Индэр    
2019 оны 11 сарын 2
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 36: Төрөхдөө л гэмт хэрэгтэн болсон нь...

Зураг

Unlock подкастын бичмэл хөрвүүлгийн энэ удаагийн дугаараар сүүлийн үед од болж буй залуу stand-up comedian (хошин шогч) Tрэвор Новагийн Өмнөд Африкт өнгөрүүлсэн хүүхэд насныхаа тухай бичсэн “Вorn A Crime by" буюу “Төрснөөсөө эхлээд гэмт хэрэгтэн” хэмээх сонирхолтой номыг  хүргэж байна.

Цагаан арьстнууд хар арьстай хүмүүстэй гэрлэхийг хориглодог байсан цаг үед эрлийз хүүхэд болж мэндэлснээрээ төрөлхийн гэмт хэрэгтэн болж хувирсан түүний амьдралаас та арьс өнгөөр ялгаварлах үзлийн тухай болон гэр бүлийн хүчирхийллийн тухай эргэцүүлэх юм.

Үүнээс гадна хүүхдээ өөрөөсөө илүү амьдруулахын төлөө зүтгэх ухаалаг ээжийн талаар ойлгох болно. Нэмж хэлэхэд уг номд хүнд сэдвүүд гардаг ч тэрээр хөнгөн, хошин байдлаар бичсэн нь түүний мэдрэмжийг илтгэх буй за.

НОМЫН ТУХАЙ #UNLOCK ПОДКАСТЫГ ШУУД СОНСОХ: ДУГААР 45
 
Нэг. Бага нас

Өмнөд Африк 54 сая хүн амтай, хүн амынхаа тоогоор дэлхийд 24-т ордог томоохон улс юм. Өмнөд Африкийн найман хувийг цагаан арьстнууд эзэлдэг. Tрэвор Нова-нь 1982 онд Өмнөд Африкийн хамгийн том хотод Өмнөд Америкийн хар арьстай ээж болон цагаан арьстай аавын дундаас мэндэлжээ.

Тэрээр арьс өнгөөр ялгаварлах үзэл хууль ёсны байх үед төрсөн бөгөөд түүнийг төрөх үед нь цагаан, хар арьстнууд хоорондоо гэрлэх нь бүү хэл хамт байж болохгүй цаг үе байв. Яг ийм үед Tрэвор Нова төрсөн нь түүнийг төрөх үедээ л гэмт хэрэгтэн болгосон аж.

Өөрөөр хэлбэл, аав ээж нь хоорондоо суусныхаа төлөө гэмт хэрэгтэн болж, Tрэвор Нова хуулиас гадуур хүүхэд болсон хэрэг.

Түүний ээж нь багаасаа зөрүүд, хэрсүү охин байсан ба ээжтэйгээ есхөн настайдаа муудалцаж, тусдаа амьдардаг эцэгтэйгээ хамт байхаар очсон боловч хүлээж аваагүй байна. Аргагүйн эрхэнд Tрэвор Нова ээжийнхээ хөдөө амьдардаг хамаатных руу явдаг. Очсон газар нь аав ээждээ гологдсон арав гаруй хүүхэд амьдардаг байсан агаад ферм дээр ажилладаг байж.

Өлсөхийн хэрээр нохой, гахайныхаа хоолноос хүртэл хулгайлж иддэг байсан зэрэг хүнд хэцүү амьдралыг туулсан байна.  

Гэхдээ ээж нь хүү Tрэвор Новадоо өөрийнхөө зовлонтой, хүнд амьдралыг хэлээд байхыг хүсдэггүй байсан бөгөөд хүүдээ ямар ч зовлон үзсэн бай чи өнгөрсөн амьдралаа бодоод гашуудаж болохгүй, амьдрал зовлонгоор дүүрэн зүйл тул өөрийгөө өрөвдөж болохгүй гэж захидаг байсан талаар энэхүү номд өгүүлжээ.

Tрэвор Нова хар арьстнуудын хороололд ээжтэйгээ хамт амьдардаг байсан бөгөөд хэдий хууль нь хатуу ч бүтэн сайн өдөр бүр аавтайгаа уулздаг байжээ. Мөн тэр багаасаа ганцаараа их байдаг байсан болоод ч тэр үү өөрийгөө баясгаж чаддаг, ном ч их уншдаг хүүхэд байв.

Ухаалаг ээж нь Tрэвор Новаг өргөн мэдлэгтэй, юмыг олон талаас нь хардаг хүн болгохыг эрмэлзэж, хар арьстнуудын явж болохгүй газраар хүртэл яван, олон зүйлийг хийлгэж, туршуулж үздэг байжээ. Ядуу амьдралаас гарах ганц арга нь нөр их хөдөлмөр гэж боддог ээж нь хүүдээ бусад хүүхдүүдэд ирж буй сайхан бүхнийг өгөхийг хичээдэг байв.

Түүний бага насанд дурсагдах нэг сонирхолтой зүйл нь хар арьстнуудын дунд амьдардаг эмээгийндээ зуны амралтаараа очих үед нь түүнийг хүмүүс замын тэмдэг шиг ашигладаг байв. Яагаад гэвэл тэр хар арьстнууд дундаа арай цайвар хар арьстан тул хүмүүс бие биендээ зам зааж өгөхдөө баруун эргэхээр арай цайвар арьстай нэг хүү байгаа, хүүг өнгөрөөд нэг гудамны дараа манайх гэх мэтээр хэлдэг байжээ.

Ийнхүү баг насны амьдралаа өгүүлэхдээ тэр ээжийгээ намайг нохой шиг л хүмүүжүүлсэн гэж хошигносон байна. Харин аав нь хамт амьдардаггүй байсан ч хүүгээ зүрхэндээ үргэлж хайрлан, дэмждэг, бахархдаг нэгэн байсан ажээ.

Хоёр. Өсвөр нас

Түүнийг өсвөр насандаа байхад холимог арьстнууд цагаан арьснуудын дараагийн шатны хүмүүс гэж үздэг үе байв. Харин ээжийг нь хар арьстан учраас их гадуурхдаг. Тэр утгаараа энэ үе нь арьс өнгөний үзэл ямар хэцүү болохыг алхам тутамдаа мэдэрсэн цаг үе юм.

Гэхдээ Tрэвор Новагийн онцлог нь өөрийнхөөрөө байдаг, наргианч, хүүхэд болгонтой эвийг нь олоод харьцчихдаг ухаалаг хүүхэд байсан учраас аливааг сайхан болгохыг хичээдэг байжээ.

Тэр хэлэхдээ харамсах гэдэг нь бидний хамгийн том айдас тул харамсахгүйгээр амьдрах хэрэгтэй.

Ямар нэгэн байдлаар үйлдэл хийгээд түүнээсээ бүтэлгүйтэл гэх хариуг авч байгаа нь хүртэл сайн хэрэг гэдгийг нэгэн охинд дурлаж, хайртай гэдгээ хэлж чадахгүй өөр хот руу явуулсан алдаанаасаа ойлгож байсан удаатай.  

Тэр мөнгөгүй байснаасаа болж, коллежид орж чадаагүй хэдий ч хувьдаа өөрийгөө хөгжүүлэх гэж хичээдэг байв.

Ядуусын хорооллоосоо гарах болгонд цагдаа нар саатуулж худлаа хэргээр баривчлах гэдэг байв. Нэг золгүй байдлаас болж шоронд орохоор дөхөх үед нь ээж нь өөрт байгаа бүх мөнгөө өгөөд хүүгээ шоронгоос гаргаж авсан удаа ч гарсан байна.

Энэ үеэс тэр би шоронд орвол миний амьдрал дуусна гэж бодоод өөрийнхөө амьдралыг өөрчлөх хэрэгтэй гэж өөртөө хатуу шийдсэн аж.

Гурав. Миний ээж

Ээж нь түүний амьдралын утга учрын нэг. Хэцүү амьдралтай байсан ч хүүгээ сайн хүн болоосой гэсэндээ хатуу хүмүүжүүлдэг ээж байсан.  Хэдийгээр өөр хүнтэй сууж дахиад нэг хүүхэд гаргасан, нөхөртөө их зодуулж, гэр бүлийн хүчирхийлэлд ихээр өртөж байсан ч хүүхдүүдийнхээ төлөө тэвчдэг байжээ.

Үүнийг мэддэг Tрэвор Новагийн сэтгэл ихээр шаналах нь ойлгомжтой. Улмаар Tрэвор Нова ар гэрийнхээ амьдралаас болоод ахлах сургуулиа төгсөөд гэрээсээ явсан байна. Ээж нь тэвчээрээ бараад нөхрөөсөө салахад нөхөр нь араас нь ирж гурван удаа буудан хүндээр гэмтээсэн тохиолдол ч гарч байжээ.

Энэхүү номдоо тэр ээжийнхээ талаар их өгүүлдэг бөгөөд ухаалаг, тэвчээртэй байдлыг нь магтан бичсэн. Нөгөө талаар номыг бичих болсон өөр нэг шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэл Өмнөд Африкт маш хүнд нөхцөл байдалтай байгааг бусдад буюу хууль хүчнийхэнд ойлгуулахыг зорьсон тухай өгүүлж, номоо дуусгажээ.