Индэр    
2019 оны 12 сарын 15
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 42: Тэрбумтан Питер Тиелийн 0-1 рүү тэмүүлсэн туршлагаас...

Зураг

Unlock подкастын бичмэл хөрвүүлгийн энэ  удаагийн дугаартаа Paypal-н үүсгэн байгуулагчдын нэг, тэрбумтан Питер Тиелийн бичсэн бизнесийн тухай сонгодог бүтээл болох “Тэгээс Нэг рүү тэмүүлэх нь" буюу "Zero to One" номыг хүргэж байна.

Тиел бол анх PayPal компанийг үүсгэн байгуулалцсан хүний нэг төдийгүй Facebook-т хөрөнгө оруулж байсан анхны хүмүүсийн нэг юм. Тэрбээр энэхүү номоороо дамжуулан старт-апын ирээдүйг хэрхэн бүтээх арга замын талаар хуваалцжээ. 

Тэрбээр номын нэрээ “Бид шинэ зүйл бүтээх бүрдээ тэгээс нэг хүртэлх алхмыг хийдэг. Ингэж шинийг бүтээх алхмын сайн үр дүн нь үргэлж шинэлэг, содон байдагт оршдог” хэмээн тайлбарласан удаатай.

 

Ном сонирхолтой, шинэ санаануудаар дүүрэн. Жишээ нь тэр бусдыг дуурайхгүй байхыг залууст захижээ. Мөн зөвхөн өрсөлдөгчөөсөө илүү гарахын төлөө тэмцэх нь хувь хүмүүст, компаниудад, цаашлаад нийгэмд хортой үр дагавартай гэдгийг энэхүү номоороо дамжуулан ойлгуулахыг зорьсон нь гайхалтай.

Өөр нэг санаа нь хоёрдагч байхын давуу талын тухай юм. Тухайлбал, Билл Гэйтс Apple-ын үйлдлийн системийг хуулсан, гэхдээ тэр үүнийгээ илүү олон хүнд хүргэж чадсан. Facebook бол анхны нийгмийн сүлжээ байгаагүй. Гэхдээ тэр хамгийн шилдэг нь байсан. Google анхны хайлтын систем биш байсан ч бусдаасаа илүү дээр байсан. Үүнтэй нэгэн адилаар ухаалаг утас ямар байх ёстойг iPhone эхэлж харуулснаар андройд бий болсон гэж тэр үздэг. 

Өөрөөр хэлбэл одоо байгаа санааг дахин сайжруулан гаргаснаар бизнес бий болдог. Анхдагчийн давуу тал байдаг ч энэ нь дийлдэшгүй гэсэн үг биш гэдгийг Питер Тиел онцолжээ. 

НОМЫН ТУХАЙ #UNLOCK ПОДКАСТЫГ ШУУД СОНСОХ: ДУГААР 53

"Zero to One" ном нь 2014 онд анх хэвлэгдсэн бөгөөд нийт 12 бүлгээс бүрдэх бөгөөд номын бүлгүүдээс тоймлон уншигч танд хүргэе.

Нэг. Ирээдүйд тулгарах сорилт

Таны мөрөөдсөн мөрөөдөл маргааш эсвэл 100 жилийн дараа ч биелж болох юм. Гэхдээ нэг баттай зүйл нь таны мөрөөдөл өнөөдрийн шийдвэр гаргалтуудаас хамааралтай. Дээрээс нь тухайн цагийн үеийн техник технологийн дэвшил чухал үүрэгтэй тул сорилтоо тооцоолж хөдлөх нь зөв юм.

Хоёр. Үүнийг анхаар 

  1. Хүн компани байгуулахдаа бага багаар дэвших хэрэгтэй.
  2. Бага хөрөнгөн дээр хөдлөх, хөрвөх чадвартай байх хэрэгтэй 
  3. Компаниудын өрсөлдөөн дунд өөрийн компаниа сайн авч явах хэрэгтэй
  4. Бүтээгдэхүүнээ зарах гэж биш чанартай бүтээгдэхүүн хийхэд төвлөрөх хэрэгтэй

Гурав. Аз жаргалтай явж буй компаниудын шалтгаан өөр

Цэвэр өрсөлдөөн байх тусам эдийн засгийг тэнцвэржүүлдэг. Гэхдээ энэ нь буруу гэдгийг зохиогч хэлжээ. Яагаад гэвэл цэвэр өрсөлдөөн үргэлж байвал ашиг гэдэг зүйл үгүй болно. Монополь бол хөгжил дэвшилд зайлшгүй байх ёстой зүйл.

Дөрөв. Өрсөлдөөн

Монополь болох болохдоо бүтээлч монополь байх хэрэгтэй. Ингэснээр зах зээл болон нийгэмд ямар нэгэн зүйлийг шинээр гаргаж, үйлдвэрлэж байр сууриа хадгалдаг. Өрсөлдөөн ихсэх тусам компаниуд үндсэн зорилгоо умартаж, бие бие рүүгээ дайрах хандлага үүсч гунигтайгаар төгсөх хандлагатай байдаг.

Тав. Зах зээлд сүүлдэж орохын даваа тал

Зарим компанийн хувьд ашиг олдоггүй атлаа өндөр үнэлгээтэй компаниуд байдаг. Учир нь тус компаниуд энэ үедээ мөнгө олохгүй байгаа ч ирээдүйд илүү нэр хүндтэй, ашиг олох боломжтой.

Таны санаа хүссэн хэн нэгэн нь хуулбарлачих биш, үнэхээр онцгой санаа байх ёстойг битгий мартаарай.

Зургаа. Тэлэлт

Аливаа бизнест олон хэрэглэгч байх тусам орлого нь нэмэгддэг. Ингэхдээ зарлага нь ч мөн адил хэмжээнд шууд хамааралтайгаар нэмэгддэг. Иймд маш жижгээс эхлэн бага багаар өгсөх хэрэгтэй.

Долоо. Амжилт нь аз уу эсвэл чадвар уу?

Бүх зүйлээ бэлдсэн хүнд л амжилт ирдэг. Тэрийг нь хүмүүс харахдаа аз гэж хардаг үнэн хэрэгтэй тэр нь чадвар юм. Ирээдүйд азыг бүтээхэд өнөөдөр хийх сонголт чинь чухал учраас ойлгомжгүй зүйлийг бодоод төлөвлөөд хэрэггүй. Тэгэхээр гарааны бизнес нь сугалааны тасалбар маягийн зүйл бус төлөвлөгөөн дээр явагддаг чадварын асуудал юм.

Найм. Мөнгө хаанаас олж байна тийшээгээ яв

Та бизнесээ эхлэхдээ нэгээс хоёр бүлэг хүмүүст зориулан бизнесээ эхлэх хэрэгтэй. Зохиогчийн хэлснээр гарааны бизнесүүдийн 20 хувь нь амжилттай явж, 80 хувь нь унадаг. Хөрөнгө оруулагчид нь ч мөн адил.

Ес. Нууц гэж ву вэ

Ямар ч нууц гэх зүйлийг илрүүлэх, мэдэх боломж үргэлж байдаг гэдгийг гарааны бизнес эрхлэгчид санах нь зөв юм. Хэцүү үедээ ирээд шантарч болохгүй. Компанид чинь цааш зам байхгүй боллоо гэж бодох үед шинийг санаачлахаа больж эхэлдэг. Энэ бол компани чинь алга болохын шинж. Иймд нууцыг байгалиас болон хүнээс л олж авах ёстой гэдгийг бүү март.

Арав. Хэний ч олж хараагүй замыг олох гэж тэмүүл

Хэний ч олоогүй санааг олсон уг санаанд чинь итгэж байгаа хүмүүстэй л хамт ажиллаж эхэл.

Арав нэг. Сууриа зөв тавь

Компани анх эхлэхэд хамт үүсгэн байгуулалцаж буй хүмүүс нь бие биенээ мэддэг бол сайн. Мөн хэн хэдэн хувь эзэмшихээ нарийн тодорхойлох. Бас ТУЗ нь гурван хүнтэй байвал сайн. Түүнчлэн гүйцэтгэх захирлын цалин нь хангалттай байх бөгөөд компанийн хувьцаагаа хэрхэн тараахыг ярилцаж шийдсэн байвал зохино.

Арван хоёр. Мөхөл үү эсвэл төсөөлшгүй технологийн хөгжил үү?

Хиймэл оюун ухаан хүний тархинаас илүү хөгжиж, хүний төсөөллөөс хол давсан хөгжлийг бий болгоно гэж эрдэмтэд үздэг. Иймд хүн технологид дарлуулах уу, технологийг удирдах уу гэдэг хоёр замыг сонгох ёстой болно. Зохиогч хэлэхдээ технологийг удирдах нь л хамгийн зөв зам гэдгийг номын төгсгөлдөө өгүүлсэн.