Индэр    
2020 оны 2 сарын 18
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Эртний түүхээр хөгжлөө чимэх үзэсгэлэнт Истанбул хот

Өтгөн саарал үүлсийн дээгүүр, агаар мандлын хязгааргүй цэнхэр уудамд долоон цагийн турш хөвсөн хөлөг онгоц 10,000 орчим метрийн өндрөөс алгуурхнаар доошлоход дэлхийн төв болсон Истанбул хотын бараа сая нэг тодрон үзэгдэв.

Улаан дээвэртэй намхан голдуу байшингууд мододтой сөөлжлөн, харгуй замаар зааглагдан ирийх нь энэ хотын эмх цэгцийг илтгэнэ. Энэхэн зүйлийг ажиглаж амжих төдийд 2019 оны дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн Истанбулын шинэхэн нисэх буудалд онгоц зөөлнөөр газардлаа. 

Турк улсын хамгийн том хотууд болох Истанбулын 20 гаруй сая хүний хүсэн хүлээдэг, жилдээ ганц хоёрхон үзэгддэг цас 2020 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр энэ нутагт буусан биднийг бударч угтсан юм. Улирлын хамгийн хүйтэн өдөр таарсан нь энэ. Монголчуудын хувьд 0 градус гэдэг энгэрээ задгайлан налаймаар санагдавч Хар тэнгисийг хаяалан орших энэ хотын орой -10 градуст алхах мэт жиндүүлэх ажээ. 

 
 

Монголчуудыг Европтой, европчуудыг Монголд дөтлөх шууд нислэгийг 2020 онд эхлүүлсэн “Туркиш Эйрлайнс”-ын үйл ажиллагааг сурвалжлахаар ийнхүү Истанбул хотноо хөл тавьсан бидний хэдэн сэтгүүлч тус хотын төдийгүй Турк улсын хамгийн анхны зочид буудлуудын нэг болох 128 жилийн настай Пера Паласт буудаллав. Шууд нислэг хэмээн тодотгож буйн учир нь 2020 оныг хүртэл "Туркиш Эйрлайнс"-аар Истанбул орох гэж Бишкект саатан 11 цаг аялдаг байсан бол одоо найман цаг хүрэхгүй нисээд Улаанбаатараас Истанбул ордог болжээ.  

Тэртээ 1892 онд дэлхийн элитүүдийг Парисаас Истанбул хүртэл тээвэрлэдэг тансаг зэрэглэлийн "Orient Express" галт тэрэгний зорчигчдыг байрлуулах зорилгоор баригдаж, анх удаа цахилгаан, халуун ус болон цахилгаан шаттай байснаараа тухайн үедээ гайхагдаж байсан гэх энэхүү тансаг зочид буудалд олон алдартан саатаж байсан түүхтэй гэнэ.

Тэдний нэг болох нэрт зохиолч Агата Кристи "Ориент экспресс дэх аллага" романаа энэ буудалд бичсэн түүхтэй гэдэг юм билээ. Дэлхийд алдартай турк үндэсний цайгаар дайлан угтах найрсаг үйлчлэгчид болоод энэ хотын оршин суугчдын хувьд шинэ үеийн Турк улсыг үндэслэн тунхагласан БНТУ-ын анхны Ерөнхийлөгч Ататюрк таалан саатдаг байсан гэдгээр нь Пера Палас зочид буудлаараа бахархах дуртай ажээ. 

Нэг өдрийг хоттой танилцахад зориулах боломж олгосон уг аяллын хугацаанд орсон газар бүрт турк цай, эсвэл жимсний шүүсээр дайлан угтана.

Цай бол турк хүмүүсийн хувьд хамгийн том хүндэтгэл хийгээд уламжлал нь. Хотын гудамжаар баар цэнгээний газар гэхээсээ илүүтэй жижигхэн хэрнээ чамин тохилог цайны газар таарах нь элбэг. Харин байгаль цаг уурын таатай орчин нь энэ орныг жимс, ногоо, самраас эхлээд идээ будаагаар элбэг дэлбэг байх нөхцөлийг харамгүй бүрдүүлсэн гэлтэй. 

Бидний үдэлсэн буудлаас холгүйхэн жуулчид төдийгүй туркчүүдийн өөрсдөө ч зугаалах дуртай Истиклал гудамж, Таксимын талбай орших бөгөөд Истанбулын хамгийн эртний трамвай энэ гудамжаар жуулчдыг аялуулна. 

Ромын эзэнт гүрнээс улбаалсан мянга мянган жилийн түүхийн гэрчүүд

 

Истанбул түүхийн дурсгалт зүйлсээрээ үнэхээр “чамирхдаг” хот гэлтэй.

Гайхуулахгүй байхаас ч аргагүй, эрт эдүгээ цагийн гэрч болсон тийм л үзмэрүүд энэ хотод хадгалаатай байх аж. Арга ч үгүй биз. Цагтаа Ромын их эзэнт гүрэн төвхнөж, нийслэл хотоо болгон өргөмжилсөн МЭӨ 330 жилийн тэртээх тууриас юу эсийг үзэж болох билээ. Гагцхүү тэр бүхэнтэй ганц өдрийн дотор танилцах боломжгүй тул зах зухаас нь л сонирхож амжсан юм.

Жуулчдын хөл үл тасрах Султан Ахметын сүм

Түүхийн нэгэн чухал үзмэр болсон, жуулчдын заавал очиж үздэг Султан Ахметын талбайд л гэхэд 326 оны үед Персээс авчирсан зэс бүрхүүл бүхий Могой баганын үлдэгдэл, 16-р зууны үеийн Египетийн дурсгал болох боржин чулуун хөшөө, Ромын түүхийг илтгэх, 320 оны мөн чулуун хөшөө гурвуул он цагийг элээн өнөөг хүртэл 1,000 гаруй жил оршсоор иржээ. Тийм ч учраас уг талбайг ЮНЕСКО соёлын өвдөө бүртгэсэн бөгөөд өдөрт дунджаар 10,000, жуулчлалын оргил үед 50 орчим мянган хүн Султан Ахметын талбай орчмын сүм хийдээр зочилдог байна.  

 

Энэхүү талбайн урдхан талд Истанбулын хамгийн эртний гэгддэг Хөх сүм(Blue mosque) буюу Султан Ахметын сүм бий.

Долоон зууны турш ноёрхож байсан Оттоманы эзэнт гүрний хамгийн залуу хаан буюу Ахмед I 19 настай байхдаа буюу 1609 оны үед бариулж байсан гэх эл сүм өдгөө мусульман шашинтнуудын заавал очиж үзэхийг хүсдэг ариун газар болжээ. Уг сүмд Ахмед I хаан, түүний хатан Көсем Султан нарын бунхан байдаг аж.

Хамгийн ариун газар хэмээн хүндэтгэж, зочид гийчид, сүсэгтэн олон ялгаагүй гутлаа тайлж, бүсгүйчүүд толгойгоо алчуураар ороон энэ сүмд нэвтэрдэг юм байна. Бүтэн дөрвөн зууны өмнө баригдсан гэхэд ур хийц нь үнэхээр чамин тансаг. Олон мянган оюу чулууг шигтгэн 50 өөр төрлийн алтан зул цэцгийг сүмийн дугуй хана, таазан дээр хээ гоёлтой хослуулан урлажээ.

Истанбулын чийглэг уур амьсгалын нөлөөгөөр чулуун хийцэт барилгын хана туурга өнгөө алддаг тул 20 жил тутамд нэг удаа бүрэн засаж, чулуун хана туургыг өнгөлж, зүлгэдэг бөгөөд яг энэ үед нь бид зочилж таарсан юм. Тиймээс гадна доторгүй засварын ажил өрнөж байсан ч тэр нь жуулчдад ямар нэгэн түвэг саад учруулахааргүйгээр явагдаж байв.

 

Султан Ахметын сүмээс хойд зүгт 100 метр хүрэхгүй яваад Зүүн Ромын эзэнт гүрний Истанбулд барьж байгуулсан хамгийн том христийн сүм болох Аяа Софиаг 1934 онд музей болгожээ.

Суурин дээр нь гурван удаа барьсан гэх энэхүү сүм нь газраас 53 метр өндөр бөмбөгөр оройтой гэдгээрээ дэлхийд мөн л ховорт тооцогддог байна. 537 онд ашиглалтад орсон энэ сүмийн ханан дээрх бичиг үсэг өчигдөрхөн сийлсэн мэт шинэ харагдах нь гайхалтай. Сүмийн чулуун босго эрмэггүй болтлоо мөлийж, толийсон нь энэ барилга 1,700 жилийг элээж, сая сая хүний хөлд дарагдаж ирснийг илтгэнэ. 

Анх христийн сүм байсныг нь мөнхөлж, сүмийн дээврийн хоймор хэсэгт голлуулан Есүс Христийг ээжийнхээ өвөр дээр сууж байгаагаар дүрсэлсэн бол хоёр тал болоод сүмийн ханыг тойруулан мусульман шашны анхны дөрвөн халиф, шашныг үндэслэгч Мухаммад болон хоёр ачийнх нь нэрийг ногоон дэвсгэр дээр алтадмал үсгээр сийрүүлэн бичээд 200 гаруй жил болж байгаа аж.

Сүмийн хоймор хэсгийн шалан дээр том жижиг янз янзын хэмжээтэй дугуй чулууг суулгасан байх ба олс татан хүрээлсэн нь сонирхол татав. Уг жижигхэн дөрвөлжин талбай дээр үе үеийн хаад угсаа залгамжлах ёслолоо үйлдэж, сэнтийд залрах эрхээ энэ хэсэгт зогсон хүлээж авдаг байсан тул ийн онцлон хамгаалсан юм байна. Харин шигтгэсэн чулууны том, жижиг хэмжээ нь бусад ханхүү нарыг эрэмбээрээ зогсоход нь зориулагдсан болохыг хөтөч тайлбарласан юм. 

Оттоманы эзэнт гүрний хаад дөрвөн зууны туршид амьдарч асан Топкапи Палас

 

Үүний дараа бидний зочилсон газар Оттоманы эзэнт гүрний хаадын дөрвөн зууны туршид амьдарч асан Топкапи Палас байв.

Өнөө цагт өнгө төрхөө алдалгүй хадгалагдан ирсэн дэлхийн хамгийн том бөгөөд анхны хааны ордон гэдгийг хөтөч мөн тодотгосон юм. Зундаа сарнай цэцэгсээр дүүрдэг энэ ордны гадна цэцэрлэг үнэхээр үзэсгэлэнтэй бөгөөд үзэж харах зүйл ихтэй, түүхийн бас нэгэн томоохон дурсгал ажээ.

Эзэнт гүрний их хаадын гэр гэдгээрээ тэдний сүр хүчийг илэрхийлэх үүднээс үнэт чулуу бүхий тансаг, ур хийцээр урласан болов уу. Түүнчлэн Оттоманы эзэнт гүрний үед олзолсон болоод бусад улс гүрнээс бэлэг сэлт болгон илгээсэн эд зүйлсийн дээж, хаадын хэрэглэж байсан сэлэм, жад, буу, хувцас сэлтийг үзмэр болгон тус тусын танхим байгуулжээ.

86 каратын, алгын чинээ гурван том ногоон бриллиантыг ишэн дээр нь шигтгэж, эрдэнийн жижиг чулуунуудаар чимэглэсэн чинжаал хутганы гэр, дан сувд, шүр тэргүүтнээр гоёсон буунаас эхлээд үнэхээр нүд хужирлам олон үзмэрийг тэндээс л үзэж болох аж. Франц, Англи, Энэтхэг зэрэг орнуудаас Оттоманы эзэн хаадад зориулан бэлэг болгон илгээсэн зөвхөн цагнуудаар байгуулсан танхим энд бий. Сүрлэг том ханын цагнаас эхлээд хөгжлийн шат ахисныг илтгэх энгэрийн цагнууд хүртэл элдэв үнэт чулуу, шигтгээн гоёотой. Харамсалтай нь зураг авахыг хатуу хориглодог бөгөөд харуул хамгаалалт нь ч чанга ажээ. 

Туркийн түүхэн кинонуудад тод гардаг Гарем энэ ордных. 400 өрөөтэй Гаремд хаадын гэр бүлээс гадна гаднын улс орноос олзолж ирсэн үзэсгэлэнт охид амьдарч, сурдаг байсан гэх. Гаремийн багахан хэсгийг л нийтэд үзүүлдэг юм байна. Мөн гаднаас ирсэн илч төлөөлөгчидтэй уулзах үедээ залардаг байсан хааны сэнтий, том ор сэлтийг шилэн хоргоны цаанаас л харах боломжтой. 

Энэ олон жилийн түүхийг тэр хэвээр нь үзэж, мэдэрч өсөж байгаа хүүхэд багачууд эх орноороо, түүхээрээ бахархан өндийхгүй байхаас ч аргагүй ажээ

Ийнхүү Истанбул хоттой танилцах нэг өдөрт багтаан үзсэн зүйлсээ зураглах гэж хичээв. Гэвч эдгээр нь Турк улсын хамгийн том хотод ирсэн жуулчдын заавал үзэх ёстой, дэлхийд хосгүй 43 зүйлийн ердөө зах зух нь.

Манай эриний өмнөөс эхлээд зуу зуун жилийн түүхийг өртөөлсөн тэрхүү барилга байгууламж, эд зүйлсийг хойч үедээ ийнхүү хадгалан үлдээж, дэлхий нийтэд үзүүлэн таниулж чадаж байгаа нь музейгээ нурааж, үнэт ховор олдвор, эдлэлүүдээ ил, далдаар үрэн таран хийчихээд сууж байгаа улсын иргэний хувьд битүүхэн атаархал төрүүлж байв.

Энэ олон жилийн түүхийг тэр хэвээр нь үзэж, мэдэрч өсөж байгаа хүүхэд багачууд эх орноороо, түүхээрээ бахархан өндийхгүй байхаас ч аргагүй ажээ.    

 

Хаадын ордны хойд талаас Мармарын тэнгис, Ази, Европыг холбосон алдарт Босфорын хоолой бүхэлдээ гайхалтай харагддаг юм байна.

Тийм ч учраас ганцхан өдрийн дотор Ази, Европ тивийг зэрэг үзэх боломжтой гэдгээрээ Турк улс жуулчдыг ихээр татдаг. Истанбул хот 20 сая хүн амтай ч 10 гаруй хувь нь Европ талдаа, 90 орчим хувь нь Ази талдаа аж төрдөг байна. Европ талд хэдийгээр бага хүн ам ногдож байгаа ч илүү хөл хөдөлгөөнтэй, худалдаа наймааны төв болдог бол Ази тал нь харьцангуй нам гүм гэнэ.

Энэ хоёр тивийг холбосон Босфорын хоолойгоор усан онгоцоор аялангаа үзэсгэлэнт Истанбул хотын уран барилга, эртний болон орчин цагийн хослол бүхий өнгө төрхийг тольдох нь жуулчдын хувьд зөвхөн Туркт л мэдрэх ховорхон тохиол гэлтэй. 

Нар хэдийнэ жаргажээ.

Том, жижиг усан онгоцууд Өрнө, Дорныг зааглан цэлэлзэх Мармарын тэнгисээр цагаан зам татуулан сүлжилдэнэ. Зарим нь бидэн шиг түр саатсан гийчдэд хотоо гайхуулах гэж аялах бол зарим нь ачаа бараа, чингэлэг сэлтийг очих ёстой газарт нь хүргэхээр яарна. Үдшийн 23 цаг өнгөрсөн ч олны хөл татрах яагаа ч үгүй. Энэ хотод сэтгэл татагдсан жуулчид түүх дурсгалаар нүд хужирлаж, сэтгэл хангалуунаар мөнгөө зарцуулсаар.

Үргэлжлэл бий.