Индэр    
2019 оны 9 сарын 21
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 30: "Дэлхийн" тэргүүн хатагтай

Зураг

Unlock подкастын энэ удаагийн дугаартаа бид АНУ-ын тэргүүн хатагтай асан, НҮБ-т Хүний Эрхийн Тунхаглалыг гардан боловсруулж байсан алдарт Элеонор Рузвельтийн тухай гайхалтай номыг танилцуулж байна.

Яагаад Элеонор Рузвельт жирийн нэгэн тэргүүн хатагтай бус Дэлхийн тэргүүн хатагтай гэж нэрлэгдэх болсон учир шалтгаан болон 100 жил өнгөрсөн ч хүмүүс түүнийг марталгүй дурсдаг талаар энэхүү дугаараас мэдэх боломжтой.

Тэрээр Америкийн улс төрийн зүтгэлтэн, дипломатч, олон нийтийн хөдөлгөөний идэвхтэн бөгөөд нөхөр нь Франклин Рузвельт 1933-1945 оны хооронд АНУ-ын ерөнхийлөгч байсан юм.

Элеонор Америкийн түүхэнд хамгийн удаан тэргүүн хатагтай байсан нэгэн. Тэргүүн хатагтай байх хугацаандаа тэргүүн хатагтайн үүрэг хариуцлагыг өмнө нь байгаагүйгээр тогтоож, чадсанаараа олны хайр хүндэтгэлийг хүлээсэн байдаг. Түүний манлайллын талаар өгүүлэх энэхүү номд 1950-1960 оны цаг үе өгүүлэгдэх боловч өнөө цагийн уншигч танд нэгийг бодож хоёрыг тунгаахад тус болно гэдэгт итгэлтэй байна.

НОМЫН ТУХАЙ #UNLOCK ПОДКАСТЫГ ШУУД СОНСОХ: ДУГААР 
Өнгөрсөн үеэс суралцах нь

Элеонор 1884 онд Нью-Йоркийн дээд язгууртан гэр бүлд төрсөн. Авга ах нь АНУ-ын 26 дахь ерөнхийлөгч байв. Баян айлын хүүхэд болж төрсөн ч гэлээ тэрээр эрхэлж өсөөгүй. Багад нь эцэг эх хоёр нь нас барж өнчирсөн учраас хүнд хэцүү амьдрал түүнийг хүрээлсээр.  

Ээж нь амьд байх үедээ ч Элеонортой муухай харьцдаг байсан төдийгүй хоёр эрэгтэй дүүгээс нь дорд үздэг байж. Энэ нь тэр өөрийгөө нугасны муухай дэгдээхий гэж бодоход хүргэдэг үе ч цөөнгүй. Гоц гойд зүйлгүй түүнд өөрийгөө ихээр үзэн ядахаас өөр бодол байсангүй.

Хайр халамж гэх зүйлийг үзүүлдэг ганц хүн болох аав нь нас барахаасаа өмнө хар тамхи, архинд донтсон байсан тул байнга эмчилгээнд явж хамт байх хугацаа ч их байгаагүй аж.  

Эцэг, эхээ алдсан Элеонор эмээтэйгээ хамт амьдрах болдог ч мөн л хатуу, зарчимч эмээгээсээ хайр халамж аваагүй. Багаасаа зовлон үзсэн болоод ч тэр үү Элеонор бусад хүний зовлонг сайн ойлгодог нэгэн байв.

Хүн болгонд өнгөрсөн үе гэж бий. Тэр нь жаргалтай бас зовлонтой. Гэхдээ өнгөрүүлсэн үе нь хүн болгонд өөрийнх нь эрхэм баялаг байх ёстой болохыг тэрээр амьдралаараа харуулжээ.

Уг номд өгүүлснээр манлайлагч хүнд хамгийн ихээр байх ёстой чанар бол өөрийнхөө өнгөрсөн үеийг, өнгөрсөн амьдралыг ойлгодог байх явдал гэжээ.  

Ингэж ойлгохын тулд өөрийнхөө намтрыг хэн нэгэнд уншуулахаар бус зөвхөн өөртөө зориулан бичиж, түүнээсээ урам авах нь хамгийн шилдэг арга хэмээн зөвлөж байна.

Өөртөө зөвлөгч, удирдагч чинь болж чадах хүнийг олох

Элеонор 15 настай байхдаа 1899 онд Англид байдаг охидын сургуульд суралцахаар явдаг. Энэ нь түүний амьдралыг өөрчилсөн хамгийн том алхам байв.

Сургуулийн захирал эмэгтэй нь охидуудыг хүнтэй суугаад, гэртээ хүүхдээ хараад суудаг хүн болгохоос илүүтэй нийгэмд байр суурь эзэлж, дуу хоолойгоо хүргэсэн хүн болгохын тулд хүмүүжүүлдэг нэгэн аж.

Элеонор сургуульдаа дуртай болж, захирал багштайгаа дотно харилцаатай байжээ. Хүн бүрийн амьдралд зөвлөгөө авах хүн зайлшгүй хэрэг болдог. Заавал нэг хүн байх албагүй. Тухайн цаг үеэсээ хамаараад өөр хүмүүс байсан ч болно. Гэхдээ өөрт чинь зөвлөгч болж чадах нэгэн л хэрэгтэй.  

Эмэгтэй хүн эх болсноор манлайлалд суралцах нь
 

Сургуулиа төгссөний дараагаар тэр эмээгийнхээ хүсэлтээр Лондонд буцаж ирээд эмэгтэйчүүдийн төлөөх хөдөлгөөнд нэгдэж, ядуу эмэгтэйчүүдэд хөгжим, хичээл заах зэрэг сайн дурын ажил хийдэг болжээ.  Төд удалгүй ирээдүйн нөхөр болох Франклин Рузвельттэй танилцсан байна.  Сонирхолтой нь нөхөр болох хүн нь түүний холын хамаатан байсан боловч язгууртнууд хоорондоо гэр бүл болж, удам угсаагаа хадгалах үзэлд автан бие биенээ гэсэн хайраа зогсоож чадаагүй хэмээн номд өгүүлдэг.  

Элеонор 21 настай байхдаа гэрлээд хатуу  хадам ээжтэйгээ хамт амьдрах болсон ба тэдний амьдралд ээжийнх нь оролцдоггүй зүйл гэж байгаагүй. Арван жил өнгөрөхөд Элеонор зургаан хүүхэд төрүүлжээ. Хадам ээж нь бүхий л том шийдвэрийг гаргадаг байсан ч тэр хүүхдүүдтэйгээ үргэлж ойр байхыг хичээдэг байж.

Таван хүүхдээ өсгөх явцдаа \нэг охин нь багадаа нас барсан\ өөрийгөө ирээдүйд манлайлагч болоход нөлөөлөх олон аргад суралцаж, бэлтгэж байв.

Эмэгтэйчүүд ихэвчлэн гэр бүлийн хайр халамж, эх хүний асаргаа зэргээс шалтгаалан ирээдүйн өөрийгөө дахин бүтээдэг байна. Тэрээр хүүхдүүдээ өсгөх явцдаа өдөр тутмын сонин, сар бүрийн сэтгүүлд  нийтлэл бичиж, хэвлүүлдэг. Мөн хөрөнгө босгох үйл ажиллагаа зэрэг олон хөдөлгөөнд оролцдог байв. Элеонорыг бусад улс төрчдийн эхнэрүүд олон зүйл хийж амжуулж байгааг нь хараад ихэд гайхдаг байсан тухай ч ном өгүүлж байна.

 Зовлонгоос суралцах нь

Түүний амьдралын зовлон үргэлжилсээр...1916 оны зун түүний гэрлэлтэд асуудал үүссэн цаг үе байв. Учир нь түүний нөхөр нууц амрагтай болсныг нь Вашингтон даяар мэдэж байсан ч Элеонор хамгийн сүүлд мэддэг. Тэр эмэгтэй нь дээд язгууртай, өндөр боловсролтой царайлаг гээд үнэхээр сайхан  бүсгүй байсан аж.

Тухайн үед амьдрал нь утга учиргүй мэт санагдаж багагүй хүнд хугацааг өнгөрөөсөн ч нэг л өдөр энэ нөхцөл байдлаасаа гарахаар шийддэг. Учир нь хүн бусдыг өөрийнхөөрөө байлгая гэж оролдох тусам улам хэцүү болдгийг ухаарчээ.

Өөрөөр хэлбэл, хүнийг өөрчилж, хянах боломжгүй. Харин өөрийнхөө оюун санаа бодлоо өөрчилж, хянах хэрэгтэй. Би л дотроо хий зүйл бодохгүй байвал яах ч үгүй гэж өөртөө шийдсэн явдал юм.  

Тэр цагаас хойш Элеонор өөрийгөө ойлгох, хүслээ сонсох, амьдралаа өөрчлөх , нөхөртөө илүү их туслах сэтгэл нь ч ихээр оргилжээ.  

Нөхөр нь гэр бүлээ хэвээр авч үлдэх саналыг тавихад Элеонор түүнд нөгөө бүсгүйтэйгээ дахин хэзээ ч уулзахгүй байх саналыг тавьж, хэвийн амьдралдаа эргэж ордог.

Манлайлагч хүн эхлээд өөрийгөө манлайлсны дараа бусдыг манлайлах тухай бодох хэрэгтэй.

Хүсэл тэмүүллийнхээ зорилгыг тодорхойл  

Хэцүү нөхцөл байдалд удаан амьдрахыг хүсээгүй Рузвельт улам л нийгмийн идэвхтэй болж, сайн үйлсийн аянд оролцож, нийгэмд тулгамдаж буй асуудлуудад дуу хоолойгоо хүргэхийг хичээдэг болжээ.

1921 оны үеэр Нөхөр Франклин нь саажилтаар өвчлөөд тахир дутуу болсон аж. Гэхдээ тэр эхнэр хүнийхээ үүргийг биелүүлж, нөхрийнхөө хэцүү үед хажууд нь байдаг ганц хүн байжээ. Тэгээд нөхөртөө үнэхээр чиний амьдрал улс төргүйгээр төсөөлөгдөхгүй байгаа бол тахир дутуу болсон ч гэсэн энэ замаа сайнаар дуусга хэмээн зөвлөжээ.

Өнгөрсөн амьдралаасаа утга учраа хайхаас илүүтэй өнөөдөр юу бодож байгаа зүйлээсээ утга учраа хайгаарай.

Хүсэж байгаа зүйлийнхээ зорилгыг олсон байхад өөртөө итгэх итгэл хамгаас чухал. 1928 онд нөхөр нь Нью-Йорк мужийн захирагч болж чадсан байдаг.

Манлайлах арга барилаа өөрөө тодорхойл

Нөхрийгөө Нью-Йорк мужийн захирагч байх үед Рузвельт аль хэдийн манлайлагч болсон байжээ. Харин Лондонд ирэх үедээ манлайлагч эмэгтэй, тэргүүн хатагтай ямар байх ёстойг өөрийн биеэр харуулж, тодорхойлсон нэгэн. Тэр эмэгтэйчүүдийн оролцоог илүү үздэг хүн байв. Жишээ нь Цагаан ордны хэвлэлийн хуралд дандаа эрэгтэй сэтгүүлчид ирдэг байсныг өөрчлөх үүднээс эмэгтэй сэтгүүлчдийг урьсан өөрийнхөө хэвлэлийн бага хурлыг хийдэг болжээ.

Учир нь эмэгтэйчүүд нийгэмд томоохон байр суурь эзлэх боломжтой болохыг тэр өөрийн биеэр харуулахыг хүссэн. Хэдийгээр тэр манлайлагч байсан ч нөхрийнхөө буюу улс орныхоо бодлогын хүрээнд өөрийнхөө ажлын зорилгоо тодорхойлж явсан.  

Тэр нөхрийнхөө хамгийн сайн туслагч байсан ба  нийгэмд тулгамдаж буй асуудлыг өөрийн биеэр олж харахыг хүсэн олон хэцүү газраар явж, дараа нь нөхөртөө үзсэн, харснаа хэлж өгөөд шийдвэр гаргахад нь нөлөөлдөг байв.

Шүүмжлэлтэй нүүр тулах хэрэгтэй

Элеонорт дуртай хүмүүс байсан ч дургүй хүмүүс бас байсан. Учир нь Элеонор Рузвельт баян хүмүүст тэр болгон найр тавиад байдаггүй. Харин ч ядуу, хулгайч хүмүүс нийгмийн анги давхаргаас болоод ийм амьдралд өөрийн эрхгүй унасан гэж үздэг байж. Энэ нь магадгүй түүнийг олон шүүмжлэлийг араасаа дагуулахад хүргэжээ.

Иймд тэр зөвлөхдөө шүүмжлэлийн эсрэг бат зогсохдоо бодитой баримттай байх хэрэгтэй. Хэрвээ бодитой зүйл байхгүй бол шүүмжлэлд өөрийгөө ороогоод явах хэрэггүй гэжээ.  

Чухал зорилгодоо анхаарлаа төвлөрүүлээд түүнийгээ дага

Нөхрийгөө гурав дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үеэр Элеонор бодлого тодорхойлогчдын хувьд аль хэдийн нөлөө бүхий хүн болчихсон байв. Олон шийдвэр нь ЭЭлеонорын хэлснээр эргэх тохиолдол ч байсан.

Түүний гол үзлийн нэг нь хувь хүнийг өөрчлөхийн тулд тухайн хүний боловсролыг өөрчлөх асуудал чухал гэх явдал юм.

Өөрөөр хэлбэл, ядуу хүнд туслахдаа ганц талх өгөхөөс илүү боловсрол олгох нь илүү гэх үзэл.

Мөн тэрээр эмэгтэйчүүд, хар арьстуудыг анхнаарах зорилгоосоо хэзээ ч ухраагүй манлайлагч. Үүний хүрээнд нэг том хийсэн ажил нь эмэгтэйчүүд хүүхдээ гэртээ үлдээгээд ажил хийхээр явахад  хүүхэд бэртэж гэмтэх асуудал гардаг байсан тул анх удаа улсын зардлаар цэцэрлэг бариулах, байгууллагууд цэцэрлэг байгуулах санаачлагыг гаргаж хийсэн үйлдэл байв.

Ерөнхийлөгч байсан нөхөр нь нас барсны дараагаар тэр энгийн манлайлагч эмэгтэйгээр амьдралаа үргэлжлүүлдэг.

Элеонор нөхрөө нас барсны дараагаар 17 жилийн турш улс төрийн зүтгэлтэн хийсэн. Ингэхдээ НҮБ-г төлөөлдөг гол хүн, хүний эрхийн хорооны дарга хийж байсан юм.

НҮБ-д орохдоо 61 настай байсан ч олон зүйлийг эхнээс нь сурч, дуу хоолойгоо хүргэж, хүний эрхийн тунхаглалыг амжилттайгаар ахалж боловсруулсан нэгэн юм. Иймд тэр дэлхийн хүн. Жинхэнэ тэргүүн хатагтай гэгдэх болсон билээ.