цагийг баримтлах болов.
Хүмүүсийн амьдрал, гэр бүл хамгийн чухал үүрэгтэй байсан бол шинжлэх ухааны хөгжлийн явцад нийгэм, улс төр, зах зээл гэх ойлголт орж ирснээр харилцаанд өөрчлөлт орж эхэлжээ.
Сүүлийн 20-30 жилд шинжлэх ухаан хөгжихийн хэрээр амьдралын хэв маяг хурдацтай өөрчлөгдөж байгаа юм.
Бидний амьдарч буй өнөө цаг үе сүүлийн жилүүдэд тохиосон хамгийн энх тайван цаг үе гэдгийг түүхч Юваль Ноа Харари онцолжээ.
Дэлхийн II дайнаас хойш дахин томоохон дайн гарахгүй байгаа нэг шалтгаан нь олон улсын худалдаа аж. Өмнө нь дайнд ялаад олох орлого нь дайтах зардлаас их байсан тул дайтах нь том улсуудын хувьд ашигтай байсан. Харин одоо дайтах нь өндөр зардалтай байх учраас дайн хийхгүй байх нь ашигтай болжээ.
Дайн гарахгүй байх өөр нэг шалтгаан бол цөмийн зэвсэг бүтээсэн явдал хэмэээн түүхч Харари үзсэн. Учир нь цөмийн зэвсэг эзэмшдэг улс орны нэг нь л цөмийн зэвсэг хаявал бүгд хохирохыг мэдэцгээх тул зэвсгээ хянадаг хэмээжээ.
Номын төгсгөлд түүхч Харари хүн төрөлхтний мөхөл ойрхон байна уу, цаашид ямар ирээдүй хүлээж байна гэх асуултыг тавьж, өөрийн таамгийг дэвшүүлжээ.
Өдийг хүртэлх хувьсгалууд нь байгалийн жамаар бий болсон. Тэгвэл ирээдүйд гарах хувьсгал нь шинжлэх ухаанд суурилсан хиймэл буюу органик бус байх талаар хөндсөн байна. Түүний дэвшүүлснээр дараах гурван хувилбар байх боломжтой аж.
Одоо байгаа технологийн боломжийг харвал дээрх гурван хувилбар аль аль нь боломжтой байгаа юм. Тиймээс ирээдүйд хүн төрөлхтөн ямар байх вэ гэдгээ одоо өөрсдөөсөө асуух ёстой гэсэн байна.
Түүнчлэн түүх судалснаар өмнөх үеийнхэн нь юуны төлөө зорьж байсныг мэдэж, улмаар цаашид бид хэрхэхээ баримжаалах боломжтой. Үүн шиг бид ирээдүйд яах вэ гэдгээ одоо тодорхойлбол хойч үеийнхэн ойлгож, чигээ болгох буюу бид тэдэнд нөлөөлөх боломжтой юм бишүү гэх асуултаар түүхч номоо өндөрлөжээ.