Зураг
Зураг
Индэр    
2019 оны 8 сарын 14
Зураг
Эдийн засагч, шинжээч

Төрмөл НҮГЭЛ

Зураг

Христэд итгэгчдийн ариун Библид анхны хүн болох Адам гэм нүгэл үйлдсэнээс болж түүнээс хойших дэлхийн хүн бүр гэмт мөн чанартай төрөх болсон гэдэг. Үүнийг өөрөөр “төрмөл нүгэл” ч гэж нэрлэдэг.

Эдийн засагт ч мөн адил “төрмөл нүгэл” хэмээх ойлголт гарч иржээ.

Учир нь дэлхийн өр түүхэн дээд түвшинд хүрч, улмаар шинээр мэндэлсэн хүүхэд бүр хаана, хэрхэн, яаж төрөхөөсөө үл хамааран “өр” гэсэн тамгатай мэндлэх болжээ. Өв хөрөнгө биш, өр өвлөн авч байгаа нь харамсалтай. Мэдээж тэрээр шууд өр төлөөд явна гэсэн үг биш ч ирээдүйд нь илүү их татвар, илүү их төлбөр, илүү их шимтгэл л хүлээж байна гэсэн санаа.

Хөгжиж буй орнуудын өр 2008 оны хямралаас хойш хурдацтай өсөж эхэлсэн. “Үнэгүй юм гэж байдаггүй” нэртэй Дэлхийн банкны судалгаагаар хэр чадлаа мэдэхгүй өр тавих нь тухайн улсдаа томоохон эрсдэл дагуулж байгааг анхааруулжээ. Ихэнх тохиолдолд эрх мэдэлтэй, мэдээллийн давуу талтай, илүү боломжийг атгасан хүмүүсийнхээ өрийг дундаж давхарга нь төлдөг тогтолцоо хаа сайгүй газар авч байгааг ч дурджээ.

Өрийг улсуудаар харьцуулахдаа тухайн орны баялгийн (ДНБ) хэдэн хувьтай нь тэнцэж байгаагаар авч үздэг. Энэ үзүүлэлтээрээ Монгол Улс хоёрдугаарт бичигдэж байна. Өртэй байх нь муу гэсэн үг биш. Тиймээс тус үзүүлэлт сайн, мууг тодорхойлохын тулд тавьсан өр, зээл нь үр ашигтай төсөл, хөтөлбөрт ашиглагдсан уу, үгүй юу? Тухайн өрийг асуудалгүйгээр төлөх төлөвлөгөө байна уу, үгүй юу? гэх мэт олон асуултад хариулт өгснөөр тодорхойлогдоно. Харин бид шударгаар эдгээр асуултад хариулах л үлдэж дээ.

График. Нийт гадаад өр ДНБ харьцаа

Эх сурвалж: IMF World Economic Outlook database, ДНБ- гэдэг нь Дотоодын нийт бүтээгдэхүүн бөгөөд энгийнээр тухайн улсын нийт баялаг юм. 

Монгол ба өрийн хавх 

 

Зургийн тайлбар: Хятад худалдааны данжаад нар. Хятад пүүсийн эздийг данжаад гэж нэрлэдэг байжээ. Их өрөөс шалтгаалан тухайн үеийн Монголд “Данжаад ирвэл тээртэй” хэмээх ч үг гарчээ.

Манжийн дарлалаас өнөөг хүртэл монголчууд өрийн хавханд үндсэндээ гурван удаа орж байжээ. Эхний хоёроос нь арайхийн гарч чадсан. Харин гурав дахь нь хамгийн том асуудал хэвээр байна.

Данжаадын өрийн дэвтэр ба өрийн НЭГ дэх хавх

Хорьдугаар зууны эхээр Монголд Хятадын худалдааны 500 гаруй пүүс байжээ. Тэд монголчуудын мөнгөгүйг мэдэх тул мал, малын гаралтай түүхий эдээр наймаа хийхийг илүүд үздэг байж. Орос эрдэмтэн Майскийн хэлснээр хятад худалдаачид их л зальхай хийгээд жаахан чисчүүний үнийг асуувал 15 лан гэх боловч эцсийн дүндээ 8 лан дээр буудаг гэнэ. Харин монголчууд таалагдсан бараагаа наймаалцаж чадна гэж үгүй. Тиймээс Хятад пүүсүүдийн их ашиг олдог байсныг байсхийгээд л урагш туугдах сүрэг мал, тэмээн жингийн урт цуваанаас харж болно гэжээ.

 

Зургийн тайлбар: Оросуудын хийж буй бүтээн байгуулалтын ажил

Хятадын томоохон пүүс болох Да шанхү нь зөвхөн зээлийн хүүндээ л гэхэд 500,000 хонь, 70,000 адууг Хятад руу гаргадаг байжээ. Харьцуулахад өрөөсгөл хэдий ч нэгхэн пүүсийн ашиг одоогийн ханшаар 91 тэрбум буюу өнөөгийн банкуудын нийт ашигтай ойролцоо байна. Халхын 104 хошуу, Их шавийн олон отог тус пүүст өртэй байснаас үзэхэд Монгол орон тэр чигээрээ өрийн сүлжээнд баригдсан байжээ. Ард түмний дааж давшгүй энэ их өрийн өчүүхэн хэсгийг нь шилийн сайн эрс Данжаадын өрийн дэвтрийг шатаан барин бууруулдаг байв. Өрөнд туйлдсан монголчууд хувьсгал хийн, тусгаар тогтнолоо зарлав. Улмаар энэ их өрийг үгүй хийж, арайхийн нэг амьсгаа авахтайгаа болов.

Их өр ба өрийн ХОЁР дахь хавх

Төд удалгүй Монголын түүхэнд МАНАЙ ТАЛ гэсэн дүрээр гарч ирсэн орос ах нар орж ирэв. Тэд банк байгуулахаас эхлээд бүхий л бүтээн байгуулалтад оролцсон. Улмаар өртөгт нь мал сүрэг, газрын баялгийг маш хямдаар зөөн гаргаж байв. Тус бүтээн байгуулалтыг хийхийн тулд орос ах нараас 1950-аад онд 200 сая рубль, 1971 оноос хойш 5 жил тутамд 3.0 тэрбум шилжих рублийн зээлийг тус тус авч байжээ. 1990 он хүртэл социализмын нэг багана болж, ЗХУ-тай анд нөхдийн харилцаатай байсан монголчуудад өрийн талаар төдийлөн хөнддөггүй байв. 1990 онд Монголд ардчилсан хувьсгал гарсны дараагаар ОХУ нь 11.7 тэрбум ам.доллар нэхэмжилсэн хэрэг.

Энэхүү өр нь тухайн үед Монголын баялгийн 585 хувьтай(өр/ДНБ) тэнцэхүйц хэмжээ юм. 1990-2002 он хүртэлх хугацаанд их өрийн асуудал шийдэгдэж чадаагүй. Улмаар 2003 он буюу сонгуулийн өмнөх жилд их өрийн 98 хувийг тэглэж, үлдсэн 2 хувь болох 250 сая ам.долларыг төлөхөөр тохиролцоонд хүрэв. Гуйж гувшиж, урьж дайлж, ямар амлалт өгснийг нь хэлж мэдэхгүй ч Монгол Улс өрийн хоёр дахь том хавхнаас ийнхүү мултарч чадсан байдаг. 
 

 

Зургийн тайлбар: 2012 онд 1.5 тэрбум ам.долларын "Чингис" бонд, 2015 онд 161.2 сая ам.долларын "ДимСам" бонд, 2016 онд 500 сая ам.долларын "Мазаалай" бонд, 2017 онд 600 сая ам.долларын "Хуралдай" бонд, 2018 онд 800 сая ам.долларын "Гэрэгэ" бондуудыг тус тус арилжаалж, нийт 2,061.2 сая ам.долларын эх үүсвэрийг босгосон байна.Үүнээс "Чингис", "ДимСам", "Мазаалай" бондуудыг төсөл, хөтөлбөр болон төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор арилжаалсан бол "Хуралдай", "Гэрэгэ" бондуудыг гадаад бондын дахин санхүүжилт хийх зорилгоор арилжаалсан юм. Гадаад үнэт цаасны өрийн үйлчилгээний төлбөрт 2016-2018 онд нийт 1,386 сая ам.доллар /үүнээс үндсэн төлбөрт 660.3 сая ам.доллар, хүүгийн төлбөрт 725.7 сая ам.доллар, нийтдээ төсвийн орлогын 15 хувьтай тэнцэхүйц мөнгө/-ыг төлсөн байна.

Хатуу гар буюу өрийн ГУРАВ дахь хавх 

Өр, зээл үргэлж дайсны тал байгаагүй. Бид л өр, зээлийг буруу ашигласнаас болж хадны мангаа мэт болгосон хэрэг. Ямар сайндаа л "Өргүй бол баян, өвчингүй бол жаргал"  хэмээх үг гарах вэ дээ.

Төсөл, хөтөлбөр нь ашигтай, зээлээ төлөх орлоготой, төлөвлөгөөтэй нөхцөлд өр, зээл бол хөгжиж, дэвших боломж юм. Яг ийм сэдлээр 2010 оноос хойш монголчууд дэлхийн зах зээлээс бонд босгож, зээл авч, түүнийгээ өөр хоорондоо хуваагаад идчихэв ээ, хөөрхий.

Нийт өр нь 29.5 тэрбум ам.доллар буюу баялгийн 227 хувьтай, Засгийн газрын өр нь 7.0 тэрбум ам.доллар буюу баяллгийн 54 хувьтай тус тус тэнцэж байна. Нэг хүнд 24 сая төгрөгийн өр ногдож байна гэсэн үг. 

Энэ удаад бид хувьсгал гаргаад ч, ах дүүгийн нөхөрлөлөө бодоод ч энэ өр, зээлээс чөлөөлөгдөж чадахгүй. Учир нь олон улсын санхүүгийн зах зээлийн дүрмийн дагуу гэрээ, хэлэлцээрийг нь нарийн чанд мөрдөх учиртай. Хэрвээ өрөө төлж чадахгүй бол баялгаа хямд өг, газраа худалд гэх мэтээр төлүүлж л таарах юм. Магадгүй эхний хоёр хавх нь туулайд тавьдаг хавх байсан бол энэ удаагийнх чононд тавьсан хавх. Явах тусам чангардаг. Гарах гэж хичээх тусам тахир дутуу болгох тийм л өрийн хавх. Ямар ч найраа байхгүй. 

Төгсгөлд нь 

Бид гурван жил ус ч уухгүй, хоол ч идэхгүй, хувцас ч хэрэглэхгүй амьдарч байж энэ өрийг төлөхөөр байна. Бидэнд бодлого байхгүй, бодсон зүйл ч байхгүй, ард түмэн нь нутагтаа хоргодох сэтгэл ч байхгүй. Ийм л хүйтэн хөндий, хүний хүн хүртэл хараад "Ашиглаад гарахсан" гэсэн сэдэлтэй улс орон болж.

Хаяад явах уу? Хамтдаа дуугараад шахаж шаардах уу? гэдэг нь таны л сонголт байх нь ээ.