Зураг
Зураг
Индэр    
2020 оны 2 сарын 27
Зураг
Мэдээллийн технологи

Австрали улс Цахим шилжилтийн агентлагтай

Энэ удаа цахим засаглалын тухай товчхон, Австралийн цахим засаглалын өнөөгийн байдал, саяхан өөрт тохиолдсон Австралийн төрийн үйлчилгээний авууштай жишээний талаар хуваалцъя. 
 

Цахим засаглал гэж юу вэ?

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр (интернэт болон цахим төхөөрөмж ашиглан) иргэдэд хүргэх процессыг товчхондоо цахим засаглал гэж нэрлэж болно. 
 
Үйлчилгээний хэлбэрийн хувьд:
  • G2C (Government to Citizens)  - Төрөөс иргэдэд чиглэсэн
  • C2G (Citizen to Government) – Иргэдээс төрд чиглэсэн
  • G2G (Government to Government) – Төрийн байгууллагууд хоорондын
  • G2E (Government to Employees) – Төр болон хөдөлмөр эрхлэгчид хоорондын
  • G2B (Government to Business) – Төр болон бизнесийн байгууллага хоорондын гэж ангилж үздэг. 
Цахим засгийн хөгжлийн индекс
 
НҮБ-н Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн хэлтсээс хоёр жил тутам улс орнуудын цахим засгийн хөгжлийн индекс(EGDI) – ийг судлан гаргадаг. 193 орныг хамруулсан энэхүү судалгаа 3 үндсэн индикаторыг гол үзүүлэлтээ болгон авдаг. 
  1. Онлайн үйлчилгээний индекс – Online Service Index
  2. Харилцаа холбоо, дэд бүтцийн индекс – Telecommunication Infrastructure Index
  3. Хүний капиталын индекс – Human capital index
Энэхүү гурван бүлэг үзүүлэлт дээр тулгуурлан тоон арга хэрэглэн 193 орны цахим засгийн хөгжлийн индексийг тооцоолон гаргадаг байна.
 
Судалгааны баг 100 орчим судлаачаас бүрдэх бөгөөд сайн дурын судлаачдыг мөн хамруулдаг байна. Тэдгээрийн тэн хагас нь хөгжиж буй орноос байхаас гадна нийтдээ 65 орчим хэл дээр судалгааг явуулдаг байна.
 
- Австралийн цахим засаглалын хөгжлийн индекс
 
Австрали улс нь хоёр жил тутамд гаргадаг цахим засгийн хөгжлийн индексээр 2016, 2018 онуудад 0.98, 0.97 оноогоор тус тус дэлхийд 2 дугаарт эрэмбэлэгдээд байна.
 
Тухайлбал, 2016 онд Их Британи улсын дараа, 2018 онд Дани улсын дараа бичигдсэн байдаг. Төрийн бүх шатны үйлчилгээг цахимаар авч, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг. Тус тусдаа хөгжүүлэлт хийгдсэн төрийн үйлчилгээний системүүдийг хэрэглэгч өөрөө https://my.gov.au портал дээр холбох боломжийг олгосон нь бүх үйлчилгээ нэг цэгт төвлөрөх боломжийг бий болгожээ.
 
- Австрали улс дижитал шилжилтийн агентлагатай
 
Цахим засгийн хөгжил, төрийн үйлчилгээний дижитал шилжилтийг хийхэд мэдээллийн технологийн шийдлээс гадна маш чухал хоёр зүйл бол хууль эрх зүйн орчныг таатай болгох, томоохон төрийн байгууллагын манлайллыг бий болгох явдал юм. Австралийн хувьд уг манлайллыг бий болгож, хууль эрх зүйн орчныг таатай болгох зорилгоор Дижитал шилжилтийн агентлагийг 2016 онд байгуулсан (https://www.dta.gov.au/).
 
Уг агентлаг өмнө нь Дижитал шилжилтийн оффис нэртэй үйл ажиллагаа явуулж байсан боловч цар хүрээ, чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Дижитал шилжилтийн агентлаг болгон томруулжээ.
 
Уг агентлагийн үндсэн чиг үүрэг нь: 
  • Төрийн дижитал үйлчилгээг сайжруулж энгийн хялбар ойлгомжтой, хурдан шуурхай хүргэхэд ЗГ-д туслах үүрэгтэй. 
  • Тус тусдаа хэрэгжиж байсан цахим төслүүдийг нэг стандарт, нэгдсэн зорилго, бодлогоор хангах. 
  • Цахим засгийн хөгжлийг стратегийн манлайллаар хангах
  • Цахим засаг, дижитал үйлчилгээний платформын хөгжлийг тогтвортой үргэлжлэхэд шаардлагатай стандарт, дүрэм журмуудыг батлуулах, судлах
  • ЗГ-н агентлагуудын дижитал үйлчилгээнд чиглэсэн хөрөнгө оруулалтуудад үнэлэлт, дүгнэлт өгөх, зөвлөх
  • Төрийн үйлчилгээний цахим системд тавигдах үндсэн шаардлагыг хангуулах
  • Дижитал шилжилт-2025 бичиг баримтын стратеги бодлогыг хангуулах
Австралийн төрийн үйлчилгээний хоорондын уялдаа холбоо /жишээгээр/
 
Өөрт тохиолдсон нэг жишээн дээр тулгуурлан Австралийн цахим үйлчилгээний нэг хэлбэр болох G2G (Government to Government) загвар хэрхэн ажиллаж байгааг маш товч тайлбарлая. Уг жишээнд Австралийн дараах төрийн байгууллагууд оролцсон болно. 
  1. 1. Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын цахим систем (Centrelink)
  2. 2. Боловсролын систем – Цэцэрлэгийн цахим систем (Education System)
  3. 3. Эрүүл мэндийн систем – Өрхийн эмнэлэгүүд ашигладаг (Health System)
  4. 4. Дархлаажуулалтын бүртгэлийн байгууллага - Australian Immunizations Register (AIR)
  5. 5. Татварын байгууллага – Australian Taxation Office (ATO)
Хүүхдийн товлолт вакцин хийгдэх өдрийг анзааралгүй өнгөрөөчихөж, уг нь имэйлээр сануулга ирсэн. Үр дүнд нь Дархлаажуулалтын байгууллагаас цахимаар Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад энэ мэдээлэл илгээгдэж халамжаас цэцэрлэг рүү олгогддог хүүхдийн тэтгэмж шууд зогссон. Цэцэрлэгүүд үүнийг Education System-сээ мөн мэдээд ээж аавд мэдэгддэг. За тэгээд эцэг, эх нь хүүхдээ аваад Өрхийн эмнэлэг дээрээ очиж товлолт вакцинаа хийлгэнэ.
 
Үүний дараа өрхийн эмч эрүүл мэндийн системд уг  мэдээллийг оруулангуут Дархлаажуулалтын байгууллагын мэдээллийн сан дах мэдээлэл шинэчлэгдэж мөн уг мэдээлэл Халамжийн байгууллагад цахимаар хүргэгдснээр уг байгууллага цэцэрлэг рүү хүүхдийн төлбөрийг шилжүүлж эхлэх гэх мэт. Үүний цаана дархлаажуулалтанд хамрагдаагүй хүүхдийг цэцэрлэгт нь явуулахгүй байлгахын тулд энэхүү системүүд ажиллаж байна.
 
Түүнчлэн татварын байгууллага мөн эцэг, эхийн орлогыг хянаж халамжаас олгогдож байгаа хэмжээг дээш нь доош нь хөдөлгөх гэх мэт. 
 
Гол хэлэх гэсэн санаа бол Австрали улс Дижитал шилжилтын агентлагтай юм байна. Уг агентлаг нь төрийн үйлчилгээг дижитал болгоход шаардлагатай хууль эрхзүйн орчинг сайжруулахад анхаарч, стандарт дүрэм журмуудыг хангуулж бусад төрийн байгууллагыг манлайлж ажилладаг. Үүний үрд дүнд Австрали улс сүүлийн жилүүдэд хэрхэн цахим засгийн хөгжлийн индексээр дэлхийд тэргүүлж байгааг харуулах, мөн төрийн байгууллагуудын уялдаа холбоог жишээгээр тайлбарлахыг зорьсон.
 
Сидней хот, Австрали