Индэр    
2019 оны 9 сарын 14
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 29: Асуудлыг шийдэгч Элон Маск

Зураг

Элон Маскаас нэгэн удаа сэтгүүлч “Таны амжилтын нууц юу  вэ, боловсролын системд ямар өөрчлөлт хийвэл тань шиг олон хүнийг бий болгох вэ” гэж асуухад тэрбээр “Надад ямар нэгэн нууц байхгүй. Харин маш их ажилладгаа л мэдэж байна” гэж хариулжээ.

“SpaceX”, “Тесла”, “Solar City” зэрэг технологийн салбарт томоохон байр суурь эзэлж буй компаниудыг үүсгэн байгуулж, хөрөнгө оруулсан Элон Маскийн тухай бичсэн “Elon Musk: Tesla, SpaceX, and the Quest for a fantastic future” номын тэмдэглэлийг хүргэе.

Уг номыг Эшли Вэнс бичин 2015 онд хэвлүүлсэн бөгөөд өдгөө 40 гаруй орны хэл дээрх хөрвүүлэгджээ.

Дэлхийн хамгийн хөрөнгөлөг эрхмүүдийн жагсаалтад 20 гаруй тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр 40 дүгээрт эрэмбэлэгдэж буй Элон Маскийн намтартай танилцана уу.

“Elon Musk: Tesla, SpaceX, and the Quest for a fantastic future” номыг сонсох:

НЭГ. “Гоц хүү”

 

Элон Маск 1971 онд Өмнөд Африкт төржээ. Түүний аав инженер мэргэжилтэй бол ээж нь загвар өмсөгч байв. Харин өвөө Жошуа Маск нь адал явдалд дурлагч нэгэн байсан ба мэргэжлийн нисгэгч биш хэр нь хувийн жижиг онгоцоороо гэр бүлийнхээ хамтаар Африкаас Австрали хүртэл аялж байжээ. Элон Маскийн зоригтой алхам хийж чаддаг шийдэмгий чанар өвөөгөөс нь өвлөгдсөн хэмээн номд өгүүлсэн байна.

Ном их уншдаг, аливааг түргэн сурдаг, ой тогтоолтын чадвар зэрэг нь Элоны онцлог байв.12 настайдаа ааваараа компьютер авахуулж, жирийн хүмүүс зургаан сарын хугацаанд уншиж, эзэмшдэг гарын авлагыг ердөө гурван өдөрт уншиж дуусгаснаар анхныхаа тоглоомын кодыг бичиж байжээ.

ХОЁР. 28 мянган ам.доллараар бизнесээ эхлүүлэв

17 насандаа Элон Маск Канадад ганцаараа ирж, хоёр жил ажил хийсний дараагаар “Queens University”-д хоёр жил суржээ. Үргэлжлүүлэн Пенсильванийн их сургуулиас тэтгэлэг авснаар бакалаврын зэргийг бизнесийн удирдлага болон физикийн чиглэлээр зэрэг хамгаалсан байна.

“Queens university”-д суралцаж байх хугацаа нь түүний цаашдын амьдралд нь ихээхэн нөлөөлсөн үе гэж хэлж болно. Учир нь энэ үедээ тэрбээр ирээдүйн эхнэр, таван хүүхдийнхээ ээж болох Жастинтай танилцжээ.

Мөн эрэгтэй дүү Кимболынхоо хамтаар томоохон компаниудын захирлуудтай утсаар холбогдож уулзах хүсэлт тавьдаг байв. Нэгэн удаа томоохон банкны захиралтай холбогдож уулзсанаар тус банканд дадлага хийхээр болдог. Тус банканд ажиллаж байх хугацаанд Элон Маск банкы үйлчилгээг цахимжуулах бизнесийн санаагаа олсон бөгөөд хэдэн жилийн дараагаар үүндээ тулгуурлан “X.com” буюу хожмын “PayPal”-ыг байгуулсан билээ.

 

Их сургуулиа төгссөний дараа Элон Маск дүү Кимболынхоо хамтаар анхны бизнесээ эхлүүлэхдээ ааваасаа 28 мянган ам.доллар авч “Zip2”-ыг байгуулав. Энэ нь хотын газрын зураг дээр худалдаа үйлчилгээний төвүүдийн хаяг байршил болон товч мэдээллүүдийг оруулдаг программын компани байлаа.

Интернет үүсээд төдийлөн удаагүй байсан тул эхэн үедээ амжилт тааруу байсан ч Элон Маскийн код бичих чадвар, Кимболын маркетингийн чадварын хүчээр гурван жилийн дотор амжилт олж, “Compaq”-д зарагджээ.

Ингэснээр 28 мянган ам.доллараар эхлүүлсэн “Zip2” нь 22 сая ам.долларыг авчрав. Дараагаар нь “X.com”-ыг байгуулж, ажиллах явцдаа зэрэгцэн гарч ирсэн өрсөлдөгч старт ап компанитайгаа хамтарснаар компанийн нэрээ “PayPal” болгон өөрчилсөн юм.

Амжилттай байсан бизнесээ 2002 онд eBay-д 1.5 тэрбум ам.доллараар зарахаар тохирч, энэ хэлэлцээрээс Элон эзэмшиж байсан хувьцааныхаа дүнд нийт 165 сая ам.доллар өөрийн болгосон байна.

ГУРАВ. Сансрын салбарыг шинэчлэв

 

Хоёр гарааны бизнесийг амжилтад хүргэж, их хэмжээний орлого олсон тэрбээр сансрын салбарт ажиллахыг эрмэлзжээ.

Түүний зорилго нь хүн төрөлхтнийг Ангараг гараг болон дэлхий дээр амьдрахад туслах бөгөөд гарагуудын хооронд сансрын тээвэр хийх хэмээн номд өгүүлсэн нь бий.

Үүнийгээ биелүүлэхэд хамгийн түрүүнд пуужин хэрэгтэй тул 29 настайдаа пуужин авахаар Орост очжээ. Гэвч залуухан бизнес эрхлэгчийг төдийлөн тоогоогүй тул пуужин авч чадалгүй нутаг буцав. Уг бүтэлгүйтэл түүнд харин ч шинэ боломжийг нээсэн юм.

Буцах замдаа Элон олон төрлийн тооцоолол хийснээр пуужинг гаднаас өндөр үнээр авах биш өөрсдөө бүтээж болохыг хамтрагчдадаа ойлгуулжээ.

Эргэн ирээд Маск болон хамтрагчид нь “SpaceX”-ыг байгуулж, пуужин бүтээх ажилдаа орсон байна.

Зөвхөн томчууд л ажилладаг байсан сансрын салбарт “SpaceX” орж ирснээр шинэчлэл авчирсан хэмээн мэргэжилтнүүд үздэг аж. Тухайлбал, олон удаа ашиглаж болох пуужин бүтээснээр үнэ өртгийг бууруулж, залуусыг сансрын салбарт ойртуулсан хэмээдэг байна.

ДӨРӨВ. “Чи чадахгүй бол би өөрөө хийе”

Элон Маскаас нэгэн удаа сэтгүүлч “Таны амжилтын нууц юу вэ, боловсролын системд ямар өөрчлөлт хийвэл тань шиг олон хүнийг бий болгох вэ” гэж асуухад тэрбээр “Надад ямар нэгэн нууц байхгүй. Харин маш их ажилладгаа л мэдэж байна” гэж хариулжээ.

Анхны стартап компаниуд дээрээ ажиллаж байх үедээ Элон Маск өдөрт дунджаар 20 цаг ажилладаг байв. Мөн ажилтнууддаа өндөр шаардлага тавьдаг бөгөөд үүрэг даалгавар өгөхөд  хугацаанд нь багтаах боломжгүй гэвэл шууд халж, “Хэрэв чи чадахгүй гэвэл яв. Би өөрийн ажлуудаа хийгээд, давхар чиний ажлыг хийж, яаж хугацаанд нь багтааж болдгийг харуулъя” гэдэг аж.

ТАВ. “Миний бизнесүүд дэлхийн тулгамдсан асуудлыг шийдэх шийдэл”

 

Цахилгаанаар ажиллах машин бүтээх зорилготой “Тесла”-г 2003 онд Мартин Эберхард, Марк Тарпеннинг нар үүсгэн байгуулж, дараа жил нь Элон Маскийг хөрөнгө оруулах хүсэлт тавьжээ. Тухайн үед "галзуу" гэмээр саналуудад хөрөнгө оруулж, амжилтад хүргэж байснаараа Цахиурын хөндийд алдаршсан тэрбээр энэ саналыг хүлээн авч, хөрөнгө оруулаад зогсохгүй машины загвараас эхлээд бүх үйл ажиллагаанд онцгойлон зөвлөх болов. 

Цахилгаанаар ажилладаг машин хүч муутай эсвэл баттерей нь цэнэгээ удаан барихгүй болов уу гэх хүмүүсийн ойлголтыг эвдэж чадсанаараа "Тесла" дэлхийн хамгийн нэр хүндтэй 10 брэндийн нэг болоод байна. 

Нэгэн ярилцлагынхаа үеэр Элон Маск “Хэтэрхий олон залуу эдийн засаг, интернет бизнес руу орж байна. Гэвч эдгээр нь хүн төрөлхтөн, дэлхий дахинд тулгамдсан асуудлыг шийдэх хариулт байж чадахгүй. Харин миний бизнесийг алсын хараагаар харвал шийдвэр нь болно чадахуйц бизнес” гэсэн байдаг.