Индэр    
2019 оны 7 сарын 3
Зураг
Мэдээллийн технологи

Дэд бүтцийн хөгжил ба Газарзүйн мэдээллийн систем (ГМС)

Зураг
Зургийг www.esri.com -с ашиглав.

Аливаа байгууллага, хот, улс хөгжихийн зэрэгцээ түүнтэй холбоотой дэд бүтэц өдөр тутам нэмэгдэж, бас өөрчлөгдөж, хаяагаа тэлж байдаг. Энэхүү өргөн тархсан бүтэц, хөгжлийг даган асар олон тооны мэдээллийг бүртгэх, дүн шинжилгээ хийх, түүн дээрээ үндэслэн шийдвэр гаргах, хяналт тавих асуудал улам бүр төвөгтэй болж ирдэг.

Жишээлбэл хэдэн км зам баригдсан, түүнийг дагасан хэдэн ширхэг гэрэлтүүлгийн багана, чийдэн, кабель, холбогч, салгуур гэх зэрэг зүйлс байдаг вэ гээд төсөөлөөд үзэхэд таны нүдэнд төсөөлөгдөхийн аргагүй юм. Тухайлбал уншигч та хотын хаа нэгтээ зогсоод таны гишгэж байгаа газрын доор яг юу юу байгаа бол гэж бодож үзсэн үү. 

Магадгүй та аль нэг барилгын нэг давхарт зогсож байя гэж бодъё. Таны доор шал, бетон хийц, цахилгааны кабель, интернет болон холбооны кабель, зоорийн давхар, дулааны шугам, цэвэр болон бохир усны шугам, хөрс, хад чулуу, газрын баялаг, гүний ус гэх мэт маш олон зүйлс бий. Энэ бүх зүйлсийн харилцан хамаарал, тоо ширхэг, нягтаршил зэрэгт дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах зэргийг цэгцтэй, оновчтой хийхэд туслах шийдэл бол Газарзүйн Мэдээллийн Систем (ГМС)-ийг нэвтрүүлэх юм. 

Бяцхан түүх сөхвөл 1850-иад оны үед Англи улсад нэг хэсэг газарт гэдэсний халдварт өвчин гарч иргэд уг газрыг бурхны шийтгэлийг хүртсэн газар, хараалд өртсөн газар гэх мэтээр мухар сүсэглэн ярьдаг байсан гэдэг. Уг харанхуй үзэл санааг эвдэн тухайн үед эрдэмтэн, физикч Жон Снов өвчний тархалтыг газрын зураг ашиглан судалснаар тухайн нутаг дэвсгэрт ундны ус бохирдсон байсныг олж илрүүлсэн гэдэг. Уг ололтыг эрүүл мэндийн салбарт ГМС-ийг ашигласан анхны амжилттай тохиолдол хэмээн үздэг ажээ. 

ГМС нь орон зайн ба орон зайн бус датаг цуглуулах, хадгалах, удирдах, дүн шинжилгээ хийх мэдээллийн систем юм. Бодит юмс бүхэн өөрийн гэсэн газарзүйн байршилтай байдаг бөгөөд түүнийг нь орон зайн дата гэдэг.

Харин тухайн объектын нэмэлт мэдээллийг орон зайн бус дата гэж нэрлэнэ. Тухайлбал нэгэн сургуулийн хувьд авч үзвэл газарзүйн байршлын мэдээлэл нь орон зайн дата бол хэдэн онд байгуулагдсан, ямар боловсрол олгодог, хэдэн оюутантай зэрэг мэдээлэл нь орон зайн бус дата юм. Эдгээр хоёр төрлийн өгөгдлийн хослолыг газрын зураг дээр бий болгосноор маш үр дүнтэй орон зайн дүн шинжилгээ хийх боломж бий болдог байна. ГМС нь энгийн нэг програм хангамж биш бөгөөд газарзүйн дүн шинжилгээний програм хангамж, тусгай хэмжилтийн багаж хэрэгсэл, тусгай арга зүйн нийлэмж юм. 

ГМС-ийг томоохон мэдээллийн санг удирдах, орон зайн дүн шинжилгээ хийх, орон зайн орчинд өгөгдлийг график хэлбэрээр харуулах, асуудлыг шуурхай шийдвэрлэх, шийдвэр гаргах хэрэгсэл болгон ашиглаж болно. ГМС ашигласнаар дараах ач холбогдлууд бий болно.

Бүртгэл ба удирдлага

ГМС нь хотын гудамж, барилга байгууламж, газар доорх байгууламж, зам, гүүр, эрчим хүч, харилцаа холбоо гээд бүхий л дэд бүтцийн хэсгүүдийг газрын зураг дээр бүртгэх байршлыг хянах боломжийг олгодог. Үүнээс гадна тэдгээрийн насжилт, хэзээ засвар үйлчилгээ хийсэн зэрэг маш олон нэмэлт мэдээллийг өгдөг. Мөн жижиг бүрдлүүдийн шилжилт хөдөлгөөн болон байршлыг хянах боломжийг олгодог. 

Нэгдсэн мэдээллийн сан

Орон зайнаас үл хамааран ГМС нь маш их хэмжээний орон зайн болон орон зайн бус датаг газрын зурагтай холбох боломжийг олгодог. Энэ бүх дата нэг дор, нэг газрын зурагтай холбоотой байгаа тохиолдолд удирдахад илүү тохиромжтой болдог байна. Мэдээллийн системийн удирдлагын хувьд ГМС нь бүх өөрчлөлтийг хадгалж, мөн тухайн үеийн бодит мэдээллээр хэрэглэгчээ хангадаг. 

Цэгцтэй мэдээлэл

ГМС нь датаг илүү ухаалаг, ойлгомжтой эмх цэгцтэй харах боломжийг олгодог. Энэ нь тухайн системийг илүү ойлгомжтой болгож, асуудлыг тодорхойлох, шийдвэр гаргалтыг хурдасгаж, үр дүнг нэмэгдүүлдэг. Уг мэдээлэл рүү эрх бүхий хүмүүс ямар ч үед, дурын газраас зэрэг хандах боломжийг олгодог. 

Оновчтой шийдвэр гаргалт

ГМС-ийг ашигласнаар одоо ашиглагдаж байгаа дэд бүтцийн талаар хангалттай мэдээллийг авах боломжтой учраас илүү оновчтой зөв шийдвэр шуурхай гардаг. Жишээлбэл дулааны шугамын тухайн нэг хэсгийн насжилт, төрөл, гүйцэтгэсэн байгууллага зэргийг мэдэж байх нь цаашид хийгдэх ажлын цар хүрээ, хуваарийг гаргах, аль хэсгийг түрүүлж солих зэргийг шийдэхэд чухал ач холбогдолтой байдаг. 

Зардлын хэмнэлт ба бүтээмжийн өсөлт

ГМС нь богино хугацаанд илүү үр дүнтэй ажиллах боломжийг олгодог болохоор ажлын бүтээмжийг өсгөж тэр хэмжээгээр зардлыг бууруулдаг. Тухайлбал ажилтнууд нэгдсэн мэдээллийн санг ашиглан зайнаас үнэн зөв мэдээллийг авах боломжтой. ГМС ашиглан газар доорх дэд бүтцийн засвар үйлчилгээ, хэвийн үйл ажиллагааг хангах, нэмэлт өргөтгөл хийх зэрэг ажлуудыг төлөвлөж гүйцэтгэснээр цаг хугацаа, хүний нөөцийн зардал буурна. Түүнчлэн гар аргаар тайлан бэлдэх, ажлын хуваарь төлөвлөгөө гаргах, цаасан газрын газрын зураг ашиглах шаардлагагүй болно. Урьдчилан сэргийлэх үзлэг, зайлшгүй хийгдэх засвар үйлчилгээ зэргийг автоматжуулснаар болзошгүй эрсдэлээс үүдэн гарах зардлыг мөн бууруулдаг байна.

БОДИТ ТУРШЛАГА

Илүү ойлгомжтой болгохын тулд дараах жишээг авч үзье. Өмнөх нийтлэлүүдэд ихэвчлэн гадаадын жишээ авч байсан бол энэ удаа Монголд амжилттай хэрэгжсэн ГМС-н төслийг энд жишээ болгон авч үзье. 

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ХК өнгөрсөн жилүүдэд ГМС-ийг амжилттай нэвтрүүлж цахилгаан эрчим хүчний дэд бүтцийн суурь мэдээллээ орон зайн датагаар бүрдүүлж өдөр тутмын үйл ажиллагаандаа амжилттай ашиглаж эхэлснээр дижитал хувьсал хийжээ. Уг компанийн хувьд Улаанбаатар хотын 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын 370 шахам мянган хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангадаг эрчим хүчний томоохон компани билээ. 

 
Зургийг ТИТЭМ систем-с ашиглав.

Тус компани нь мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг Аствишн компанитай хамтран ГМС-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр цахилгаан түгээх үйл ажиллагааны бүхий л эд хөрөнгө, объект, техник тоног төхөөрөмжүүдийн бүртгэл, байршлыг ГМС-д бүртгэсэн байна. Үр дүнд  нь өөрсдийн үйл ажиллагааны онцлогт тохируулан ГМС дээр суурилсан Түгээх сүлжээний удирдлагын (ТИТЭМ) системийг хөгжүүлж ашиглалтад оруулснаар шуурхай ажиллагаа зохион байгуулах, гэмтэл саатлыг сэргээх засварлах, дүн шинжилгээ хийх, тайлан бүртгэл хийхэд хялбар болсон байна.

Инженер, техникийн ажилтнуудын хувьд өдөр тутмын үйл ажиллагаанд зориулагдсан түгээх сүлжээний тухайн цаг үеийн мэдээлэл бүхий газрын зургаар хангагдах боломж бүрджээ. Түүнчлэн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хянах, удирдах ажилтнууд шийдвэр гаргахад бодит мэдээллээр түргэн хангагдах боломжтой болжээ. Хэрэглэгчдийн хувьд шуурхай бодит мэдээллээр хангагдах, чанартай үйлчилгээ авах боломж бүрдсэн байна. 

САНАЛ БА ШИЙДЭЛ

Барилга байгууламж, эрчим хүч, зам гүүр, ус хангамж, харилцаа холбоо, хот төлөвлөлт, ногоон байгууламж зэрэг дэд бүтцийг хариуцан ажилладаг байгууллагууд, цаашилбал уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарууд үйл ажиллагаандаа ГМС-ийг нэвтрүүлснээр дундын “Hub” системийг бий болох боломж бий болно. Үндэсний хэмжээний “Hub” систем үүссэнээр дэд бүтцийн цаашдын төлөвлөлтийг хооронд нь уялдуулах, давхардсан хөрөнгө оруулалтыг багасгах, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, нэг бүтээн байгуулалт нөгөө бүтээн байгуулалтын үр дүнд сөргөөр нөлөөлөхгүй байх зэрэг чухал ач холбогдлууд үүснэ. 

Зургийг www.harvard.edu -с ашиглав.

Түүнчлэн түүхчилсэн харьцуулалтыг ГМС дээр харах боломжтой учраас бидний дунд маргаан дагуулдаг газар зохион байгуулалт, ногоон байгууламжийн асуудлууд хэзээ үүссэн, хэзээ бүтээн байгуулалтууд хийгдсэн зэргийг он цаг хугацаагаар нь харьцуулан харах боломж нь иргэдэд бий болно. Мөн уг систем нь ухаалаг хот, цахим засгийн хөгжилд томоохон түлхэж болох юм. Иймд үндэсний хэмжээний дэд бүтцийн нэгдсэн “Hub” системийг ГМС дээр суурилан үүсгэх нь юу юунаас илүү ач холбогдолтой билээ.