Индэр    
2020 оны 4 сарын 4
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 57: Хиллари Клинтон "Юу болсон бэ" I

Зураг

-Өөрөөс шалтгаалдаг ялагдал байх ч шалтгаалдаггүй ялагдал амьдралд бий-

Энэ удаагийн анлок подкастын бичмэл хөрвүүлгийн дугаараар Хиллари Родхэм Клинтоны 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлынхаа талаар бичсэн "What Happened" номыг хүргэж байна. Энэхүү ном нь 2018 оны есдүгээр сарын 12-нд хэвлэлтэд гарч олон сонгуулийн үйл явцын талаарх ээдрээтэй үлдсэн асуултуудад хариулт өгсөн бүтээл болсноороо онцлог билээ. 

Номыг сонсох: #16 What Happened by Hillary Clinton Part 1

Хиллари Родхэм Клинтон гэж хэн бэ?

 

Америкийн дундаж амьдралтай айлд төрж, өссөн жирийн нэг охин бол Хиллари Родхэм Клинтон. Тэрбээр охидын коллежийг төгсөж АНУ-ын шилдэг хуулийн сургуулиудын нэг болох Йелийн их сургуульд суралцаж төгсжээ. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцдэг байсан тэрбээр Хүүхдийн эрхийг хамгаалах санд хүний эрхийн хуульчаар ажиллаж байсан гэдэг.  

Түүний нөхөр нь бидний сайн мэдэхээр АНУ-ын 42 дэх ерөнхийлөгч Билл Клинтон. АНУ-ын 42 дэх тэргүүн хатагтайгаар найман жил амьдарсан түүний хувьд АНУ-ын сенатор, Нью Йорк хотын дарга, 2008 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обаматой өрсөлдөж ялагдал хүлээж явсан үе бий. 

Ерөнхийлөгчөөр сонгогдож чадаагүй ч Обамагийн засгийн газарт Төрийн нарийн бичгийн даргаар дөрвөн жил ажиллаж /2009-2013/, “Клинтон” сандаа ажилласан.

Төрийн нарийн бичгийн дарга гэдэг нь манайхаар Гадаад харилцааны сайд хэмээн ойлгож болно. Хиллари Родхэм Клинтон тус албыг хашиж байх хугацаандаа хамгийн олон орноор /112 орон/ явсан түүхэн дарга болж байв. Энэ нь түүнийг өндөр үнэлгээтэй улс төрч байхад нөлөөлсөн гэдэг. 2013 онд тус албанаасаа буусныхаа дараа анх удаа хувийн хэвшилд орж ажилласан нь нөхрийнхөө 1997 онд байгуулсан Клинтоны санд удирдах зөвлөлөөр орсон явдал байв. Энэ хугацаанд олон төрлийн ажил хийж, үр дүнд хүрсэн. Дурдвал, цэцэрлэгийн насны хүүхдэд унших, бичих, ярих дадал хэвшүүлэх, Африкийн амьтдыг хулгайн анчдаас хамгаалах зэрэг сэтгэлдээ хүсэж мөрөөддөг байсан асуудлууд дээрээ ажиллажээ. Мөн ДОХ-ын эмийг ядуу буурай орнуудын өвчтөнүүд худалдаж авах боломжтой үнээр хийх талаар  томоохон эмийн үйлдвэрүүдтэй гэрээ хэлэлцээр хийж ажил хэрэг болгосон. Нийт 70 гаруй орны 11 сая гаруй өвчтөн; ДОХ-ын эмээ хямдаар авах боломж бүрдүүлжээ. Энэ бүхнээс харвал тэр бол цуцашгүй, жинхэнэ хүчирхэг эмэгтэй гэмээр.

Хиллори Клинтон 2008 оны сонгуульд Барак Обомагийн эсрэг өрсөлдөж ялагдал хүлээсэн бөгөөд энэ нь сонгуулийн ажил ямар хүнд болохыг биеэр мэдсэн үе байсан тэр бууж өгөөгүй. Ингээд 2016 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, намаасаа ялалт байгуулан Дональд Трампийн эсрэг өрсөлдсөн билээ.  

Яагаад Дональд Трамптай өрсөлдөх болсон бэ?

Ерөнхийлөгч байх нь бусад албан тушаалд байснаас илүү их зүйлийг хийж, богино хугацаанд америкчуудын амьдралд тус болох ажлыг хийж чадна гэсэн итгэл түүний дотор байсан. Нөгөө тал өөрийгөө АНУ-ын ерөнхийлөгч байхад хамгийн их бэлтгэгдсэн хүн гэдэгт итгэлтэй байсан.

Барак Обама ерөнхийлөгч ч тухайн Хиллари Родхэм Клинтонтой нэг нам байсан болоод ч тэр үү их дэмждэг байсан учир сонгуульд өрсөлдөхийг нь ятгаж, их ярилцсаны үндсэн дээр нэр дэвшихээр болсон хэмээн номдоо өгүүлжээ.

Сурталчилгааны багийнханы итгэл

АНУ-д сонгуульд өрсөлдөхөд хоёр жилийн өмнөөс компанит ажлаа эхлэх ёстой. Сонгуульт ажил нь эхлэх үед Хиллари Родхэм Клинтоныг америкчуудын 51 хувь нь дэмжсэн, 41 хувь нь сөрөг байр суурьтай байжээ. Үндсэндээ дэмжигчид давамгайлж байсан тул гараа сайн эхэлсэн.

Түүний сонгуулийн уриа нь “Stronger together” буюу “Хамтдаа хүчтэй” гэх утгатай байсныг та мэдэх биз.

Түүний хувьд өөрт нь санаа байсан ч шууд шийдчихдэггүй үргэлж мэргэжлийн багуудаасаа зөвлөгөө авдаг байсан. Иймд урианыхаа талаар хүртэл сонгуулийн ажлынхаа гурван багаас зөвлөгөө авсан байна.  Багууд нь хоорондоо ярилцаагүй мөртлөө адилхан санааг  Клинтонд санал болгосон гэдэг. Тэдний санаа бол бүгд нийлж, хамтдаа зүтгэж байж илүү их хүчийг бий болгох явдал байжээ.  

Хиллари Родхэм Клинтоны компанит ажлын сурталчилгааны багт нь 5,000 гаруй сайн дурын ажилчид ажилласан нь түүхэндээ хамгийн олон сайн дурын ажилчин ажилласан сонгуульд тооцогдсон.

Тэр энэ тухай хэлэхдээ “20-30 настай залуучуудын гарааны бизнес ч юм шиг эсвэл оюутны байрныхан нийлээд шуугиж байгаа мэт компанит ажил байсан” гэж цохон тэмдэглэсэн нь учиртай. Багийнхан ч түүнийг чин сэтгэлээсээ дэмжээд зогсохгүй ялагдсаных нь дараа хүртэл уйлалдаж, Хиллари Родхэм Клинтоныг тайвшруулаад урам өгч байсан гэдэг.  

Хандивын 300 сая ам.доллар

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажил удаан хугацаанд үргэлжилдэг тул нэр дэвшигч өөрийн биеэр нөхцөл байдлыг мэдрэх хангалттай цаг хугацаа. Тэгснээрээ илүү бодит амьдралд нийцсэн бодлого, мөрийн хөтөлбөр боловсруулах хугацаа гэж ойлгож болно. Мөн хандив гэдэг зүйл олны анхаарлыг ихээр татдаг бөгөөд Хиллари Родхэм Клинтон 300 сая америк долларын хандив цуглуулж чадсан нь түүнд итгэсэн олон хүн байсныг илтгэж.

Эмэгтэйчүүд ба улс төр

Түүний хувьд эмэгтэй байсан нь сонгуульд оролцоход их хүнд байсныг энэхүү номдоо нуулгүй бичжээ. Нэгэн судалгаагаар амжилттай яваа ялангуяа улс төрд буй эмэгтэйчүүдийг өөлөх хандлага их гардаг ч амжилттай яваа эрчүүдийн талаар тэр болгон хүмүүс асуудал болгож ярьдаггүй гэдэг нь батлагдсан аж.

Эмэгтэй улс төрчид олны өмнө гарахаас эхлээд, нүүрээ яаж будсан, юу өмссөн, гэр бүлдээ хэр анхаардаг зэрэг бүх зүйл нь олон нийтэд асуудал болж байдгийг Хиллари Родхэм Клинтон бодитоор мэдэрчээ.

Тэр сонгуульт ажлынхаа үеэр 600 цагийг нүүр, үсээ янзлуулж, будуулахад зарцуулсан гэх сонирхолтой тооцоог хүртэл гаргасан. Гэхдээ түүний хувьд энэ цагаа үр дүнтэй өнгөрүүлэхийн тулд үсээ янзлуулах, нүүр будаалахдаа багийнхантайгаа уулзаж, мэдээлэл уншиж, ажлаа төлөвлөж суудаг байсан.

Бас нэгэн сонирхолтой судалгаа бол Хиллари Родхэм Клинтоны  эсрэг санал өгсөн хүмүүсийн 42 хувь нь өөр шиг нь цагаан арьстай бүсгүйчүүд байсан гэдэг. Өөрөөр хэлбэл түүний хувьд эмэгтэй хүн байсан нь ерөнхийлөгчийн сонгуульд гарч ирж чадаагүй шалтгаан ч байж болох юм.

И-мэйл хаяг

Түүний сонгуулийн жилүүд и-мэйлийн талаар ярьж, шуугиж байгаад дууссан гэхэд буруудахгүй. Учир нь тэр хувийн и-мэйл хаягийг ашиглан улсынхаа нууцын зэрэглэлтэй зүйлсийн талаар бусадтай харилцаа холбоо тогтоосон гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан явдал байсан юм. Түүний 30,000 мэйлийг шалгах шийдвэр Холбооны мөрдөх товчооноос гаргаж, ерөнхийлөгчийн сонгуулийн ажлынх нь бүхий л хугацаанд уг яриа нь тасраагүй аж.

Ард иргэд нь түүнийг хувийнхаа и-мэйлийг ашигласан нь худалч хуурмаг нэгэн гэдгийг харуулж байна. Хувийн ашиг сонирхол үүсгэж буй арга хэмээгээд дургүйцлээ илэрхийлжээ. Худал үгийг мянга яривал үнэн болдог гэдэг шиг хэвлэл мэдээллээр гарсан нийт мэдээллийн 80 гаруй хувь нь и-мэйл гэсэн гарчигтай байсан нь сонирхолтой.  

Холбооны мөрдөх товчооноос шалгалтаа сонгууль болохоос зургаан сарын өмнө шийдвэрээ гаргаж дуусахад 30,000 и-мэйл дунд нь нууцын зэрэглэлтэй зүйлс нэг ч байгаагүй тул хэргийг нь хэрэгсэхгүй болгосон гэдгээ зарласан байна.

Үүгээр зогсохгүй тухайн үед ажиллаж байсан Холбооны мөрдөх товчооны дарга нь сонгууль болохоос 11 хоногийн өмнө Хиллори Клинтоны харьцсан шинэ и-мэйлийг дахин шалгаж байна гэх үндэслэлгүй мэдээллийг олон нийтэд өөрийн биеэр ярьж, хэвлэлүүд ч түүнийг нь гол сэдэв болгосон. Гэтэл мөн л сонгууль болохоос гурав хоногийн өмнө түүнийг огт буруугүй байсан ба эндүүрэл байсан байна гэдгийг зарласан гэдэг.

Гэвч үүнээс болж хүмүүс сонголтоо өөрчлөхөөс өөр аргагүйд хүрч Хиллари Родхэм Клинтоны эсрэг санал өгөхөд хүргэсэн хамгийн том шалтгаан гэж үздэг байна.

Хэвлэл мэдээллийн салбарын туйлшрал

Худал мэдээллийг үнэн юм шиг цацах нь хүмүүсийн тархинд автоматаар шийдвэр гаргахад нь асар их нөлөөтэй. Тиймд уг сонгуульд хэвлэл мэдээллийн салбар хүчтэй нөлөө үзүүлсэн. Сонгуульт ажлынх нь үеэр хэвлэлүүд том, жижиг гэлтгүй мэдээллээ нягтлахгүй гаргаж, хандалтаа өсгөх гэж мэдэгдэл хийсэн болгоныг гаргаж байсан нь харамсалтай хэмээн номдоо өгүүлжээ.

Үүнээс гадна тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай хувь хүний хувьд таагүй харилцаатай байсан нь сошиалаар худал мэдээллүүдийг төлөвлөгөөтэйгээр цацаж, хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлсөн хэрэг гэж үздэг. Судлаад үзэхэд нь хүртэл бүх нууц акаунтын ард орос байсан нь тогтоогдсон гэдэг.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд тухайн үед 136 сая хүн санал өгөхөд 65.8 сая хүний саналыг Хиллари Родхэм Клинтон,  62.9 сая хүний саналыг Дональд Трамп авсан хэдий ч сонгуулийн тогтолцооны сул талаас болж Хиллари ялагдал хүлээсэн билээ.