Индэр    
2019 оны 8 сарын 17
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 25: АВЬЯАСААС илүү ХӨДӨЛМӨР чухал

Зураг

Сэтгэлзүйн шинжлэх ухаан, боловсролын салбарт томоохон сэдэв болж чадсан "Grit" буюу шаргуу, хөдөлмөрч, тууштай зан чанарын тухай өгүүлэх 2016 оны бэстселлер бүтээлийг энэ удаагийн unlock подкастын бичмэл хөрвүүлгээр онцолж байна.

Сэтгэл судлалын профессор Анжела Дукворт нь 10 гаруй жилийн судалгааныхаа үр дүнд энэхүү номоороо дамжуулж "Xүн амжилтад хүрэхэд төрөлх авьяасаас илүү шаргуу, хөдөлмөрч, тууштай зан чанар чухал” гэдгийг олон талаас нь батлан харуулжээ. 

Анжела Дуквортад “Авьяас бол хүнийг амжилтад хүрэхэд нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйл. Чамд авьяас байхгүй” гэх үгийг ааваасаа сонсож өссөн тул надад хичээхээс өөр сонголт байхгүй гэж бодон амьдардаг нэгэн байжээ.

Тэр сургуульд багшлах үедээ авьяастай, сэргэлэн хүүхдүүд нь онц сурна гэж найдсан байна. Гэсэн ч бодит байдал дээр чадах бүхнээрээ хөдөлмөрлөж, багшийн өгсөн даалгаврыг цаг тухайд нь хийгээд явдаг хүүхдүүд илүү суралцаж буйг олж харжээ. Энэ нь түүнд авьяасаас илүү хөдөлмөр чухал гэдгийг мэдрүүлсэн сургамж болсон байна. 

Үүгээр дамжуулан тэр хөдөлмөрч, шаргуу зан нь хүний амьдралыг аз жаргалтай болгоход нөлөөлдгийг олж мэдсэн.

НОМЫН ТУХАЙ #UNLOCK ПОДКАСТЫГ ШУУД СОНСОХ: ДУГААР 65 

Уг номын гол санааг гурван хэсэгт хуваан хүргэж байна.

Яагаад GRIT буюу шаргуу зан, тэсвэр хатуужил чухал вэ?

Америкийн чанга дэглэмтэй нэгэн цэргийн сургуульд ороход Харвардын их сургуульд орохоос ч хэцүү гэлцдэг. Тус сургууль жилд 12-13 мянган хүүхэд бүртгүүлдгээс 10 хүрэхгүй хувийг нь л элсүүлдэг. Арай гэж тэнцэж орсон хүүхдүүдээс ихэнх нь эхний хоёр сардаа шантраад сургуулиасаа гардаг.   

Учир нь эхний хоёр сард хүний сэтгэл зүй, бие физиологийн бүх хязгаарыг шалгасан хүнд сорилтыг давуулдаг байна. Сургуулийн хувьд анхнаас нь хүүхдүүдийг элсүүлэхдээ шалгуурыг хэн давж чадах, чадахгүйг мэдэх боломжгүй.

Анжела Дукворт сургуульд элсэгчдийг зохиосон тестээрээ тестэлж үзэх санал гаргажээ. Ингэхэд тестээр өндөр оноо авсан хүүхдүүд нь хоёр сарын дараа сургуульдаа үлдэх магадлал нь өндөр байсан аж.  

Судлаач энэ туршилтаараа дамжуулан хүнд тэсвэр хатуужил, шаргуу зан байх нь амжилтад хүрэх хамгийн чухал зүйл болохыг дахин баталж чадсан байна.

Хичээл зүтгэл, тэсвэр хатуужил нь хүний амьдралыг үнэтэй болоход шаардлагатай зүйлс гэдгийг зохиогч уг номоор дамжуулан хэлэхийг хүсжээ.  

 

Ихэнх хүн авьяастанд илүү анхаарлаа хандуулж хатуужил, шаргуу занг орхигдуулах хандлагатай байдаг.

Мөн нийгэмд хүний амжилтыг харахдаа байгалиас нь заяасан мэтээр хүлээж авдаг. Байгалиас заяасан бүжигчин, дуучин, толгой сайтай бизнесмен гэдэг.

Өөрөөр хэлбэл, хүмүүс амжилттай яваа хэн нэгнийг харахдаа "Ямар их хөдөлмөрлөсөн бол" гэхээс илүүгээр шууд л "Энэ хүн ийм авьяастай юм чинь аргагүй" гээд өөрийгөө тайвшруулчихдаг.

Хэрвээ ийм төрлийн бодол танд өчүүхэн ч болов байдаг бол толгойноосоо авч хаях хэрэгтэй.  

Хөдөлмөр, хичээл зүтгэл гэдэг авьяасаас хоёр дахин чухал хэмээх дүгнэлтийг судлаач олон жилийн судалгааны үр дүнд гаргажээ.  Өөрт буй  авьяасыг  хөдөлмөр зүтгэлээр үржүүлбэл төрөлхийн ур чадвар болдог. Нэгэнт чадвартай болсон хүн амжилтыг бүтээх гэж дахин хөдөлмөрлөх шаардлагатай.

Гаднаасаа Grit -г яаж хөгжүүлэх вэ?

Ром хот нэг өдрийн дотор баригдчихаагүй олон зуун жилийг дамжин боссонтой адил. Долоо хоног нойргүй сууж ажиллах бус 10 жил тасралтгүйгээр хөдөлмөрлөсөн тэвчээрийг Grit хэмээн ойлгож болох юм.

Өөрөөр хэлбэл, бид өдөр тутамд хийж буй зүйлээсээ гадна урт хугацааны зорилготой байх хэрэгтэй.

Жишээ нь та 25 зорилгыг жагсааж бичээд түүнээсээ хамгийн чухал гэж бодсон тавыг нь сонго. Үлдсэн 20-н зүйлийн төлөө цаг, энергээ битгий зарцуул.

1926 онд Харвардын их сургуулиас түүхэнд хамгийн алдартай хүмүүсийн амьдралыг судалж нэгэн судалгааг хийсэн. Судалгааны үр дүнд хүсэл тэмүүлэл, шаргуу зан нь түүхэн хүмүүсийн амжилтыг тодорхойлсон байна.

Тэсвэр хатуужлыг хэрхэн дотроосоо хөгжүүлэх вэ?

Тэсвэр хатуужил бол төрөлхийн эсвэл олдмол.

Та алийг нь гэж бодож байна. Хүний зан ямар ч зан төлөв 100 хувь олдмол эсвэл 100 хувь төрөлхийн  байдаггүйг судлаач хэлжээ.  

Жишээ нь бид хүний өндрийг ихэнх тохиолдолд удамтай холбодог. Гэхдээ намхан гэр бүлийн хүүхэд сайн хүнс тэжээл идэж, сагс сайн тоглож,  дасгал сайн хийгээд байвал өндөр болох бүрэн боломжтой.

Зохиогч шаргуу зантай болж өөрчлөгдөх дөрвөн аргыг хувцаалцжээ.

А. Сонирхол: Өөрийнхөө дуртай зүйлийг олж авах. Амьдрал богинохон дуртай зүйлээ олж аваад тултал нь хий. Амжилт гаргасан хүмүүсийн ихэнх нь хийж буй зүйлдээ дуртай байдаг.

Дэлхий нийтийн судалгаанаас харвал ажил хийж буй хүмүүсийн 13 хувь нь ажилдаа дурлаж, дотор нь орж ажилладаг хүмүүс байдаг.

Одоохондоо дуртай зүйлээ олж амжаагүй байгаа бол дараах асуултуудыг өөрөөсөө асуугаарай.

  1. Би юуны тухай их бодох дуртай вэ?
  2. Юунд хамгийн их анхаарал хандуулдаг бол?
  3. Миний хувьд амьдралд хамгийн чухал нь юу бол?
  4. Би цагаа яаж өнгөрөөх дуртай вэ?
  5. Цагаа яаж өнгөрөөвөл хамгийн таатай байдаг вэ?
  6. Ямар зүйлийг тэвчиж чаддаггүй вэ?

Гэх мэт асуултуудыг өөртөө тавьснаар дуртай зүйлээ мэдэх боломжтой.

Б. Дахин дахин давтах: Олон цагийн хичээл зүтгэл бас чухал. Хүн аливаа зүйлд сайн болохын тулд тухайн зүйлээ хамгийн багадаа 10,000 цаг давтах хэрэгтэй.

Ингэхдээ үр дүнтэй давтах нь чухал. Тогтсон цаг байвал илүү сайн. Давтлага сургуулиа хэтрүүлж болохгүй. Өдрийн давтлагын цаг нь 3-5 цагаас хэтрэхгүй байх нь зөв юм. Бэлтгэл сургуулилт хийж байхдаа алдаа гаргахаас бүү ай.

В. Өндөр зорилго: Бусдын сайн сайхны төлөө, бусдад хувь нэмэр оруулахын төлөө зорилгоо тодорхойлох хэрэгтэй.

Хүн тэсвэр хатуужилтай байх тусмаа бусдын төлөө утга учиртай зүйл хийх нь хүнд аз жаргалыг төрүүлдэг.

Г. Хийж буй зүйл маань надад амжилт авчирна гэх итгэл: Хүмүүс ихэвчлэн шаргуу байж чаддаггүй шалтгаан нь хийж буй зүйлээсээ уйддаг, залхуурдаг, хийж буй зүйлийнхээ утга учрыг ойлгодоггүй, өөртөө итгэдэггүй явдал аж. Тиймд бусад хүн юу ч гэж байсан хамаагүй зөвхөн өөртөө итгээд өмнөө байгаа уулуудаа давах хэрэгтэй.