Индэр    
2019 оны 12 сарын 20
Зураг
iKon.mn сэтгүүлч

Архинд донтох өвчтэй 883 эмчлүүлэгчийг шүүхийн шийдвэрээр хүлээн авснаас 525 нь анх удаа ирсэн хүн байжээ

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. 

Уг хууль нь согтуурах, мансуурах донтой хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтан доор, захиргааны журмаар албадан эмчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой.  

Түүнчлэн албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэлх хугацаатай эмчилгээ хийхийг тус хуулиар зааж өгчээ. 

Тэгвэл энэхүү албадан эмчилгээг хариуцдаг газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төмөр замын Мааньт өртөөн дэх Албадан эмчилгээний эмнэлэг юм. 

 

Тус эмнэлэгт 2019 оны жилийн эцсийн байдлаар архинд донтох өвчтэй 883 эмчлүүлэгчийг шүүхийн шийдвэрийн дагуу хүлээн авч, архины хордлого тайлах, архины дуршил бууруулах, архи зохихгүй болгох эмчилгээ болон сэтгэл зүйн хичээл сургалтад хамруулсан гэдгийг ШШГЕГ-аас хэлсэн.

Хүлээн авсан 883 эмчлүүлэгчийн 768 нь эрэгтэй, 115 нь эмэгтэйчүүд байсан ба 525 нь анх удаа ирсэн, 195 нь давтан ирсэн эмчлүүлэгч байсан аж. 

Албадан эмчлүүлэгч нар хуулийн хүрээнд өөрсдийн гэсэн эрх, үүрэгтэй. Тэр ч утгаараа ШШГЕГ-ын харьяа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 24-ний хооронд 15 эмчлүүлэгчийг “Бетон армотурын мэргэжил олгох” сургалтад хамруулж, чадамжийн гэрчилгээ олгосон байна. 

Үүгээр зогсохгүй хууль ёсны асран хамгаалах, харгалзан дэмжих хүнгүй, гэр оронгүй, ажил эрхэлдэггүй, иргэний үнэмлэхгүй 145 эмчлүүлэгчийн судалгааг гаргаж, нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад хүргүүлсэн зэрэг ажлыг хийжээ. 

Албадан эмчилгээний хуулийн төсөл дээр маш олон байгууллага хамтарч ажилласны нэг нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв.  Иймд уг хуулийн хэрэгжилтийн талаар СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулгаас тодрууллаа.

СЭМҮТ-д архины асуудалтай 1,500-1,800 хүн жилд хэвтэн эмчлүүлдэг ба сэтгэцийн эрүүл мэнд өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудал
 

- Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн хэрэгжилт энэ жил ямар байсан бэ. Хууль хэрэгжихэд танай байгууллага ямар оролцоотой байсан бэ? 

- СЭМҮТ-д албадан эмчилгээ хийдэг тасаг байдаггүй. Сайн дурын үндсэн дээр эмчилгээ хийдэг, 30 ортой, Донтох эмгэг судлалын килиник гэж л бий. Энд хэвтэж байгаа хүмүүсийн 95-98 хувь нь архины асуудалтай байдаг. Үлдсэн цөөн хувь нь мансууруулах бодистой холбоотой асуудлаар хэвтэн эмчлүүлэх гэж ирсэн хүмүүс. 

Хуулийн хүрээнд СЭМҮТ нь мэргэжил, арга зүйгээр хангах, тухайн эмнэлгийн эмч нарыг чадавхжуулах үүргийг хүлээсэн. Үүнийхээ хүрээнд ажиллаж байна. 

Санхүүжилтийн хувьд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1-т зааснаар “Албадан эмчлэх эмнэлгийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд уг зардалд тухайн хүнд илэрсэн бусад өвчнийг эмчлэх, сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмнэлгийн хувцас, өвчний байдлаас шалтгаалж өгөх эмчилгээний хоол хүнсний болон албадан эмчлэх газарт хүргэх, эмчилгээ дууссаны дараа буцаах зэрэг зардлыг оруулж тооцно гэжээ. 

- Хууль хэрэгжиж эхэлснээр ямар үр дүнг бий болгоно гэж харсан бэ. Мөн албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг хэрхэн гаргаж өгөх вэ? 

- Албадан эмчилгээний хууль гарснаар хоёр байгууллагын уялдаа холбоо сайжирч байгаа хэмээн хэлж болно. Нөгөө талаас мэргэжил арга зүйгээр хангах, эрх зүйн орчин нь их тодорхой болж өгсөн. Одоо хуулийг даган гарах хоёр журам нь ЭМЯ-нд хэлэлцэгдээд, батлагдах шатандаа явж байна.

Согтуурч, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүнийг албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг дараах этгээд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага /цаашид “цагдаагийн байгууллага” гэх/-д бичгээр гаргах эрхтэй. 

  • Өрхийн болон сумын эмч, эсхүл сэтгэц, наркологийн эмч
  • Сум, хорооны нийгмийн ажилтан
  • Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага
  • Гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн
  • Тухайн хүнийг албадан эмчлүүлэх тухай саналыг цагдаагийн байгууллагын алба хаагч гаргаж болно гэдгийг хуульд заасан. 

Харин тухайн хүн архинд донтох эмгэгтэй эсэхийг нь эмч нар тогтооно.

Түүнчлэн хуульд донтох эмгэгтэй хүнийг эмчилгээнд хамрагдсаны дараа харьяа орон нутгийн өрхийн эсвэл сум, багийн эмнэлгийн эмч нарын хяналтад оруулж, батжуулах эмчилгээнд хамруулах, мөн тухайн хүний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхэд засаг дарга, нийгмийн ажилтан хамтран ажиллах зэрэг хүний эрхийг хангах чиглэлд тодорхой заалтууд ч орсон байгаа. 

- Хуульд мансууруулах гэж заасныг тодруулахгүй юу. Тодорхой зааж өгсөн зүйл бий юу?

- Мансуурах бодис гэдэг зөвхөн архи, тамхи биш. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт 560 гаруй төрлийн бодис байгаа гэж үздэг.

Манай улсад одоогоор мансууруулах бодис хэрэглэсэн хүнийг эмчлэх, нөхөн сэргээх олон улсын шаардлагад нийцсэн, бие даасан эмчилгээний төв хараахан бий болоогүй байна. Мансууралтай холбоотой сэтгэл засал, нөхөн сэргээх эмчилгээ л явагддаг бөгөөд сэтгэл заслын эмчилгээг СЭМҮТ дээр сайн дураараа үзүүлж байна. Цаашид архины асуудалтай хүмүүсээс тусад нь төрөлжсөн төв байгуулах шаардлагатай. Үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд үүнийг багтаасан тул шийдэгдэх байх.

- Ямар тохиолдолд албадан эмчлэхийг хориглосон байгаа вэ?

- Хуулийн хүрээнд бол жирэмсэн эмэгтэй, Гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 нас хүрээгүй хүүхэд, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглодог. 

- Монголд одоогийн байдлаар архинд донтсон хэчнээн иргэн байдаг бол?

- Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар архинд донтох эмгэг манай улсад 6.2% байна гэж гарсан.

СЭМҮТ-д архины асуудалтай 1,500-1,800 хүн жилд хэвтэн эмчлүүлдэг. Өдрийн эмчилгээнд архины асуудалтай хүмүүс хамрагдаж байна.

2014 онд мансууралтай холбоотой асуудлаар хэвтэж эмчлүүлсэн хүмүүсийн тоо 37 байсан бол 2018 онд 52 болж нэмэгдсэн байсан. Харин 2019 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар 49 хүн хэвтэн эмчлүүлээд байна. СЭМҮТ-д Шүүх сэтгэцийн эмгэг судлалын магадлан шинжилгээ хийлгэсэн хүний тоо өсөж буй нь үүнтэй холбоотой гэмт хэрэг ихсэж байгааг илтгэж байна.

Тухайлбал, 2014 онд 133 хүн энэ төрлийн гэмт хэрэтг холбогдож шүүх сэтгэцийн магадлан шинжилгээ хийлгэж байсан бол энэ тоо 2018 онд 261 болж нэмэгдсэн. Харин 2019 оны эхний 11 сарын байдлаар 326 хүрсэн байна.

Тэгэхээр мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоо өсөж байгаа нь эндээс харагдана. Нэмж хэлэхэд бидэнд хандаж байгаа тохиолдлоос харахад эмэгтэйчүүдийн архины асуудал нэмэгдэж байна.

- Эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдэж байгаа шалтгаан юу болохыг тодруулж өгөөч? 

- Эмэгтэйчүүдийн тасагт цөөхөн тооны хүн хэвтдэг байсан бол одоо эмэгтэйчүүдэд зориулсан орны тоо нэмэгдэж, ирж байгаа тохиолдол нь ч өсөж байгаа.

Хоёрдугаарт, согтуурсан байх үедээ зөрчил гарган Төмөр замын цагдаагийн газрын дэргэдэх Эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэхэд ирэх хүмүүсийн тоо нэмэгдсэн гэсэн баримт байна. Тус эрүүлжүүлэх төв 10-15 хүний багтаамжтай хэдий ч дандаа хэтэрсэн ачаалалтай ажиллаж байгааг албаны хүмүүс хэлж байна.

Архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээнээс насан туршдаа татгалзаж явах нь л хамгийн зөв сонголт 

Архинд донтсон эмэгтэйчүүдийн эзлэх хувь өмнөхөөсөө нэмэгдэж байгаа хэдий ч эрчүүдтэй харьцуулбал цөөн гэж ойлгож болно. Хорт зуршлын асуудал нь нийгэмд сэтгэцийн эрүүл мэндийн байдал ямар байгааг илтгэдэг ойлголт.

- Ер нь архинд донтож буй шалтгаан юунаас үүдэлтэй байна бэ?

- Мэдээж олон хүчин зүйл нөлөөлнө. Архи, тамхи гэдэг нь хүний амьдралд байх ёстой зүйл биш. Архи, тамхи нь олон улсын хяналтад ороогүй мансууруулах бодисын төрөлд бичигдэж явдаг. Тухайн улс үндэстэн хуулиараа зохицуулах ёстой.

Манай улсын хувьд архи согтууруулах ундааны эсрэг хууль сул байгаа тул хуулийг нь чангатгаж, далайцтай арга хэмжээ авах шаардлага тулгамдаж байна.

ЕБС-д ордог эрүүл мэндийн хичээлийн агуулгад сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил гэсэн агуулга нэмэгдэж орсон. Одоо энэ агуулгыг заах боловсон хүчний асуудал нэлээд төвөгтэй байдалд байна. Хэрэв үүнийг үр дүнтэй хэрэгжүүлж чадвал ихээхэн ахиц гарна гэж харж байгаа. Архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ хүнд донтох эмгэг үүсгэдэг. Хэрэв нэгэнт донтох эмгэг үүсчихвэл бүрэн ангижрахад амаргүй. Архинд донтсон хүн эмчилгээ хийлгээд дахиж уухгүйгээр, гам барихгүй л бол донтох эмгэг дахина. Өөрөөр хэлбэл, донтох эмгэгээс насан туршдаа урьдчилан сэргийлж амьдарвал ангид байх боломжтой. Хэрвээ ангид байж чадахгүй, тархинд донтох эмгэгийн голомт үүсчихвэл түүнийг удирдаж зохицуулах боломж их хэцүү.

- Боловсон хүчний асуудал төвөгтэй гэж та ярилаа. Сургуулиудын хувьд эрүүл мэндийн хичээлийнх нь багш нар оролцож болохгүй гэсэн үг үү? 

- Тийм ээ. Учир нь сургуулийн эмч эрүүл мэндийн хичээлийг заах гэхээр сурган заах арга зүй байхгүй учраас заах боломж байдаггүй юм байна. Тэгэхээр сургуулийн эмчийг чадавхжуулаад эрүүл мэндийн хичээлийг заалгая гэхээр эрх зүйн орчин бүрдээгүй хэрэг. 

Тусгай бэлтгэгдсэн анагаах ухааны суурьтай хүн заах шаардлагатай. Ер нь сэтгэцийн эрүүл мэнд гэдэг хүнд ойлгуулахад тийм ч амар зүйл биш. Бид уг асуудлаар санал хүсэлт тавиад ажиллаж байгаа.

Үнэн хэрэгтээ нийгэмд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол, энэ талаарх ойлголт, мэдлэг хандлагыг сайжруулах хэрэгцээ их байна. Иргэдийг соён гэгээрүүлж, энэ төрлийн ойлголтыг өгөх шаардлагатай.

- Эрэгтэйчүүд архинд орсон ч гарч чаддаг. Харин эмэгтэйчүүд нэг орсон бол гардаггүй гэх яриа олон нийтийн дунд байдаг. Онолын хувьд энэ хэр үнэний ортой вэ?

-  Архинаас гарахгүй гэсэн үг бол биш. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй аливаа донтох эмгэгийн голомт нэгэнт уураг тархинд үүсчихвэл бүр мөсөн арилна гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр тархинд нь донтох эмгэгийн голомт үүссэн хүн архи уухаа зогсоож, насан туршдаа гам барьж явах шаардлагатай болно гэсэн үг.

Эмчлэгдэнэ гэдэг нь архиа уухаа болиод, гам бариад, эмчилгээнд хамрагдаад явахыг л хэлж байгаа юм. Донтох эмгэг нь анагаах ухааны талаас авч үзвэл хүн ханиад хүрдэгтэй адилхан эрүүл мэндийн асуудал гэсэн үг. Иймд тухайн хүмүүсийг ад шоо үзэх, ажлаас нь халах, гадуурхах зэргээр хандаж болохгүй. Харин ч соён гэгээрүүлэх талаас нь гэр бүл, хамт олон, найз нөхөд нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Мөн тухайн хүн уг асуудлыг шийдэх хүсэл эрмэлзэлтэй байснаар эмчилгээний үр дүн нааштай байх боломж бүрдэнэ.

Эрүүл байдлаа хадгалж, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээнээс насан туршдаа татгалзаж явах нь л хамгийн зөв сонголт юм.