Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино
Хувь хүний амжилт гэдэг нь миний бодлоор мөрөөдөл, зорилготой байж, түүнийгээ төлөвлөж, тэр төлөвлөгөөнийхөө дагуу хөдөлмөрлөн хэрэгжүүлэх явдал юм. Энэ санаагаа би нийтлэлүүддээ байнга тусгаж, Амжилтад хялбархан хүрэх гурван алхам нийтлэлдээ дэлгэрэнгүй тайлбарлан бичиж байсан билээ.
Зорилго, төлөвлөгөө, хөдөлмөр гурав нь амжилтын салшгүй хэсгүүд бөгөөд эн тэргүүний алхам нь зорилго буюу мөрөөдлөө тодорхойлох явдал юм. Тэгвэл хувь хүний амжилтаас ялгаагүй улс орны ч амжилтын үндсэн тулгуур нь тухайн улсын нийтлэг зорилго, мөрөөдөл байх учиртай гэж би үздэг.
Бид бүгдээрээ л Монгол Улсаа хөгжүүлэх юмсан гэж дор бүрнээ бодож явдаг, хоорондоо ярилцдаг, чадлаараа хичээцгээдэг - тэр сэтгэл нь монгол хүн бүхэнд л мэдээж байгаа. Бид яаж хөгжүүлэх вэ гээд дор дороо, төрийн түвшинд ч төлөвлөгөө гаргаж, түүнээ хэрэгжүүлэх гээд л зүтгэж байдаг. Харин алсын хөгжлөө дүрслэхдээ бидэнд нийтлэг, нэгдмэл төсөөлөл байдаггүй гэж хэлэхэд хэн ч маргахгүй болов уу.
Тэгвэл Монголчууд бидний мөрөөдөл юу вэ? Бид улсаа хөгжүүлье, хөгжөөсэй гэж байнга ярилцдаг, харин яг ямар улс болоосой гэж хүсдэг вэ? Бидний “Монгол мөрөөдөл” юу вэ?
Энэ нийтлэлдээ “Монгол мөрөөдөл”-ийг тодорхойлох нь яагаад чухал вэ, өөр улс орон мөрөөдлөө тодорхойлсон ямар жишээнүүд байдаг вэ, мөрөөдлөө бид хэрхэн тодорхойлох вэ гэх зэрэг асуултуудад хариулт өгөх хэлбэрээр санаагаа хуваалцана.
“Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино” гэж Их эзэн Чингис хааны хэлсэн үг байдаг.
Хувь хүн, компани, байгууллага зорилго, мөрөөдөлгүй байвал утга учир багатай, амжилт, дэвшилтгүй байдагтай адил, улс орон ч гэсэн тодорхой зорилго, мөрөөдөлтэй байх нь нэн чухал. Улсын мөрөөдөл гэдэг нь үндэсний түүх, өв соёлыг тусгаж, ард иргэдийнхээ хүсэл тэмүүллийг шингээж, улсынхаа хэтийн бодлогыг дүрсэлсэн цогц санаа юм. Мөрөөдөл тодорхой байснаар иргэдийн хувийн зорилго болон төрийн бодлого харилцан уялдаатай болж нэгэн зүгт хөгжинө.
Төр бидний төлөө ажиллахгүй байна, зөв алхмууд хийхгүй байна гэж иргэдийн ярьцгаах тохиолдол багагүй - бухимдах тоолондоо л төр засагтаа бурууг тохох амархан. Ардчилсан нийгэмд улс төрчид бол иргэдийн төлөөлөл бөгөөд иргэдийн өмнө хариуцлага хүлээсэн хүмүүс хэдий ч, иргэдийнхээ төлөө яг юу хийхээ мэдэхгүй, иргэд нь ч юу хүсч байгаагаа мэдэхгүй бол хариуцлага тооцох утгагүй. Алсын хараагүй бол дэлхий дахины тогтвортой бус нөхцөл байдал, хүмүүсийн хувирамтгай хүслүүдийг “дагаж найгасаар” байгаад ямар ч жинтэй хөгжлийн алхам хийхгүй өдөр хоног, сонгуулиас сонгуулийг л өнгөрөөсөөр явна. Гол нь улсын мөрөөдөл гэдэг нь зуурдын зүйл биш, хэзээд ч хувь хүнийг ч, төрийг ч чиглүүлж байх учиртай.
Цөөн үгээр: Эрх тэгш боломж
Магадгүй дэлхий дээр хамгийн сайн танигдсан улсын мөрөөдөл бол “Америк мөрөөдөл” (“The American Dream”). “Америк мөрөөдөл” нь хүн болгон эрх тэгш боломжтой, өөрөө л хичээвэл юуг ч хийж бүтээх бүрэн боломжтой гэсэн санаа юм. Энэ санаа нь тэдний түүх, улс гүрний бодлого, хүмүүсийн өдөр тутмын үзэл бодол, амьдралын хэв маягтай уялдаатай.
Америкийн Нэгдсэн Улсын үүсгэн байгуулагдаж, үеэс үед хөгжсөн түүхийг харвал улс нь дандаа эрх чөлөө, шинэ боломжийг эрэлхийлсэн хүмүүсээс бүрдсэн. Голчлон хаант засаглал болон шашны дарангуйлалаас зугтаж, эдийн засгийн болон эрх зүйн боломжийг эрэлхийлсэн цагаачдаас гарал үүсэлтэй (нутгийн уугуул иргэд болон боолуудын аймшигт түүхүүдийг эс тооцвол) болохоор анхнаасаа л үзэл бодол, соёл, хууль эрхзүй, хөгжлийн бодлогод нь тусгагдаж ямагт хэв маягт нь шингэсэн юм. “Америк мөрөөдөл”-ийн санаа нь АНУ үүсгэн байгуулагдах цагаас л байсан хэдий ч энэ томьёоллыг зохиолч Жэймс Т.Адамс 1931 онд анх тодорхойлж, алдаршуулж байсан юм.
АНУ-ын түүхээс харахад “Америк мөрөөдөл”-ийн нарийн ойлголт нь цаг үеэ дагаад хувирсаар байсан боловч, гол санаа нь хэвээрээ. АНУ-ын иргэдийн хувьд эрх чөлөө бол хамгийн чухал үнэт зүйлсийн нэг, тиймчлэн ихэнх том асуудал дээр эрс тэс хуваагдсан байдаг.
Хамгийн том хоёр нам нь (Бүгд Найрамдах Нам, Ардчилсан Нам) барууныг болон зүүнийг сахисан бодлогыг тус бүр баримталж бүхий л том асуудал дээр үзэл бодлын зөрүүтэй байдаг хэдий ч, аль ч намын ямар ч хүн “Америк мөрөөдөл”-тэй маргахгүй - зөвхөн хэрхэн иргэдээ “Америк мөрөөдөл”-д хүрэхэд нь дэмжих тал дээр л маргана байх.
“Америк мөрөөдөл”-ийн билэг тэмдэг болсон хэдэн хүнийг жишээ болгоё:
Цөөн үгээр: Хувийн орон сууцтай болцгооё
“Австрали мөрөөдөл” нь хүн бүр хувийн орон сууцтай болох нь тогтвортой, амжилттай амьдралын “илэрхийлэл” гэсэн санаа юм. “Америк мөрөөдөл”-тэй харьцуулвал “Австрали мөрөөдөл” маш нарийвчилсан санагдана, гэхдээ энэ мөрөөдөл нь анх “Америк мөрөөдөл”-өөс л гарал үүсэлтэй.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа, 1940-өөд оноос “Америк мөрөөдөл”-ийн илэрхийлэл нь тогтвортой эдийн засаг болон гэр бүлийн үнэ цэнэ болж, америкчууд хувийн орон сууцтай болохыг мөрөөддөг болсон. Үүнийг дагаад 1950-аад оноос эхлээд Австралийн үйлдвэрлэл цэцэглэхийн хажуугаар энэ санаа дэлгэрч, өдийг хүртэл Австраличуудын мөрөөдөл нь өөрийн байртай болох явдал болсон юм.
Би 2011 онд их сургуулиа төгсөөд хоёр жил Австралид “Рио Тинто” компанид ажилласан. Тухайн үед анх удаа өндөр цалинтай ажил хийж үзэж байсан, мөнгөө хэрхэн зарцуулах тал дээр ойлголт багатай амьдардаг байсан. Байрны түрээс, хоол унд, хувцас хунар, хоббиндоо л зарцуулж, үлдсэн мөнгөө хуримтлуулдаг байсан.
Харин надтай хамт ажиллаж байсан найзууд маань адилхан л 20 дөнгөж гарч байгаа залуус мөртлөө мөнгөө байрны урьдчилгаанд хурааж байна гэдэг байсан.
Ихэнх нь нэг жил дотор лизингээр өөрийн нэр дээр байр аваад сар болгон түрээсэнд мөнгө өгөлгүй байрны төлбөртөө төлөөд явдаг болсон. Зөвхөн хамт ажиллаж байгаа найзууд маань ч биш, энд тэнд янз бүрийн ажил хийдэг (харьцангуй бага цалинтай) хүмүүс ч мөн адил байр авна гэж зориод л авдаг байсан.
Энийг хараад би анх ямар сүрхий юм бэ, бас хэн ингэж мундаг хэлж зөвлөж өгдөг юм бэ гэж гайхдаг байсан. Гайхахын хажуугаар дуураймаар санагдаж хуримтлуулсан мөнгөө аав ээжийгээ байр авахад нь нэмэрлэсэн билээ. Дараа нь судлаад үзсэн чинь энэ нь соёл, хэв маяг, хүмүүжилд нь хэвшсэн мөрөөдөл нь юм байна гэж ойлгосон.
“Австрали мөрөөдөл” нь надад маш энгийн хэрнээ хүчтэй санагддаг. Учир нь иргэд нь ч энийг мөрөөдөж өссөн болохоор тодорхой зорилготой ажиллаж амьдардаг, нөгөө талаас төр засагт нь энэ мөрөөдөл нь тодорхой болохоор энийг нь дэмжих нөхцөл байдлыг хангахын төлөө ажилладаг.
Мэдээж бүгд байр авах мөрөөдөлтэй байв ч зээлийн нөхцөл нь хүнд, хууль нь дандаа барилгын салбарынханд давуу үйлчилдэг бол ямар ч нэмэргүй. Харин энэ нь нийтээрээ хүлээн зөвшөөрөгдсөн мөрөөдөл учраас тал талаас энийг дэмждэг, энэ нь сонгуулийн томоохон асуудал болж яригддаг, энэ асуудал дээр хэрхэн ажилласнаараа улс төрчид тодорхой хэмжээнд дүгнэгддэг. Жишээ нь 2019 онд л гэхэд Австралийн эрх баригч намаас анх удаа байр эзэмшмээр байгаа хүмүүст зориулж шинэ хөтөлбөр танилцуулсан.
Тэр хөтөлбөр нь 20% урдчилгааны мөнгөө хурааж чадаагүй байгаа 10 мянган хүнд 5% мөнгөө гаргавал 15%-ийг нь төрөөс зээлүүлнэ гэж байв. Энэ нь мэдээж нэг намын санаа, нөгөө намуудаас эсэргүүцэх нь тодорхой — гол нь зорилго дээрээ нэгдсэн байхад зөвхөн тэр зорилгодоо хэрхэн хүрэх дээр л улс төрчид нь маргана.
Цөөн үгээр: Хамтын хүчин зүтгэлээр эх орноо мандуулъя
“Америк мөрөөдөл” болон “Австрали мөрөөдөл” нь ардчилсан улсуудын мөрөөдөл учраас хувь хүний мөрөөдөл, боломж бололцоо дээр суурилсан бол, Хятад улсын мөрөөдөл мэдээж тухайн улсын онцлогт нийцсэн өөр байж таарна.
“Хятад мөрөөдөл”-ийн гол санаа нь иргэд нь хөгжин дэвшиж, хамтын хичээл зүтгэлээр улсаа дэлхийд мандуулах явдал юм. “Хятад мөрөөдөл” нь коммунист намаас тодорхойлсон иргэдийн баримтлах ёс зүй, төрийн биелүүлэх зорилго бөгөөд энэ томьёоллыг ерөнхийлөгч Ши Жинпин 2012 оноос хойш ашиглан алдаршуулж байгаа юм.
Хятадын коммунист нам нь үүсгэн байгуулагдаад 100 л жил болох гэж байгаа (2021 онд 100 жилийн ой нь болно), тэр нь Хятадын хэдэн мянган жилийн соёл иргэншил, урт түүхийн өчүүхэн хэсэг хэдий ч, мөрөөдөл нь орчин үеийг ч, түүхийг ч тусгасан санагддаг. Үеийн үед түүхэндээ өөрийн улсаа дэлхийн төв гэж үздэг — Хятад улсын нэр нь өөрөө хятад хэл дээрээ 中国 (жунгаа) буюу дунд гүрэн гэж орчуулагдана. Тиймчлэн хувь хүн төвтэй гэхээсээ илүү эх орон төвтэй үзэл бодолтой учраас энэ мөрөөдөл нь зөвхөн намаас буулгасан зарлиг гэлтгүй ард түмний үзэл бодол, хэв маягтай нийцэх санаа болон уриа мэт надад санагдсан.
“Монгол мөрөөдөл”-ийг хэрхэн тодорхойлох талаар санаагаа хуваалцахын тулд өөрийн хувьд энэ санааг хэрхэн хөгжүүлсэн, мөн энэ талаар хийгдэж байсан ажлуудынхаа талаар хуваалцах нь зүйтэй байх. Энэ санаа гэнэт надад орж ирээд бичиж байгаа хэрэг огт биш, бас урьд нь хэн ч хөндөж байгаагүй асуудал ч биш.
“Монгол мөрөөдөл”-ийг улсын үнэт зүйл, алсын хараа гэх зэрэг олон томьёоллоор тодорхойлон ярилцдаг. Сүүлд л гэхэд Засгийн газраас гаргасан “Алсын хараа 2050” баримт бичгийн төсөл нь яг л энэ санаан дээр үндэслэгдэж санаачлагдсан нь гарцаагүй, мөн эхний хэсэг нь “Үндэсний нэгдмэл үнэт зүйл” дээр төвлөрсөн байна билээ (энэ талаар товч дүгнэлт хийсэн байгаа). Миний хувьд хэдэн жил бодож, ярилцаж, тодорхой хэмжээнд энэ тал дээр ажиллаж байгаа санаа юм. Анх “Монгол мөрөөдөл” гэсэн санааг Оксфордыг төгсөж ирээд Эрдэнэ гэдэг найзтайгаа ярилцаж, хөгжүүлж байсан бяцхан түүхээс хуваалцъя.
Оксфордын Их сургуульд тэр жил хоёр Монгол оюутан сурч байсан - нэг нь би (Бизнесийн удирдлагын Магистр/ Master of Business Administration), нөгөө нь Э.Эрдэнэ (Улс төрийн бодлогын Магистр/ Master of Public Policy).
Тэнд сурч байх жилдээ цөөн хэдэн монголчууд хааяа уулзаж, хичээл дээр сурч байгаа зүйлс, Монголд болж буй онцлох үйл явдлууд, Монголдоо буцаж очоод юу хийх гэх мэт сэдвээр яриа өрнүүлдэг байсан. Сургуулиа төгсөөд ирсэн хойноо Эрдэнэ бид хоёр монголынхоо нийгэмд чиглэсэн ажил хийвэл юу байвал зүгээр талаар ярилцахад яг аль салбарын ямар асуудлыг давуу гэж барьж авах нь тодорхойгүй байсан.
Миний хувьд боловсролын салбарыг илүү онцолж, бүх хөгжлийн үндэс нь боловсрол гэж үзээд боловсролтой холбоотой юм хийвэл зүгээр гэсэн бол Эрдэнийн хувьд эрүүл мэндийн салбарт ойрхон, бүх хөгжлийн үндэс эрүүл иргэдэд л оршино гэсэн. Аль аль нь үнэн боловч хийх ажлынхаа цар хүрээг нарийвчилж тодорхойлох нь бүү хэл салбараа ч сонгож чадахгүй байв.
Эцэст нь энэ сонгож чадахгүй байдал маань асуудлыг илүү өргөн хүрээнд харуулж, хамгийн түрүүнд “Монгол мөрөөдөл”-ийг л тодорхойлох хэрэгтэй юм байна гэдгийг ойлгуулсан.
Ингээд 2016 онд “Бидний Монгол Мөрөөдөл” ТББ-ыг бид үүсгэн байгуулж байсан юм. ТББ-ын маань эрхэм зорилго нь “Монгол хүн бүрийн мөрөөддөг Монгол улсыг илэрхийлэх “Монгол мөрөөдөл”-ийг иргэдийн оролцоон дээр үндэслэн тодорхойлж, Монголчуудыг нэгтгэх үнэт зүйлтэй болоход оршино”. 2017 оны сүүлээр би Казахстан руу ажиллахаар яваад бид ТББ-ынхаа үйл ажиллагааг засарласан ч, хийж байсан ажлаасаа энд танилцуулах болно.
Зургийн тайлбар: “Dreamers” — Бидний Монгол Мөрөөдөл ТББ хамт олонтойгоо
“Монгол мөрөөдөл” гэж энд тэнд зөндөө ярьж, хэлэгдэж байхыг нь сонсож, улсынхаа нийтлэг үнэт зүйлсийг тодорхойлох хэрэгтэй гэдгийг ч энд тэнд бичигдэж, яригдахыг зөндөө харж, сонсож байсан. Хамгийн сүүлд Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Алсын хараа 2050” баримт бичгийн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний хэсэг болох “Үндэсний нэгдмэл үнэт зүйл” хэсгээс арай албан ёсны, цогц байдлаар бичсэнийг олж уншсан билээ.
30 жилийн алсын хараатай хөгжлийн бодлого болох түүний эхний бүлэг нь яг үнэт зүйлээ тодорхойлох сэдэв дээр төвлөрсөн байхыг нь хараад их догдолж, магадгүй удаан бодож, эрэлхийлсэн хариу маань байгаа юм болов уу гэж горьдсон. Харин уншаад шууд цогц хариултыг олоогүй, тэр нь хоёр шалтгаантай.
Нэгдүгээрт, нэгдмэл үнэт зүйлийг тодорхойлох бус цаашид тодорхойлох талаарх төлөвлөгөө мэт л санагдсан. Уг нь эхлээд үнэт зүйл, мөрөөдөл, зорилгоо тодорхойлчихоод түүндээ суурилж бодлогоо тодорхойлвол илүү зүйтэй санагдаж байсан.
Хоёрдугаарт, миний бодож байсанчлан улсын нэгдмэл үнэт зүйл гэхээс илүү, үндэсний түүх, соёлыг хамгаалж алдаршуулах тал дээр л төвлөрсөн санаанууд байсан. “Монгол мөрөөдөл”-ийн зайлшгүй чухал хэсэг нь бидний үндэсний өв соёл мөн хэдий ч, түүхэн Монгол хүн хэн бэ гэдгээр хязгаарлагдахгүй өнөөдрийн болон ирээдүйн Монгол хүн хэн байх ёстой вэ гэдгийг тусгах нь зүйтэй гэж санагдсан.
Энэ нийтлэлдээ би “Алсын хараа 2050”-ийн талаар илүү дэлгэрэнгүй бичээгүй ч, илүү мэдээллийг олж уншиж болно:
Тэгэхээр ахиад л анхны асуулт маань хариулагдсангүй: “бидний Монгол мөрөөдөл юу вэ?” Энийг шууд төр, засгийн газраас тодорхойлоод өгчихгүй гэдгийг ойлгож байна, мөн зөвхөн түүхэн бичиг баримтуудаас ч ухаад гаргачихгүй.
“Монгол мөрөөдөл” бол бид бүгдийн өвөг дээдэс болон хойч үеийн хүсэл эрмэлзлэлүүдийг уялдуулж биднийг чиглүүлсэн үнэт зүйлс байх ёстой. Одоо шууд “Монгол мөрөөдөл”-ийг тодорхойлъё гэвэл манай ТББ зорьж байсанчлан, мөн Засгийн газрын алсын харааны бодлогын төсөлд тусгасанчлан, энэ нь өргөн судалгаан дээр үндэслэгдэх учиртай. Судалгааны хүрээ нь түүх, өв соёлын судалгааг ч хамрах ёстой (тэрийг мэргэжлийн эрдэмтэд хийнэ), мөн иргэдийн дуу хоолойг ч тусгах ёстой — тэрийг бид нээлттэй ярилцаж байж бүрдүүлнэ гэж би бодож байна.
“Бидний Монгол Мөрөөдөл” ТББ маань 2017 онд энэ тал дээр бяцхан судалгаа явуулж байсан юм. Эрдэнэ бид хоёр Нийслэлийн 5-р дунд сургуулийг сонгоод (миний багадаа сурч байсан сургууль минь юм) ангийн багш нараар дамжуулан хүүхдүүдийг “таны бодлоор Монгол мөрөөдөл юу вэ?” гэдэг асуултанд хариу бичүүлж байсан юм. Нийт 300 орчим сурагчдын хуваалцсан мөрөөдлүүдээс хэдхэнийг шижээ болгон сонирхуулъя. Хариултуудыг гол санаагаар нь ангиллаа.
Миний хүсч байгаа зүйл бол утаагүй цэвэр сайхан орчинд амьдрах. Бас хоггүй сайхан байх. Утааны бохирдлоос болж маш их хүн өвчилдөг. Ийм учраас утаагүй цэвэр орчинд бид нар амьдрах нь чухал. Хоггүй утаагүй цэвэр сайхан орчинд амьдрах нь хүүхэд хүмүүс бид нарт маш их хэрэгтэй юм. (5-р ангид сурч байсан 11 настай охины хариулт)
Би Монголоо утаа хоггүй цэвэр болгомоор байна. Би том болоод эхнэртэйгээ монголд амьдарна. Би бүх юмаа монголдоо зориулна. (3-р ангид сурч байсан 9 настай хөвгүүний хариулт)
Аливаа улс орон өөрийн гэсэн мөрөөдөлтэй байдаг. Миний Монгол мөрөөдөл бол авилгагүй, Монгол хүн болж төлөвшихөд нь илүү их тусалдаг. Хүн нь эрх чөлөөтэй үгээ хэлдэг. Дуугарч үгээ хэлсэн нь торны цаана ордоггүй, томчууд нь нам намаараа хуваагдаж талцан суудлын эрх мэдлийн төлөө өрсөлддөггүй байх. Гол нь Монгол дотроо хүмүүс нь эвтэй найртай байх хэрэгтэй. Томчуудаа битгий нам, мөнгө, суудал, өөрсдийн эрх ашгийн төлөө явдаггүй байх тийм л Монгол улс. (11-р ангид сурч байсан 17 настай хөвгүүний хариулт)
Миний мөрөөддөг Монгол улс хүмүүс нь эв нэгдэлтэй 4 ууландаа багталцаж ядан амьдардаггүй монголынхоо орон нутаг болон өнцгүүдийг тодотгож аялал жуулчлал хөгжиж орон нутаг болгондоо хүмүүс таран бутран амьдарч хүн болгон ажил мэргэжилтэй байна гэж бодож байна. Ингэж амьдарснаар Улаанбаатар хот минь утаагүй ажилгүйдэлгүй хүн бүр аз жаргалтай амьдарна. (12-р ангид сурч байсан 17 настай хөвгүүний хариулт)
Миний мөрөөдөл бол монголчууд хоорондоо эв найртай, элэгсэг дотно, хөгжингүй, гэмт хэрэггүй, эдийн засгийн эрх чөлөөнд гарсан хүмүүс нь соёлтой байх нь миний монгол мөрөөдөл. Ер нь миний ч биш Монгол хүн бүрийн туйлын мөрөөдөл байх. (12-р ангид сурч байсан 18 настай охины хариулт)
Эрүүл мэнд, энх тайван, эрх чөлөө, түүх соёл, боловсрол, амьдрах орчин нь хүн бүрийн амьдралын үндэс билээ. Миний мөрөөдөл нь хүүхэд нэг бүрийг хүртээлтэй орчинд өндөр боловсролтой болгох, эрүүл мэнд боловсролын байгууллагыг нэмэгдүүлэх, хүн бүхний эрхийг дээдлэх, түүх соёлоо хамгаалж бусдад сурталчлах, технологийн өндөр хөгжилтэй болгож, айл өрх бүрийг орон сууцтай болгож амьдралын түвшинг дээшлүүлж, утаагүй цэвэр цэмцгэр, байгалийн өнө их баялаг бүхий аз жаргалтай нийгмийг бүтээх явдал юм. (7-р ангид сурч байсан 13 настай охины хариулт)
Миний Монгол Улс ирээдүйд нэг ч ядуу хүн байхгүй хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологитой байгаасай гэж хүсч байна. Бас Монгол Улс биш Монгол тив байгаасай гэж хүсч байна бас бид эх орондоо машин техник хийгээсэй гэж хүсч байна. (5-р ангид сурч байсан 11 настай хөвгүүний хариулт)
Миний монгол мөрөөдөл бол хүн бүрт боловсрол олгож ажлын байраар дутагдахгүй Монгол улсыг дэлхийн N°1 улс болгох ба утаагүй, аюулгүй, цэвэр орчинд хүн хүнээ хүндэлж, хөрөнгө чадлын хувьд ч дэлхийд дээгүүрт бичигдэж байх. Энэ нийгэмд хүн бүр эрх тэгш, хүн бүр аюулгүй цэвэр орчинд, бүгд өөрт тохирсон мэргэжилтэй байх л Монголын мөрөөдөл. (7-р ангид сурч байсан 13 настай хөвгүүний хариулт)
Хүүхдүүдийн мөрөөдөл хөөрхөн бас ухаантай байгаа биз? Нас хамаарахгүй бүгд их ухаалаг, бодит амьдралтай уялдаатай хариултууд өгсөн байхыг уншаад бид үнэхээр баярлаж, бахархаж байсан. Тухайн үед судалгааныхаа хүрээг бүр өргөжүүлж байгаад дүгнэнэ гэж бодож байсан ч, гол гол санааны дүр зураг эндээс харагдаж байна. Ер нь олон дуу хоолой байх тусам бидний санаанууд хэдэн гол цэгт огтлолцож “Монгол мөрөөдөл”-ийн дүр зураг улам тодорно гэж бодож байна.
Миний хувьд “Монгол мөрөөдөл”, үнэт зүйлс гэж бодохоор л миний хамгийн дуртай үг толгойнд орж ирдэг: “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас”. Хүн бүр дороо бүрээ биеэ засаад гэрээ засах (бид чинь яалт ч үгүй гэр бүлсэг хүмүүс шүү дээ) чадвартай, боломжтой байгаад, цаашлаад цөөхүүлээ ч гэсэн хамтдаа хүчтэй, Монголоо дэлхийд таниулсан амжилтуудыг бий болгох (Чингисийн удамт Монголчууд шүү дээ!).
Тиймээс танаас асууя — таны мөрөөдөл юу вэ, таны бодлоор “Монгол мөрөөдөл” юу вэ?
Та бүгдийг “Монгол мөрөөдөл”-өө хуваалцахыг уриалж байна. Коммэнт үлдээмээргүй, олон нийтэд хариултаа зарламааргүй байвал энэ маягтыг бөглөөрэй.
Маш их баярлалаа — хамтдаа мөрөөдөж, мөрөөдлийн Монгол Улсаа бий болгоцгооё :)