Индэр    
2020 оны 1 сарын 20
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

ТАНИЛЦ: Монголын сурагчдын сурлагын ЧАНАР

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Сурагчдын сурлагын чанар ямар байгааг жил бүр сурагчдаас түүвэрлэн судалдаг байна.

Тухайлбал, 2017 онд энэ судалгаанд 100 сургууль хамрагдаж байсан бол 2018 онд 121 сургуулийн 5, 9, 12-р ангийн 46,286 сурагч хамрагджээ.

Боловсролын Үнэлгээний төвийн зохион байгуулдаг энэхүү шалгалт нь чанарын үнэлгээний шалгалт юм.

Энэхүү чанарын үнэлгээний шалгалтаар 12-р ангийнхан гэхэд сүүлийн 3 жил ямар үзүүлэлттэй байгааг харъя.

График 1, Чанарын үнэлгээний судалгааны үр дүн 12-р анги:


Дээрх графикаас харвал, 2018 оны байдлаар сурагчид хамгийн багадаа физикийн хичээл дээр 100 хувиас 23.1 оноотой байна. Хамгийн өндөр оноотой нь Монгол хэлний хичээл 53.2 буюу аль ч хичээл дээр сурагчдын дундаж оноо 60 оноонд хүрч чадаагүй байна.

2016 онд мөн чанарын судалгаа хийж байсан Боловсролын Үнэлгээний төв сурагчдын сурлагын чанарын үзүүлэлт тун хангалтгүй байна гэсэн дүгнэлтийг өгч байж.

Гэтэл 2018 онд гэхэд 2016 оны дунджаас 3 хичээл буюу Монгол хэл, нийгэм, физик гэсэн хичээлийн оноо буурсан үзүүлэлттэй байна.

Бас нэг сонирхолтой зүйл нь сурагчдын сурлагын үзүүлэлтийг Боловсролын үнэлгээний төвийн дээрх чанарын судалгаа мөн сурагчдын улсын шалгалтын дүнтэй харьцуулбал 51 хүртэл онооны зөрүүтэй байгаа юм.

График 2, Сурагчдын сурлагын чанарын үзүүлэлт ба улсын шалгалтын онооны зөрүү:

Тухайлбал, сурагчдын чанарын үнэлгээний оноо математикийн хичээл дээр гэхэд 51.1 онооны зөрүүтэй, сонгох агуулга дээр 51.5 онооны зөрүүтэй байна.

Дээрх зөрүү нь ямар шалтгаантай нь одоогоор тодорхойгүй ч Боловсролын Үнэлгээний төв 2 шалгалтын онооны дундаж хэтэрхий их зөрүүтэй байна дүгнэсэн ч шалтгааныг нь тодорхойлсон эсэх нь эргэлзээтэй байна. Бидний олж авсан мэдээллээр БҮТ-ийн тайлан, танилцуулгад хоёр шалгалт хэтэрхий зөрүүтэй байгааг лав тэд хүлээн зөвшөөрсөн байна.

Улсын шалгалтын оноо чанарын шалгалтаас маш хол зөрүүтэй байгаа нь шалгалтын тест задардаг уу, багш, сургуулийн ажилчид сурагчдын дүнд нөлөөлдөг үү гэх мэт асуултыг тавихад хүргэж байгаа юм.

Хөгжингүй орнуудын хувьд сурагчдын дээрх чанарын судалгааны дүн, улсын шалгалтын дүн зэргийн түүхий дата мэдээллийг судлаачдад нээлттэй болгосноор учир шалтгааныг нь илрүүлэх боломжийг олгож байна.

Тухайлбал, АНУ-д гэхэд багш нар өөрсдийн үнэлгээнд сөрөг нөлөөлөл учруулахгүйн тулд сурагчдын дүнг засж тайлагнадаг тухай цуврал баримтыг Freakonomics номын судалгааны хүрээнд олж илрүүлж олон нийтэд танилцуулсан байдаг.