Зураг
Зураг
Индэр    
2019 оны 7 сарын 7
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 19: Гарааны бизнесийн үед анхаарах ГУРВАН ЗҮЙЛ

Зураг

Гарааны бизнес хүчээ авч буй энэ үед дэлхийн гарааны бизнес эрхлэгчдийн ширээний ном болсон Eric Ries-ын бичсэн "The Lean Startup" номыг Unlock подкастын бичмэл хөрвүүлгийнхээ энэ удаагийн дугаараар онцолж байна.

2011 онд анх хэвлэгдсэн цагаасаа эхлэн дэлхийн 30 гаруй улсын хэл дээр орчуулагдаж, дэлхий даяар гарааны бизнесийн давалгааг эхлүүлж чадсан уг ном нь өөрийн бизнесээ эхлүүлэхийг зорьж буй залуус төдийгүй шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахаар ажиллаж буй том компанийн ажилчдын хувьд заавал уншвал зохих ном билээ. 

Eric Ries өдгөө 41 настай, Америкийн бизнес эрхлэгч, блог хөтлөгч, "The Lean Startup" номын зохиогч, гарааны бизнесийг дэлхийн хэмжээний хөдөлгөөн болгож чадсан, бизнесийн тал дээр асар их туршлагатай нэгэн билээ.

 "The Lean Startup" номыг сонсох:

Ийнхүү "The Lean Startup" номд туссан гурван чухал санааг тоймлон хүргэж байна.

Нэг. Гарааны бизнес эрхлэгчдийн хэтийн зорилго
 

Гарааны бизнес гэхээр л гурван нөхөр граш дотроо компьютер ухсаар байгаад шинэ бүтээгдэхүүн гаргаж, тэр нь дэлхийд алдаршсан хэдэн тэрбумын үнэлгээтэй томоохон компани болно гэсэн үг биш.

Гарааны бизнесийг эхлүүлэхэд ч бас өөрийн гэсэн дүрэм бий. Таны ойлгож буйгаар гарааны бизнес нь өндөр эрсдэлтэй орчинд шинэ бүтээгдэхүүн гаргаж ирэх явц юм. Хэрэв гарааны бизнесийг  нэгэнт жолоодохоор шийдсэн бол хаашаа явж буйгаа буюу хэтийн зорилгоо мартахгүй байх явдал гэдгийг ном өгүүлжээ. Үүний тулд цаг үргэлж суралцах шаардлагатай. Гол нь суралцах үед баталгаатай сурах, түүнийгээ ажил хэрэг болгож шинэ зүйл гаргах хэрэгтэйг бүү мартаарай.

Сурч буй зүйлээ баталгаажуулж суралц

Гарааны бизнесүүд эхэн үедээ гаргадаг нийтлэг алдаа нь таамаг дэвшүүлж ажилладаг байдал гэнэ. Ийм алдаа гаргахгүйн тулд гаргасан таамгаа заавал баталгаажуулах хэрэгтэйг зохиолч зөвлөж байна. Үүний хажуугаар хэрэглэгчийн хүсэл сонирхол, нийгмийн нөхцөл байдлыг судлахаа мартаж огтхон ч болохгүй. Энэ бүхний дараа эцэст нь гаргасан шийдвэр буруу биш байна гэдэгт итгэлтэй байна хэмээн номд өгүүлжээ.

Жишээ: Энэтхэгийн нэгэн тосгонд хувцас угаалгын үйлчилгээг нэвтрүүлсэн түүх

Угаалгын үйлчилгээг нэвтрүүлсэн компани тухайн үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулан хэрэглэгчдэд угаалгасан хувцсаа хурдан буцааж авах боломжийг олгохоор шийддэг. Тухайн үед уг тосгонд гол дээр хувцас угаадаг хүмүүс үйлчлүүлэгчдийнхээ хувцсыг олон хоногийн дараа эргүүлэн өгдөг байжээ. Үүний цаана иргэд нь угаалгасан хувцсаа хурдан буцааж авч чадвал илүү мөнгө төлсөн ч болно гэх үзэлтэй байсан аж.  

Иргэдийн энэ сэтгэлийг ч компани зөв таамаглажээ. Тиймээс таамгаа туршиж үзэхээр шийдэж,  ачааны машин дээр угаалгын машин ачиж яваад “Бид таны хувцасыг өдөрт нь угааж өгнө” гээд хувцсаа угааж эхэлжээ. Уг туршилтыг явуулсны дараа иргэдээс үнэ хөлс болон бусад зүйлийн талаар сэтгэгдлийг нь сонсоход хүмүүс илүү мөнгө төлөөд ч болтугай хувцсаа хурдан хугацаанд угаалгаад авах таалагдсан гэжээ. Өөрөөр хэлбэл, тэдний таамаглал нь зөв байв.

Үүнээс харвал бүтээгдэхүүнээ эцсийн байдлаар танилцуулахаас өмнө бага хугацаанд хямд өртөгтэйгөөр таамаглалаа турших оролдлого хийхийг зөвлөж байна. Ингэхдээ хэтийн зорилгоо хэзээ ч бүү орхигдуулаарай.

Хоёр. Гарааны бизнесээ хэрхэн удирдан жолоодох вэ?
 

Баталгаажсан таамаглалаа яаж хурдан турших вэ гэдэг нь одоо чухал. Бүтээгдэхүүний дээж заавал байх алба байхгүй гэдгийг хэлмээр байна. Мөн бүтээгдэхүүнээ гаргаад шууд амжилтад хүрнэ гэж ойлгож ч болохгүй юм. Амжилтад хүрэхэд зөв удирдлага буюу жолоодлого хамгаас чухал.

Анх бизнесээ эхлүүлэхдээ удирдлагыг гартаа авч юуг нь өөрчилбөл бүтээгдэхүүн сайжирч, яавал муудах хэмжигдэхүүнийг илрүүлэх хэрэгтэй. Олж илрүүлсэн хэмжигдэхүүн нь хүртээмжтэй, ойлгомжтой, нээлттэй байх шаардлагыг заавал хангасан байх ёстой байна. Хэрвээ цаг хугацаа өнгөрөхөд бизнес чинь нэг л урагшгүй байвал чиглэлээ өөрчлөх үү, энэ хэвээрээ үргэлжлүүлэх үү гэх асуулт бодогдох нь ойлгомжтой.

Ийм тохиолдолд ихэнх гарааны бизнесүүд чиглэлээ өөрчилж чаддаггүй байна. Энэ нь дараах шалтгаантай.

  1. Хуурамч хэмжигдэхүүнд итгэдгээсээ болоод
  2. Юугаар хэмжихээ мэдэхгүй байгаа учраас
  3. Зөрүүд зангаасаа болж буруу чиглэл гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй

Үнэхээр шаардлагатай гэж үзвэл зоригтойгоор чиглэлээ өөрчлөх хэрэгтэй. Чиглэлээ өөрчилж байгаа нь хэтийн зорилго өөрчлөгдөж байгаа хэрэг огт биш юм.

Гурав. Бизнесээ томруулахын тулд хэрхэн хурдаа нэмэх вэ?
 

Нэгэнт бизнес чинь хөлөө олсон бол одоо хурдаа нэмэх шаардлагатай. Нэг зүйлийг бодож үзье.

Танд 100 дугтуйг гарын үсэг зурж, наагаад бэлэн болгох даалгавар өгөгдөв. Тэр үед танд дараах хоёр аргын аль нь илүү амар санагдах вэ?

  1. 100 цаасан дээрээ гарын үсэг зурж, дараа нь бүгдийг нь цавуудаад, хамгийн сүүлд бүгдийг нь дугтуйнд нь хийнэ.
  2. Нэг цаасан дээр гарын үсгээ зураад, нааж бэлэн болгоод дугтуйгаа хийж нэг нэгээр нь дугтуйгаа бэлэн болгоно.

Тус номд өгүүлснээр хоёр дахь нь буюу эхний дугтуйгаа бэлэн болгоод дараагийн дугтуйгаа бэлэн болгох нь илүү бага цаг зарцуулах төдийгүй илүү үр дүнтэй, давуу талтай арга хэмээжээ.  

Учир нь нэг дугтуйгаа хийж байх явцад цаас нь том байгааг ойлгох, гарын үсэг зурахдаа бал биш үзэг хэрэглэх ёстойг ойлгоод дараагийн дугтуйг хийхдээ туршлагатай болохын үндэс ажээ. Тиймээс энэ концевцийг гарааны бизнест ашиглавал олон давуу талтай байдгийг зөвлөж байна.

Хөлөө олсон компанид бүтээгдэхүүний чанар хамгийн гол зүйл

Түүнчлэн гарааны бизнес өсөхөд гурван хөдөлгүүр бий. Үүнд,

  1. Хэрэглэгчид ихсэх тусам бүтээгдэхүүний үнэ цэнэ өсдөг
  2. Нэг хэсгийг нь үйлчлүүлэгчээ болгосон үед нөгөө хэсгийг оруулах
  3. Шинэ хэрэглэгчээ олж авахдаа гаргадаг зардал нь орлогоосоо бага байх

Харин гарааны бизнест чинь алдаа гарсан тохиолдолд “Таван яагаад” /5Why/ гэсэн аргыг хэрэглэхийг зөвлөж байна.

Өөрөөр хэлбэл, алдаа юунаас үүссэнийг илрүүлэхдээ таван удаа яагаад гэсэн асуултыг тавих юм. Ингэснээр алдааг ор үндсээр нь засахад нөлөөлдөг байна. Алдаа гарсан тохиолдолд хүний буруу гэж шууд үзэхээс илүүтэй яагаад алдаа гарах болсон учир шалтгааныг тодорхойлох нь чухал ажээ.

Төгсгөлд нь бизнес эрхлэгч танд зөвлөхөд шаардлагагүй хийсэн юм бүхэн чинь хаягдал болдог учраас няхуур хандаарай. Ингэж чадвал гарааны бизнес болгон хана мөргөх албагүй хэмээн номд өгүүлжээ.