Индэр    
2020 оны 3 сарын 24
Зураг
Эдийн засагч, шинжээч

Капитализмын хөдөлгүүрийг 1 сар унтрааж болно, гэхдээ 18 сар унтраахад зориулагдаагүй

Зураг

“Бидний тооллоор 2 өдөр гэдэг бол ковид тооллоор 2 жил” гэж эдийн засагч Пол Кругман хэлсэн нь хөл хорионд хүмүүс ч, ААН-үүд ч удаан тэсэхгүй гэдгийг анхааруулжээ. Энэ дэлхий ертөнц тэр чигээрээ хэчнээн цаг завгүй болсныг илтгэж байна. Цаг завгүй байхыг шаардаж байгаа нэг хүчин зүйлс нь капитализм.  

"Капитализмын хөдөлгүүрийг 1 сар унтрааж болно, гэхдээ 18 сар унтраахад зориулагдаагүй" гэж хөрөнгө оруулагч Билл Акман хэлсэн нь ч дээрх нөхцөл байдлыг баталгаажуулах мэт. 

Манайд хэдийгээр чөлөөт зах зээлийн систем бүрэн үйлчилдэггүй ч гол хөдөлгүүр нь капитализмын хөдөлгүүр. Тэгэхээр бид хөдөлгүүрээ 2 сар унтраахад нөхцөл байдал хэрхэн хүндэрч байгааг хөдөлгүүрийн заалтууд харуулж байна. 

Голлох үзүүлэлтүүд Жилийн өөрчлөлт

Голлох үзүүлэлтүүд

Жилийн өөрчлөлт

Экспорт

-29.5%

Импорт

-10.4%

Агаарын тээврийн орлого

-21.7%

Уул уурхайн үйлдвэрлэл

-23.8%

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл

-14.2%

Улсын төсвийн орлого

-11.7%

Хугацаа хэтэрсэн зээл

11.2%

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Цаашид үргэлжилбэл, энэ хөдөлгүүрийн гол хэсэг болох ААН-үүд тэсэхгүй. Зээл, түрээс, цалингийн зардлаа төлж чадахгүйд хүрнэ. Цалин авахгүй байгаа ажилчид өрхийн төсвөө танаж, худалдан авалт хийхгүй, борлуулалт буурна. Ийм л гинжин хэлхээгээр явсаар хамтдаа унадаг нь капитализмын хөдөлгүүрийн онцлог. Өөрөөр хэлбэл, хөдөлгүүрийг урт хугацаанд унтраахаар зохиогоогүй. 

Нэмэлт хөдөлгүүрээ асаах нь

Үндсэн хөдөлгүүрээс гадна түүний хурд нэмэх, хасах, ослоос сэргийлэх 2 хөдөлгүүр бий. Эхний хөдөлгүүр нь МӨНГӨНИЙ БОДЛОГО. Энэ нэмэлт хөдөлгүүрээ дэлхийн 35 орон вирусийн эсрэг ашиглаж эхлэв. Монгол ч гэсэн 36 дахь улс нь болж, бодлогын хүүг буулгах шийдвэр гаргалаа. Мөн нэмээд тодорхой багц арга хэмжээ авсны үр дүнд зээлийн хүүг 1 нэгж хувиар буурч, зах зээлд шинээр 400 тэрбум төгрөгийн зээл гарах боломжтой гэжээ(Нийт зээл олголтын 10 хувьтай тэнцэх мөнгө). Энэхүү нэмэлт хөдөлгүүрийн нөлөө нь дор хаяж 9 сарын дараагаас мэдрэгдэнэ.

НЭМЭЛТ ХӨДӨЛГҮҮР, МОНГОЛ

Мөнгөний бодлого

Сангийн бодлого

  • Бодлогын хүүг 11 нэгж хувиас 10 хувьд хүргэж бууруулав.
  • Заавал байлгах нөөцийг 12-с 2 нэгж хувиар буулгаж, 10 хувьд хүргэв.
  • Хүүний коридорыг шинэчлэн тогтоов.
  • Зээлийн ангилалд өөрчлөлт оруулах
  • Өргөн хэрэглээний импортын барааны татварыг хөнгөлөв.

Америкийн Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл нэмэлт хөдөлгүүрээ асаахдаа ”Энэхүү хөдөлгүүр нь зөвхөн санхүүгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэхээс биш салбаруудыг шууд дэмжиж чадахгүй" гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Трампыг хоёр дахь хөдөлгүүрээ асаагаарай гэж байгаа хэрэг. Трамп ч хөдөлсөн, Трамп гэлтгүй дэлхийн ихэнх орнууд давхар САНГИЙН БОДЛОГО-оор дэмжиж эхэлсэн.

 

Харин манай хоёр дахь хөдөлгүүр болох САНГИЙН БОДЛОГО хаачив?

Сангийн сайд нь эхний хөдөлгүүрийг асаахад нь өөрөө ирж, туузыг нь хайчилж, товчийг нь дарсан байдаг. Харин өөрийн хариуцсан улсын нэмэлт хоёр дахь хөдөлгүүрийг огтхон ч асаадаггүй. Төсвөө тодотгох тал дээр нэлээд их яригдаж байгаа ч Сангийн сайд 6 дахь удаагаа "үгүй" гэж хэлсэн. Ийм хүнд үед юун төсөв тодотгох вэ? Эдийн засгаа засгийн газрын худалдан авалтаар дэмжинэ гэх өнцгөөс ярьж байна. Уг нь зөв. Гэхдээ... 

“Тодотго” гэж буй хүмүүсийн санаа нь зардлаа хумь гээгүй, зардлаа тана гээгүй. Үр ашигтай зарцуул. Ялангуяа унаж байгаа салбарыг нь дэмж, зайлшгүй шаардлагатай биш бол тэрхүү зардлаа хэрэгтэйд нь зарцуул гэж байгаа. Жишээ нь, Баянзүрх дүүргийг хамгаалдаг 2 тэрбумын нохойнууд, Хэнтийд баригдсан 2.6 тэрбумын Мангасын ам гэх мэт шаардлагагүй бүтээн байгуулалтыг л царцааж, салбаруудаа дэмж гэж буй.

V, U эсвэл LoL  - уу? 

Вирусийн тархалтаас хамааран эдийн засаг ямар хэлбэрээр сэргэх нь одоо ч тодорхой бус байна. Ер нь галавын үеийн амьтдаар төсөөлбөл, манайх бол жижиг үлэг гүрвэл. Унаж, халтирсан ч хурдан босоод гүйх чадвартай. Одоогоор 3 янзын хувилбар яригдаж байна. 

V- эдийн засаг огцом унаад сэргэнэ.

U- эдийн засаг унаад, тодорхой хугацааны дараа эргээд сэргэнэ.

LoL – эдийн засаг унаад, тэг зогсолт хийгээд дахиж унана гэсэн үг. 

Харин манайд хамгийн магадлалтай хувилбар нь U хэлбэрийнх байна. Гэвч ХОЁР ДАХЬ ХӨДӨЛГҮҮР БОЛОХ САНГИЙН БОДЛОГО-оор дэмжихгүй л бол LoL хэлбэрт шилжинэ.