Индэр    
2019 оны 8 сарын 27
Зураг
Мэдээллийн технологи

Старт-ап бизнесийг зөв төлөвлөх нь

Зураг

Ямар нэг СТАРТ-АП бизнесийн санаа гаргачихаад уг санаагаа амжилттай хэрэгжих эсэх дээр эргэлзэж байна уу? Эсвэл СТАРТ-АП бизнесийн санаагаа хөрөнгө оруулагч нарт танилцуулж хөрөнгө босгох гэж байна уу? Хэрэв тийм бол анхаарлаа түр хандуулна уу. 

Сүүлийн жилүүдэд технологид суурилсан гарааны бизнесүүд хүчтэй түрэн гарч ирж зах зээлд тэргүүлэх чиг хандлагтай байна. Тэднийг чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэж анхаарлын төвд ороод байгаа билээ. Гэхдээ судалгаанаас харахад гарааны бизнесийн 90% нь амжилтанд хүрэлгүй дампуурдаг. Гол шалтгаан нь өөрсдийн хийхээр зорьж буй бизнес загвараа сайтар судлаагүй, ойлгоогүй байх үедээ үйл ажиллагаагаа эхэлдэг. Үр дүнд нь тэд маш олон асуудалтай нүүр тулгарах бөгөөд улмаар бизнесээ зогсооход хүрдэг байна. 

Энэхүү асуудлыг шийдэх гарц бол “Business Model Canvas ( BMC)” юм. BMC нь 9-н цонх бүхий ганцхан хуудас бизнес төлөвлөгөө юм. Өөрөөр хэлбэл өөр хоорондоо уялдаа холбоотой 9-н асуултын хариултыг олсноор бизнес санаагаа хэрэгжих боломжтой эсэхийг амархан харж болно.

Анх Alexander Osterwalder гэдэг эрхэм энэхүү загварыг гарааны бизнес эрхлэгчдэд зориулан  санаачилжээ. BMC дээр өөрсдийн бизнес санаагаа загварчлахад дараах дарааллын дагуу хийнэ. Тиймээс яг одоо толгойд буусан бизнес санаагаа энэ загвар дээр дарааллын дагуу зураад үзээрэй. 

1. Хэрэглэгчийн сегмент (Customer Segments)

Энэхүү алхам нь BMC-н хамгийн чухал бөгөөд их хугацаа зарцуулах шаардлагатай хэсэг юм. Төлөвлөж буй бизнес тань ямар хэрэглэгчийг онилох вэ? Яг ямар  хэрэглэгчийн сегментийн асуудлыг шийдэх вэ гэдгээ сайтар бодож үзэх хэрэгтэй. Таны бодсон шийдэл хэрэглэгчдэд таалагдаж тэднийг цаашид тогтоон барьж байх нь хамгийн чухал юм. 

2. Хүргэх үнэ цэнэ (Value Propositions)

Яг ямар үнэ цэнийг хэрэглэгчиддээ санал болгож байгаа болон тэдний ямар асуудлыг шийдэж өгч байгааг энэ цонхонд бичих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид яагаад танай бүтээгдэхүүн үйлчилгээг сонгох хэрэгтэй вэ гэдэг асуултын хариултыг энд бичнэ гэсэн үг юм. Танай компаний бий болгож буй үнэ цэнэ, хэрэглэгчийн хүлээлттэй тохирч байвал таны бизнес амжилттай үргэлжлэх нөхцөл бүрдэнэ.

3. Хүргэх сувгууд (Channels)

Таны санал болгож буй үнэ цэнэ болон бүтээгдэхүүн үйлчилгээ тухайн хэрэглэгчийн бүлэгт хэрхэн хүрэх тухай энд бичих ёстой. Ямар борлуулалтын арга хэрэгслээр дамжуулан борлуулалтаа хийх вэ, аль суваг нь илүү ашигтай вэ, танай бүтээгдэхүүн үйлчилгээнд болон хэрэглэгчдэд аль суваг нь илүү тохирох вэ гэдгийг бодож үзэж сувгуудаа сонгох нь зүйтэй. 

4. Хэрэглэгчидтэй тогтоох харилцаа холбоо (Customer Relationships)

Энэ хэсэгт шинэ хэрэглэгчийг бий болгох болон цаашид борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд тухайн бүлэг хэрэглэгчидтэй ямар харилцаа холбоог ашиглах талаар тодорхойлж өгнө. Хэрэглэгчийн бүлэг тус бүрд тохирсон харилцааны хэлбэрийг бий болгох хэрэгтэй. 

5. Орлогын урсгал (Revenue Streams)

Энэ цонхонд дээр тодорхойлсон хэрэглэгчийн бүлэг тус бүрээс орж ирж буй орлогын урсгалыг бичнэ.  Манай хэрэглэгчид юунд мөнгө төлөхөд бэлэн байна вэ, ямар бүтээгдэхүүн үйлчилгээнд мөнгө төлж байна вэ, ямар хэлбэрээр төлөхийг илүүд үзэж байна вэ гэсэн асуултуудын хариулт нь орлогын урсгалыг тодорхойлно.

6. Гол үйл ажиллагаанууд (Key Activities)

Дээр дурдсан үнэ цэнийг бий болгохын тулд яг ямар үйл ажиллагаа явуулахаа энэ цонхонд бичих хэрэгтэй. Тухайлбал бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхэд, хэрэглэгчээ тогтоон барихад, орлогын урсгал бий болгоход, үр дүнгээ хэмжихэд ямар үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг энд тодорхойлж өгнө.  

7. Түлхүүр нөөцүүд (Key Resources)

Энэ цонхонд дээрх гол ажиллагаануудыг явуулахад ямар нөөцүүд хэрэгтэй вэ гэдгийг тодорхойлж өгнө. Жишээлбэл шаардлагатай хүний нөөц, материаллаг нөөц, санхүүгийн нөөц, компьютерийн техник болон програм хангамжийн нөөц гэх мэт. 

8. Гол түншүүд (Key Partners)

Энэхүү бизнесийн үйл ажиллагааг эрхлэхэд гол хамтрагч, түншүүд хэн бэ, тэдэнтэй хэрхэн хамтарч ажиллах вэ зэргийг энд тодорхойлж бичнэ. Өөрөөр хэлбэл дээр дурьдсан гол үйл ажиллагааг явуулахад, түлхүүр нөөцүүдийг бий болгоход оролцдог түншүүдийг энд бичиж өгнө гэсэн үг юм. 

9. Зардлын бүтэц (Cost Structure)

Бизнесийн үйл ажиллагааг эхлүүлэхэд буюу дээр дурьдсан түлхүүр нөөцүүдийг бий болгоход гарах зардал болон цаашид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд ямар зардал гарахыг энд бичнэ. 

BMC-н талаар дэлгэрүүлж судлахыг хүсвэл энэхүү 2 минутын урттай сонирхолтой хэлбэрээр тайлбарласан бичлэгийг үзнэ үү.

Түүнчлэн илүү сайн ойлголт авахыг хүсвэл Uber болон Airbnb компаний бизнесийг BMC дээр зурагласныг доорх жишээнээс харна уу.