Индэр    
У.Хүрэлсүх ингэж ҮНЭНЭЭ хэлээсэй
Зураг
2019 оны 12 сарын 27
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

У.Хүрэлсүх ингэж ҮНЭНЭЭ хэлээсэй

 
www.mpa.mn

Ерөнхий сайдын шинэ оны мэндчилгээний үг, хийх ажлыг бичиж өгөв.

НЭГ.  Ядуурал

Монголын ахан дүүс ээ, хүн төрөлхтөн нэгэн арваныг үдэж, 2020 оноо угтах гэж байна.

Дэлхийн талыг туулж асан Эзэн Чингисээс улбаатай Их Монгол Улсын иргэд минь өнөөдөр гундуухан, гутруухан алхаж явааг би сайн мэднэ.

Үүний хамгийн том суурь шалтгаан болох Монгол Улсын ядуурал сүүлийн 30 жилд нэг удаа ч болов 20 хувиас бууж үзсэнгүй. 2019 он бол Монгол Улсын хувьд ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиосон онцгой содон жил байв. Гэвч бид энэ 30 жилийн алдаа, оноогоо дэнслэлгүй буруу, зөрүү гишгэлсээр л явна.

Манай Засгийн газар л гэхэд Монгол Улсын экспортын орлогын 85 хувийг бүрдүүлдэг нүүрс, зэсийн үнийн таатай үе буюу 2018 онд нүүрсний экспортоо рекорд болох дээд цэгт нь хүргэсэн, 2019 онд ч амжилтаа бататгах магадлалтай байна. 2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар бид 34.8 сая тонн нүүрс экспортлоод байна. Монгол Улсын ДНБ-ий өсөлт 6.3 хувьтай гарсан.

Гэвч 2018 онд ядуурлыг бид 1.2% л бууруулж, 28.4 хувь болгов.

Өөрөөр хэлбэл 3.2 сая монголчуудын 904.9 мянга нь сарын 166 мянган төгрөгөөс бага хэрэглээтэй буюу ядуу амьдарч байна.

Энэ хувийг 10, 15 хувь бууруулах нь Засгийн газрын, бид бүхний нэн тэргүүний хүсэл эрмэлзэл байх ёстой ч ингэж чадсангүй. Буруугаа хүлээн зөвшөөрч, алдаагаа олж, дараагийн зорилтоо тодорхойлно.

ХОЁР. Ажилгүйдэл

Монголын ард түмэн юунд санаа юугаа чилээж байгааг Ерөнхий сайд миний бие Сант марал, Азийн сан гээд олон байгууллагын хийсэн судалгааны үр дүнгээс харж байна. Иргэд олны санааг зовоож буй зүйлст хамгийн түрүүнд АЖИЛГҮЙДЭЛ түүний хойноос ядуурал, авлигын асуудал жагссаар л байна.

Үнэндээ Монголын олон олон гэр бүлийг Солонгос, Америкийн эдийн засаг тэтгэж байгааг би хүлээн зөвшөөрнө. Манай намын үнэмлэхүй олонх УИХ, миний өмнөх болон одоогийн Засгийн газар 2016 оноос өдийг хүртэлх хугацаанд ажилгүйдлийг 9.4 хувиас 9.9 болгож нэмлээ.

График 1, Ажилгүйдлийн хувь, улирлаар, Эх сурвалж: ҮСХ, 1212.mn

Тийм ээ. Энэ бидний буруу.

Ард түмнийхээ хамгийн их санааг чилээж буй эл асуудлаас илүү энэ улсдаа шударга ёсыг тогтоох, 30 гэр бүл, МАНАН-гийн эсрэг тэмцэлд чамгүй анхаарлаа хандууллаа. МАНАН-гийн толгойлогчоо унагааж авсан ч шударга ёс арай тогтож амжаагүй байна. Улсын иргэдээ ажилтай, орлоготой болгох нийгэм, эдийн засаг, бизнесийн таатай орчныг бүрдүүлж, иргэдийнхээ гэдсийг нь цатгаж чадахгүй ч сэтгэл, тархийг бол өлсгөхгүй, элдэв дуулиан, хов живээр таслахгүй, уйдаахгүй байгаа гэдэгтээ бол итгэл төгс байна.

Угтаа өрхийн орлого сүүлийн 3 жилд 853 мянгаас 1.2 сая төгрөг болж, 47.7 хувиар нэмэгдсэн ч үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш маань ам.долларын эсрэг гэхэд өнгөрсөн 3 жилд 40% суларчихлаа. Уучлаарай!  Инфляцын өсөлтөө тооцвол иргэд, ард олны орлого нээрэн тун ч бага өсжээ.

График 2, Ам.долларын ханш төгрөгийн эсрэг хэрхэн чангарсан бэ?

Ажилгүйдлийг бид бууруулна аа, бууруулна. Гэхдээ яаж гэдгээ үнэндээ сайн мэдэхгүй л явна.

ГУРАВ. Боловсрол

Дэлхий дахинд ардчиллын бэхжилт, тогтворжилт нь боловсролтой иргэн, хүчтэй эдийн засгаас хамаардаг гэдгийг тодорхойлсон олон улсын шилдэг эрдэмтдийн бүтээл, судалгааг би уншиж, судалж, харж байгаа.

Иргэд нь чанартай, хүртээмжтэй боловсролтой байх нь бид бүхний толгойг өвтгөж буй тэгш бус байдлыг бууруулах, зөв сонголт хийдэг, популизмыг дэвэргэхгүй байх хамгийн чухал арга зам гэдэгтэй би маргахгүй.

Харамсалтай нь, манай намын эрх барьж буй өнгөрсөн 3.5 жилд боловсролын сайд 4-5 (Батсуурь, Чулуунбаатар, хэсэг хугацаанд Мөнхбат, Цогзолмаа, одоо Баатарбилэг) удаа солигдлоо. Юун боловсролын реформ манатай, яаж гайгүй сайдтай болох вэ гэсэн 3 жил өнгөрлөө. Энэ нь манай нам 2016 оны сонгуульд өрсөлдөхдөө л Боловсролын реформ хийнэ, боловсрол өөрөө бодлого боловсруулагчдын, удирдагчдын барьж авдаг хамгийн чухал салбар гэдгийг хожуу ухаарсантай холбоотой болов уу.

Боловсролын үнэлгээний төвөөс жил бүр түүврийн аргаар сурагчдад явуулдаг сурлагын чанарын үзүүлэлт тун маруухан гарч байгааг салбарын сайд маань хэлж байгаа. Гэхдээ ард түмнийхээ сэтгэлийг чилээхийг үл хүсаж, энэ бүгдийг хав даран, найдвартай нууцалж байгааг хэлэхэд таатай байна.

Ерөнхий боловсрол төгсөгчдийн элсэлтийн шалгалтын амжилт л гэхэд хүүхэд хаана амьдарч байгаагаас хамаарч 60 хүртэл онооны зөрүүтэй, боловсролын тэгш бус байдал гаарсныг Ерөнхий сайд миний бие дуулаад л байна.

График 3,  2018 оны ЭЕШ-ын дүн, орон нутгаар харьцуулж харуулбал,

Дэлхий аж үйлдвэрийн IV хувьсгалаар давалгаалж, үүнийгээ боловсролын системтэйгээ уяж, өнөө жил 1-р ангид элссэн сурагчид 2031 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөхөд дэлхий хэрхэн өөрчлөгдсөн байх вэ гэдэг таамаглал дээр боловсролын систем үндсээрээ өөрчлөгдөж байгааг хараад, сонсоод яваа шүү, ах нь.

2020 онд ялчихвал дараагийн дөрвөн жил Боловсролын Реформыг ЯГ хийнэ ээ.

ДӨРӨВ. Авлига

Шударга ёсны сэлэмний маань ир мохоогүй ээ.

Манай намын олонх УИХ-ын гишүүд маань урьд хожид байгаагүй их л олон авлига, албан тушаал, түүнээс бусад хэрэг төвөгт ороогдлоо.

60 тэрбумын хэргийг санаачлагчдыг намаасаа хөөж, ял оноосон ч хэргийг прокурорт буцаалаа. Тэд санаачлагчид л болохоос яг мөнгө аваад, албан тушаал зарчихсан нь нотлогдчихоогүй л юм билээ л дээ. Гэхдээ тэдний түмэн буруу.

Үнэндээ иргэд, олныхоо боломжийг жинхнээсээ ХУЛГАЙЛСАН НЬ БАРИМТААР НОТЛОГДСОН ХҮМҮҮС БОЛ ЖДҮЧИД.

iKon.mn сайтын дата сурвалжлагын хүчээр ямартай ч олон нийтэд ЖДҮХС-аас зээл авсан нь тогтоогдсон УИХ-ын 16 гишүүн бий.

ЖДҮ дээр азаар хэн нь ч ял аваагүй байна. ЖДҮ-чин намынхан бид нь сонгууль хүртэл тэсэх эсэхийг таашгүй.

Ямартай ч шударга ёсны сэлэмний маань  ир мохоогүй ээ. Нам доторх эсрэг фракц, өрсөлдөгч намын нөхдөдөө шударга ёсны сэлэмний ирээ харин ч нэг сайн үзүүлнэ шүү, ирж буй 2020 онд.

 

Та бүхэндээ шинэ ОН, шинэ ЖИЛийн мэнд дэвшүүлье.
 
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх