Индэр    
2019 оны 8 сарын 21
Зураг
Эдийн засагч, шинжээч

Монгол өвөө япон өвөөтэй хуучилсан нь

Зураг
Монгол өвөө: -За сайхан намаржиж байна уу? 
 
Япон өвөө: -Сайн байна уу?
 
Монгол өвөө: -Миний нэр Эрдэнэ. 
 
Япон өвөө: -Таньтай танилцахад их таатай байна. Миний нэр Акимицу.
 
Монгол өвөө: -Монголд зуншилга сайхан болж байна, бороо ихтэй. Намар орой болох нь. Танай оронд ямар байна вэ?
 
Япон өвөө: -Манайд ч бас бороо орж байгаа. 
 
Монгол өвөө: -Хувьтай хүн хур борооноор л гэдэг юм. Нас сүүдэр хэд вэ?
 
Япон өвөө: -Удахгүй 65 хүрлээ.
 
Монгол өвөө: -Күэ тэр, надтай чацуу байх нь. Монголд аялах гэж ирэв үү?
 
Япон өвөө: -Би Монголд сургалтаар ирлээ. Нийгмийн даатгалын тогтолцооны чиглэлээр Монголд сургалт хийв. Удахгүй нутаг буцна аа, харин буцахаасаа өмнө аялах хүсэлтэй. 
 
Монгол өвөө: -Манай энэ хэсэг сайхан байгальтай. Жуулчид үе үе ирдэг л юм. Магад чамд морь мал харах нь илүү сонирхолтой санагдана байх. За тэгээд зорьсон үйлээ бүтээж чадав уу?
 
Япон өвөө: -Сургалтыг маань маш нааштайгаар хүлээж авлаа. Ерөнхийдөө Япон улс тэтгэврийн системээ хэрхэн, яаж бүрдүүлсэн, юун дээр алдсан тухай туршлага хуваалцлаа. Мөн Монголын тэтгэврийн систем юун дээр ирээд гацсан тухай, цаашид ямар арга хэмжээ авах боломжтойг нь хэлэлцлээ.
 
Монгол өвөө: -За зөв хө. Эмгэн бид хоёр чинь улсад 20 гаруй жил ажиллалаа. Гар дээр авч байгаа нь 340 мянган төгрөг(дундаж тэтгэвэр), танай мөнгөөр хэд болохыг мэдэхгүй юм. Гэхдээ амь зогоох төдий гэвэл ойлгоно байх. Баяр ёслол тасрахгүй. Хүүхдүүд, хамаатан садан ирж золгоход гар хоосон байлтай биш гээд тэтгэврээ барьцаалаад банкнаас зээл авчихав. За тэр яах вэ. Телевизийн мэдээ үзэх нь ээ, манай тэтгэврийн сан чинь урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд явж байгаа гэж ярих юм(2018 онд НДШ-н орлого 1.4 их наяд төгрөг, НДШ-н зардал 1.8 их наяд төгрөг). Төсвөөс мөнгө гуйгаад хөглөж явдаг л сурагтай (344 тэрбум төгрөг төсвөөс авсан). Харин таны ярьсан зүйл манайд тэгээд нутагшихаар эд үү?
 
Зураг 1. Нийгмийн даатгалын сангийн бүтэц
 
 
Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар, НДШ-нийгминй даатгалын шимтгэл

Япон өвөө: -Өөрийг тань сайн ойлгож байна. Би нийгмийн даатгалын газар 30 гаруй жил ажиллаад тэтгэвэрт гарсан хүн. Монголын хүн ам ч их залуу юм. Гадаа гудамжаар тэр чигээрээ л залуус харагдаж байна. 1960-д оны Японыг санагдуулам, залуу хүмүүс ихтэй. Гэтэл 50 гаруй жилийн дараах өнөөгийн Японд 4 хүн тутмын 1-нь над шиг настай хүмүүс болж дээ. Хэдийгээр 50 жилийн дараа Монгол ямар байхыг хэлж мэдэхгүй ч хэлж чадах ганц зүйл бий. Харин та 2069 онд хэдэн настай байхаа мэдэж чадна. Монголын хүн амын өсөлт жигд. Тиймээс 50 жилийн дараа манайх шиг өндөр настнуудын тоо нэмэгдэх л болно. Өөрөөр хэлбэл 5 хүн тутмын 1 нь өндөр настнууд болно. Тэр үед яг тэтгэврийн систем нь ийм хэвээрээ байвал харамсалтай. Тиймээс өөрийн улс орон тохирсон онцлог бүхий л тогтолцоог бий болгох л хэрэгтэй.

Зураг 2. Монгол Улсын хүн амын төсөөлөл
 
Эх сурвалж: Эх сурвалж:НҮБ-ын хүн амын хэлтэс

Зураг 3. 65-с дээш насны хүн амын эзлэх хувь

 
Эх сурвалж: Дэлхийн банкны дата сангийн тоон өгөгдлийг ашиглан тооцоолов

Монгол өвөө: -Ай хөөрхий. Би ч яах вэ. Хөгшин хонины настай биш. Муусайн хүүхдүүд минь л хэцүүдэх нь дээ. Би ч одоо энэ талаар маруухан л ойлголттой хүн. Цалин аваад татвар, шимтгэл төлнө. Шимтгэл төллөө гээд төлсөн шигээ тэтгэвэр авч чадахгүй. Тэгээд хүн ам нь хөгшрөөд ирэхээр тухайн үеийн ажилчид бүр л их татвар төлөх болох нь. За тэгэхээр асуудал нь яг юу байна вэ? Манайд шимтгэлийн хувь нь бага байна уу? Эсвэл цугларсан НДШ-ийн орлогоо зөв зүйтэй зарцуулж чадахгүй байна уу?

Япон өвөө: -Таны хэлдэг шиг нөхцөл байдал Японд ч бас тулгарч байсан. Шимтгэлийн тухайд дэлхийн аль ч улсад авч байгаа. Гол асуудал нь тэр НД-ын санд төвлөрсөн мөнгийг л найдвартайгаар эргэлдүүлэх нь чухал байгаа юм. Одоо Монголд байгаа систем нь яг үүн дээрээ гацчихсан харагдаж байна. Японд бол улсдаа харьяалалтай тусгай сан байдаг. Тус санд хуримтлагдсан мөнгөөр найдвартай хөрөнгө оруулалт хийж, мөнгө нь өсөөд явдаг тогтолцоотой юм.
 
Зураг 4. Японы тэтгэврийн систем, орлого олох механизм
 

Тэгэхээр эхлэх л хэрэгтэй, хугацаа алдаж болохгүй. Японд 1960-аад оны төрийн эрх баригчид 40, 50 жилийн дараа өндөр настнуудын тоо нэмэгдэнэ гэдгийг харсан учраас тэтгэврийн системийг эрт эхлүүлж, хэрэгжүүлсэн хэрэг. 20 нас хүрсэн л бол эр эм, баян ядуу, ажилтай ажилгүй хамаарахгүйгээр албаар тэтгэврийн даатгалд хамруулж, шимтгэл төлдөг болгосон. 

Тэгэхээр хэд хэдэн талын ач холбогдолтой байсан.
  • 1960-аад онд Япон хөдөө аж ахуйд суурилсан бүтэцтэй орон байв. Нийгмийн даатгалын тогтолцоо ч дээрх шиг бий болов. Тус орлогоос нь аж үйлдвэрийн төсөлд хөрөнгө оруулав.
  • Дагаад аж үйлдвэрийн төслөөр ажлын байр бий болж эхэлсэн. Улмаар дундаж давхарга нэмэгдээд ирдэг. 
  • Харин төсөл үр ашгаа өгөөд эхлэх тэр үед буцаад ашгыг нь авч, тэтгэврийн сандаа хуримтлуулна. 
Азийн орнууд авлига өндөр, заримынх нь төрийн тогтолцоо сул учраас заавал төрөөс хамаарсан тусгай сан байх албагүй. Таны хүү ажилладаг бол хувийн тэтгэврийн санд мөнгөө хуримтлуулбал 50 жилийн дараа гэхэд хангалттай мөнгөн хөрөнгөтэй болох нь байна шүү дээ. Ихэвчлэн Америк, Голланд гэх мэт хөгжсөн улсуудад хувийн сангууд давамгайлдаг гэх үү дээ. Танайд ч мөн хувийн тэтгэврийн сан байхад болохгүй зүйл байхгүй. Гол нь эдгээр зүйлсийг хууль дүрмийнх нь л дагуу явуулах асуудал. 
 
Монгол өвөө бодов.(Бас ч бэрх улс шүү. Манайх чинь харин тэр НДШ-ийн орлогыг нь өсгөх байтугай зүгээр л банкуудад хуваагаад байршуулчихна. Сүүлд Капитал банк дампуурахад харилцах дансанд нь 200 гаруй тэрбум байсан гэсэн. Түүнийгээ Монгол банкнаас Нийгмийн даатгалын газар нь нэхэмжилсэн. Гэтэл Монголбанк нь татварын мөнгөөр санхүүждэг нэг байгууллага шүү дээ. Төллөө гэвэл төсвөөс л авна гэсэн үг. Манайхан жинхэнэ бантан хутгаж байдаг юм биш үү).
 
Монгол өвөө: -За тантай сайхан л ярилцлаа. Хүүдээ л очиж хэлдэг хэрэг. Намайг бодвол иймэрхүү зүйлсийн наана, цааныг ялгахтайгаа л байх. 
 
Япон өвөө: -Зүйтэй. Гол нь таны хүү 50 жилийн дараах өөрийнхөө төлөө л өнөөдөр эдгээр зүйлсэд гар бие оролцох л үлдэж дээ. Үүнийг таны хүү л ярихгүй бол өөр хэн ярих билээ. Зөвхөн таны хүү ч бус, таны ач, гучид ч хэрэгтэй зүйл байх болно.
 
Монгол өвөө: -Тэр ч тийм шүү. За яаруу хүнийг уяад яахав. Зам хол, үзэж харах ч зүйл их бий. Хот орохоор бол заавал манайхаар дайраад гардаг юм шүү.
 
Япон өвөө: -Тэгэлгүй яахав. Ороод гарна аа. Танд баярлалаа.