Индэр    
2019 оны 1 сарын 22
Зураг
Харвард & Оксфордын Их сургуулийг төгсөгч

Амжилтад хялбархан хүрэх ГУРВАН алхам

Юуны өмнө гарчиг дээрх "хялбархангэдэг нь "амархан” гэсэн үг биш гэдгийг нийтлэлийнхээ эхэнд онцолмоор байна. 

Аливаа зүйлийг хялбарчилна гэдэг нь ойлгомжтой, хийхэд боломжтой шат дараалалд оруулахыг хэлдэг юм. Харин аливаа зүйлийг амарчилна гэдэг нь өөрийн биед амар, магадгүй дутуу хувилбарт шилжүүлэхийг хэлдэг.

Миний бодлоор бүх зүйлийг хялбарчлах боломжтой бөгөөд ихэд чухал ач холбогдолтой гэж боддог. Харин юм болгоныг амарчлах боломжгүй ба ялангуяа чухал, үнэ цэнтэй зүйлийг амарчлах гэж оролдох нь үр дүнгүй байдаг юм болов уу. 

Би энэхүү нийтлэлийнхээ сэдвээр анх 2017 оны зун TEDxYouth@EUTS дээр илтгэл тавьж байсан юм. Түүнээс хойш блог бичиж эхлээд энэхүү сэдвээ бичвэр болгон оруулмаар санагдсан тул ийнхүү сийрүүллээ. Энэ бичвэрийн маань гол санаа нь аливаа амжилт, мөрөөдөлдөө хүрэхэд ердөө ГУРВАН хялбар алхам байдаг бөгөөд энэ нь амархан гэсэн үг ерөөсөө биш, харин маш их цаг, төвлөрөл, тэвчээр шаарддаг гэдгийг ойлгуулах юм. Үүнийгээ өөрийнхөө сургуульд тэнцсэн нэгэн туршлагаа бодит жишээ болгон, харуулахыг хичээв.

Амжилтад хүрэх гурван хялбар алхам нь: 

  1.  Мөрөөдөл/ зорилгоо тодорхойл,
  2. Төлөвлө,
  3. Хөдөлмөрлө гэсэн гурван үндсэн хэсгээс бүрддэг.
 

Эдгээр гурван хүчин зүйлс гурвуулаа нийлснээр л аливаа амжилтад хүрнэ.

МӨРӨӨДӨЛ+ТӨЛӨВЛӨГӨӨ байгаад хөдөлмөрлөхгүй бол хоосон бодол, яриа болоод л үлдэнэ...

 

МӨРӨӨДӨЛ+ХӨДӨЛМӨР байгаад төлөвлөхгүй бол оновчгүй алхмуудад маш их цаг алдаж, зардал гарна...

 

ТӨЛӨВЛӨГӨӨ+ХӨДӨЛМӨР байгаад мөрөөдөлгүй бол тэрүүхэн тэндээ л хөдлөөд, онцгой амжилт, дэвшил гаргахгүй...

Тэгвэл та бүхэнд өөрийнхөө нэгэн мөрөөдөлдөө энэ гурван алхмын дагуу хэрхэн хүрсэн талаараа хуваалцъя:

1. Мөрөөдөл /зорилго

Их сургуульд сурч байсан цагаасаа эхлээд л өөрийгөө хэзээ нэгэн цагт MBA /Master of Business Administration/ буюу бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаална гэж бодож, мөрөөдөж ирсэн билээ.

Сургуулиа төгсөөд гурван жил ажилласны дараа ойрын хугацаанд явж сурахад зөв, тохиромжтой цаг юм шиг санагдсаны үндсэн дээр мөрөөдөж байсан бодлоо зорилго болгосон юм.

Аливаа зорилгыг тодорхойлохдоо "SMART” байх хэрэгтэй ба энэ нь:

Specific -тодорхой 
Measurable - үр дүнг нь хэмжиж болохуйц
Attainable - хэцүү ч гэсэн хүрэх боломжтой
Relevant - амьдралын бусад зүйлстэй уялдаа холбоотой
Time-bound -хэзээ нэгэн цагт хийж дуусгана гэсэн цаг хугацаатай гэх зүйлсийн нийлбэрийг хэлдэг байна.

Миний “SMART” төлөвлөгөө:

S: Европ эсвэл Хятад улс дахь англи хэлээр хичээлээ заадаг шилдэг /АНУ-ын сургуулиудыг оруулалгүйгээр эхний тавд жагсдаг/ MBA хөтөлбөрт тэнцэх,
M: Тэнцэх / тэнцэхгүй байхаар үр дүн нь хэмжигдэнэ, 
А: Ямар ч байсан өргөдлөө өгөх бүх шаардлагыг хангаж байсан (жишээлбэл баклаврын зэрэгтэй, ажлын туршлагатай)
R: Бизнесийн сургуульд сурснаар тухайн үед ажиллаж байсан уул уурхайн салбараасаа тэлж, карьерынхаа дараагийн алхмыг шийдэхэд тусална
T: Өргөдлөө бүх сонгосон сургуулиудынхаа эхний юм уу, II үеийн шалгаруулалтанд бүрдүүлж өгнө

2. Төлөвлөгөө

Аливаа том ажлыг хийхээсээ өмнө аль болох хийхэд хялбархан олон алхамд хувааж төлөвлөхөөр хийхээс зугатаж хойш нь тавих нь багасаж, хийх явцдаа урамтай байдаг юм шиг санагддаг.

Би MBA хиймээр байна гэдгээ 2014 оны аравдугаар сард шийдээд, 2015 оны намрын элсэнтэд амжихын тулд нэгдүгээр сарын сүүлээр өргөдлүүдээ өгнө гэж тооцсон. Тэр бүгдийгээ ажлынхаа хажуугаар хийх байсан учраас сайн төлөвлөж, амжуулах нь надад чухал байсан.

Би ахлах сургууль болон их сургуулиа АНУ-д сурч, төгссөн учраас орчноо ихэд солимоор санагдаж байсан юм. Ихэнх шилдэг бизнесийн сургуулиуд АНУ-д байдаг хэдий ч дээрх шалтгааны улмаас сургуулиа сонгохдоо АНУ-аас бусад улсыг судалж эхлэв.

 

3. Хөдөлмөр/ Гүйцэтгэл

Хэчнээн хүсэж мөрөөдөж, боловсронгуй төлөвлөгөө бэлдсэн хэдий ч эцэстээ хүссэн зүйлээ бүтээхийн тулд хангалттай цаг, чамгүй их тэвчээр зарцуулагдах болно гэдгийг дурдах нь зүйтэй.

Үүнийг хэнээр ч заалгаж хэлүүлэх боломжгүй бөгөөд амарчлах аргагүй. Зөвхөн өөрөө өөрийгөө л ялан дийлэх шаардлагатай та бүхэн нүүр тулгарах болно.

Та өөрөөсөө шалтгаалах бүх зүйлээ хийсэн байхад харамсах сэтгэл гэж бараг гарахгүй

Миний хувьд төлөвлөгөөнийхөө дагуу бүх юмаа гүйцэд хийхэд нийт 420 орчим цаг зарцуулсан гэж тооцоолсон. Энэ нь 17.5 хоног унтахгүй, идэхгүй, өөр юу ч хийхгүй байх цагтай тэнцэхүйц хугацаа юм.

Мэдээж энэ бүхнийг 3-4 сарын турш хийсэн тул боломжийн байсан. Гэхдээ хангалттай хугацаа байна гэж тайвшраад, наана нь төлөвлөхгүйгээр, хэр их цаг орно гэдэгт багцаа, баримжаа авалгүйгээр цагийг нь тулгасан бол яасан ч амжихааргүй байсан.

Миний дурдсан эдгээр 420 цагт зөвхөн шалгалт, сургуулийн өргөдөл зэрэгт бэлдэж өгөх цаг хугацааг хэлж байгаа болохоос өргөдлийн гол агуулгад орж буй ажлын туршлага, их сургуулийн хичээлийн дундаж дүн, олон нийтийн сайн дурын ажил гэх мэт чухал зүйлс ороогүй болно.

Эдгээр бүх зүйлийг цагт нь тулгаж, эсвэл өнгөрсөн хойно нь нөхөж хийх боломжгүй юм. Тийм ч учраас цагийн юмыг цагт нь л хийгээд явах хэрэгтэй. Тодруулбал, ажиллаж байгаа бол ямар ч дарга нь бахархалтайгаар тодорхойлолт бичиж өгөхөөр сайн ажиллаж, сурч байгаа бол цаг тухайд нь хичээлээ ойлгож, онц сурч, олон нийтийн ажил хийж байгаа бол тэрэндээ идэвх санаачилгатайгаар ажиллаж, хүнд харуулах үр дүнтэй байх зэргийг хэлж байгаа юм.

GMAT шалгалтандаа бэлдэхэд энэхүү сайтаас гаргаса 60 хоногийн төлөвлөгөөний дагуу бэлдсэн ба надад маш их хэрэг болсон:  https://www.beatthegmat.com/mba/gmat-guide

Анх 2007 онд Харвардад нэгдүгээр курсийн оюутан байхдаа Оксфордод нэг өдөр сурах юмсан гэж мөрөөдөж байсан бол 2014 оны аравдугаар сард тэр мөрөөдлөө зорилго болгож, дээрх төлөвлөгөөг боловсруулж, 2015 оны нэгдүгээр сарын сүүлээр бүх өргөдлээ өгч, гуравдугаар сард ярилцлагууддаа орж, дөрөвдүгээр сар гэхэд дандаа тэнцлээ гэсэн хариунуудаа авсан билээ.

Тэнцсэн хойноо тэтгэлэгт хамрагдахын тулд дахиад эссэнүүд бичиж, ярилцлагуудад орж, сургууль бүрээс тодорхой хэмжээний тэтгэлэг аваад байсан юм.

Гэвч хамгийн том сюрприз зургаадугаар сард задарсан юм.

Тодруулбал, 2015 онд Оксфорд, Дэлхийн Эдийн Засгийн Чуулган /WEF/ нар хамтарч анх удаа Глобал Шэйперс нийгэмлэгийн бүрэн тэтгэлгийг зарлаж, хоёр хүн шалгаруулж авахаар болоод байсан юм.

Тэрэндээ олон дахин ярилцлаганд оруулж, сүүлийн ярилцлагыг видеогоор хэдэн профессор, WEF-ийн төлөөлөгчтэй хийж байгаад асуултууддаа хариулаад явж байтал "Та тэнцчихсэн, бид бичлэг хийхийн тулд энэ ярилцлагыг авч байгаа юм” гэж хэлж, баярлуулан шоконд оруулсан билээ.

Энэ агшин миний хувьд Оскарын шагнал хүртэж байгаа юм шиг л намайг догдлуулсан. Гэхдээ энэ бүхэнд хүрэх зам амархан байгаагүй. Маш их цаг, тэвчээр орсон. GMAT шалгалтандаа бэлдэж байх хугацаанд би тоотой хэдэн удаа л ажилдаа явахаас бусад зорилгоор гэрээсээ гарч байсан.

Хөөрхий гэрийнхэн маань өөрсдөө хамт бэлдэж байгаа юм шиг л ач холбогдол өгч, намайг дэмжиж, бүх гэрийн ажлаас чөлөөлж, хоол ундыг минь хүртэл бэлдэж, зөөж байсан /аливаа амжилтад хүн өөрөө зорихоос гадна эргэн тойрны хүмүүс нь ойлгож дэмжих хэрэгтэй/.

Гэхдээ энэхүү зарцуулсан цаг хугацаа миний амьдралд маш том боломжийг авч ирж, цоо шинэ ертөнцийг нээж өгч, хайртай хүмүүсээ баярлуулах боломж зэргийг өгсөн болохоор би тэр үеийг юугаар ч солихгүй, ахиад тэрнээсээ хэд дахин их цаг зарцуул гэсэн ч би зарцуулах байсан.

Надаас үе үе Facebook-ээр, эсвэл яриа, илтгэлийн дараагаар залуучууд ирж, сургуульд орох талаар асуухдаа зарим нь, “Харвардад ороход яг ямар шалгуур байх уу?", "аль сургууль миний сонирхсон мэргэжлээр хамгийн сайн заадаг бол?", “тэтгэлэгт хэрхэн тэнцэх вэ?” гэх мэт асуултуудыг ихээр тавьдаг.

Эдгээр зүйлийг бодож, мөрөөдөж байгаа нь зөв боловч зорилго гэдэг нь өөрөө сайн судалж, ойлгож, тодорхойлолгүй зүгээр хүнээр хэлүүлээд, мэдчихээр зүйл биш юм шиг санагддаг.

Ер нь ямар ч үнэ цэнтэй зүйлийг бүтээхэд амархан арга зам, хүнээр заалгаж хэлүүлэх арга барил байхгүй. Гэхдээ эдгээр гурван алхмын дагуу чин сэтгэлээсээ хичээж чадвал хэн ч, юуг ч бүтээж чадах юм шиг надад санагддаг.

Зөвхөн өөрөөс чинь шалтгаална гэдэг нь бүх юм чиний гарт байгаа гэсэн үг.

Миний бодлоор тэрэн шиг хүчирхэг мэдрэмж огт байдаггүй байх. Тийм болохоор том, жижиг гэлтгүй мөрөөдлүүддээ зориод, төлөвлөөд, хөдөлмөрлөөд бүтээгээд байгаарай!

 
 

2015 оны есдүгээр сард дахин оюутан болж, Оксфордын их сургуульд гайхамшигтай их сургамж, дурсамжаар дүүрэн нэг жилийг өнгөрүүлсэн билээ.