Индэр    
2019 оны 7 сарын 27
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 22: Манлайлагчид хамгийн сүүлд иддэг...

Зураг

Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр нийгэм жинхэнэ манлайлагчийг хүсэх болжээ. 

Иймд жинхэнэ манлайлагч болоход тань туслах, АНУ-ын уран илтгэгч Cаймон Синекийн 2014 онд бичсэн New York Times-ийн бестселлэр болох “Leaders eat last” буюу “Манлайлагчид хамгийн сүүлд иддэг” хэмээх гайхалтай номыг "Unlock" подкастын бичмэл тэмдэглэлд хөрвүүлж буй ээлжит номоороо онцоллоо.

“Leaders eat last” номын зохиогч Саймон Синек (Simon Oliver Sinek) өдгөө 45 настай. Тэрбээр Английн зохиолч, уран илтгэгч, менежментийн онолч нэгэн бөгөөд удирдагч буюу манлайлагч нь ажилчдадаа аюулгүй байдлыг мэдрүүлдэг, итгэлийн тойрогт оруулж чаддаг хүнийг хэлдэг болохыг энэхүү номоороо дамжуулан ойлгуулахыг зорьжээ. 

 

НОМЫН ТУХАЙ #UNLOCK ПОДКАСТЫГ ШУУД СОНСОХ: ДУГААР 62: 

Номд өгүүлж буй агуулгыг тоймлон хүргэе.

Нэг. Аюулгүйн тойргийг мэдрэх нөхцөл, шаардлага

Ихэнх компанийн гаргадаг нийтлэг алдаа нь ажиллаж буй хүндээ биш, ашиг олоход бүх анхаарлаа хандуулдаг явдал юм. Энэ нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагад хамаарал бүхий ажиллагчдын аюулгүй орчныг алдагдуулж буй хэрэг. 

Учир нь хүн хоорондын хамтын ажиллагааны үр дүнд томоохон амжилтууд бий болдог. Тэр утгаараа хүн хоорондын харилцаа, тэдний аюулгүйн тойрог, соёл зэрэгт анхаарлаа хандуулах нь хамгийн ухаалаг сонголт.

Мөн байгууллага бол гэр бүл гэсэн үг. Гэр бүлд эдийн засгийн хүндрэл үүслээ гээд тухайн айл нэг хүүхдээ өөр газар уруу явуулчихдаггүйтэй адилаар ААН, байгууллага хүнд бэрх цаг үед ажилтнаа хална гэдэг нь тийм ч зөв шийдэл биш аж. Нэг ёсондоо аюулгүйн тойргийн эсрэг хийгдсэн юм бүхэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын соёлыг буруу тийш нь эргүүлж байдаг.

Хүнд ажиллах аюулгүй орчин бүрдэж байж хийж буй зүйлдээ илүү анхаарлаа хандуулж, илүү өөриймсөг ханддаг бөгөөд байгууллагадаа итгэх итгэл нэмэгддэг. Энэ нь байгууллагын зөв соёлыг бий болгодог чухал зүйлсийн нэг юм. 

Нөгөө талаар, ажиллагсдадаа аюулгүйн тойргийг бүрдүүлж чадсанаар байгууллага урт хугацаанд оршин тогтнож, амжилтад хүрэх боломжтой. 

Тэгвэл энэ тойргийг манлайлагч хүн л бий болгож чадна. Хэрвээ манлайлагч буруу зүйлд анхаарлаа хандуулбал байгууллагад буруу соёл үүсэж, улмаар олон эрсдэл дагуулдаг болохыг үргэлж санаж амьдрах хэрэгтэй.

Хоёр. Манлайллын биологийн хэрэгцээ

Хүн төрөлхтөн олон мянган жилийн турш байгалийн шалгарлыг даван туулж, өдийг хүрэхэд тархинд нь ялгардаг дөрвөн төрлийн бодис нөлөөлжээ. 

  1. Эндорфин - хийж буй зүйлдээ улайрч, өвчнөө марттал нь нөлөөлдөг бодис
  2. Допамин- аливаа зүйлийг хийж гүйцэтгэсний дараа авдаг сэтгэл ханамжийг мэдрүүлдэг бодис /сөрөг тал нь ямар нэгэн зүйлд донтсон хүмүүст тухайн зүйлээ хийх хүслийг нь өдөөдөг/
  3. Серотонин- бусдаар хайрлуулж, хүндлүүлэх үед мэдрэгддэг. Эргээд өөрийг нь хайрлаж, хүндэлж буй хүмүүсийн төлөө ямар нэгэн зүйлийг хийх хүслийг төрүүлдэг бодис
  4. Окситосин- Хайр, нөхөрлөл, итгэлцлийг мэдрүүлдэг бодис

Эхний хоёр нь хувь хүнийг өөрт оногдсон үүрэг даалгавраа амжилттай биелүүлэхэд тусалдаг бол сүүлийн хоёр нь бусдад туслах, бусадтай хамтрах сэдлийг төрүүлдэг бодисууд юм. Эндорфин болон допамин давамгайлсан үед хэтэрхий амин хувиа боддог зан суудаг учир сүүлийн хоёр бодисыг ялгаруулах орчин нөхцөлийг бий болгож, тэнцвэрийг хадгалахаа мартуузай. 

Хүн айдсыг мэдрэх (кортисал бодис) үед окситосин буюу хайр, нөхөрлөл, итгэлцлийг мэдрүүлдэг бодисыг ялгаруулж чадахаа больдог.

Иймээс манлайлагчдын хувьд ажилчдынхаа төлөө ямар нэгэн зүйлийг золиослохоос буцахгүй гэдгээ мэдрүүлж байж гэмээнэ хамт олныхоо дунд итгэлцлийг бий болгоно.  

Өөрөөр хэлбэл, хоол хүрэлцээгүй байгаа бол манлайлагч хүн өөрөө хамгийн сүүлд идэж сурах хэрэгтэй.

 
Гурав. Манлайлагчийн үүрэг

Манлайлагч хүний үүрэг бол байгууллага нь ямар ч нөхцөл байдалд орсон хүнийг бодож, зоригтой, зөв шийдвэр гаргаж чаддаг байх. Байгууллагын соёл бол бичигдээгүй хууль тул хүнийг бодсон зөв соёлыг бий болгох нь асар чухал билээ.

Дөрөв. АНУ яагаад ийм болов

Өнөө үед АНУ-д хүний араас бус, тооны хойноос хөөцөлддөг манлайлагчид олон болсон. Байгууллагынхаа санхүүгийн үзүүлэлтийг л сайжруулах гэж хичээхээс биш хүнээ анхаарч боддог байгууллагын удирдлага ховор болсон нь харамсалтай. 

Үүний гол шалтгаан нь алмваа юмс элбэг дэлбэг болоод эхлэхээр хүмүүс бусдад туслахын аз жаргалыг умартаж эхэлсэн хэрэг. Тиймээс манлайлагч хүн "би л болж байвал болно" гэх боддог болсон байх. Энэ бодлоос л эмээж амьдрах хэрэгтэй.

Бас нэг чухал зүйл бол амьд харилцаа устаж, хийсвэр ойлголтод түшиглэдэг амьдрал юм. Хийсвэр ойлголтоор шийдвэр гаргана гэдэг үнэхээр харамсалтай.

Иймд манлайлагч хүн хийсвэр ойлголтоос ангид зөв шийдвэр гаргах таван дүрмийг танилцуулж байна.

  1. Амьд хүний харилцааг хэзээ ч алдагдуулахгүй байх
  2. Хэчнээн том компани байсан ч хүнийхээ тоог 150-аас илүү гаргахгүй байх (нэг салбартаа 150 хүн байлгаж болно).
  3. Өөрийнхөө тусалж буй хүмүүстэйгээ байнга уулзаж байх
  4. Мөнгөнөөс гадна цаг хугацаагаа зарцуулах
  5. Тэвчээртэй байх 
Тав. Аюулгүйн тойргийг бий болгох арга
  1. Амжилт бүтээл, алдаа оноог бие биетэйгээ хуваалцахыг мартаж болохгүй
  2. Ажлын талбарт байгаа хүнд асуудлыг шийдэх эрх мэдлийг нь олгох
  3. Итгэлцлийг бий болгохын тулд үнэнч шударга байдлыг эрхэмлэх
  4. Албаны бус цагаар уулзаж, хувь хүн талаас нь ойлгож, дотносох
  5. Тоонд буюу ашиг хонжоонд хэтэрхий их ач холбогдол өгөхгүй байх 
Зургаа: Хэрхэн манлайлагч болох вэ?

Манлайлагч байна гэдэг тийм ч амар зүйл биш...

Жинхэнэ манлайлагч бол бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй нэгнийг хэлдэг. "Хүнд туслах" гэдэг ойлголтыг компанийнхаа хамгийн эрхэм зүйл болгохыг хүсэж байна. Мөн компанийн зорилгыг томоор бий болгох нь чухал гэдгийг мартаж болохгүй.

Хэрвээ танай байгууллагад манлайлагч байхгүй гэж бодож байгаа бол тэр манлайлагч нь та өөрөө бол. Тэгээд бүх зүйлийн ард хүн байдгийг марталгүйгээр анхаарлаа сайжруулахыг тус ном өгүүлэв. 

Cаймон Синекийн TED-д тавьсан илтгэлээс...