Индэр    
2019 оны 9 сарын 7
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

“Токио-2020”-ийн бамбар Фүкүшимагаас асна

-Япон улс аялал жуулчлалын салбараас 2020 онд 8.0 их наяд иен олох зорилготой-

 

Японы улсын аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, арлын орныг зорих гадаадын зорчигчдын тоо тасралтгүй нэмэгдсээр.

2018 онд л гэхэд тус улсад 31.19 сая зочин хүрэлцэн иржээ. Энэ нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад дөрөв дахин өссөн үзүүлэлт бөгөөд “Маш их хэмжээгээр нэмэгдсэн” хэмээн JNTO буюу Японы үндэсний аялал жуулчлалын байгууллагын Гадаад сурталчилгааны газрын Зүүн Ази хариуцсан захирал Ямамото Кэнжи тодотгов.

Үүний үр дүнд жуулчдын хэрэглээ Японы эдийн засагт тухайн ондоо 4.5 их наяд иен буюу өнөөгийн ханшаар 48 орчим тэрбум ам.долларын орлого оруулж, хамгийн их хэмжээгээр нэмэгджээ. Харин Абэ Шинзогийн Засгийн газар энэ дүнг 2020 он гэхэд 8.0 их наяд иен буюу 85 орчим тэрбум ам.долларт хүргэж, бараг хоёр дахин нэмэхийг зорьж байгааг тэрбээр дуулгасан юм

Олон жил үргэлжилсэн Япон улсын эдийн засгийн удаашралыг даган саараад байсан тус улсын аялал жуулчлалын салбарыг дээр дурдсанчлан эрчимжүүлж чадсан жор нь Японы Засгийн газар болон хувийн хэвшил хоорондын нягт хамтын ажиллагаа төдийгүй орон нутгийн засаг захиргааны идэвх чармайлт гэдгийг Ямамото захирал онцлов. Юун түрүүнд Япон улс онгоцны буудлуудынхаа дэд бүтцийн хүчин чадлаа ашиглаж, нислэгийн тоог нэмэгдүүлжээ. Түүнчлэн аяллын гол түлхүүр болох визийн нөхцөлөө шат дараатай хөнгөвчилсөн байна. Аялал жуулчлалын салбар дахь эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс богино хугацаагаар ирэх зочдын тоог өсгөхөд мөн  гойд анхаарчээ. Эдгээр өөрчлөлтийн үр дүнд Хятад, Хонг Конг, БНСУ, Тайвань зэрэг хөрш зэргэлдээ орнуудын уламжлалт жуулчдаас гадна Австрали, Америк, Европоос анх удаа Япон орныг зорих зочид эрс нэмэгдэж буй аж. 

Эдийн засгийг эрчимжүүлэхэд түлхэц болохуйц нөөц боломжтой салбар нь аялал жуулчлал мөн гэдгийг Япон улс өдгөө нотлон харуулж байна. Ерөнхий сайд Абэ Шинзо ч аль эрт үүнийг олж харж, олимпын наадмыг эх орондоо зохион байгуулах хүсэлтийг тавьсан болов уу. Түүний зорилт ч биеллээ олж байгааг дээрх тоонууд илтгэж буй биз ээ. 

“Токио-2020” дууссан ч хүмүүсийн зүрх сэтгэлд удаан хадгалагдах зүйлсийг бий болгохыг зорьж байна

 

Зургийн тайлбар: “Токио 2020” олимп, паралимпын тэмцээнийг зохион байгуулах хорооны Харилцаа холбоо, хэлэлцээ хариуцсан Ахлах захирал Кобаяши Аканэ

Зуны спортын 32 дугаар их наадам Токио хотноо болсноор Япон улс олимпын наадмыг хоёр дахь удаагаа зохион байгуулж буй Азийн анхны орон болон бөмбөрцгийн спортын түүхэнд хоёр дахиа тэмдэглэгдэн үлдэх нь. Өмнө нь 1964 онд тус улс Ази тивдээ анх удаа олимпын наадмыг зохион байгуулсан түүхтэй. 

1964 оны Токиогийн олимп арлын энэ орны хувьд эргэлт авчирч, олон улсын тавцанд гарах боломж олгосон хэмээн япончууд үздэг. Дэлхийн II дайнаас хойш 19 жилийн дараа болсон тэрхүү спортын наадамд Япон улс өнөөгийн ханшаар 10 их наяд иен зарцуулж байсан түүхтэй. Тухайн үед дэд бүтцийн маш том шинэчлэл хийсний нэг нь шинкансэн - суман галт тэрэг ба аймаг, мужуудыг хэрсэн төмөр замын сүлжээ байгуулсан нь өнөөг хүртэл тус улсын нэрийн хуудас хэвээр.

Тэгвэл энэ удаа япончууд хамгийн бага зардлаар, орчин үеийн дэвшилт технологийн гайхамшгийг мэдрүүлсэн, түүхэнд байгаагүй олимп зохион байгуулахаар зорьж байна.

 
Эх сурвалж: Japantoday

Зургийн тайлбар: “Токио 2020” олимп, паралимпын тамирчдын хотхон байгуулж буй хиймэл арал - Харүми

Олимпод оролцох тамирчдын хотхон байгуулж буй Харүми хэмээх газрыг япончууд 1940 оноос далайн дээр байгуулж эхэлсэн ч дайны улмаас хэсэг саатжээ. Гэсэн ч хожим нь бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, 2006 онд Харүми гүүрийг тавьснаар дууссан байна. Токио булангийн эрэгт цогцлоосон энэхүү хиймэл арлын нэр болох ханз нь “Цэлмэг далай” гэх утгыг илэрхийлэх бөгөөд үнэхээр л цэлмэг, тунгалаг, эргэн тойрон гял цал ажээ.

Гурван жилийн өмнөөс энэ газарт эхлүүлсэн “Токио-2020” олимп, паралимпын тамирчдын тосгон байгуулах ажил эрчимтэй өрнөж байна. “Токио 2020” олимп, паралимпын тэмцээнийг зохион байгуулах хороонд эндээс 15 минут явж хүрэх ба  олимпын бэлтгэл ажлын явц ямар байгаа талаар цоо шинэ мэдээллүүдийг энэхүү хорооны Харилцаа холбоо, хэлэлцээ хариуцсан Ахлах захирал Кобаяши Аканэ өгсөн юм. 

 

Зургийн тайлбар: “Токио 2020” олимп, паралимпэд зориулсан тамирчдын хотхоны ажлын явц

Ид өрнөж буй тамирчдын хотхон байгуулах талбайд 18,000 ор бүхий (япончууд ийн хэмждэг) орон сууцууд босгох бөгөөд 8,000 ор бүхий сууц нь паралимпын тэмцээнд зориулагдах аж. Токиогийн хот төлөвлөлтийг дахин шинэчлэх төслийн хүрээнд цогцлоож буй тус хотхоныг “Токио 2020” зуны наадмын үеэр Олимпын хороо нь ашиглаад тэмцээний дараа Токио хотын захиргаанд хүлээлгэж өгөх тохиролцоотой. Харин олимп өндөрлөсний дараа орон сууцны хороолол голлосон шинэ хотыг энд байгуулахаар төлөвлөжээ. Түүнээс гадна одоо баригдаж буй тамирчдын тосгоны хажууд байрлах “Харүми олон улсын зорчигч тээврийн усан онгоцны терминал”-ыг буулгаж, том оврын олон улсын зорчигч тээврийн усан онгоц зогсох боломж бүхий шинэ терминал барьж байгуулах талаар тайлбарлалаа.

Япон улс анх олимпын эрх авахдаа бүх байгууламжийг Токиод байгуулахаар төлөвлөж байсан ч хамгийн бага зардлаар зохион байгуулах бодлогодоо уялдуулан нийт байгууламжийн 40%-ийг нийслэлээс гадна, бусад хотод байхаар төлөвлөгөөгөө өөрчилжээ. 1964 оны олимпоор бүтээсэн томоохон байгууламжуудаа түүхийн өв болгон өнөөг хүртэл хуучин төрхөөр нь хадгалж чадсаныхаа тусыг ийн хүртэж буй хэрэг. Тухайлбал, Шизүока мужийн Изүнокзүни хотод дугуйн спортын талбай бий учраас тэнд нэг салбар хотхон байгуулж байгаа юм байна. Ажилчдын аюулгүй ажиллагаанаас гадна олимпын наадмын үеэрх аюулгүй байдлыг дээд зэргээр хангахаар зэхэж буйг энд тоочих нь илүүц биз ээ. 

“Токио 2020” олимп зохион байгуулах хорооны төсөв бол 600 тэрбум иен буюу 5.6 тэрбум ам.доллар. Үүнийг түр байгууламж, хүмүүсийн зохион байгуулалтад зарцуулж байгаа аж. Олимп зохион байгуулах хорооны орлого бол маркетингийн янз бүрийн зүйл, борлуулалт, билетийн орлогоос бүрдэж байгаа. Орлого, зарлага яг тэнцэж байгааг онцлох хэрэгтэй.

Улс болон Токио хотоос гарч буй олимпын нийт зардал 1 триллион 350 тэрбум иен буюу 12.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа бөгөөд үүнд олон нийтийн барилга байгууламж барих зардал бүгд багтаж байгаа” хэмээн Кобаяши Аканэ ярилаа. 

 
Эх сурвалж: tokyo2020.org

Олимпын хүрээнд байгуулсан бүтээн байгуулалтууд, дэд бүтцийг цаашид ч өв болгон залгамжлуулахын зэрэгцээ оюуны өвийг ч хадгалахаар төлөвлөж буй талаар тэрбээр сонирхуулав. Тухайлбал, олимпын бэлгэ тэмдэг болох Маскот хүүхэлдэйг нийт бага сургуулийн хүүхдүүдээсээ санал авч сонгосон. Олимпын утга агуулгыг илэрхийлэхүйц дүр байлгах үүднээс олимпын талаарх мэдээллүүдийг түгээжээ. Цаашид зөвхөн япончууд төдийгүй дэлхий нийтэд олимпын наадмын утга учрыг таниулан хүргэж, хүн төрөлхтний оролцоог нэмэгдүүлэх замаар “Токио-2020” дууссан ч хүмүүсийн зүрх сэтгэлд удаан хадгалагдах зүйлсийг бий болгохыг зорьж байгаа гэнэ. Тийм ч учраас тодорхой шалгуураар Маскотын дүрийг ашиглах албан ёсны зөвшөөрлийг бүтээгдэхүүнүүдэд өгч байгаа ба нэр төрөл нь улам нэмэгдэж, борлуулалт ч сайн байгааг Кобаяши Аканэ дурдсан. 

32 кг алт, 3,500 кг мөнгө, 2,200 кг хүрэл (зэс болон цайр) хаягдлаас гарган авч, 5,000 орчим медалийг бүтээснээ зарлаад байгаа

Токиогийн олимп тогтвортой хөгжлийн зорилтуудыг агуулгадаа шингээж буйг олимпын тамирчдад олгох медалийн үйлдвэрлэлийн ганц жишээнээс харж болно. Олимпыг зохион байгуулах хороо шилдэг тамирчдад олгох медалийн загварыг нэг жилийн өмнө танилцуулахдаа хүмүүсийн хэрэглэхээ больсон цахилгаан бараа, гар утас зэргээс цуглуулсан хаягдал металлаар 100% үйлдвэрлэх зорилт тавьж буйгаа зарлаж, олон нийтийг уриалсан. Харин өнөөдөр энэ зорилтдоо хүрч, 32 кг алт, 3,500 кг мөнгө, 2,200 кг хүрэл (зэс болон цайр) хаягдлаас гарган авч, 5,000 орчим медалийг бүтээснээ зарлаад байгаа билээ. Тэгвэл медаль гардуулах тайзаа ч мөн хаягдал хуванцраар хийхээр төлөвлөж байгаа юм байна. “Олимпод хэрэглэгдэх бүх зүйлийг япончууд хүчээ нэгтгэж, хамтарч хийснээр хүмүүсийн олимп, паралимпын оролцоог улам нэмэгдүүлэх боломжтой” хэмээн Кобаяши Аканэ өгүүлэв.

Технологийн дэвшлийг энд дурдахгүй өнгөрч болохгүй. “Токио-2020”-ийг аль болох шинэлэг болгох үүднээс инновацыг хөгжүүлэх бүхэл бүтэн алба ажиллаж байгаа юм байна. Тухайлбал, царайгаар таньж, биеийн байцаалтыг баталгаажуулах системийг тус алба бүтээсэн бөгөөд яг одоо олимптой холбоотойр ажиллаж буй 300,000 гаруй хүнийг ялгаж, таньж чадаж байгаа гэнэ. Түүнээс гадна олимпын үеэр тэргэнцэртэй иргэдэд ундаа хүргэж өгөх робот болон стадионоос өөр газарт байгаа хүмүүстэй харьцаж чадах алсын удирдлага бүхий робот хийхээр төлөвлөн ажиллаж байна. “Тоёота” компани устөрөгчөөр явдаг машиныг энэ удаа нэвтрүүлж байх жишээтэй. Тэдгээр машин нь тамирчдын хотхонд үйлчлэх аж.

 

Долдугаар сар дуусахтай залган эхэлдэг Их наран улсын халууны улирал ямар бүгчим болохыг өөрийн биеэр мэдэрсний хувьд олимпод оролцох тамирчдад санаа зовохгүй байх арга алга. Ялангуяа, гадаа, ил задгай талбайд болдог тэмцээнүүд, хөнгөн атлетик, марафонд оролцох тамирчдын хувьд жилийн дараа “халуун” хэмээн хүнд сорилттой нүүр тулна. Цаашлаад тамирчдын эрүүл мэндэд ч хор учруулах хэмжээний эрсдэлтэй тул Олимп зохион байгуулах хороо өнгөрсөн зургадугаар сараас хэт халалттай холбоотойгоо тамирчид, үзэгчид, ажилчид гэсэн гурван чиглэлээр авах арга хэмжээнүүдийг судалж эхэлжээ. Тухайлбал, марафон гүйлтийн тэмцээний цагийг наашлуулахаар шийдсэн бол үзэгчдийн хувьд цаг агаарын нарийвчилсан мэдээг тогтмол хүргэж, урьдчилан сэргийлэхээр төлөвлөж байгаа аж. Мөн хүмүүсийг удаан хугацаагаар тэмцээнээ үзэхэд нь зориулан тухайн талбайн онцлогт тохируулан сэнс байршуулах боломж байгаа эсэхийг судалж байна.

Харин одоо хамгийн чухал сэдэв бол олимп үзэх тасалбар.

Олимп зохион байгуулах хороо өнгөрсөн тавдугаар сард дотооддоо 3.22 сая ширхэг тасалбарыг сугалаа хэлбэрээр борлуулжээ. Гэвч тасалбар авах хүсэлтэй буюу өөрийн ID-г бүртгүүлсэн 7.5 сая иргэн байгаа гэнэ. Тиймээс бүртгүүлсэн ч тасалбар сугалж чадаагүй хүмүүст зориулан наймдугаар сард дахин сугалаа явуулснаар 680,000 ширхэг билет борлуулсан байна. Энэ намар дахин хоёр удаа сугалаа явуулаад үлдсэн тасалбарыг хавар билетийн кассаар борлуулахаар төлөвлөжээ. Харин гадаад орнуудын хувьд улс бүрт байгаа албан ёсны борлуулагч байгууллагаар дамжуулан авах боломжтой. Билетийн борлуулалтаас нийт хэдий хэмжээний орлого олох нь одоогоо тодорхойгүй байгаа аж. Учир нь дээр дурдсанчлан олимпын цэнгэлдэх хүрээлэнгүүдийн төлөвлөгөөнд өөрчлөлт орсон тул нийт суудал, үзэгчдийн тоо эцэслэгдээгүй байна. Ямар ч байсан анх тооцоолсон 82 тэрбум иен буюу 772.4 сая ам.долларын орлого олох хэмжээнд байна хэмээн үзэж буй аж. 

Талархсан сэтгэлээ дэлхий нийтэд илэрхийлэхүйц тийм л наадам зохион байгуулахыг хичээж байгаа

Япон улс Ази тивд хөгжлөөрөө цойлдог. Энэ орны иргэдийн ёс зүй дээд цэгтээ хүртэл хөгжсөн. Хэн ч бусдад саад учруулахгүй гэсэн зарчим нь бүх зүйлийг эмх цэгцтэй, дүрэм журамтай, цэвэр цэмцгэр байлгах хөшүүрэг болдог болов уу гэмээр. Дэд бүтэц маш сайн хөгжсөн тул амьдарч, ажиллахад стресс багатай, хүний амьдрах бүх нөхцөл хангагдсан улс. Гэвч нэг том зовлон бий. Тэр бол хөгжлөөр шийдэх боломжгүй байгалийн давагдашгүй хүчин зүйл. 

Хэрэв та санаж байгаа бол 2011 онд Японы Сэндай хот цүнамид өртөж, Фүкүшимагийн атомын цахилгаан станцад осол болсон. Япончуудын хувьд хүнд үе байв. Харин тэрхүү хүнд хэцүү цагт гар сунгасан хүн бүрт япончууд өнөөг хүртэл талархаж явдаг ажээ. Энэхүү талархсан сэтгэлээ дэлхий нийтэд илэрхийлэхүйц тийм л наадам зохион байгуулахыг хичээж байгаагаа Кобаяши Аканэ хэлсэн нь гүн сэтгэгдэл төрүүлснийг нуух юун. Тийм ч учраас Фүкүшимагаас олимпын галын гарааг эхлүүлэхээр зэхсэн байна. Атомын цахилгаан станцын осолд өртөж, хүнд байдалд орсон Фүкүшима мужийн тэрхүү нутаг дэвсгэрт бэйсбол болон софтболын талбай байгуулсан бөгөөд сэргээн засах ажил хэрхэн өрнөснийг олимпын наадмын үеэр дэлхий нийтэд харуулах ажээ.

Хаа байсан “Токио-2020” олимп, паралимпын наадмыг зохион байгуулах хороонд ийнхүү ажиллаж буй Кобаяши Аканэ хүртэл Монголд элэгтэй, багагүй ажил хийсэн нэгэн байж таарав. Тэрбээр өмнө нь Токио хотын Итабаши дүүрэгт ажиллаж байхдаа Япон-Монгол толь бичиг гаргах ажилд гар бие оролцож, монгол хүүхдүүдэд дугуй хандивлах ажлыг зохион байгуулалцаж байсан тухай хуучлахыг сонсож, арлын энэ улсад ирээд уулзсан хүн бүрээс элэгсэг халуун сэтгэл мэдрэх нэн таатай байв.

Ийнхүү Япон улсын ГХЯ-ны урилгаар зочилсон монгол сэтгүүлч миний албан ёсны хөтөлбөр шувтарлаа. Япончуудаас суралцах зүйл үнэхээр их ажээ.