Индэр    
2020 оны 2 сарын 24
Зураг
Freelance journalist

Ц.Амгалан: Жаргалтай эмэгтэйг ямар ч эр үнэрлээд л мэднэ

Зураг

Урлаг судлалын доктор Ц. Амгалан эгчийн лекцэнд хоёр жилийн өмнө суусны дараагаар  анхны ярилцлагаа хийж байжээ.

Тэр үед ярилцаж хуваалцсан ярианууд ойлгож явсан ойлголтууд сэтгэлдээ босгосон хаалтыг их бага хэмжээгээр эмтлээд үлдсэн байж. Түүнээс хойш facebook page дээрээ тавьсан бичвэрүүдийг нь хаяа нэг харах бүрт оновчтой, үнэн, хатуу хэлсэн үгнүүд нь нөгөө ханыг дахин нэг сануулдаг.

Учир нь олдохгүй байсан зүйлийн гаргалгаа ганцхан үгэн дотор нь ч байж байна. Хоёр жилийн дараа хоёр шинэ хүн дахин уулзсан. Миний хувьд, сэтгэлийн эрэл, эдгэрэл маш сонирхолтой сэдэв тул түүнтэй ярилцахыг тэсэн ядан хүлээсээр, гуйсаар, уулзлаа. 

Тэрээр одоо сэтгэлзүйн салбарт доктороор суралцаж байгаа бөгөөд онлайнаар тренинг хөтөлбөрүүд удирдан явуулж байгаа гэнэ. Хоёр цаг гаруй ярилцахад хүнд байсан, гэхдээ гоё хүнд байсан. Амьдрал богинохон гэдэг, гэхдээ буруу ойлгосон амьдрал урт ч байж магадгүй.

Үнэнийг, хатууг, “жинхэнэ” гоёыг мэдрэх амттай. 

- Хүүхэд наснаас ярилцлагаа эхлэе, тэр дундаа гомдлоос...?

- Хүн бүрт шахуу байдаг багын гомдлыг нь ухаад үзвэл ээж аав сайн муу байсан уу гэдгээс илүүтэй өөрсдийн маань эмзэг сэтгэл, юмыг буруу ойлгодог ухаан, зуунги зангаас бас болсон байдаг.

Гэвч балчир насандаа ухамсаргүйгээр, аав ээжийн зөв үү, буруу юу гэх шүүлтүүргүйгээр гомдчихсон тэр хорсол нь урт, богино янз бүрийн хугацаагаар эрэгтэй хүмүүстэй харилцах чадваргүй, өрх гэр нь гаднаас харахад бүтэн ч нөхөртэйгөө эрүүл дотносолд байж чадахгүйд хүргэдэг.

Аав хүн алсын, стратегийн шинж чанартай, ээж болохоор ойрын, тактикийн маягийн амжилтын зөвшөөрөл, нэг үгээр адислал өгч байдаг. Гэтэл дотроо тэднийг үгүйсгэдэг, зарим хүнд тохиолдолд бүр үзэн яддаг бол өөрийн амжилтаа л блоклож байна гэсэн үг юм.

Тиймээс аав ээжтэйгээ эвлэрэх юуны өмнө өөрсдөд маань хамгаас чухал байгаа юм. 

- Энэ эвлэрэл яаж эхлэх вэ?

- Өөрийгөө хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ. Бусад хүмүүс, орчлон хорвоо надад өртэй юм шиг,  надад хүчин зүтгэх албатай юм шиг тунирхаж, ялархаж амьдрах нь өөрийнхөө амьдралыг үл тоож байгаа хэрэг.

Эмэгтэйчүүдийн хамгийн их сонирхдог сэдэв: “Би нөхрөө яаж өөрчлөх вэ?”. Гэтэл хэн ч нөхрөө өөрчилж чадахгүй, хэзээ ч хэнийг ч өөрчилж чадахгүй, нөхрөө сольсон ч ахиад л нөгөө хэв шинжийн хүнтэйгээ суудаг.

Тэгэхээр хэнийг ч бай, эвэр туурайтай, элдэв үнэртэй нь хүлээж авч чадах уу, үгүй юу гэдэг л асуудал. Тэр нь эргээд өөрийгөө бас тэр бүхэнтэй нь хүлээж авч чадах уу гэдэг дээр очдог.

Үүнийг би нээгээгүй, сэтгэлзүйн бүх урсгалууд эмэгтэй хүүхэд аавын нөлөөгөөр ирээдүйн хань, амьдралын хэв маягаа сонгодог зүй тогтлыг л ярьдаг. 

- Аав байхгүй бол яах вэ?

Нэгт, аавгүйгээр хүн яаж төрөх вэ?

Бид бүгд ааваас төрсөн, хуруу шилэнд бүрэлдсэн ч байг, бидний 50% нь эцгийн ген, мэдээлэл байж таарна. 

Хоёрт, аав гэнгүүт энэ дотор асч байгаа тэр мэдрэмж л аав юм шүү дээ.

Хэрэв аав үл итгэл эсвэл харанхуй хоосролтой адил бол тэр мэдрэмжийг батлах эр хүнтэй учраад байгаа юм.

Аавтайгаа эвлэрнэ гэхээр очоод найрамдах юм биш. Амьдралдаа хэзээ ч уулзаж байгаагүй эсвэл нас барчихсан ч байж болно, ээж нь бүр аавыг нь мэддэггүй ч байж болно шүү дээ.

Эвлэрэл гэдэг нь дотор байгаа эцгийн тухай, эр хүний тухай төсөөллөө өөрчлөх үйл явц юм. 

- Энэ тренингүүд зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан гэж ойлгож болох уу?

- Сэтгэл зүйч бол хүний арьсан дор ороод дотроос нь,  өөр шигээ мэдэрч байж л тусална.

Хэдэн ном уншсанаа эш татаад суудаг юм биш.

Эмэгтэй хүн юуг яаж хардаг билээ, юуг яаж гажуудуулдаг билээ гэдгийг би мэдэж байгаа болохоор эмэгтэйчүүдийг илүү ойлгодог, одоогийн байдлаар тэдэнд илүү тусалж чадна.  

- Эрэгтэй хүмүүст хэн туслана аа?

- Гэхдээ олон эрэгтэй хүмүүс надад ханддаг. Эхнэртээ лекц авч өгье, эсвэл тренингт оръё, эхнэрээ ойлгомоор байна гэдэг. Мэдээж би оруулахгүй, гэвч тэр эрчүүдэд асар их баярладаг.

Хэрэв миний нөхөр намайг, охиноо, ээжийгээ ойлгох юмсан гээд сэтгэлзүйн тренингт суралцаад явж байна гэвэл үүнээс илүү дотно сэтгэл гэж байх уу?

Манипуляци, сэтгэлзүйн хүчирхийлэл, тоглоомоос өөрийгөө хамгаалах талаар ярихаар намайг эрэгтэйчүүдийн эсрэг зүйл хийгээд байна гээд байдаг. Гэхдээ миний лекцийг сонсоогүй хүмүүс л тэгдэг.

“Чи өөрөө манипуляци хийдэг юм биш биз дээ” гэж би эмэгтэйчүүдээс дандаа асуудаг. Тэгэхээр эмэгтэйчүүд нь дургүйцээд явчихна.

Ерөөсөө эр эм гэлтгүй үнэнд маш дургүй. Бусдыг буруутгахын дон.

- Би бас сүүлийн хэдэн жилийн хугацаанд өөрийгөө ойлгох гээд, миний шийдвэрүүд, өмнө амьдарч байсан түүх юу билээ, яаж өслөө, ээж аавтайгаа ямар харилцаатай байлаа, багадаа ямар хүүхэд байлаа гээд л дотогшоо өнгийлөө, ухлаа. Маш хүнд ажил. Заавал тэр асуудлын учрыг олох гээд явах хэрэгтэй ч юм уу, төвөгтэй юм, зүгээр өдөр өдрөө болгоод явж байсан дээр ч юм шиг хүнд санагдах үе зөндөө байдаг. 

- Лекц сонсоход хүртэл хямардаг шүү дээ.

Өмнөх хямралаас гараагүй байж дахиад сэтгэлзүйн элдэв юмаар яахав дээ гээд ямар голомтоос шалтгаалж халуурч байна вэ гэдгээ тоохгүй мөнхийн халууны эм уухыг сонгох нь хувь хүний эрх.

Ингээд насыг барж болно, харин яг энэ кодыг хүүхдүүддээ өвлүүлнэ. 

Хүүхдүүд бидний хэлсэн үгээр биш үлгэр дуурайлаар л хүмүүжнэ шүү дээ. 

- Депресс буюу сэтгэл гутралд орохоос айдаг байж мэдэх юм?

- Хямралгүй амьдрал байхгүй. Амьд байх нь өөрөө хямрал. Ургамал амьтны хувьд ч адил.

Төрөх, өсөх, соёолох, цэцэглэх, жимслэх, төллөх, үхэх... гээд л амьдрахуй бол агуу их хямрахуй.

Амьд үйл явцыг депресс гээд л эм ууж дарангуйлаад, амьд биш байхыг буюу юу ч мэдрэхгүй, юунд ч хөндөгдөхгүй байхыг л бид хүсэх юм даа. Хямрал гэдэг чинь муухай үг биш шүү дээ.

Чи илүү халууныг, хүйтнийг, хатгалтыг, бас хөөрлийг мэдэрч байна л гэсэн үг. Гутрал бол амьдралын нэг хэсэг, зөвхөн түүгээр депрессийг тодорхойлбол хүн бүр ямар нэг юмтай болж таарна.

- Түрүүний хэлсэн кодыг хүүхдүүддээ өвлүүлэхгүй байх боломжтой юу? 

Хүүхдийг хүмүүжүүлье гэвэл эмээгээс нь эхэл, болбол бүр эмээгийн бага наснаас эхэл гэдэг шиг өнөөдөр бид олигтойхон байна гэдэг чинь явж явж бидний ач зээгийн амьдралаас  сайн үр цэцэглэнэ гэсэн үг. 

- Хүүхэдтэй болохгүй гэж шийдчихсэн хүмүүс бол яг ингэх шаардлага байхгүй гэсэн үг үү?

- Өөрийн доторх аав ээжтэйгээ буюу эр эм эхлэлтэйгээ эвлэрсэн хүн бүтэн хүчин чадлаар хөдөлдөг болно.

Энэ бол гэр бүлгүй, хүүхэдгүй хүнд ч гэсэн голох үр дүн биш.

Хүүхэд төрүүлэхгүй юм чинь би аавтайгаа эвлэрэх гэж зовоод яах юм, хүнтэй суухгүй, харин бусад талбарт эсрэг хүйсийнхэнтэйгээ алалцаж байгаад үхнэ гэвэл тэр л биз ээ. Эцэг нь үр хойчдоо эдийн засгийн, нийгмийн амьдралын, өргөн далайцтай хэрэгжилтийн өв санг дамжуулдаг.

Эдгээр салбар амьдралд чинь чухал байгаа бол хүүхэд төрүүлэх эсэхээс үл хамаараад эцэгтэйгээ эвлэрэхээс өөр арга байхгүй л гэж би хэлнэ. 

- Хүн өөрчлөгддөггүй юм бол, хэн нэгний төлөө зүтгээд, өөрчлөх гээд байгаа хүмүүсийн чармайлтыг та дэмий гэж үзэж байна уу? 

- Яагаад бид хэн нэгнийг өөрчлөх гээд байдаг юм бэ? Өөрийн үзэмжинд л тааруулах гээд байгаа шүү дээ.

Нөхөр ийм байх ёстой гэсэн жаазанд тааруулж дутууг нь нөхөж илүүг нь хэрчих гээд байгаа.

Ингэж сийлүүлэх нь нөхөрт өөрт нь таалагдаж байгаа юм уу? Тэгэхээр бид өөрсдийнхөө төлөө л хийгээд байгаа хэрэг, энд хайрын нэг ч амьсгал байхгүй. 

- Ээжүүд заримдаа салсан нөхөртэйгээ хүүхдүүдээ уулзуулахгүй байх тохиолдол элбэг байна?

- Хүүхдээ уулзуулахгүй юм аа гэхэд аавыг нь дандаа магтах ёстой.

“Чиний эцэг хөгийн новш, тэрний эцэг эх ч өөдгүй, тэд олигтой явахгүй” гэх мэтийн агуулгатай ярьдаг бол хүүхэд ганц л юмыг тогтоон авч үлддэг. “Аан, би тэр адгийн амьтны үр. Би ч адилхан муу явна”.

Зөв хардаг болсноор л асуудал өөрчлөгдөнө үү гэхээс нүдэнд харагдахгүй болсноор асуудал алга болохгүй.

Хичээлээр шахвал муу сурна, хэт болгоомжилбол өөртөө аюултай юм хийнэ, амьдралын эрүүл хэв маяг гээд л байвал эрүүл бусыг сонгоно.

Тэгэхээр эцэг эхийн туйлын зорилго бол хүүхдэдээ бүрэлдэж буй бие даасан субъектив чанарыг хүндэтгэхэд суралцах явдал болохоос биш өөрсдийн хүлээлтийг тулган хүлээлгэж, тэдний тухай өөрийн уран сэтгэмжийн шоронгийн хоригдол болгох биш юм.

Ээж аавын хувьд энэ бол хамгийн хэцүү асуудал юм даа. 

- Худлаа яриад ч хамаагүй магтах ёстой гэсэн үг үү?

- “Ээж нь чиний төлөө ямар их юм хийлээ. Аав чинь харин чамд юу ч өгөөгүй” гээд хүүхдэд хэлж байгаа нь үнэн байж болно. Хүүхдийн гэнэн нүдийг нь нээж өгч байна, амьдралын бодит үнэнийг ойлгуулж байна гэж бид боддог.

ҮНЭН-ийг ярьж байгаа хүн гурван давхар хариуцлага үүрдэг: үнэний өмнөөс, өөрийнхөө өмнөөс, бас тэр үнэнийг хүлээн авч байгаа хүний өмнөөс. Энэ үнэнийг хэлснээрээ бид хүүхдээ ёстой “аавгүй” болгож өрөөсөн жигүүрийг нь тастаж байдаг.

Эмэгтэй хүнд эр хүн ганц биш, нөхөр ч ганц биш байж болно, харин хүүхдэд аав алтан нар шиг цорын ганц шүү дээ. Бид нэрээ цэвэр авч үлдэж, уснаас хуурай гарахын тулд хүүхдийг эцэггүй болгож болох уу? Бид худлаа яриагүй, тэр тэгсэн нь үнэн гэж хэлж болно.

Гэтэл хүүхэд минь үүнийг л битгий мэдчихээсэй гэсэн үнэн чамд байгаа юу? Хүн бүрт байдаг гэж би бодож байна.

Яагаад бид өөрийн үнэнийг үхэн хатан дарах мөртлөө бусдын үнэнийг бүр төрсөн үрийнх нь сэтгэл рүү зоож байдаг юм бэ?  Бэлгийн замбараагүй амьдрал, бүх хэлбэрийн донтолт \секс, мөнгө, ажлын дон ч орно\, ядуурал, бүтэлгүйтлийн цаана аав, нарийн яривал аавд хандах ээжийн хандлага байдаг. 

- Тренингүүд бага насны дурсамжийг их сөхөх нь дээ? 

- Уг нь тийм. Гэтэл ихэнх маань бага насаа их муу санадаг, эсвэл санадаггүй. Хүний сэтгэц чинь хамгаалалтын механизмтай, хүнд гэмтэл, цочрол тохиолдож байсан бол шууд мартдаг.

Тэгэхээр бага насаа санахгүй байгаа бол чамд ямар нэг аймшигтай юм тохиолдож л байсан байж таарах гээд байдаг. Ихэнх хүн тренингийн явцад олон зүйлийг эргэн санадаг. Зарим дурсамжууд хуурамч байсныг ч хардаг. 

- Тренинг “эрүүл” болгох уу? 

- Тренинг бол зөвхөн багаж шүү дээ. Тэр багажаараа дотогш алсрах замаа засаад урагшилна уу, жаазлаад өлгөнө үү, би мэдэхгүй.

Ухаан ч дангаараа багаж. Нэг сургуулийн захирал багш нартаа хэлсэн байдаг даа.

“Атомын бөмбөг, хорт хийн өрөө, цахилгаан сандал, элдэв өвчин, компьютерийн вирусыг дандаа мэдлэгээр бүтээсэн. Цэвдэг, эрүүл бус эрдэмтнийг биш, халуун зүрхтэй жаргалтай ХҮМҮҮН-ийг бойжуулахад та нар надад туслаарай” гэж. 

- Болохгүй гэдгийг мэдээд байгаа хэрнээ л хүүхдүүддээ уурлах бухимдах чанга дуугарах асуудал гарсаар л байдаг?

- Онолын мэдлэг байгаа ч чи түүндээ итгэхгүй байгаагийнх байх даа. Бид хэдий уурласан ч гэлээ нар байхгүй гэж ярьдаггүй биз дээ. Яаж ч уурласан, шөнө болсон ч  нар байгаа нь бидний итгэл үнэмшил байдаг.

Алив мэдлэгийг сэтгэлд наана гэдэг бол амар зүйл биш. Ямар ч үед хүүхэд рүү орилж болохгүй гэдэгт итгэхгүй л байна даа.

Тэр итгэл үнэмшил чиний нэг хэсэг болоход мэргэжилтний туслалцаа хэрэгтэй байж болох юм. Хүн өөрөө орь ганцаар  бардаггүй даваа байдаг. 

- Хүн нэг юм сонсохоороо бусадтай аль болох хуваалцах гээд байдаг нь юундаа байдаг юм бэ? 

- Өөрийгөө тоодог хүнд бол өөрөө л хангалттай, хэнд ч юуг ч батлах, ойлгуулах хэрэггүй. Багш шавийн харилцаа, эсвэл үзэл санаа нэгтнүүд, номын нөхдийн яриа бол өөр хэрэг.  

Энэ бол тусч, нийтэч гэхээсээ илүү харилцаагаар дутаад ганцаардаж байгаа нэг хэлбэр.

Тэр хүнд сайхан сэтгэгдэл төрөөсэй, надад талархаасай, ойлгоосой, эргээд ярилцаасай гэх хүлээлт байна.

- Бараг гэгээрсэн хүн гэсэн үг үү? 

- Гэгээрэл гэдэг чинь асар том ойлголт байх аа. Оюун санааны амьдралаар амьдраад харин ч бүүр гэгээрлийнхээ эсрэг зүгт явж байж ч болно.

Ном үзсээр номын далай мэт болсон ч сэтгэл нь огт дэвтээгүй, номын буг болсон хүмүүс бишгүй л байдаг. Хүний ухаанд мэдлэг тэр чигээрээ наалддаггүй, хүн бүр өөр өөрийнхөө хувиргагчаар дамжуулдаг.

Буруу хувиргагчаар дамжсан агуу мэдлэг аюултай зүйл болж болно. Анзааргатай байхгүй бол бид ч тийшээ хальтрахгүй гэхийн баталгаагүй.

Хэний ч үнэлэлт хэрэггүй, хэнээс ч юу ч ирж болохыг хүлээн зөвшөөрнө гэдэг бол өндөр түвшний хүний асуудал биш зүгээр л сэтгэл эрүүл хүний шинж. Ер нь бол эхлээд сэтгэл эрүүл болж байж дараа нь гэгээрлийн асуудал яригдах байх.

Ажилдаа сайн, гэрийн үлгэр жишээч эзэгтэй, бүх хүнтэй эвтэй эмэгтэй дотроо сэтгэлзүйн хувьд эрэмдэг байх нь ч бий.

Онц сурвал, томоотой байвал, уурлахгүй, өөрийнхөөрөө гөжихгүй байвал л хайрлана, шагнана гэж хүмүүжүүлэх нэрэн дор хүчирхийлсээр байгаад бусдад эвтэйхэн хэрнээ өөрөө дотроо тун ч тухгүй хүн болдог.

Бид нэг юм хийчихээд л сургуультай амьтан шиг хариу шан горьддог. Ээж аав, үр хүүхэд, ажил гэргүй дандаа хүлээлт, тооцоо, гомдол, өсөрхөл дунд байхаар хүн яаж эрүүл байх билээ. Жаргалгүй ээжийг хүүхдүүд нь хараад л мэднэ.

Жаргалгүй эмэгтэйг ямар ч эр үнэрлээд л мэднэ. Тэр үнэрийг ямар ч хувцсаар халхлахгүй. 

- Жаргалтай байхад их бага юм хэрэгтэй гэдэг дээ, уг нь бол...?

- Тэр түвшинд хүрэхийн тулд их урт замыг туулах хэрэгтэй байгаа юмаа. Сэтгэл эрүүл болж байж л жаргалтай болно. "Хайр горьдон хүлээдэггүй. хайр тооцоо боддоггүй. Тэгээд үзвэл бидний ихэнх маань янхан байхаар хүмүүжсэн байх юм. ЯНХАНДАХАА ЯДАЖ БАГАСГАЯ " гэж алдарт эмч ЭЛИЗАБЕТ КЮБЛЕР-РОСС хэлсэн байдаг даа.

Жинхэнэ утгаараа хайрлаж хайрлуулж үзсэн цагт сая нэг жаргал үнэртэх байх даа биднээс. 

ОЧИРЫН БОРОО:

https://soulheal.me/archives/shilmel_buteeluud/%d0%be%d1%87%d0%b8%d1%80%d1%8b%d0%bd-%d0%b1%d0%be%d1%80%d0%be%d0%be?fbclid=IwAR3wq2f_UR1cYuBonnEXtwugK4BfvvL352yC5KzbLb0FeKyqwZ_OnUS0lKE