“Яст мэлхий, сармагчин хоёр”-н тухай үлгэр байдаг. Тэр хоёр өдөр нь нарлахдаа баярхаж, шөнө нь даарахдаа харуусч амьдардаг байв. Шөнө болж, бороо ихээр ороход даарсан сармагчин нь яст мэлхийдээ “Хоёулаа дээвэртэй үүрээ засна, чи мөчрийг нь зөөчихнө, би дээврийг барьчихна” гэж байнга л хэлнэ. Мэдээж даарсан яст мэлхий нь сармагчингийн үгийг дуугүй л дагана. Маргааш нь болж, нар гарахад яст мэлхий найз нь дээвэртэй үүрээ засах уу? гэж сармагчингаас асуухад, сармагчин найз нь “Ийм сайхан нартай өдөр дээвэртэй үүрний хэрэг юу байна даа” хэмээн огтхон ч тоодоггүй.
Удахгүй шөнө болоход дахиад л өнгөрсөн шөнийн яриагаа үргэлжлүүлнэ.
Энэ үлгэрийг үзээд үнэхээр гайхдаг байлаа. Ядаж үлгэр чинь ямар нэгэн хүнд, хэцүү зовлонтой нүүр тулаад түүнийгээ даваад аз жаргалтай төгсдөг. Гэтэл энэ үлгэр төгсөхдөө, энэ хэвээрээ байсаар өдөр, хоног өнгөрсөөр дуусдаг. Ийм арчаагүй, залхуу хоёр амьдрал дээр байна ч гэж юу байхав гэж боддог байлаа. Ямар ч өөрчлөлт байхгүй, ямар ч зорилго байхгүй, ямар ч мөрөөдөл үгүй. Гэвч үнэхээр амьдралтай үлгэр болохыг нь сүүлд анзаарав. Яг л ийм арчаагүй, залхуу, өөрчлөлтгүй өдөр хоногийг өнгөрөөдөг үзэгдэл Монголд байдаг юм байна.
ҮЛГЭР ҮНЭН БОЛОХ НЬ
Сармагчин бол манай Сангийн яам, харин Монголбанк бол яст мэлхий. Эдийн засаг хүнд хэцүү болж, элгээрээ хэвтээд ирэх үед сармагчин болох Сангийн яам нь, яст мэлхий болох Монголбанкандаа “Хямрал ямар хэцүү байна аа? Одоо хоёулаа хямралд өртөхгүй байхын тулд бодлоготой, төлөвлөгөөтэй, төсвөө ашигтай, уул уурхайн мөнгөө тогтворжуулалтын сандаа хуримтлуулаад хэцүү үедээ хэрэглэж байна шүү. Чи инфляц, ханшаа тогтвортой, нам түвшинд байлгачих, би харин төсвөө үр ашигтай байлгая” гэнэ. Харин нартай өдөр эхэлж, түүхий эдийн үнэ өсч, эдийн засаг нь сэргээд эхлэхэд яст мэлхий найз болох Монголбанк нь асууж эхэлнэ.
“Сармагчин найзаа, одоо хоёулаа дээврээ барьж эхлэх юм биш үү? Би макро зохистой бодлого, зээлийн хүүг бууруулах стратеги, дунд хугацааны инфляцыг тогтворжуулах бодлого гээд өчнөөн баримт бичиг боловсруулчихлаа, одоо чи төсвийн алдагдлаа багасгаад, төсвийн үр ашигтай бодлого явуулж, тогтворжуулалтын санд мөнгөө хуримтлуулж эхлэх үү?” гэнэ.
Гэтэл сармагчин болох Сангийн яам нь “зэс, нүүрсний үнэ өсөөд эдийн засаг сэргээд ийм сайхан байхад наад бодлого нтрээр чинь юу хийх вэ?” гэж нар руу хараад “Зэсийн үнэ өсөөрэй, газрын тосны үнэ буураарай” хэмээн хээвнэг дуулах нь тэр.
ДАХИН ШӨНӨ БОЛОХОД...
Энэ үлгэрийн цикл нь яг Марксийн хэлсэн шиг капитализмын тогтворгүй байдлыг илэрхийлдэг. Зах зээлийн эдийн засаг нь сэргэлт, өсөлт, бууралт, уналт гэсээр үргэлжилдэг. Гэвч баялагаас хамааралтай ихэнх улсууд энэ циклийн эсрэг өөрсдийнхөө дархлааг хэдийн бий болгочихсон. Түүнийхээ дагуу хямралыг төвөггүй гэтэлдэг. Харин манайх бол унаж тусаж, бүдэрсээр байж болох хамгийн хэцүүгээр нь арайхийн даван гардаг.
Манай сармагчин, яст мэлхий хоёрын хувьд хар дарсан шөнө нь 2016 он байсан. Хүчтэй, дуу цахилгаантай, аадар бороотой хэцүүхэн л үе байсан. Түүхий эдийн үнэ нь буурч, эдийн засаг нь саарч, өрөө төлж чадахгүй дампуурангаа алдсан. Азаар үүр хаяарч, өглөө болов.
2016 оны сүүлээр түүхий эдийн үнэ өсч, эдийн засагт 2017, 2018 онуудад сэргэлт бий болж, 2019 онд өсөлт нь тогтворжив. Одоо харин нартай сайхан өдөр дуусахад 2-3 жил л дутуу байна. Харин манай нөхдүүд “ДЭЭВЭРТЭЙ ҮҮР”-ээ бариагүй л байна.
Үүнийг хэрхэн харж болох вэ? гэхээр 2019 оны төсвийг 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай баталж, 2020-2022 оны төсвийн хүрээний мэдэгдэлд мөн л 1 их наяд гаруй төгрөгийн алдагдалтай тооцоолсноос мэдэх боломжтой. Яачихсан сармагчин гэхээрээ ийм байдаг юм. Яачихсан эрх мэдэлгүй, өөрийн толгойгүй яст мэлхий гэхээрээ тийм байдаг юм.
Бороотой хүйтэн шөнө дөхөж буйг хэдэн үзүүлэлтээр баталж болно. 2019 оны 8 дугаар сарын байдлаар дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ 40 хувиар буурч, инфляц 8.9 хувь, ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2,670 төгрөг, төлбөрийн тэнцэл 535 сая ам.доллар(7-р сар) алдагдалтай гээд эхний шинж тэмдэг нь мэдрэгдээд эхэллээ. Та хоёр нар, үүлээ дуулаад л суугаад байх уу?
ҮЛГЭРИЙГ АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨХ НЬ
Уг нь үлгэр юм чинь өдөр, шөнө нь ингээд өөрчлөлтгүй үргэлжлээд байхгүй ямар нэгэн адал явдал өрнөсөөр сайн ч болов, муу ч болов төгсгөлтэй л байх хэрэгтэй. Ядаж энэ үлгэрт нь байнга яригдах дээвэртэй үүрээ бариад дараагийн адал явдлаа эхлүүлмээрсэн дээ. Үлгэр үздэг хүмүүс нь ч үүнээс залхаад, тэнэг балайгаар нь гайхаад дуусдаг. Гэвч үйл явдал, үр дүн нь тодорхой үлгэрээ үргэжлүүлсээр ...