Индэр    
2019 оны 12 сарын 2
Зураг
Мэдээллийн технологи

IT төслүүд яагаад амжилтгүй болдог вэ?

Зураг

2017, 2018 онд IT төслүүдийн үр дүнд хийгдсэн судалгааны үр дүнгүүд дараах тоонуудыг харуулжээ: 

  • Нийт IT төслийн 33% нь төслийн зорилгодоо хүрдэггүй (Gartner, 2018). 
  • Амжилттай дууссан IT төслүүдийн 34% нь төсвөө хэтрүүлдэг (Project Management Institute, 2018).
  • Нийт IT төслийн 43% нь хугацаа болон төсвөө хэтрүүлдэг (Standish Group, 2017).
  • Нийт IT төслийн 18% нь төслөө дуусгаж эсвэл нэвтрүүлж чаддаггүй (Standish Group, 2017).

Бусад төслүүдтэй харьцуулахад IT төслүүд амжилтгүй болж байгаа хувь өндөр байдаг юм байна. Үүний цаана мэдээж маш олон шалтгаан бий. Тухайлбал: 

  • Төслийн шаардлагаа дутуу тодорхойлсон
  • Төслийн цар хүрээгээ буруу тодорхойлсон, 
  • Төсөл шаардлагатай нөөцүүдээ буруу тодорхойлсон
  • Төслийн зорилгоо хэт өндөр тавьсан
  • Төсвөө буруу тооцсон
  • Гүйцэтгэх хугацаагаа буруу тооцсон
  • Төслийн багийн ур чадвар дутмаг
  • Оролцогч талуудын хоорондын зөрчил 
  • Шийдвэр гаргах түвшний хүмүүсийн дэмжлэг сул гэх мэт төслийн менежменттэй холбоотой олон шалтгаануудыг нэрлэж болно. Гэхдээ хамгийн сонирхолтой нь технологийн ур чадвараас шалтгаалж амжилттгүй болсон төслийн эзлэх хувь хамгийн бага буюу 1% байна. 

Хамгийн өндөр хувь эзэлж байгаа шалтгаан нь төсөл хэрэгжих явцад хэрэглэгчийн эсэргүүцэлтэй тулгарах гэжээ. IT төсөл амжилттай дууссан хэдий ч хэрэглэгчийн эсэргүүцэлтэй тулгарч төсөл амжилтгүй болох хувь маш өндөр буюу 39%-ийг эзэлдэг байна. Үүний гол шалтгаан нь өөрчлөлтийн удирдлага буюу Change Management -ийг амжилттай нэвтрүүлээгүйн улмаас төслүүд хамгийн их унадаг гэсэн үр дүнг гарчээ.

Өөрчлөлтийн удирдлага гэдэг нь тухайн төслийн хүнтэй холбоотой хэсгийг хэрхэн удирдаж чиглүүлэхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл тухайн системийг ирээдүйд хэрэглэх хэрэглэгчийн эсэргүүцлийг бууруулах, тухайн байгууллагын хүний нөөцийн бүтэцийг тухайн системтэй уялдуулан өөрчлөх гэсэн 2 гол стратегийг хэрэгжүүлдэг. 

Манай улсын хувьд ч гэсэн дутуу хэрэгжсэн IT төслүүд цөөнгүй байдаг. Хэдийгээр амжилттай дууссан боловч ашиглалт багатай системүүд олон байгаа анзаарагддаг. Яг энэ талаар судалсан судалгаа харин олдсонгүй. 

Чиг хандлага гаргасан судалгаанаас харахад 2020 оны төгсгөл гэхэд компаниудын 75% нь ямар нэг дижитал бизнестэй эсвэл дор хаяж уламжлалт бизнес загвараа дижитал бизнес рүү шилжүүлэх шилжилтийн шатандаа явж байна гэсэн үр дүнг гаргажээ. Мөн судалгаанд оролцсон компаниудын 80% нь амжилтаа ахиулах гол түлхүүр нь дижитал бизнес нэвтрүүлэх хэмээн хүлээн зөвшөөрчээ. Гэвч дижитал бизнесийг нэвтрүүлэхэд тухайн байгууллагыг нэлээд өөрчлөх хэрэгтэй болдог. Уг өөрчлөлтийг амжилттай хийгээгүйгээс болж тухайн IT төслүүд амжилттгүй болох магадлал өсдөг гэж үзжээ. 

Гол хэлэх гэсэн санаа бол IT-н төсөл нэвтрүүлнэ гэдэг бол ямар нэг программ хангамж, аппликэйшн эсвэл систем хөгжүүлээд зогсох биш тухайн бизнесийн байгууллагад хэрхэн өөрчлөлт хийхийг хэлдэг ажээ.

Бизнест өөрчлөлт хийнэ гэдэгт байгууллагын бүтцийг тухайн дижитал системт тохируулах өөрчлөх, тухайн системыг ашиглах хүний нөөцийг сургах, тэдний сэтгэлзүйг бэлдэх, тэдэнд сургалтыг явуулах, систем хөгжүүлэлтийн явцад тэдгээр хүмүүсийн саналыг сайтар тусгах татан оролцуулах зэрэг юм. Ингэснээр тухайн IT төсөл амжилттай хэрэгжиж улмаар цаашид ашиглалтын түвшин нэмэгдэнэ.