Индэр    
2019 оны 8 сарын 16
Зураг
Мэдээллийн технологи

“OPEN GOVERNMENT DATA” яагаад чухал вэ?

Зураг
Зургийг https://www.economist.com -с ашиглав.

Цахим засгийн хөгжлийн түвшинг үнэлэх нэг гол үзүүлэлт бол мэдээллийн ил тод байдал юм. Засгийн газрын /ЗГ/ дата нээлттэй байна гэдэг нь иргэн, аж ахуйн нэгж болон төрийн байгууллагууд үнэ төлбөргүй хандах, боловсруулах, түүнийгээ цааш түгээх боломжтой байхыг хэлдэг.

Харин "ЗГ ямар дата эзэмшдэг вэ”, “Түүнийг ил тод нээлттэй болгосноор ямар ач холбогдол той вэ?”, “Хэрхэн нээлттэй болгох вэ” гэх мэт асуултууд гарч ирнэ. Эдгээрийг зарим улсын амжилттай хэрэгжүүлсэн туршлага дээр тулгуурлан авч үзье.


ЗАСГИЙН ГАЗАР ЯМАР ДАТА ЭЗЭМШДЭГ ВЭ? 

Түүхийн явцад байгууллагууд маш их дата цуглуулдаг. Тэр дундаа ЗГ үйл ажиллагааныхаа хүрээнд маш их хэмжээний датаг төвлөрүүлдэг. Тухайлбал иргэний бүртгэл, аж ахуйн нэгжийн бүртгэл, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, газрын харилцаа, хот төлөвлөлт, гааль, татвар, ашигт малтмал, уул уурхай, төсөв мөнгөний зарцуулалт, худалдан авах ажиллагаа, хүнс хөдөө аж ахуй, тээврийн хэрэгслийн бүртгэл, түүх соёлын өв дурсгалын мэдээлэл, статистик мэдээ мэдээлэл зэрэг маш олон дата бий. ЗГ эдгээрийг хамгаалж, эзэмшиж бас шаардлагатай тохиолдолд олон нийтэд нээлттэй болгодог. 

ДАТАГ НЭЭЛТТЭЙ БОЛГОСНООР ЯМАР АЧ ХОЛБОГДЛУУД ҮҮСЭХ ВЭ?

Хувь хүний нууцтай холбоотой мэдээллээс бусад датаг хууль эрх зүйн хүрээнд нээлттэй болгосноор олон давуу талууд бий болдог. Тухайлбал:

1. Ил тод байдал

Ардчилсан орны иргэд ЗГ юу хийж байгааг мэдэх эрхтэй. Тэр нөхцлийг бий болгохын тулд иргэд ЗГ-ын дата руу чөлөөтэй хандах, түүнийгээ бусадтай хуваалцах боломжийг бий болгох нь зүйтэй. Ил тод болгоно гэдэг нь мэдээллийг зөвхөн ил харуулах төдий биш юм. Харин мэдээллийг бусадтай хуваалцах, анализ хийх, боловсруулах, мөн дахин ашиглах боломжоор хангахыг хэлнэ. 

2. Шинэ бизнес, Инноваци 

Дата нь нийгэмд баялаг бий болгоход ашиглагдах үндсэн нөөц юм. Шинээр бизнес эхлүүлэх, бизнесийн орчныг судлахад олон дататай ажиллаж судалгаа хийх хэрэгтэй болдог. Гэвч тэдгээр датаг ЗГ эзэмшдэг бөгөөд хаалттай байх нь элбэг тохиолддог. ЗГ өөрийн датаг нийтэд нээлттэй болгосноор инноваци бий болох, шинэ бизнесүүд төрөн гарч баялаг бүтээхэд томоохон түлхэц болдог байна. 

3. Иргэдийн оролцоо

Датаг нээлттэй болгож иргэдийн оролцоог бий нэмэгдүүлснээр ЗГ иргэдтэйгээ хамтран ажиллах боломж бий болдог. Иргэдийн оролцоог хангах нь ил тод байхаас ч илүү өндөр ач холбогдолтой ажээ. Иргэд ЗГ-ын шийдвэрт зөвхөн хяналт тавиад зогсохгүй, түүнд нөлөөлөх, шийдвэр гаргалтанд оролцох болон саналаа оруулах боломж бий болно. Ингэснээр урт хугацааны хөтөлбөрүүдэд иргэдийн саналууд тусгагдаг болно гэсэн үг юм. Уг аргачлалыг мэдээллийн технологийн арга хэрэгсэл ашиглан хэрэгжүүлэх боломжтой.

ХЭРХЭН НЭЭЛТТЭЙ БОЛГОХ ВЭ?

Улс орнууд ЗГ-ын датаг иргэддээ нээлттэй болгож төрийн үйлчилгээг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг хэрэгцээтэй мэдээллээр хангах, төрийн бодлогод иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн олон жишээ байдаг. 

1. Нэг систем дээр төвлөрүүлэх

ЗГ-ын агентлагууд иргэд болон байгууллагаас асар их дата цуглуулдаг боловч хоорондоо харилцан солилцдоггүй, нийтэд нээлттэй болгодоггүй дутагдал байдал. Энэ асуудлыг шийдэх зорилгоор нээлттэй датаг нэг цэгт төвлөрүүлдэг. Тухайлбал Англи улс https://data.gov.uk, АНУ улс https://data.gov сайт дээр тус тус бүх датагаа олон нийтэд нээлттэй байршуулдаг.

Аль болох хялбар байлгах зорилгоор датаг салбар бүрээр төрөлжүүлэхийн зэрэгцээ, хайлтын систем, тухайн салбарт ашиглагддаг аппликэшн, газрын зураг, нэмэлт мэдээлэл авах зэрэг хэсгүүдийг шийдэж өгчээ.

Иргэд (G2C) болон бизнесийн байгууллагууд (G2B), бусад төрийн байгууллагууд (G2G) шаардлагатай датагаа эндээс авч ашиглах, дахин боловсруулах, цааш нь түгээх боломжтой.

Зургийг data.gov сайтаас ашиглав.

2. API нэвтрүүлэх

Датаг зөвхөн вэб сайт дээр нээлттэй тавиад зогсохгүй иргэн, аж ахуйн нэгжүүдэд ашиглуулах, хуваалцах зорилгоор API (Application Programming Interface)-үүдийг гаргаж өгдөг.

Бизнесийн байгууллагууд, хувь хүмүүс уг интерфэйсийг ашиглан шинэ үйлчилгээ нэвтрүүлэх боломжтой. Үүнийг үр дүнтэй хэрэгжүүлсэн улс бол Австрали улс юм. Энэ талаар дэлгэрүүлж харахыг хүсвэл  Австрали улсын NSW мужийн системээс (https://api.nsw.gov.au/) харна уу. Эндээс жишээ болгон авч үзвэл  ШТС-ын байршил болон шатахууны үнийн талаар мэдээлэл өгөх API-ийг ашиглан өөрт ойрхон хямд үнэтэй ШТС хайж олон аппликэшныг бүтээжээ. Үүнтэй төстэйгээр авто замын ачааллын талаар мэдээлэл өгөх, үл хөдлөх хөрөнгийн салбарын бизнес эрхлэгчдэд зориулан тусгай зөвшөөрлийн талаар мэдээлэл авах, шалгах, сунгах зэрэгт шаардлагатай мэдээллийг олгох зэрэг маш олон API -уудыг хөгжүүлж нийтэд санал болгожээ.

Мөн бизнесийн байгууллагууд өөрсдийн бүртгэлийн систем дээр татвар төлөгчийн дугаар, нэртэйгээ таарч байна уу, авто машины дугаар эзэмшигчтэйгээ таарч байна уу зэргийг шалгах хэрэгцээ гардаг. Эдгээр асуудлыг бас уг аргаар шийдсэн байдаг. 

Зургийг api.nsw.gov.au сайтаас ашиглав.

Манай улсын хувьд одоогоор ЗГ датаг нийтэд нээлттэй болгосон цогц систем хараахан байхгүй байна. Бид ЗГ-ын датаг нийтэд нээлттэй болгосноор ил тод байдал дээшилж бизнес эрхлэгчид шаардлагатай мэдээллээ саадгүй авах боломж бүрдэнэ. Иргэд төрийн үйл ажиллагаанд хяналт тавих боломж бүрдэж мөн иргэдийн оролцоо нэмэгдэнэ. Түүнчлэн ЗГ-ын агентлаг хоорондын дата солилцоо сайжирна.

Иргэдэд болон бизнес эрхлэгчдэд шаардлагатай датаг зөвхөн вэб сайт дээр нээлттэй болгохоос гадна дээр дурдсанчлан мэдээллийн технологийн боломжийг ашиглан харилцан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх нь зүйтэй юм. Ингэснээр төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа нэмэгдэж төрийн үйлчилгээний хүртээмж сайжирна.