Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тулгардаг олон асуудлыг цахим эрүүл мэндийн системийг нэвтрүүлснээр хэрхэн шийдэж болох талаар энэ удаа та бүхэнтэй хуваалцаж байна.
Эрүүл мэндийн үйлчилгээ авах үед таны өвчний түүх болон эмчилгээ, оношилгоо, шинжилгээний мэдээллүүдийг эмч нар дундын мэдээллийн системээс хардаг болчихвол эмчилгээний чанар дээшилж, зарим хэцүү мэдээллүүдийг цээжлэх эсвэл байнга биедээ авч явах шаардлагагүй болно гэсэн үг юм.
Онош болон эмчилгээний талаар өвчтний картан дээр тэмдэглэдэг боловч заримдаа орхигдох, хаяж гээгдэх асуудлууд гардаг. Эдгээрийн үр дүнд буруу зөрүү ойлголцох, иргэд төөрөгдөх, хийгдсэн шинжилгээгээ давтаж хийлгэх, шинжилгээний хариугаа өөр эмнэлэгүүдээс биечлэн очиж авах зэрэг төвөгтэй асуудлууд байнга үүсдэг.
Нэгэн жишээ авч үзье.
Хэнтий аймгийн өндөр настан Ц аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Улаанбаатар хотод онош тодруулахаар иржээ. Улсын эмнэлгийн ачааллаас хамаарч хувийн эмнэлэгт шинжилгээ өгсөн байна. Мөн энэ хооронд хувийн эмнэлэгт бас цөөн хоногоор хэвтэн эмчилгээ хийлгээд авчээ. Хэсэг хугацааны дараа 1-р эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр шийдвэр гаргажээ. Энэ хугацаанд иргэн Ц ямар ямар асуудлуудтай нүүр тулдаг вэ?
Иргэн Ц-н амьдралд тохиолдсон уг асуудалтай төстэй асуудлууд бидэнд түгээмэл тохиолддог. Ерөнхийдөө энэ үзэгдэл дахин дахин давтагдсаар иргэд эмчилгээний чанарт биш эрүүл мэндийн үйлчилгээнд муу дүн тавьдаг.
Монгол Улс түүхэндээ 2 удаа цахим эрүүл мэндийн төслийг хэрэгжүүлсэн туршлагатай.
Маш товчхондоо өвчтний түүхийг бүрэн хэмжээнд хадгалсан дундын мэдээллийн системийг байгуулснаар эмч нар мэдээлэл авах, нэмэлт мэдээлэл оруулах, лабораториуд шинжилгээний хариуг оруулах, эмийн сангууд холбогдож жороор эм олгох, эмийн зааврыг хэвлэж олгох зэрэг ажлууд маш хялбар болох юм. Мөн ЭМД өвчтөнд хийгдсэн эмчилгээ, оношилгооны мэдээлэлд үндэслэн эмчилгээний зардлыг санхүүжүүлнэ. Үүнд иргэн олон тийш гүйж чирэгдэлд орохгүй гэсэн үг юм. Хүнд суртал буурна.
Өөрөөр хэлбэл иргэн дуртай үедээ гар утасны аппликэйшнаар, эсвэл эрүүл мэндийн нэгдсэн системийн вэб сайт руу өөрийн нэвтрэх эрхийг ашиглан хандаж өнгөрсөн хугацаанд хийгдсэн эрүүл мэндийн үзлэг, хийгдсэн эмчилгээ, хэрэглэж байсан эм тариа, шинжилгээний хариунуудаа харах боломж бүрдэх юм. Ингэснээр эрүүл мэндийн салбарт дараах боломжууд нээгдэнэ.
Цахим эрүүл мэндийн системийн ерөнхий төсөөлөл
Цахим эрүүл мэндийн системийн ерөнхий төсөөлөл
АНУ-н хувьд:
АНУ-н эрүүл мэндийн нэгдсэн цахим системийг “Nationwide Health Information Network (NHIN)” гэж нэрлэдэг. 2010 оноос эхлэн энэхүү системийг ашиглаж эхэлсэн. NHIN нь интернет ашиглан тодорхой стандарт, хууль эрх зүйн хүрээнд эрүүл мэндийн мэдээллийг нууцлалын өндөр түвшинд харилцан солилцох зориулалттай цахим систем юм. Одоогийн байдлаар уг систем нь 50 мужийн 70,000 гаруй эрүүл мэндийн байгууллагууд, 8,300 орчим эмийн сан, 120 гаруй сая иргэний эрүүл мэндийн мэдээллийг багтаасан байна. Нийт улсын болон хувийн эмнэлэгүүдийн 75% нь уг системд холбогдоод байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://ehealthexchange.org/ -с харна уу.
Австрали улсын хувьд:
Австрали улсын цахим эрүүл мэндийн нэгдсэн системийг “My Health Record” гэж нэрлэдэг. Уг системд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг бүх байгууллагууд, эмийн сангууд, шинжилгээний лабораторууд холбогдон харилцан мэдээлэл солилцож мөн иргэдийг зохих мэдээллээр хангадаг.
2019 оны 5 сарын байдлаар Австрали улсад 10 хүн тутмын 9 нь My Health Record системийг ашиглан эрүүл мэндийн түүхээ харж, эрүүл мэндийн үйлчилгээ авч байна. 15900+ эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага уг системд холбогдон эрүүл мэндийн нэгдсэн системийн мэдээллийг бүрдүүлж харилцан мэдээлэл солилцон ажиллаж байна. Үүнд 7100 орчим өрхийн эмнэлэг, 4730 эмийн сан, 800+ гаруй хувийн болон улсын эмнэлэгүүд, 100+ гаруй лаборатори оношлогооны төвүүд, 230 гаруй өндөр настны сувилалын газар гэх мэт байгууллагууд багтжээ. Системд бүртгэдсэн мэдээллийг дүгнэж харвал 20 гаруй сая эмчилгээ, шинжилгээ, дүрс оношлогооны дата, 49 сая орчим эмийн жор, 1.1 тэр бум орчим бичиг баримт уг системд бүртггэджээ. Дэлгэрэнгүй мэдээллийг https://myhealthrecord.gov.au -с сонирхоно уу.
Хамгийн сонирхолтой хэсэг нь иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд тухайн иргэний эрүүл мэндийн мэдээлэл рүү хандах бүрд тухайн иргэнд имэйлээр болон SMS-р аль эмнэлэгийн хэн гэдэг эмч хаанаас таны мэдээлэл рүү хандаж байгаа тухай анхааруулга ирдэг. Иргэд мэдээллээ бусдад харуулахгүй гэж үзвэл уг тохиргоог мөн өөрсдөө хийх боломжтой юм байна.
Төгсгөлд нь дүгнэж хэлэхэд эрүүл мэндийн цахим мэдээлэл солилцооны системийг байгуулснаар эрүүл мэндийн салбарт маш том алхам болно. Дээр дурдсан олон давуу талууд үүснэ. Одоо хэрэгжиж байгаа төслүүдийг чанаржуулах, цар хүрээг нэмэгдүүлэх, олон улсад амжилттай хэрэгжсэн жишээнүүдээс санаа авч илүү иргэд рүүгээ чиглэсэн үйлчилгээг нэвтрүүлэх нь зүйтэй юм. Мөн гол анхаарал хандуулах зүйлс нь иргэний эрүүл мэндийн мэдээллийг нууцлах юм. Дээр дурдсан Австрали улсын жишгээр өөрсдийн мэдээлэлд хандах эрхийн хязгаарлалтыг иргэнд өөрт нь олгох, мэдээлэлд хандах бүрд нь мэдэгдэл ирэх зэрэг сайн жишгүүдээс санаа авч хөгжлийн хурдаа нэмэх боломж бидэнд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|