Зураг
Зураг
Индэр    
2019 оны 7 сарын 17
Зураг
Мэдээллийн технологи

АВСТРАЛИ УЛС СТАРТАП БИЗНЕСЭЭ ХЭРХЭН ДЭМЖДЭГ ВЭ?

Зураг

Энэ удаа Австрали улс гарааны бизнесээ хэрхэн дэмждэг, энэ чиглэлд төрөөс ямар арга хэмжээ, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг талаар сонирхуулахаас гадна гарааны бизнестэй холбоотой сонирхолтой тоо баримтуудыг төгсгөлд дурдах болно.

Өндөр хөгжилтэй, хүчирхэг эдийн засагтай орнуудын нэг болох Австрали улсын стартап экосистем маш хурдацтай хөгжиж байгаа. Түүхэн ололт амжилт, онцлох инноваци, нээлтүүдээс дурдвал утасгүй сүлжээний WIFI технологи, анхны антибиотик болох пенициллин, Google map, HPV вирусийн эсрэг вакцин, пластик мөнгөн дэвсгэрт зэрэг маш олон инноваци, ололт амжилт, гарааны бизнесүүд Австрали улсад бүртгэлтэй байдаг.Австралийн Аж үйлдвэр, ШУ Технологийн сайд Хон Карены мэдэгдсэнээр хиймэл оюунд суурилсан стартап компаниудын эзлэх хувь 2017 онд 14.5% байсан бол 2018 онд 20.6%-д болж өсжээ. Өөрөөр хэлбэл таван стартап компани тутмын нэг нь хиймэл оюунд суурилсан бизнес эрхэлж байна гэсэн үг юм.

Эдгээр амжилтууд нь мэдээж хэрэг Австрали улсын стартап экосистемийг дэмждэг төрийн бодлого, хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдтэй салшгүй холбоотой юм. Австрали улсын стартап экосистемийг дэмждэг бодлого, хөтөлбөрүүдийг багцлан авч үзвэл:

ЗГ-н хөтөлбөрүүд

Австралид холбооны болон мужийн ЗГ-н түвшинд стартап бизнесийг дэмждэг маш олон хөтөлбөрүүд байдаг. Эдгээрээс зарим нэгийг онцолбол:

Холбооны ЗГ-н хөтөлбөрүүд,

  1. Entrepreneur хөтөлбөр–Уг хөтөлбөрийн үндсэн зорилго нь стартап бизнесийг бойжуулах болон хурдасгах, өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх, менежментийн зөвлөх үйлчилгээ авах зэрэгт санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм. Энэ нь тухайн төслийн хөрөнгө оруулалтын 50%-ийг санхүүжүүлдэг. Худалдаа болон үйлчилгээний төвийн зориулалттай бизнест 250 мянга хүртэлх долларын, бусад чиглэлээр өргөдөл гаргагчдад 1 сая хүртэлх долларын санхүүжилт олгодог байна. (https://www.business.gov.au/)
     
  2. CSIRO Kick-Start хөтөлбөр–Уг хөтөлбөр нь Австралийн ШУ, Үйлдвэрлэл Судалгааны байгууллага (CSIRO) -с үйлдвэрлэлд шинээр нэвтрүүлж болохуйц бүтээгдэхүүн болон инноваци зэрэгт санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Хэмжээний хувьд 10-50,000$ байдаг. (https://www.csiro.au/)
     
  3. Судалгаа болон хөгжүүлэлт(R&D)-ийг дэмжсэн татварын хөнгөлөлт–Уг хөтөлбөрийн хүрээнд амжилттай судалгаа, хөгжүүлэлт хийсэн стартап компаниудад татварын хөнгөлөлт үзүүлдэг. Судалгаа, хөгжүүлэлтэд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ болон хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа зэргээс хамаарч харилцан адилгүй хувиар татварын хөнгөлөлт үзүүлдэг байна. (https://www.ato.gov.au)

Мужийн ЗГ-н хөтөлбөрүүд,

  1. NSW муж–NSW мужийн зүгээс стартап компаниудад зориулж шинэ бизнес нэвтрүүлэх, хэрэглэгчийн судалгаа хийхэд зориулж “Minimum Viable Product (MVP)” нэртэй 25,000$-н санхүүгийн дэмжлэгийг олгодог. Мөн үйл ажиллагаа нь амжилттай эхэлсэн гарааны бизнесүүдэд хэрэглэгчийн тоогоо тэлэхэд нь зориулж төслийн хөрөнгө оруулалтын 35%-д тохируулан 100,000$ хүртэлх“Building Partnership” нэртэй санхүүжилтийг олгодог байна. (https://www.jobsfornsw.com.au/funding/startups)
     
  2. VIC муж–Викториа муж нь зөвхөн стартап бизнесийг дэмжих зорилгоор “LaunchVic”нэртэй агентлагийг байгуулсан. Уг агентлагаар дамжуулан гарааны бизнесүүдийг санхүүжүүлдэг ба хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажилладаг. (https://launchvic.org/)

Цагаач иргэдийг дэмжих бодлого,

Австралид бизнес эрхлэх зорилгоор ирж буй цагаач иргэдэд Австрали улс стартап бизнес эрхлэх таатай боломжийг олгодог. Судалгаанаас харахад Австралийн стартап бизнесийн 57%-ийг цагаач иргэд болон тэдний хойч үе үүсгэн байгуулсан байдаг. Мөн стартап бизнест ажиллаж буй хүний нөөцийн 20%-ийг цагаач иргэд бүрдүүлдэг. Түүнчлэн стартап бизнесүүдийн 86% нь чадварлаг цагаач иргэдийг авч ажиллуулахыг эрмэлздэг байна. Цагаач иргэдийн стартап бизнесийн хөгжилд оруулах оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах бодлогуудыг хэрэгжүүлж байгаа ажээ.

  1. Entrepreneur visa -Инновацийг нэмэгдүүлэх зорилгоор уг улсыг зорьж буй чадварлаг цагаач иргэдийг дэмжих визний шинэ төрөл нэвтрүүлэхээр зорьж байгаа бөгөөд эхний ээлжинд туршилтын шугамаар SA мужид Entrepreneur visa-г нэвтрүүлээд байна.(https://www.migration.sa.gov.au/news-events/news-releases/2589)
     
  2. Global Talent Scheme –Уг хөтөлбөр нь ШУ, технологи, инженер, математик(STEM)-ийн чиглэлээр бэлтгэгдсэн гадаадын чадварлаг хүний нөөцүүдэд ажлын виза олгох замаар Австрали улсад үйл ажиллагаагаа явуулж буй стартап бизнесийг хүний нөөцөөр хангах зориулалттай. https://immi.homeaffairs.gov.au/visas/working-in-australia/visas-for-innovation/global-talent-scheme

Стартап бизнесийг дэмжих бусад арга хэмжээнүүд

Австрали улс нь стартап бизнесийг дэмжих, хөрөнгө оруулагчдыг татах, бизнес эрхлэгчдийг хооронд холбох, хамтын ажиллагааг өрнүүлэх, харилцан нэгнээсээ суралцах боломжуудыг бий болгох зорилгоор олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг. Тухайлбал:

  1. StartCon –Энэхүү арга хэмжээний үеэр жил бүр дунджаар 4000 гаруй оролцогч оролцож, 200 гаруй бизнес эрхлэгч бүтээгдэхүүнээ танилцуулж, 65 орчим илтгэгч илтгэлээ танилцуулдаг. Австрали улсад зохион байгуулагддаг стартап бизнес эрхлэгчдэд зориулагдсан хамгийн том арга хэмжээ юм. Уг арга хэмжээ нь жил бүрийн 11-р сард Сидней хотод зохион байгуулагддаг. (https://www.startcon.com/)
     
  2. Spark Festival – Жил бүрийн 10-р сард Сидней хотод зохион байгуулагддаг. NSW мужийн стартап компаниуд оролцож бүтээгдэхүүнээ танилцуулдаг. (http://sparkfestival.co/)
     
  3. Startup & Angels–Стартап бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдыг хооронд нь холбох зориулалттай уг арга хэмжээ нь Sydney, Melbourne, Phnom Penh, Ho Chi Minh, Hong Kong, Singapore, Manilla, Kigali, Port Moresby, Kathmandu зэрэг арван хотод ээлжлэн зохион байгуулагддаг олон улсын арга хэмжээ юм. Дунджаар 3,000 гаруй оролцогч, 200 гаруй илтгэгч оролцдог. (http://www.startupandangels.com/)

Дүгнэж хэлэхэд манай улсын хувьд мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүд болон гарааны бизнес эрхлэхээр зэхэж буй залуус эдгээр хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцож туршлага солилцох, хамтран ажиллах боломжтой. Түүнээс гадна Монгол Улсынхаа стартап экосистемийг хөгжүүлэхийн тулд дээрх хөтөлбөрүүдээс санаа авч эх орондоо ижил төстэй арга хэмжээг зохион байгуулж болох юм. Мөн чадварлаг залуус маань дээрх шугамаар ажиллах виз мэдүүлж хүчээ сорьж өөрсдийгөө хөгжүүлэх боломж харагдаж байна.

Австрали улсын стартап экосистемийн статистикууд:

Энэ хэсгээс Австрали улсад үйл ажиллагаа явуулж байгаа стартап компаниудын дунд явуулсан судалгаан дээр үндэслэсэн гаргасан сонирхолтой статистикуудыг сонирхоно уу.

Хэн стартап бизнесийг үүсгэн байгуулж байна вэ?

Эндээс харахад 77% эрэгтэй, 22% нь эмэгтэй байгаа бол 46.1% нь анх удаа үүсгэн байгуулж байгаа хүмүүс байна. 30-40 насныхан хамгийн өндөр хувийг эзэлдэг. Боловсролын хувьд авч үзвэл бакалавр, магистрын зэрэгтэй болон дунд сургуулийн боловсролтой иргэд хамгийн өндөр хувьтай байна.

 

Эх сурвалж: https://startupmuster.com

Аль сургуулийн төгсөгч стартап бизнесийг илүү эхлүүлж байна вэ?

Австралийн их, дээд сургуулиудаас эхний 13-г энд эрэмбэлсэн байгааг харна уу.

 

Эх сурвалж: https://startupmuster.com

Аль муж, аль хот стартап бизнесийн тоогоор тэргүүлж байна вэ?

Австралийн 7-н муж, 7-н хотыг сүүлийн 2 жилээр хооронд нь харьцуулсныг эндээс харна уу.

 

Эх сурвалж: https://startupmuster.com

Стартап бизнесүүдийн орлогын эх үүсвэр ямар үйлчилгээнээс бүрдэж байна вэ?

Эндээс орлогын эх үүсвэрээр ангилсан ангиллыг харна уу. Мөн стартап компаниудын 33% нь сүүлийн 12 сард орлогогүй ажилласан бол 9.6% нь 1 сая доллароос дээш орлоготой ажиллажээ.

 

Эх сурвалж: https://startupmuster.com

Ямар ур чадварууд стартап бизнес эхлүүлж байгаа багт байна вэ, Үүсгэн байгуулагчид хаанаас хамтрагчаа олдог вэ?

Эндээс харахад 23.9% нь ажлын байран дээрээсээ хамтрагчаа олдог ажээ.

 

Эх сурвалж: https://startupmuster.com