Индэр    
2019 оны 11 сарын 16
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 38: Эгэл бус амжилтад хөтлөх “НЭГ ЗҮЙЛ”

Зураг

Олон ажлыг зэрэг амжуулж чаддаг хүн том амжилтыг бүтээдэг үү гэж асуувал магад ихэнх нь тийм гэх байх.

Тэгвэл UNLOCK подкасттай хамтран танилцуулж буй “The One thing” номд өөр хариултыг өгсөн байна. Товчоор бол, Эгэл бус амжилтад хүргэх гол зам нь ЗӨВХӨН НЭГ ЗҮЙЛД ТӨВЛӨРӨХ хэмээжээ.

Энэхүү номыг Гари Кэллэр Жэй Папасаны хамтаар бичиж, 2013 онд хэвлүүлсэн бөгөөд гарсан цагаасаа эхлэн томоохон жагсаалтуудад шилдгээр шалгарч байв. 

“The One thing” номыг сонсох:
Яагаад нэг зүйлд төвлөрөх ёстой вэ?

Цөөн зүйл нь том үр дүнг авчирдаг учир тэр чухал зүйлсээ олох хэрэгтэй хэмээн эхний бүлэгт өгүүлнэ. 

Амжилттай яваа хүмүүсийг олон зүйлийг нэг дор амжуулж чаддаг учраас л энэ зэрэгт хүрсэн гэж бодож болох ч үнэн хэрэгтээ тэдгээр хүн зорилгоо, түүндээ хүрэхийн тулд юу хийх шаардлагатайг мэддэг учир тодорхой зүйлсэд л цагаа зарцуулдаг байна. Тэгснээр амжилтаа бүтээдэг гэжээ.

Түүнчлэн хүн жижиг гэлтгүй эхний нэг зорилгоо биелүүлснээр дараагийн зорилгоо биелүүлэхэд дөхөм болж, дараалан үр дүнгээ өгсөөр эцсийн зорилгодоо хүрдэг байна. Үүнийг жишээлэхдээ зохиогчид даалууны нөлөөтэй харьцуулсан байдаг. 

 

Мөн нэг зүйлд төвлөрөхийн чухлыг онцлохдоо томоохон компаниудын жишээг татжээ. Тухайлбал, Стив Жобс “Apple” компаниас гарах үед 350 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байв. Харин Жобс эргэн ажилдаа орохдоо ердөө 10 бүтээгдэхүүндээ төвлөрөхөөр шийдэж, бусдыг нь зогсоосон байдаг. 

“The One thing”-д хамгийн чухал зүйл нь олон зүйлийн дунд бүрхэгдсэн байдаг тул сонголтоо зөв хийх нь шаардлагатай гэжээ.

Нэг зүйлд төвлөрөхөд саад болдог зургаан худал зүйл
 

1. Бүх зүйлд тэгш хандах хэрэгтэй - Хүмүүст өдөрт хийх зүйлийн жагсаалтаа гаргаж, бүгдийг нь амжуулахыг хичээдэг. Гэтэл түүнд эрэмбэ дараалал заавал байх ёстой. Хийх зүйлийн жагсаалт нь олон тийш чангаадаг тул эцсийн дүнд алинд нь ч амжилт үзүүлэхгүй байх магадлалтай. Тиймээс хийх зүйлийн жагсаалтаас илүү амжилтын жагсаалт гэж байх ёстой. Зорьсон амжилтдаа хүрэхийн тулд өдөр бүр юу хийх вэ гэдгээ бодож, тодорхой хэмжээний цагийг өдөр бүр зарцуулж чадвал үр дүн гарна хэмээжээ.

2.Нэгэн зэрэг олон зүйлийг амжуулж болно - 2009 онд Стэнфордын их сургуулийн профессор олон зүйлийг зэрэг амжуулах чадвартай хүмүүс бусдаасаа хэр их амжилт гаргадгийг мэдэхийн тулд 260 гаруй оюутны дунд судалгаа хийжээ. Ингэхэд олон зүйл зэрэг амжуулж байсан хүмүүс алинд нь ч тодорхой амжилт гаргаагүй бол хэдхэн зүйлд төвлөрдөг оюутнууд хийж буй зүйлдээ илүү амжилт гаргаж байжээ.

Үүний учир нь хүн нэгэн зэрэг хоёр зүйлд анхаарлаа төвлөрүүлж чаддаггүйтэй холбоотой. Олон зүйл зэрэг хийхийн тулд анхаарлаа шилжүүлэх шаардлагатай болдог тул цаг алдаж, алдаа гаргах магадлал ихэсдэг. Оффист ажилладаг хүмүүс нийт ажлын цагийнхаа 28 хувийг анхаарлаа шилжүүлэхэд алддаг байна.

3.Дэг журамтай амьдрал амжилтад хүргэдэг - Амжилттай яваа хүмүүс нарийн дэг журамд амьдардаг мэт харагддаг ч үнэн хэрэгтээ тийм биш бөгөөд дэг журам бус дадал зуршил нь нөлөөлж байгаа хэмээн номд өгүүлнэ. Харин дадал зуршлыг бий болгоход тэвчээр, тууштай байдал шаардлагатай. Шинэ дадал зуршлыг бий болгоход ойролцоогоор 66 хоног шаарддаг аж.

4.Эрч хүч санасны зоргоор бий болдог - Хүн унтаж амарч, хоол идэж байж өөрийгөө цэнэглэдэг. Эрч хүч бол санасны зоргоор гараад ирдэг зүйл биш тул энерги багасаж эхэлбэл, түр хугацаанд өөр зүйл хийх, дугхийх, хоол идэх гэх зэргээр сэргэж болох юм. Эсвэл гол зүйлээ энерги дүүрэн байх үедээ хийж болохыг номын зохиогчид санал болгожээ.

5.Амьдралыг тэнцвэртэй авч явах ёстой- Ажил, гэр бүлээ зэрэг авч явахыг энэ хэсэгт өгүүлж буй. Ажил, гэр бүл, эрүүл мэнд хэмээх гурван бөмбөгөөр жонглёрдож байна гэж төсөөлье. Ингэхэд гэр бүл, эрүүл мэндийг унагавал хагарах шилэн бөмбөг юм. Харин ажил нь хагарахгүй бөмбөг буюу дахин олж авах боломжтой. Хэрэв бүгдийг нь зэрэг авч явах боломжгүй бол ажлаа орхиж, гэр бүл, эрүүл мэнд, хайртай хүмүүстээ цагаа зарцуул гэж зөвлөжээ.

6.Том зорилго муу – Бүтэхгүй болов уу гэх айдсаасаа болж, хүмүүс том зорилго тавихаас зайлсхийдэг. Гэвч том зорилго тавихгүй бол амжилтад хүрдэггүй. Зорилго том байснаар түүндээ хүрэхийн тулд хүчээ сайн дайчлах учир яг зорьсондоо биш байлаа ч ихээхэн үр дүнд хүрдэг.  

Хэрхэн үр бүтээмжтэй байх вэ?

Номын энэ хэсэгт асуултыг тодорхой асуухын чухлыг онцолдог. Тухайлбал, зургаан сарын дараа орлогоо хоёр дахин өсгөхийн тулд юу хийх хэрэгтэй вэ гэх мэтчилэн тодорхой байх хэрэгтэй.

Өмнө дурдсанчлан цөөн хэсэг зүйл нь агуу их үр дүнг авчрах тул үр бүтээлтэй цаг өнгөрөөхийн тулд нэг л чухал зүйлийг хийх хэрэгтэй талаар өөрөөсөө асууж, түүнийгээ олж авах ёстой хэмээжээ. 

Ирээдүйгээ төсөөлөх нь

10 жилийн дараах байдлаа гурван янзаар төсөөлж үзээрэй. 

  1. Одоогийн байгаагаараа байвал 10 жилийн дараа ямар орлоготой, ямар байдлаар амьдарч байх вэ,
  2. Бага ч гэсэн хичээвэл ямар байх вэ,
  3. Одоо хийж болох бүх зүйлээ хийж үзээд ирээдүйд ямар байхаа бодоод үзнэ.

Ингэснээр өөрийгөө би яагаад бага ч гэсэн хичээж болохгүй гэж, яагаад болох бүхнийг хийж үзэж болохгүй гэж хэмээн бодож эхэлдэг.  Угаас хүн өөрийгөө ямар нэгэн байдлаар хязгаарлах дургүй байдаг бөгөөд түүнээсээ илүү дээрээр амьдарч болох боломж бий тул түүнд өөрийгөө дайчилдаг.

Өөрийгөө нээх боломжууд
 

-Зорилготой амьдрах - Таны хувь заяа бол таны хийж буй сонголт ба шийдвэрээс шалтгаалдаг. Сонголт шийдвэрийг гаргахын тулд агуу том зорилготой байж, түүндээ хүрэхийн тулд л тэдгээрийг гаргах хэрэгтэй.

Ямар нэгэн материаллаг зүйлийг зорилгоо болговол авсныхаа дараа хэсэг хугацаанд аз жаргалтай байгаад уйддаг. Харин материаллаг бус том зорилготой байж, түүнийхээ төлөө аливааг хийж байх нь аз жаргалтай болгодог. Зорилгоо олох нэг арга нь үхэхээсээ өмнө юу хийгээгүй байвал харамсах вэ гэдгээ бодох ёстой.

Хүн хийсэн зүйлийнхээ төлөө биш, хийгээгүй зүйлийнхээ төлөө харамсдаг. Мөн өөрийнхөө хийх дуртай зүйлсийг жагсаан бичих нь үр дүнтэй байх болно.

-Төлөвлөгөө гарга - 10 жилд хийх ёстой хамгийн чухал нэг зүйлээ тодорхойл. Таван жилд тэрхүү том зүйлдээ хүргэх нэг зүйлийг тодорхойл. Дараагаар нь нэг жилд хийх, нэг өдөрт хийх зүйлээ тодорхойлоорой. Хамгийн гол нь нэг зүйлээ тодорхойлох нь гол санаа.

-Бүтээмжтэй амьдрах- Хамгийн түрүүнд хэзээ амралтаа авч, ямар цагийг гэр бүлдээ зарцуулахаа шийдэх хэрэгтэйг зөвлөсөн байна. Зорилго, төлөвлөгөөндөө үндэслэн гаргасан нэг зүйлээ хэзээ хийхээ тодорхойлж, түүндээ нэг өдөрт багадаа дөрвөн цагийг зарцуул гэжээ. 

Мөн тодорхой хугацаанд онцгойлон төлөвлөөд буй нэг зүйл нь төлөвлөгөөний дагуу явж байгаа эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай.

Амжилтаас хойш татдаг дөрвөн зүйл
 

1.Үгүй гэж хэлж чадахгүй байх нь асуудал дагуулдаг - Ямар нэгэн зүйлд үгүй гэж хэлэхэд алдагдсан өртөг бий.  Тэрхүү өртөг нь зөвхөн хэрэгтэй гэж бодож буй тэр зүйлийнхээ төлөө гаргаж буй золиос юм гэжээ. 

2.Төвөг учрахаас айх - Нэг зүйлдээ төвлөрсөөр байхад бусад жижиг зүйл орхигддог. Цаг хугацаа өнгөрөх тусам учир нь олдохоо болих тул тэдгээрт цагаа зарцуулах хандлагатай болдог аж. Тиймээс жагсаалтаа богиноор гаргах боломжтой. 

3.Эрүүл мэндээ анхаарахгүй бай - Залуу байхдаа эрүүл мэнддээ ихээхэн анхаарах хэрэгтэй. Нас явах тусам залуудаа хэр эрүүл мэнддээ анхаарсны тусгал илрэх тул санаж явах нь чухал. 

4.Орчноо бүрдүүлэхгүй байх - Зорилгоо тавиад түүнийгээ хэрэгжүүлж байхдаа төвлөрч суух орчин, эргэн тойрны хүмүүсээ зөв сонгох хэрэгтэй. Гэр бүлдээ хүрэхээр зорьж буй зорилгоо сайн хэлж, ухуулахын хамт идэвхтэй, урагш тэмүүлдэг, шинэ санаагаар дүүрэн хүмүүстэй ойр байх нь зөв хэмээн “The One thing”-д өгүүлжээ. 

Номын төгсгөлд, таны аялал эндээс эхэлнэ хэмээдэг. Бүх юм жижиг зүйлээс эхэлнэ. Хүн хамгийн сүүлд хийж чадаагүй зүйлсдээ харамсдаг учир эргээд харамсахгүй байх хэмжээнд хийхийг хүссэн зүйлсээ хийж амьдрах хэрэгтэй хэмээжээ.