Индэр    
2020 оны 3 сарын 2
Зураг
Боловсрол судлаач

Таны хүүхэд ирээдүйн ажлын байранд ТЭНЦЭЖ ЧАДАХ УУ?

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Боловсролын систем техник технологийн дэвшилтэй зэргэцэн шинэчлэгдэж ирсэн.

Аж үйлдвэрийн IV хувьсгалын нөлөөгөөр ирээдүйн ажлын байр асар хурдацтай өөрчлөгдөж, одоо сурч байгаа сурагчид ирээдүйд өнөөдөр огт байхгүй ажилд орох бөгөөд шинээр бий болох ажлын ихэнх нь технологийн ур чадвар болон нийгмийн харилцааны ур чадвар шаардсан ажил байхыг Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан "Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын үеийн боловсролын шинэ загварыг тодорхойлох нь - Ирээдүйн Сургууль" 2019 оны тайланд онцолсон байна.

Аж үйлдвэрийн 1, 2-р хувьсгалын үед боловсролын агуулга хүнд, хөнгөн үйлдвэрт массаар ажиллах хүчийг бэлтгэхэд чиглэж, шууд мэдлэг мэдээллийг дамжуулах, цээжлэлт дээр тулгуурласан боловсролын систем үйлчилж байсан билээ. 

Тэгвэл мэдээллийн технологийн дэвшилд суурилсан аж үйлдвэрийн 3, 4-р хувьсгалын эрин үед гар ажиллагаа шаардсан нэг үйлдэлт ажлыг автоматжуулснаар, ажлын байранд эрс өөрчлөлт гарч, бүтээлчээр сэтгэх, хамтдаа асуудал шийдэх, технологи ашиглан мэдлэг, инновац бүтээх чадвар шаардсан ажлын байр илүү их болж байна.

Тиймээс дэлхий нийтийн боловсролын систем энэхүү өөрчлөлттэй хөл нийлүүлэн эрс шинэчлэгдэх шаардлагатай болоод байна.

Энэ эрс өөрчлөлтийг хурдан мэдэрч, боловсролын системдээ интерагтив идэвхтэй суралцахуйг нэвтрүүлэн, тууштай шинэчлэл хийж буй улс орнууд эдийн засгийн тэргүүлэх түвшинд хөгжиж, харин хуучин уламжлалт, цээжлэлт дээр тулгуурласан системтэйгээ зууралдаж байгаа улс орнуудын ажиллах хүчний бүтээмж сул, мэдлэг инновацын бүтээлийн гарц сул учраас эдийн засаг нь үүнийгээ дагаад суларсаар байна.

Доорх зурагт идэвхтэй суралцахуйг нэвтрүүлсэн орнуудыг илүү тод өнгөөр ялгаж үзүүлснийг харвал дандаа хүчирхэг эдийн засагтай орнууд болохыг ажиглаж болно.  

Зураг 1, 

 

Харин манай улсын хувьд идэвхгүй уламжлалт сургалт давамгайлсан орон болохыг харуулсан байна.

Манай өмнөд хөрш идэвхтэй суралцахуйг хойд хөршөөс илүү нэвтрүүлж байгаа үзүүлэлттэй байгааг Хятадад сүүлийн жилүүдэд боловсролын эрс шинэчлэлийг тууштай хийж байгаагийн илрэл гэж харж болохоор байна.  

Дэлхийн эдийн засгийн форумаас БОЛОВСРОЛ 4.0-д шилжих ирээдүйн сургууль ямар байхыг олон судалгаанд үндэслэн тодорхойлж, сурагчдад төлөвшүүлэх мэдлэг, ур чадвар, хандлагын 8 үндсэн хүрээг тодруулж өгсөн бөгөөд энэ санаачлагыг хэрэгжүүлэхийг улс орнуудын боловсролын яамдад зөвлөөд байна.

Эхний 4 хүрээ нь агуулгын шинэчлэлтэй холбоотой, дараагийн 4 нь орчин үеийн хүүхдийн суралцах арга барилд тулгуурласан заах арга зүй сургалтын технологийн шинэчлэлтэй холбоотой зөвлөмж гарсан байна. Энэ зөвлөмжийг өөрийн орны нөхцөл байдалтай харьцуулан, бид юу хийх шаардлагатай байгааг Боловсролын Реформ Хөдөлгөөнөөс олон нийттэй хэлэлцэхийг зорилоо. 

Зураг 2,

 
1. Инновац хийх, бүтээлчээр сэтгэх ур чадварыг хөгжүүлэх

Эдийн засгийн маш хурдацтай өөрчлөгдөн буй орчинд инновац бүтээх, өөрчлөлтөд уян хатан байх чадвар эдийн засгийн өсөлт, үнэ цэнийг бий болгох гол хүчин зүйл болж байгаа өнөө үед шинэ санааг маш хурдтай олж харж, түүнийгээ боловсруулж, бүтээгдэхүүн болгон хөгжүүлж байгаа орнууд эдийн засгаа уламбүр хүчирхэгжүүлж байна.

Инновацын ээлтэй орчин бүрдүүлэх чадамж нь хүний капиталтай шууд холбоотой учраас ирээдүйд эдийн засагт хувь нэмрээ оруулахуйц ур чадвартай хүчнийг бэлтгэхийн тулд сургуульд хүүхдүүдийг шинэ санаа уралдуулж, шийдэл болгож чадах, цогц асуудлыг шийдэх, задлан шинжлэх, бүтээлчээр сэтгэх, системийн шинжилгээ хийх ур чадварыг хөгжүүлэх агуулгыг сургалтын хөтөлбөрт оруулахыг зөвлөсөн байна. Эдгээр ур чадвар мөн ажлын байранд хамгийн хэрэгцээтэй болж байна.

Мэдээж уламжлалт багш төвтэй мэдлэгийг шууд дамжуулдаг системээр ийм ур чадварыг хөгжүүлэх боломжгүй.

Ийм инновацын ур чадварыг хөгжүүлэх 4 чухал стратеги байгааг Дэлхийн эдийн засгийн форумаас зөвлөжээ.

Нэгд, хүүхэд аливааг тунгаан цэнэж, дүн шинжилгээ хийх идэвхтэй суралцахуйн орчинг бага ангиас нь бүрдүүлж өгөх юм. Финланд, Шинэ Зиланд, Эстонийн сайн туршлага хүүхдийн унаган сониуч занд дөрөөлөн, юмыг оролдож хийж үзэх, алдаа оноон дээрээсээ суралцах нөхцлийг бүрдүүлэн, бага ангид нь тоглоомын аргаар хичээлийг зааж, хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж байна.

Хоёрт, үндэс угсаа, хэл соёл, сонирхол, амьдралын хэв маяг, хүйс, бэлгийн хандлага, хөгжлийн онцлог ялгаатай хүүхдүүд хамтдаа суралцах нь олон ургалч санааг уралдуулж, бүтээлч инновацын ур чадварыг хөгжүүлэх суралцахуйн орчин болохыг мөн онцолсон байна.

Гуравт, цахим сургалт, код бичих тоглоом нь хүүхдүүдийн өөрсдийн цахим ертөнцийг зохион бүтээх бүтээлч сэтгэлгээг өдөөх гол арга болж байна. Жишээ нь Dassault Systèmes’ SOLIDWORKSаппликейшн нь хүүхдийн инженер болон дизайны бүтээлч шийдэл хийх ур чадварыг суулгаж өгч байна.

Дөрөвт, бүтээлч инновацын ур чадварыг хөгжүүлэхэд багшийн хандлага, ур чадвар өөрчлөгдөх шаардлагатай болж байна. Тиймээс багш нар уламжлалт агуулгыг дамжуулагч багш биш суралцахуйг дэмжигч, хөтлөгч багш байж, интерактив идэвхтэй суралцахуйг бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй болж байна. 

Манай сургалтын системд хүүхэд өөрөө яагаад гэж асуухыг сэдэлжүүлэх, асуудлыг судалж, эрэлхийлэх, хүүхэд бие дааж эсвэл багаараа судалгаа хийх төсөлт ажил бага байгаа учраас, төсөлд суурилсан, асуудалд суурилсан идэвхтэй сургалтын арга зүйг өргөн нэвтрүүлэх шаардлагатай байна. Тавд, боловсролын шинэ системийг хөгжүүлэхэд бүх талууд хамтарч ажиллах, ялангуяа хувийн хэвшлийн оролцоо чухал болж байна. Жишээ нь тоглоомын аргаар суралцахуйг дэмжих зорилгоор Лего, Үндэсний Газар зүйн нийгэмлэг, Юнилевр, Ингка грүүп, Юнисеф зэрэг төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд боловсролын шинэ арга зүйг хөгжүүлэхэд түншлэн ажиллаж байна. Ирээдүйн ажилтнуудынх нь чадвар бүтээмж тэдний  бүтээлч сэтгэлгээг сургуульдаа хэр сайн хөгжүүлснээс шалтгаалах учраас компаниуд боловсролын шинэчлэлд гар бие оролцох шаардлагатай цаг үе ирээд байна. 

2. Технологийн ур чадварыг хөгжүүлэх

Технологийг хэр сайн нэвтрүүлж байгаагаас бизнесийн өсөлт улам бүр хамаарч байгаа учраас, технологийн дизайн хийх, код бичих ур чадвар нь ажлын байранд хэрэгцээтэй 2 чухал ур чадвар болж байна.

Ирээдүйн чадварлаг ажиллах хүчээ бэлтгэхэд, дижитал ур чадварыг сургуульд нь эзэмшүүлэх нь ажил олгогчдын хэрэгцээ болж байгаа тул хувийн хэвшлийн компаниуд боловсролын шинэчлэлд идэвх санаачлагатай оролцож эхлээд байна.

Дэлхийн олон оронд сургуулийг интернет, компютер, сургалтын бусад дижитал хэрэгслээр хангах, цахимаар баяжуулсан сургалтын арга зүй, орчинг бүрдүүлэхэд  хувийн компаниуд дэмжлэг үзүүлж байна. Зөвхөн техник ур чадвар суулгах бус мөн дижитал хариуцлага, ёс зүйг хамтад нь хөтөлбөрт тусгаж өгснөөр хүүхэд технологитой зөв харьцах, дижитал эрсдэл, аюулгүй байдлын үндсийг мэдэж, хариуцлагатай, ёс зүйтэй технологи бүтээгч, хэрэглэгч болох ур чадвар хандлагыг төлөвшүүлнэ.

Компютерийн ур чадварыг математик, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн хичээлүүдийн нэгдлээр дамжуулан заах нь илүү үр дүнтэй болохыг зөвлөжээ.  

Жишээ нь хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлт хичээлийг үзсэний дараа Raspberry Pi эсвэл Scratch зэрэг програм дээр уур амьсгалын өөрчлөлтийн хүндрэлийг олон нийтэд таниулах вебсайт хийх дасгал хийвэл хичээлүүд хоорондоо уялдаатай, хүүхдэд бүтээлчээр сэтгэх, асуудлыг шийдэх ур чадварыг хөгжүүлж өгнө. CodeAcademy болон Code.org зэрэг сайтуудад кодийн хичээлийг хэрхэн бусад хичээлтэй холбож сонирхолтой заах талаар олон нөөц материалыг оруулсан байна.

Манай улсын хувьд сургуулиудыг цахимжуулах, нэн яаралтай код програмчлалын хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулж өгөх, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх шаардлагатай байна. Хувийн дунд сургуулиуд энэ тал дээр түүчээлэн тодорхой туршлага хуримтлуулаад байгаа учраас тэдний туршлагад суурилан нэн яаралтай үндэсний хэмжээний зөвлөгөөн хийж, хөтөлбөрт оруулах ажлыг эхлүүлэх нь чухал байна.  Манай мэдээллийн технологийн компаниуд боловсролын реформд нэгдэж, хүчтэй нөлөөллийн үйл ажиллагаа явуулж, олон талууд хамтарч богино хугацаанд үр дүнд хүрэх боломжтой. 

3. Харилцаааны ур чадварыг хөгжүүлэх 

Бусдыг манлайлах, бусдад эерэгээр нөлөөлөх, сэтгэлээ удирдах чадварыг (Emotional intelligence EQ) ажлын байранд шаардагдаж буй хамгийн чухал ур чадвар гэж ажил олгогчид үзсэн байна.

Харвардын их сургуулиас 80 гаран жил хэд хэдэн үеийн судлаачдыг дамнан, хүний аз жаргалтай урт удаан наслахад нөлөөлөх гол хүчин зүйлийг судлахдаа, нийгмийн ялгаатай бүлгийн хүмүүсийг сонгон авч амьдралынх нь туршид мөшгин судалсан байна. Судалгааны эцсийг хүртэл амьдарч, хамгийн урт насалсан хүмүүсээс судалгаа авахад, аз жаргалын нууц нь амжилт, ажил, мөнгө, нэр хүнд бус харин хүн хоорондын харилцаа буюу гэр бүл, орчин тойрны хүмүүстэйгээ эерэг харилцаатай байх нь хүний аз жаргалтай амьдралын үндэс гэсэн дүгнэлт гарчээ. 

https://news.harvard.edu/gazette/story/2017/04/over-nearly-80-years-harvard-study-has-been-showing-how-to-live-a-healthy-and-happy-life/ Тиймээс сурагчдад харилцааны ур чадварыг багаас нь хөгжүүлж өгснөөр бусадтай эерэг харилцаатай байх, бусдын үзэл бодлыг хүндэтгэж сурах, бусдыг сайн үйлст ятган оролцуулах, өөрийгөө болон бусдыг зөв хандлагад чиглүүлэх манлайллын ур чадвар эзэмшиж тэр дадал хандлага нь хойшид ажлын байранд илүү амжилттай ажиллаж, эрүүл, урт удаан насалж, гэмт хэрэгт бага холбогддог болохыг олон судалгаагаар мөн нотолсон байна.

Жишээ нь тэгш хамруулж буй сургуульд сурч байгаа хүүхэд хөгжлийн онцлогтой (бэрхшээлтэй), нийгмийн өөр өөр бүлгийн болон, өөр шашин соёлтой хүүхдүүдтэй хамтарч сурснаар олон янзын хүмүүстэй багаасаа харилцаж сурах, бусдад туслах, бусдыг ойлгож, хүндэтгэх хандлагатай болно. Тэр хүүхэд том болоод бизнес эрхлэхдээ хүмүүсийн тусгай хэрэгцээг тооцож үзсэн, хүн бүрт тэгш үйлчлэх ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг боловсруулахыг эрхэмлэх хандлагатай байна.

Манай өнөөгийн сургалтын хөтөлбөрт хүүхдийн хандлага, төлөвшлийн агуулга хангалтгүй байгааг эцэг эхчүүд шүүмжилдэг. Тиймээс бид сэтгэлээ удирдах харилцааны ур чадварыг сургалтын хөтөлбөрт илүү агуулгатай шингээх мөн хичээлээс гадуур сурагчдыг багийн ажил, төсөлт ажил, нийгмийн, сайн дурын ажилд хамруулж хүүхдийг өөр өөр хүүхдүүдтэй аль болох олон удаа хамтарч ажиллах нөхцлийг бүрдүүлж өгснөөр, үе тэнгийнхнээсээ суралцах, өөрийгөө сорьж, цэнэж, удирдах ур чадварыг нь хөгжүүлнэ.

4. Дэлхийн иргэний боловсролыг олгох

Хүний хийж буй үйлдэл байгаль, эко системд ямар нөлөө үзүүлэх, дэлхийн дулаарал хүн төрөлхтөний эрүүл, аюулгүй орчинд хэрхэн нөлөөлөх, хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд дэлхийн нийттэй дуу хоолойгоо хэрхэн нэгтгэх, олон улсад болж буй үл ойлголцол, мөргөлдөөнийг учир шалтгааныг таниж, шашин соёлын ялгаа, үзэл бодлын ялгаатай байдлыг хүндэтгэх, хүн төрөлхтний өмнө тулгарч буй томоохон асуудлуудыг шийдэхэд ирээдүйд хувь нэмрээ оруулах дэлхийн иргэний хандлагыг төлөвшүүлэх агуулгыг сургалтын хөтөлбөрт оруулахыг зөвлөсөн байна. 

Ирээдүйд ажлын байр зөвхөн нэг улсаар хязгаарлагдахгүй улс дамнасан корпорацад ажиллах, цахим орчинд ажиллах боломжууд улам ихээр нэмэгдэх учраас өөр соёлын орчинд болон олон орны хүмүүстэй хамтарч ажиллах орчинд соёлын ялгааг мэдэрч харилцах, хүн хоорондын харилцааны зөөлөн ур чадварыг хөгжүүлэх агуулгыг хөтөлбөрт оруулахыг мөн зөвлөсөн байна.

Дэлхийн дулаарал, байгаль орчны асуудлаар Грета тэргүүтэй хүүхдүүд дуу хоолойгоо нэгтгэж, тэдэнд эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлж өгөхийг улс орнуудын засгийн газраас шаардаж, дуу хоолойгоо илэрхийлэн бодлогод нөлөөлж байгаагаас дүгнэхэд тэдэнд дэлхийн иргэний боловсролыг хичээлд нь сайн ордог, аливаа асуудлыг тунгаан цэнэж, дүн шинжилгээ хийх чадварыг багаас нь сайн хөгжүүлж өгч байгаа нь илэрхий байна.

Манай одоогийн хөтөлбөрт дэлхийн иргэний боловсролын агуулга хангалтгүй байдаг учраас Монгол сурагчид олон улсын мэтгэлцээний тэмцээнд оролцоход дэлхийн хэмжээний том асуудлын талаар ухаж ойлгосон зүйл бага учраас өргөн хүрээнд харж, асуудлыг батлах, няцаах чадвар сул байгаа нь ажиглагддаг. Энэ нь Монгол хүүхэд мэдлэг чадваргүйд бус харин боловсролын агуулга сул байгаатай холбоотой. Тиймээс тогтвортой хөгжлийн зорилтыг боловсролын агуулгад тусгах зайлшгүй шаардлагатай болж байна. 

Дэлхийн эдийн засгийн форумын эхний 4 зөвлөмж ямар агуулгыг сургалтын хөтөлбөрт нэмж тусгахыг зөвлөсөн бол дараагийн 4 зөвлөмж нь орчин үеийн хүүхдийн суралцах онцлогт тохирсон суралцах, заах аргыг хэрхэн шинэчлэхэд чиглэсэн байна. 

5. Хувь хүний сурах хэрэгцээг чухалчилж, өөрийн хурдаар суралцах боломжийг олгох

Tехнологийн ачаар өнөөдрийн хүүхдүүд хүссэн мэдээллээ интернетээр хайх, мессежээр найзуудтайгаа шууд холбогдох, гар утаснаасаа өөрийн сонирхолд нийцсэн хамгийн сайн агуулга, аппликейшнийг татах гэхчлэн хувийн хэрэгцээ сонирхолдоо үндэслэн дуртай сонголтоо хийх боломж нээгдсэн учраас суралцахдаа мөн ийм өргөн сонголтыг хүсч байна.  

Өөр өөр сонирхолтой, өөр өөр хурдтай, хувь хүний онцлогт нийцсэн уян хатан сонголтыг эрхэмлэдэг орчин үеийн сурагчдын хэрэгцээг уламжлалт нэг аргаар бүгдэд заадаг стандартчилсан систем хангаж чадахгүй болж байгаа учраас олон улс орнууд хувь хүний онцлогт тохирсон уян хатан сургалтын систем рүү шилжиж эхлээд байна.

Жишээ нь Сингапур улс хүүхэд зарим хичээл дээр өөрийнхөө тохирох түвшний бүлэгт орж суралцаж болох уян хатан системийг туршиж, сайн үр дүн гарсан тул энэ системийг удахгүй бүх улсын хэмжээнд хэрэгжүүлэх гэж байна.  Хүүхэд математиктаа маш сайн бол тэр хичээлээрээ дараагийн түвшинд орон суралцаж, хэрвээ Англи хэлэндээ сул байвал өөрийн тохирох түвшний бүлэгт суралцаж 12 дугаар ангидаа бүгд ижил шалгалт өгөх байдлаар хувь хүний хурд, чадамжид суурилсан системийг боловсруулсан байна. Энэ системээр үзэхэд 2 жилийн хугацаанд хүүхдүүд математик, физик, химийн болон хэлний хоцрогдолтой хичээлээ нөхөж, зарим хүүхэд өөрийн давуу чадвартай хичээлээр ЕБС-ийн агуулгыг богино хугацаанд дүүргээд, дараагийн түвшинд авъяасаа хөгжүүлж буй маш олон эерэг үр дүн гарсан байна. 

Хиймэл оюун ухааны тусламжтай сурагчдын сурах явц, түвшин, хурдыг таниж, хэрэгцээ хурдад нь тохирсон даалгаврыг цахим агуулгаар өгөх Хаан Академийн хичээлийг дэлхий даяар олон мянган хүүхэд хэрэглэж байна. Хятад улсад Zuoye цахим платформ үндэсний сургалтын хөтөлбөрийн стандартын дагуу хүүхдийн түвшинд тохирсон даалгаврыг өгч, тухайн хичээлд илүү амжилттай суралцах хувь хүний төлөвлөгөөг нь санал болгон цахим багш байдлаар ажиллаж байна.

Хөл хорионы үед бид цахим зайн сургалтыг үндэсний хэмжээнд турших боломж гарч, цахим сургалтын давуу болон сул талыг мэдэрч, багш нар цахим ур чадвараа дээшлүүлж, цаашид цахим уламжлалт хосолсон хольмог сургалтыг туршиж хэрэгжүүлэхэд туршлага боллоо. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа БОЛОВРОЛ 4.0 рүү шилжихэд чухал үүрэгтэй бөгөөд, манай технологийн компаниуд боловсролын реформд идэвхтэй хамтран ажиллах хэрэгцээ шаардлага гарч ирж байна.

6. Тэгш хамруулах, хүртээмжтэй боловсрол

Хэдийгээр сургууль хамрагдалтын түвшин дэлхий даяар нэмэгдэж байгаа ч, 258 сая хүүхэд бага, дунд боловсрол эзэмшиж эрхээ эдэлж чадахгүй байсаар байна. Монгол улсын хувьд гэртээ байгаа хөгжлийн онцлогтой (бэрхшээлтэй) хүүхдийг суралцах эрхтэй хүний тоонд оруулалгүй тооллого хийж байсан учраас сургуулиас завсардсан, сургуульд явдаггүй хүүхдийн тоо үнэн бодитоор гараагүй байна.  Хөгжлийн онцлогтой, нийгэм, эрүүл мэндийн шалтгаанаас болж сургууль завсардсан хүүхдийг боловсролд тэгш хамруулах бодлого, насан туршийн боловсролын төвөөр дамжуулж дүйцүүлсэн хөтөлбөрөөр сургах зохицуулалт хийсэн боловч бодит байдал дээр бодлого төдийлөн сайн хэрэгжихгүй, хүүхдийн сурах эрх зөрчигдсөөр байна. 

Улсын сургуулиудын сургалтын чанарын үзүүлэлт суларсаар байгаа учраас эцэг эхчүүд хүүхдээ хувийн дунд сургуульд сургах хандлага нэмэгдэх болсноор, чанартай боловсрол зөвхөн чинээлэг айлын хүүхдэд нээлттэй болж, боловсролын тэгш бус байдал улам бүр гаарсаар байна.   

Сурагчдын сурлагын үзүүлэлтийг авч үзэхэд хувийн сургуулийн сурагчдын сурлагын чанар улсын сургуулийнхаас өндөр үзүүлэлттэй байна.  Боловсрол нийгмийн тэгш бус байдлыг дэвэргэгч бус харин нийгмийн тэгш бус байдлыг арилгах гол хөдөлгөгч хүч болохын учир, чанартай боловсролыг хүүхэд бүрт ялгалгүй түгээж, соён гэгээрүүлснээр нийгмийн хэт ялгаатай байдлыг багасгахад үйлчлэх систем рүү шилжихэд шийдэмгий алхам хийх цаг үе тулгараад байна. Скандинавын орнуудын боловсролын систем нийгмийн тэгш байдлыг хангахад чиглэсэн сайн туршлагыг харуулж байна.

Зарим хүүхэд хараагаар тогтоосон зүйлээ илүү сурдаг, зарим нь сонсголоор, зарим нь хийж үзэж мэдэрч байж суралцдаг, зарим нь ярилцаж байж илүү суралцдаг гэх мэтчилэн хүүхэд бүрийн ялгаатай суралцах онцлогийг тооцсон сургалтын арга зүй, сургалтын материал, орчинг бүрдүүлэхийг чухалчилж байна.

Сургалтын технологийн орчин үеийн шийдлийн ачаар хүүхэд сурах материалыг илүү бодитоор харж, мэдэрч, бодит орчинд очсон мэт мэдрэмжээр суралцах виртуал боломж уламбүр нээгдэж байна. Сургуульд явах боломжгүй хүүхдүүд гэрээсээ багштайгаа, ангийнхантайгаа цахим орчинд харилцаж, хичээлээ онлайн суралцах боломж нэмэгдэж байна.  Боловсролын технологийн компаниуд хувь хүний суралцах онцлогт суурилсан бодит суралцахуйг хөгжүүлсэн симуляцыг зохион бүтээж байна. Жишээ нь Labster болон Praxilabs дээр хүүхдүүд онлайн лабороторид байгалийн ухааны туршилт хийх боломжтой болж байна.  

Суралцахуйг улам уян хатан зохицуулалттай болгох боломжуудыг бид олж харж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Манайд мэдээллийн технологийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцсан сурагчид 2 жилийн хугацаанд зөвхөн мэргэшүүлэх хөтөлбөрт ‘associate degree’-ээр суралцаж төгсөнгүүтээ шууд ажилд орох уян хатан боловсролын хөтөлбөрийг санал болгох боломжтой байна. Их дээд сургуулиуд хөтөлбөрүүдээ уян хатан болгосноор сурагчид нэг сургуулиар хязгаарлагдахгүйгээр хүссэн хичээлээ өөр өөр сургуулиас сонгож өөрийн хэрэгцээнд тулгуурласан уян хатан хөтөлбөрөөр суралцах боломжийг нээж өгөх хэрэгтэй байна.  Иймээс бид боловсролын тэгш хүртээмжтэй уян хатан боломжийг нээхийн тулд боловсролын системдээ парадигмийн суурь өөрчлөлтийг хийх шаардлагатай болоод байна. 

7. Асуудал шийдэх хамтаараа суралцах

Уламжлалт сургалтанд багш аливаа үйлдлийг хийх аргыг биечлэн зааж өгч, мэдлэгийг дамжуулснаар сурагчид цээжилсэн мэдээллийн дагуу ижил төстэй үйлдлийг давтах, дууриах байдлаар суралцдаг байсан.

Харин өнөөдрийн мэдлэгийн эдийн засгийн эрин үед аливаа зүйлийг хийх өөр өөр арга замыг нээх боломжтой болж байгаа учраас хүүхдүүд чөлөөтэй сэтгэж, туршиж, алдаа оноон дээрээсээ суралцаснаар, илүү бүтээлч санаачлагатай ажиллах ур чадвартай хүн болж хөгжинө. Боловсролын реформ нь зөвхөн агуулгын шинэчлэлээр хязгаарлагдахгүйгээр хүүхдийн хэрхэн яаж суралцдаг сэтгэл зүйг судалж, заах суралцах арга зүйн эрс шинэчлэлийг хийх шаардлагатай болж байна. 

Идэвхтэй суралцахуйг нэвтрүүлж буй орнууд асуудалд суурилсан аргаар сургалтыг хөтлөн явуулж, хүүхэд тодорхой нэг асуудлыг шийдэх гаргалгааг багаараа болон бие даан олж, олсон шийдлээ танилцуулж батлах байдлаар сургалтыг бодит амьдралтай холбож зааж байна.  

Ийм инновацыг сэдэлжүүлэх сургалт нь хүүхдийг зөвхөн хичээлээр үзсэн мэдлэгээ ашиглах бус нэмж судлах, өөрсдөө хийж үзэх, багаараа цахим орчинд болон ангидаа хамтдаа ажиллах нөхцлийг бүрдүүлдэг. Мөн хүүхэд зөвхөн багшийн зааврын дагуу хийх биш өөрсдийн суралцахуйг өөрөө удирдах, илүү санаачлагатай идэвхтэйгээр суралцаж, насан туршдаа суралцах хандлагыг төлөвшүүлдэг. Даалгаврын асуудал нь зөвхөн нэг зөв хариулттай бус нээлттэй олон янзын хариулт байж болохуйц даалгавар өгч, хүүхдэд бүтээлчээр өөр өөр гаргалгааг олох боломжийг олгодог.

Энэ арга нь хүүхдүүд шинэ санаагаа уралдуулж, бие биенийхээ санааг улам баяжуулж, хамтдаа багаар ажиллах дадлыг суулгаснаар энэ нь ирээдүйд ажлын байранд багаар үр бүтээлтэй ажиллах чадварыг нь хөгжүүлж өгдөг. Жишээ нь уламжлалт хичээл дээр кубикийн эзлэхүүнийг олох чадвар эзэмших дасгал ажиллуулахдаа, нэг хайрцагны эзлэхүүнийг яаж хэмжих аргыг багш жишээгээр үзүүлж өгсний дараа өөр хэмжээтэй хайрцгийн эзэлхүүнийг бодох дасгалыг сурагчид хийх байдлаар хичээл явагддаг байсан.

Гэтэл асуудалд суурилсан аргаар энэ хичээлийг заахдаа, даалгаврын нөхцлийг илүү бодит амьдралтай холбож, жишээ нь, 25 ширхэг тоглоомыг уснаас хамгаалж зөөвөрлөхөд зориулсан хайрцаг зохион бүтээх даалгавар өгөх жишээтэй.  Ийм тохиолдолд хүүхдүүд усанд тэсвэртэй материал сонгох, тоглоомын овор хэмжээг тооцох, хайрцгийн хэмжээг тооцоолох үйлдэл багаараа хийж баг бүр өөр өөр шийдлийг танилцуулна. Технологийн тусламжтай энэ даалгаврыг баяжуулан дүрс зураг оруулж биежүүлж харуулах гэх мэтчилэн зөвхөн нэг хариулттай биш олон хариулттай байхаар дасгал ажлыг сурагчдаар хийлгэх жишээтэй. 

Нийгэмд тулгамдаж буй хүнд асуудалд шийдэл хайх төсөлд суурилсан аргыг хөгжингүй орны сургуулиуд сургалтынхаа гол арга болгоод байна. Байгаль орчин, хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж буй асуудлыг хүүхдүүд судалж, танин мэдэж, тэр талаарх маргаантай үзэл бодлыг аль аль талаас нь тунгаан цэнэж, асуудлыг шийдэх төслийг зохиож, танилцуулан зарим тохиолдолд нийгмийн ажлаар хөрөнгө босгож төслөө хэрэгжүүлэхэд хүүхэд тухайн сэдвийн хүрээнд маш их зүйлийг судалж ойлгож, зөв хандлагыг төлөвшүүлж, мөн харилцааны зөөлөн ур чадвараа хөгжүүлдэг учраас ийм асуудалд болон төсөлд суурилсан аргаар заасан хичээлийн суралцахуйн үр дүн маш үр дүнтэй байдаг.

Багш нар заах аргын нэгдлээрээ хамтарч, асуудал шийдэх даалгавар, төсөлт ажлын даалгаврыг хамтдаа зохиож, туршлагаа хуваалцаж, суралцахуйг идэвхжүүлэхэд хамтарч ажиллах шаардлагатай болоод байна. Япон, Швед зэрэг оронд тогтвортой хөгжлийн боловсролыг тууштай хэрэгжүүлж, төсөлд суурилсан аргаар хичээлийг удирдан явуулж байна. Англи улсад компаниуд нийгэмд чиглэсэн энэ боловсролын санаачлагыг дэмжиж, өөрсөддөө тулгарч буй асуудлыг шийдэх төслийг ахлах ангийн сурагчдын дунд зарлаж, сурагчдын асуудал шийдэх бүтээлч сэтгэлгээг сургуулиудтай хамтран хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж эхлээд байна.

Боловсрол зөвхөн сургуулиар хязгаарлагдахгүй бүх талууд боловсролын платформд хамтарч ажиллах цаг үе ирснийг Дэлхийн эдийн засгийн форумаас дахин дахин онцолж байна.

8. Өөрийн эрмэлзэлд суурилсан насан туршийн суралцахуй

Ажлын байранд гарч буй ур чадварын өөрчлөлттэй хөл нийлүүлэх үүднээс 2022 он гэхэд хүн бүр 101 өдрийг шинэ ур чадвар эзэмшиж өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулна гэсэн судалгаа гарсан байна.

Уламжлалт боловсролын системээр нас дээшлэх тусам суралцах цаг, хэрэгцээ багасч байсан. Харин боловсролын шинэ систем нь ажлын байрны хурдацтай өөрчлөлтөд зохицож, мэдлэг ур чадвараа байнга шинэлэг байлгахад ирээдүйн ажиллах хүчийг бэлтгэхийн тулд, суралцахад нээлттэй байх, байнга суралцах эрмэлзэлтэй байх хандлага, дадлыг багаас нь суулгаж өгнө. 

Тиймээс хүүхдийн унаган сониуч занг төсөлд суурилсан болон асуудалд суурилсан аргаар улам идэвхжүүлж, юмсыг танин мэдэх эрэлч хайгуулч занг нь насан туршид нь идэвхтэй байлгах, сурах эрмэлзэл, тэмүүллийг нь сэдэлжүүлэх сургалтын арга зүйг багш нар эзэмших шаардлагатай болж байна. Шалгалтыг давахын тулд эсвэл шагнал авахын тулд сурах биш, хүүхэд сурахдаа өөрөө сонирхолтой байхад хүүхдийг хөтлөх тийм сургалтын арга зүйг хөгжүүлнэ. Шалгалт үнэлгээ хэдийгээр сургалтын үр дүнг хэмжихэд чухал боловч үнэлгээг зөвхөн тестээр бус өөр бүтээлч байдлаар авч, үнэлгээ хүүхдийн суралцахуйг дэмжих арга хэрэгсэл болоход анхаарах хэрэгтэй байна. 

Хүүхэд янз бүрээр туршиж, алдаж онож, өөртөө дүн шинжилгээ хийж, хүүхдэд өөрийн шийдлийг сайжруулах боломжийг олгож, мөн багш бүгдийг үнэлэх бус хүүхэд өөртөө болон ангийхнийхаа хийсэн даалгаварт үнэлгээ өгч  суралцах нь хүүхдийг насан туршдаа суралцах арга барилд хөтөлнө. Технологийн шийдлүүд хүүхэд өөрийн дуртай илүү сонирхсон сэдвээрээ гүнзгийрүүлэн бие дааж судлах өөрийгөө удирдан хөгжүүлэх боломжийг улам бүр нээж өгч байна.  

Хиймэл оюун ухаан, суралцахуйн аналитик програм болон сургалтын удирдах системийн тусламжтай багш сурагчдынхаа сурлагын ахицыг илүү нарийн үнэлэх, юуг ойлгохгүй байгааг хурдан илрүүлэх, үнэлгээнд зарцуулдаг байсан цагаа хэмнэж, идэвхтэй сургалтанд илүү цагаа зарцуулах боломжийг багшид нээж өгч байгаа учраас багш нар технологийн ур чадвараа хурдан хугацаанд сайжруулж, сурагч нэг бүрийн суралцахуйг дэмжихэд орчин үеийн технологийн шийдлийг ашиглах хэрэгтэй болж байна. 

Хөгжингүй орнуудын засгийн газар насан туршдаа суралцах, сурагчийн эрмэлзэл тэмүүлэлд суурилсан суралцахуйг дэмжих бодлогыг хэрэгжүүлж эхлээд байна. Жишээ нь Финланд улс үндэсний стандарт тестийг авахаа зогсоож, харин түүврийн аргаар суралцахуйн үр дүнг үнэлэх болсон байна. Энэ систем нь сурагчдыг шалгалтаас айж сурах биш сурахын сайхныг мэдэрч, аз жаргалтайгаар суралцахад хөтөлж байна. 

Өнөөгийн боловсролын салбарын чанарын уналт, ур чадварын хомсдол, боловсролтой иргэдийн ажилгүйдлийн эзлэх хувь, бидний дэлхийн бусад орнуудтай харьцуулсан өрсөлдөх чадварын бууралт, ажлын байрны ирээдүйн төлөв байдал, олон оронд хэрэгжүүлж буй боловсролын шинэчлэлийн чиг хандлагаас дүгнэж үзэхэд бид одоогийн хуучин боловсролын системтэйгээ байсаар байвал цаашид хөгжил дэвшлийг боловсролын салбар түүчээлэх бус харин сааруулагч байхаар дүр зураг харагдаж байна.

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан Ирээдүйн сургуулийн загвар БОЛОВСРОЛ 4.0-ын хүрээнд заасан нийтлэг асуудал манай боловсролын системд тулгарч буй гол асуудлыг хөндөж тавьсан байна. Иймд Монгол хүүхэд нэг бүрийг инновац хийх бүтээлч сэтгэлгээтэй, бусадтай бүтээлчээр хамтарч ажиллах харилцааны ур чадвартай, технологийн өндөр ур чадвартай, үндэсний болон дэлхийн иргэний боловсролтой, насан туршдаа суралцах эрмэлзэлтэй,эрдэм боловсролтой иргэн болгон хөгжүүлэх боловсролын системийн суурь өөрчлөлт, шилжилтийг зөвхөн боловсролын байгууллаар хязгаарлахгүйгээр төр, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, эцэг эх, судалгааны байгууллага гэхчлэн олон талыг оролцуулан хамтдаа өөрсдийн нөхцөл байдалд тохирох зөв шийдлийг олж, боловсролын шинэчлэлийг нухацтай хамтаараа хэрэгжүүлэхийг Боловсролын Реформ Хөдөлгөөн уриалж байна. 

 


Эх сурвалж: WEF