Индэр    
2019 оны 7 сарын 31
Зураг
Эдийн засагч, шинжээч

Би тэр ХАР МАСС чинь...

Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Загалмайтны дунд Христийн шашинг эсэргүүцэгч, чөтгөрийг шүтэгчдийг “ХАР МАСС” гэж нэрлэдэг байж.

Энгийнээр Христ итгэгчдийн цугларлыг сүмийн цуглаан, масс гэх агаад түүний эсрэг үзэлтэн нь ХАР МАСС болж байгаа хэрэг.

Харин манайд энэхүү ойлголт арай өөр утгаар орж ирэв. Ер нь масс гэдэг зүйл нь өөрөө ижил сонирхолтой, ижил үзэл бодолтой, ижил мэдрэмжтэй гэх мэтээр адил төстэй тал нь давамгайлсан хүмүүсийн нэгтгэлийг хэлдэг.

Харин тэр дундаасаа бодож, сэтгэж, шүүн тунгаахаас илүүтэй болсон бүхнийг үзэн ядалт, уур уцаар, хүчээр шийдэхийг хүсдэг над шиг нөхдүүдийг нь хар масс гэж ангилаад байх шиг байгаа юм.

Сонсох нь ээ, тэр алс холын Америкийн ерөнхийлөгч Трамп чинь хүмүүсээ арьс өнгөөр нь хар, шар, цагаан гэж хуваагаад амьдралын түвшингээр нь бага, дунд, өндөр орлоготой басхүү сонирхлоор нь бүлэглэсэн гэж байгаа.

Малтай ойрхон Монголчуудад бол малыг морь, хонь, ямаа тэр дундаа эр, эм ишиг, хургаар нь ялгаж байгаа л гэсэн үг. Ялгасан хэсэг бүрт нь сонсохыг нь хүссэнийг нь ярьж, харахыг хүссэнийг нь хийдэг гэнэ. 

“Хар масс” гэдгээрээ ялгарах нь

Би чинь хар масс болохоор асуудлыг хүлээж авахдаа их хийрхүү.

Ярьж, хэлсэн бүрийг нь дээрээс нь доош нь шинжээд “надад заадаг чи ер нь хэн юм” гэж хардаг нэгэн.

Гэтэл сонсох нь ээ, заримдаа энэ занг маань дээдэс ашигладаг гэж ярилцах юм байна лээ. Нийгэмд дурын асуудал турхираад л бидэнд тэрхүү асуудлыг нь шийдэх эрх мэдэл өгсөн мэт хэлэлцүүлэх юм байх.

Яг л махан дээр батгана өт цацахтай адил гэнэ. Хэдэн том батгана эргэлдэж байгаад асуудал дээр нь зохион байгуулалттайгаар өт цацчихна. Удахгүй өт нь үржинэ.

Махыг нь огтолж, тасдахгүй ч нүхэлж, сүвлэж идэх бүртээ өт нь томроод эхэлнэ. Тэр сэдэв нь улс төр байна уу? олны танил нэгний амьдрал байна уу? хамаагүй тэндээс гарах үнэр танар яг л ижилхэн.

Тэгэхээр хүссэн зүйлс дээр нь өт шиг үржиж, асуудлыг нь улам л өмхийрүүлж чадсан бол дээгүүр эргэсэн хэдэн батганууд нь хүссэндээ хүрч байгаа нь тэр гэнэ.

Гэхдээ тэр нь надад хамаагүй. Асуудал нь л ямар байх нь чухал.

Цөс хөөргөдөг сэдвүүд

Жишээ нь Монголыг минь гадныхан ухаж, хужаа нар газар шороонд маань эзэн суулаа гэсэн харуусал дагуулам мэдээ ар, араасаа цувраад ирэхээр л өөрийн эрхгүй уур хүрч, уушги савсаад эхэлчихдэг юм.

Угийн л Хятад гэхээр цөс хөөрөөд, хэн нэгэн гадныхан гэхээр зүгээр л хөөн гаргамаар санагддаг хүн чинь. 

Бас тэр ард түмний зээл тэглэх асуудал байна. Хэчнээн их хүлээв. Би чинь нэг сая төгрөг л гар дээрээ авдаг. Үүнийхээ 70 хувийг нь зээлд өгөөд байхаар үлдсэнээр яаж амь зуух юм.

Муусайн батганууд угаас хангалттай идэж, ууж байгаа хойно тэр мөнгөнөөсөө жаахныг өгөөд миний зээлийг төлчихөд яах вэ дээ. Хэрвээ дарчих юм бол дахиад зээл авчихмаар л байна шүү дээ.

Тэр баялагтай сайхан Толгойнууд байна. Тавантолгойг яасан? Ордын нөөцийг нь бичиж байгаад л хүн бүхэнд ирэх мөнгийг нь сая саяар тооцож гаргаад л байсан. Судалдаг, мэддэг хүн нь ярьж байгаа үнэний хувьтай юм байна гээд саналаа өгчихсөн чинь дээдэс нь тодорч, сэдэв нь бүдгэрэв ээ гэж. 

За юутай ч болох байлгүй. Муу амлаад яах вэ. Хүлээж л сууя. 

Эцэсгүй хагаралдаан 

Одоо сонгууль дөхөөд манай дээдэс гүйлдэж эхэлнэ.

Дөрвөн жилд нэг удаа л харж болох зураглал шүү. Тэнгэрийн амьтад чинь газар дээр буудаг. Мань хэдээсээ амьдрал нь тасарчихсан юм байх гэж бодохоор бас ч үгүй юм аа хөөрхийс.

Багачуудтай тэвэг тоглож, автобусанд хамт чихэлдэж, айлд дээл нөмрөн дуг хийдгээс нь харахад их л энгийн даруу, эгэл сайхан хүмүүс шиг л санагдсан шүү. Түмэнтэйгээ ойр хүн төрийн түшээ хийнэ гэдэг сайхан. Гол нь сэтгэл байхад тэр хүн юм хийнэ л гэсэн үг дээ.

Ер нь сонгуулиар зөвхөн ихэс дээдэс ч шүүмжлэлийн бай болдог юм биш, би ч бас харанхуй бүдүүлэг, хар мулгуугаараа дуудуулдаг.  Хэрвээ үнэхээр харанхуй бүдүүлэг, хар цагааныг ч ялгахаа байсан бол үүнд ч бас шалтгаан бий.

Сүүлд ТВ хальт шагайхад хүн амын 30 хувь нь ядуу гэж байна лээ. Тэгэхээр гурван сая хүнээс чинь нэг сая нь ядуу гэсэн үг. Би ч бас пропорц гадарлахтайгаа.

За тэгээд юмны үнэ жаахан өсөөд, өнөөх ногоон нь ховордчиход л ядууралд өртөх 15 хувь байна гэнэ. Ингээд муйхар би энгийнээр бодоход хүн амын 45 хувь нь ядуу туужийна.

Наад захын идэх уух, өмсөх зүйхээ зохицуулж чадаагүй мань мэтэд боловсрол, эрүүл мэнддээ анхаарах, мэргэжил эзэмших гэдэг нь барагтаа л боломжгүй. Өнөөх аймшгийн кино дээр гардаг дуусдаггүй хараал “чөтгөрийн тойрог” гэлтэй. 

Зүтгээд, зүтгээд ядуу байхад хэтэрхий төлөөс ихтэй юм. Угаас амьдралд дарагдаад, ажилдаа нухлагдаад ирэхээр стресс, уур бухимдал, эгдүүцэл, хэрүүл уруул тасрахгүй.

Гэхдээ би боддог. Энэ бүх зүйлийн буруутан нь би биш. Харин хаа нэгтээ миний хүртээгүйг хүртэж байгаа баян цатгалан хэн бүхэн тэр буруутан нь юм шиг санагддаг.

За тэгээд хэчнээн мулгуу, өөрийнхөө зүтгэдэг ч гэлээ гайгүй мэдлэгтэй, судалгаатай ярьдаг хүнээ (өөрсдийгөө тэд цөөнх гэдэг) бол шүүмжилсэн шигээ сонсчихно оо. Гэхдээ л эцэстээ тэр хүмүүс чинь дээдсийн хүсэл гүйцэлдүүлэгчид л болж хувирдаг. Урам хугарам, итгэл эвдэм. Ашиг хайж, авлига авсан хуурамч гарууд л байдаг.

Ийм болохоор л хар масс ба түүний гадуур орших цөөнх хоорондын холбоо эцэсгүй тасарсан. 

Одоо бидэнд(хар масс, цөөнх), эцэс төгсгөлгүй хагаралдаанаа үргэлжлүүлсээр байх эсвэл эвлэрээд нэг чигт харж, бие биеэ дэмжээд урагшлах гэсэн хоёр л зам байна. Эвлэлдэн нэгдэх нь харин ихэс дээдсийн таалалд нийцэхгүй нь лавтай. 

Үлэмж сэдвийн өчүүхэн хэсгийг өнгөцхөн хөндөв. Өршөөнө биз ээ.