Ихэнх цаг хугацаанд хүн төрөлхтөн оюуны чадамж буюу IQ-г чухалчилж байв. Харин 1990 онд Питер Саловей, Жон Мейэр нарын сэтгэл хөдлөлөө удирдах чадамж /EQ/ хэмээх нэршлийг анх гаргаж, энэ нь яагаад чухал талаар нийтлэл бичжээ. Түүнийг нь уншсан сэтгүүлч, зохиолч Даниэл Гоулман 1995 онд “Emotional Intelligence” номыг хэвлүүлж, сэтгэл хөдлөлийн чадамжийн тухай дэлхий нийтэд таниулж, шуугиан тарьж байж. Өдгөө тэрхүү ном 40 орны хэлээр орчуулагдчихаад байгаа билээ.
Манай улсад ч сүүлийн жилүүдэд ихээр яригдах болсон EQ гэх ойлголтын тухай дэлгэрэнгүй өгүүлсэн энэхүү номыг UNLOCK подкаст, iKon.mn хамтран танилцуулж байна.
Гэр бүлийнхэн, боловсролын байгууллагууд IQ-г онцгойлон үзэж, хөгжүүлэхийг эрмэлзэж байсан үе саяхан. Гэвч оюуны чадамж өндөртэй хүмүүсээс хэн нь амжилтад хүрэхийг IQ-ийн хэмжээгээр нь тодорхойлох боломжгүй. Харин EQ үүнийг тодорхойлдог аж. “Emotional Intellingce” номд EQ гэж юу болох, түүний чадварууд амьдралд хэрхэн хэрэгждэг талаар өгүүлжээ.
Мэдрэл судлалын шинжлэх ухаан /neuroscience/ тархийг гурван төрөл гэж үздэг бол сэтгэл судлалд хүний оюун ухааныг хоёр тархинаас бүтнэ гэж үздэг. Тухайлбал, рациональ, эмоциональ тархи нь бидний логик сэтгэлгээ, сэтгэл хөдлөлийг хариуцдаг байна. Аливаа тохиолдолд рациональ тархи логикоор сэтгэн шийдвэр гаргахаас өмнө эмоциональ тархи сэтгэл хөдлөлийг үзүүлдэг. Асуудал тулгарахад уурлах, айх, уйлах гэх мэтчилэн сэтгэл хөдлөл түрүүлж илэрдэг нь эмоциональ тархинаас үзүүлж буй хариу урвал хэмээн номд өгүүлсэн байна.
1.Өөрийн бодол мэдрэмжийг танин мэдэх /Self awareness/- Энэ бол тухайн нөхцөл байдалд зан, мэдрэмжээ танин мэдэх чадвар буюу EQ-ийн тулгуур зарчим юм. Нэг л мэдэхэд гунигласан, аливааг хийх идэвхгүй, санаа зовнисон зэрэг мэдрэмжүүд төрдөг. Эдгээрийг зөв танин мэдэх, хариу үйлдлээр өөрчилж чаддаг байх нь зүйтэй.
2.Өөрийгөө удирдах чадвар /Self control/-Эхний чадвар буюу мэдрэмжээ танин мэдсэнээр тухайн нөхцөл байдалдаа тохируулан өөрийгөө удирдах.
3.Өөрийгөө идэвхжүүлэх /Motivation/-Аливааг урам зоригтойгоор хийх чадвар. Тэгвэл өөрийгөө хэрхэн идэвхжүүлэх вэ? Зохиогч энэ асуултад хариулах хоёр зөвлөгөөг өгчээ.
4.Бусдыг ойлгох чадвар /Empathy/- Хүүхдүүд бага байхаасаа аав, ээжийнхээ хөдөлгөөн, харц, биеийн хэлийг мэддэг болох бөгөөд цаашид энэ нь бусдыг ойлгох, мэдрэмжийг нь мэдрэх чадвар болон хөгждөг.
5.Бусадтай харилцах чадвар /Social skill/ - Хүний мэдрэмжийг ойлгон мэдэрснээр түүнд нь тохируулж харилцах, ярилцах чадвар.
Эдгээр чадвар хөгжсөн хүнийг EQ өндөртэй гэж үздэг.
Зохиогч гэр бүл, манлайлал, анагаах ухаан гэх гурван тохиолдлоор тайлбарлажээ.
Эмэгтэйчүүд EQ өндөртэй
Эрэгтэйчүүдээс илүү эмэгтэй хүний EQ өндөр байдаг аж. Үүнийг хоёр шалтгаантай хэмээн Даниэл Гоулман бичжээ. Нэгдүгээрт, эмэгтэй хүн төрөлхийн EQ сайтай бол хоёрдугаар шалтгаан нь эцэг, эхчүүдийн өсгөн хүмүүжүүлэх арга барилтай холбоотой. Хүүхдүүдээ өсгөхдөө эцэг, эхчүүд охидынхоо бодол санаа, мэдрэмжийг асууж, ярилцдаг бол эсрэгээрээ хөвгүүдийн мэдрэмжийг тэр бүр асууж, санаа тавьдаггүй нь EQ сул хөгжихөд нөлөөлдөг хэмээсэн байна.
Түүнчлэн EQ хэр хэмжээнд байгаа нь хожим гэр бүл зохион амьдрахад ихээхэн нөлөөлнө. Тиймээс зохиогч номоороо дамжуулан гэр бүлийн асуудалтай хүмүүст зөвлөгөө өгсөн байдаг. Маргалдах үедээ зөрчилдсөн асуудалд анхаарлаа төвлөрүүлэхээс илүү хоорондын харилцаагаа хэрхэн сайхан авч явахад яриагаа эргүүлэх хэрэгтэй. Мөн нөгөө хүнийхээ талаас харж, үгийг нь гүйцэд сонсох ёстой. Хэрэв маргаан хурцадвал 20 минутын завсарлага ав гэжээ. Хүний физиологийн хувьд 20 минут нь тайвшрахад хангалттай хугацаа. Тайвширсны дараа заавал ярилцаж, шийдлээ олж байх хэрэгтэй.
Манлайлагчдын дүр төрх өөрчлөгдсөн нь
ХХ зуунд АНУ-ын бизнесийн салбарт томоохон өөрчлөлтүүд гарчээ. Өмнө нь бусдыг сонсдоггүй, өөрийнхөөрөө зүтгэдэг удирдагчид олонд үнэлэгддэг байсан бол 1980-аад оноос хойш энэ дүр төрх өөрчлөгдөж, EQ өндөртэй хүмүүс үнэлэгдэж эхлэв. Тэд бусдын сэтгэл хөдлөлийг ойлгодог, идэвхжүүлж чаддаг бөгөөд амжилтад хүрэх нь ч илүү байх болжээ.
“Өвчтөн сэтгэлээр унасан байвал хагалгааг хойшлуул”
Анагаах ухааны салбарт ч EQ нөлөөтэй юм. Сэтгэл санаа өөдрөг байх тусам эмчилгээ үр дүнтэй болдог бол сөрөг байвал өвчин улам даамжрахаас гадна өөр төрлийн өвчнөөр өвдөх ч магадлалтай ажээ. Стэнфордын их сургуулийн эмэгтэйчүүдийн мэс засалч Камерон “Хагалгааны өдөр өвчтөн сэтгэлээр унасан байвал хагалгааг хойшлуулдаг. Хэрэв энэ тохиолдолд хагалгаа хийвэл цус алдах, хүндрэл гарах магадлал өсдөг” гэжээ.
Хүүхдийн EQ хөгжин төлөвшихөд гэр бүлийн оролцоо чухал байдаг. Эцэг, эхчүүдийн түгээмэл гаргадаг алдаа нь:
Хүүхдүүд багаасаа олон даваа, саадтай тулгардаг. Тэр бүхнийг гэр бүлийнхэн нь нээлттэй ярилцаж, сэтгэлийг нь чөлөөлөх нь зүйтэй. Ингээгүйн улмаас хүүхдүүд дараа нь өөрийгөө бусдад илэрхийлэх, бусдыг ойлгох чадамж султай болно. Тиймээс хүүхдийн EQ төлөвших боломжийн цонх нь эцэг, эх буюу гэр бүл нь юм.
Ном бичигдэх үе буюу 1995 онд АНУ-д EQ-г заадаг сургалтын хөтөлбөр цөөн байв. Зохиогчийг номоо бичиж байх тэр үед нэгэн хувийн сургуульд “Self science” хэмээх хичээл ордог байсан нь EQ-г төлөвшүүлэх зорилготой байжээ. Хичээл эхлэхэд нэг ангийн хүүхдүүд тойрог болж сууна. Багш хүүхэд бүрийн нэрийг дуудахад 1-10 оноо хэлдэг. Тэр нь тухайн өдрийн сэтгэлийн байдлыг тоогоор илэрхийлж буй хэлбэр байжээ. Ингэж мэдрэмжээ илэрхийлж, ярилцах, өөрт тулгамдсан асуудлыг бусдадаа дэлгэн, шийдлийг хамтдаа хайдаг байсан аж. Түүнчлэн зөрчил гарах үед өөрийгөө хэрхэн зөв удирдах вэ гэх зэргээр харилцааны хичээл ордог байжээ.
Гэхдээ Даниэл Гоулман EQ-г хөгжүүлэхийн тулд заавал тусад нь хичээл орох шаардлагагүй, харин бүх хичээлдээ EQ чадварыг хөгжүүлэх агуулгыг шингээх, үргэлж дадлагажуулах нь үр дүнтэй гэж үзсэн байна.