Зураг
Зураг
Индэр    
2020 оны 4 сарын 16
Зураг
Мэдээллийн технологи

Инновацын экосистем бол хөгжлийн түлхүүр

Зураг
Бидний санаа бодолд буй шинэхэн санаанууд хэрхэн амьдралд биеллээ олж, бизнес болон хэрэгжиж, шинэ инновац гэж нэрлэгдэх хүртэл чухам яг юу нөлөөлдөг вэ гэсэн асуултанд харуулахыг зорилоо.
 
Юуны өмнө хүмүүсийн дунд байдаг нэг буруу ойлголтыг залруулж хэлэх нь зүйтэй болов уу. Учир нь бид нээлт(Invention) болон инновац(Innovation) хоёрыг андуурч ойлгох нь элбэг байдаг. Нээлт бол шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, процессын талаар санаа анх төрөхийг хэлдэг бол инновац нь уг бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээлд нэвтрэхийг хэлдэг.
 
Тэгэхээр инновац мэндлэхэд хоорондоо харилцан холбоо бүхий олон талууд оролцдог. Товчхондоо үүнийг инновацын экосистем гэж нэрлэдэг.
 
Тухайлбал, их, дээд сургуулиуд, бизнесийн бойжуулагчид, бизнесийн хурдасгагчид, хөрөнгө оруулагчид болон зах зээл гэх мэтийг энд нэрлэж болно. Үүнийг энгийн жишээгээр тайлбарлавал 10,000 орчим санаа их, дээд, сургууль, судалгааны түвшинд хэлэлцэгддэг гэж үзвэл үүнээс 100 орчим нь дараагийн үе шат буюу Start Up үе шат руу ордог, үүнээс 10 санаа нь цааш амжилттай үргэлжилж, Scale up түвшин рүү ордог бол үүнээс 1-2 санаа нь бизнесийн өсөлтийн түвшин рүү ордог гэж үздэг байна. 
 
 

Инновацийн эко систем - Эх сурвалж: University of Sydney, Innovation Hub

Бүүр ойлгомжтой болгох үүднээс дэлхийн хамгийн том инновацын экосистемийг энд жишээ болгон авч үзье.
 
АНУ-н Калифорни мужийн Сан Хосе хотод орших бидний мэдэх Цахиурын хөндий (Silicon Valley) бол дэлхийн хамгийн амжилттай инновацын экосистем юм. Дээр дурдсан экосистемийн бүрдэл хэсгүүд бол энд жинхэнэ утгаараа хөгжсөн.
 
Хөгжлийн үе шатыг авч үзвэл 1950 оноос эхлүүлэн тооцвол батлах хамгаалах чиглэл, электроникийн үсрэнгүй хөгжлийн үе, персонал компьютер, интернэт, сошиал медиа гэсэн томоохон үе шатуудад хуваан харж болно.
 
1950-аад он буюу хүйтэн дайны дараа АНУ батлан хамгаалахын салбарт хагас дамжуулагчид суурилсан зэвсэг техник, бүтээгдэхүүнийг ашиглахаар зорьж, Стэнфордын их сургууль дээр судалгааг эхлүүлснээр энэхүү том амжилтын эхлэл тавигдсан байдаг. Үүний дараахан бидний сайн мэдэх Bell Lab-ийн судлаачид хагас дамжуулагчийн бүтээгдэхүүн хөгжүүлэх зориулалт бүхий компанийг Стэнфордын их сургуулийн дэргэд байгуулсан байна.
 
 

Цахиурын хөндийн түүхэн мөчлөгүүд - Эх сурвалж: University of Sydney, Innovation Hub

Улмаар 1960/70-аад онуудад хагас дамжуулагчийн эрин үе, 1980-аад оныг персонал компьютерын үе, 1990-ээд онд интернетийн сүлжээний үе хэмээн нэрлэжээ. Харин 2000-аад оныг интернэт худалдаа хувьсал хийсэн жилүүд, 2010 аад онуудыг сошиал медиагийн жилүүд гэж авч үздэг. 
 
Цахиурын хөндийд бидний мэдэх Apple, Google, Microsoft, Facebook, Adobe, Amazon, Oracle, Cisco, Intel, HP, AMD,  Yahoo, eBay, Uber,  Airbnb, PayPal, Symantec, SanDisk, Nvidia гэх мэт дэлхийн маш олон топ компани болон амжилттай өсөж байгаа компаниуд багтдаг. 
 
 

Цахиурын хөндийн компаниуд - Эх сурвалж: University of Sydney, Innovation Hub

Тэгэхээр "Яагаад Silicon Valley ийм амжилтанд хүрсэн бэ?" гэж асуух хүн олон байгаа байх. 

1. Судалгаанд суурилсан, төрийн санхүүгийн дэмжлэг бүхий томоохон их сургуулиуд (Strong research-driven universities with endowment)

Цахиурын хөндийд Стэнфордын их сургууль (stanford.edu), Калифорни-Беркелийн их сургууль (berkeley.edu) байх бөгөөд судалгаа шинжилгээнд зориулж төрөөс жилдээ дунджаар 22 тэрбум долларын санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байна.
 
Нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт босгон ашигладаг. Эдгээр их сургууль нь гарааны компаниудыг бизнесийн санаагаар хангах, хөрөнгө оруулагчдыг татах, бойжуулагчийн үүргийг гүйцэтгэн, сургалт судалгаа явуулах, ур чадвартай хүний нөөцийг бэлдэх, сургах зэргээр инновацийн экосистемд маш идэвхитэй оролцдог байна. 

2. Дэлхийд танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн бизнес эрхлэгчид (Globally experienced repeat entrepreneurs)

Гол онцлог нь эхний удаа, хоёр дахь удаа, бүр гурав дахь удаагийн оролдлогоороо бүтэлгүйдэлтэй нүүр тулгарсан ч хэзээ ч бууж өгөхгүйгээр болгоно, бүтээнэ, амжилтанд заавал хүрнэ гэсэн итгэл үнэмшилтэйгээр үргэлжлүүлсээр амжилтанд хүрдэг.
 
Тухайлбал, бидний сайн мэдэх Элон Маск, Space X, PayPal, Tesla, Solar Winds зэрэг компанийг үүсгэн байгуулж8 өнөөгийн амжилтад хүргэсэн билээ. Энэ төрлийн бизнес эрхлэгчид олноороо энэхүү газарт төвлөрсөн.  

3. Боловсронгуй эрсдлийн капитал (Sophisticated risk capital)

Өндөр хөгжсөн хөрөнгийн бирж (Nasdaq), мэргэжлийн буюу тухайн салбарын хөрөнгө оруулагчид тухайлбайл, Intel capital зэрэг нэг дор төвлөрсөн.
 
Гарааны бизнест оруулсан нийт хөрөнгө оруулалтын гуравны нэг нь хүн амын 1% хүрэхгүй хувь оршин суудаг Silicon Valley-д хийгддэг гэсэн сонирхолтой тоо байдаг. 

4. Social capital

Silicon Valley-д нэр хүнд бүхий тоглогчид бүгд байдаг.
 
Тухайлбал зөвлөхүүд, хөрөнгө оруулагчид, бизнесийн хамтрагчид, худалдан авагчид, нэр хүндтэй захирлууд гээд бүхэл бүтэн энэ том эко системийн том бүрдлүүд нийгмийн маш том баялаг болсон энэ том сүлжээнд идэвхтэй оролцож байдаг. 

5. Knowledge sharing

Салбарын мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид, старт апп-уудыг оролцуулсан байнгын уулзалт, бизнес форумууд зохион байгуулагдаж байдаг.
 
Гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан хурдасгагч хөтөлбөрүүд тогтмол ажилладаг байна. 

6. Эрсдлийг хүлээн зөвшөөрөх (Tolerance for risk taking)

Амбицтай зорилго төдий бизнест эрсдлийг өөр дээрээ хүлээн авч бизнес эрхлэгчид хөрөнгө оруулдаг.
 
Хаашаа явах нь тодорхой бус гарааны бизнест итгэн чадварлаг хүний нөөцүүд өөртөө эрсдэл үүрэн хамтран зүтгэдэг. Банкууд гарааны бизнест итгэн, эрсдлийн тодорхой хэмжээг үүрэн зээл олгодог.
 
Өмгөөлөгчид мөн л ирээдүйд нь итгэн эрсдлийг үүрэн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг. Үл хөдлөх хөрөнгийн эзэд мөн л өөр дээрээ эрсдэл үүсгэн, баталгаагүй гарааны бизнесийг дэмжин хөрөнгөө санал болгодог. 

7. Creative destruction

NASDAQ, NYSE зэрэг хөрөнгийн бирж дээрээс олон компани гарч байхад тэдний орыг залган мөн л олон компани гарч ирж байдаг.
 
Өөрөөр хэлбэл, үүнийг creative destruction буюу бүтээлч шинэчлэлт гэж нэрлэдэг байна. 

8. Засгийн газраас үзүүлэх томоохон дэмжлэгийн бодлогууд (Supportive government policy)

Удаан хугацааны хэрэгжих төсөлд томоохон хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх (R&D Funding), гарааны бизнесүүдийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт үзүүлэх, хөдөлмөрийн хуулийг уян хатан болгох, хөрөнгийн зах зээл дээр гарахад дэмжлэг үзүүлэх гэх мэт олон дэмжлэгийг үзүүлдэг байна. 
 
Манай улсын хувьд инновацын экосистем бий юу? Хөгжүүлэхэд юу юуг анхаарах вэ?
 
Их сургуулиуд маань инновацын их уурхай болж чадаж байгаа юу, суурь судалгаа хангалттай хийгдэж байна уу, үүнд зориулсан санхүүжилт бий юу, нэгдсэн бодлого байна уу, төрөөс хэрхэн дэмжиж байгаа вэ зэрэг маш олон асуулт гарч ирэх нь ойлгомжтой. Дээрх товч мэдээллийг эрхэм уншигч та бид яах ёстой талаар тунгаан бодно бизээ.